Цайны түүх
Цайны ургамал долоо найман сая жилийн тэртээ үүссэн бөгөөд хүн төрөлхтөн таван мянган жилийн тэртээгээс хэрэглэж эхэлжээ. Цайны мод нь модлог, хагас модлог, бутлаг гэсэн гурван төрөлтэй.
Цайны ургамал долоо найман сая жилийн тэртээ үүссэн бөгөөд хүн төрөлхтөн таван мянган жилийн тэртээгээс хэрэглэж эхэлжээ. Цайны мод нь модлог, хагас модлог, бутлаг гэсэн гурван төрөлтэй. Модлог цайны ургамал өндөр, бүдүүн голтой, мөчир нь нэлээн өндөрт ургадаг, ихэвчлэн зэрлэг цайны модод байна. Өдий хүртэл ургаж буй хамгийн урт настай цайны мод 18,5 м-ийн өндөртэй, 16,35 м-ийн өргөнтэй титэмтэй, 2,82 м-ийн бүслүүртэй, 2700 жилийн настай аж.
Цайны гарал үүслийн тухай Хятадын цайны мэргэн гэгддэг Лу Үй Цайны судар-таа “Цай бол Шэньнуны нээсэн умдаан билээ...” гэж бичсэн байдаг. Түүнийхээр бол Шэньнуны анх амталсан цайг хүн төрөлхтөн таашааж эхэлжээ. Хятадын соёл иргэншлийн түүхэнд Шэньнуныг газар тариалан, эм танг үндэслэсэн гэж үздэг.
Цайны тухай домогт “Нэгэнтээ Шэньнун зэрлэг өвс түүж яваад нэг навчийг амсвал ам нь хатаж, хэл нь мэдээ алдаад, толгой нь эргэжээ. Тэгмэгц ууттай өвсөө газарт тавиад, мод налан амсхийж суув. Салхи сэвшин үлээж, таатай үнэр анхилахад анхандаа хаанаас энэ үнэр ханхалж буйг мэдээгүй Шэньнун толгой өргөн дээш харвал модны навчис унаж байлаа. Нэг навчийг авч амандаа хийгээд удаан зажлахад навч хэдий гашуун байсан ч чихэрлэг амт мэдрэгдсэн тул уг навчийг зажилж байгаад залгижээ. Тэгтэл хэл нь норж, толгой нь эргэхээ больж сэргээд, ам нь ч дарвиганахгүй болсонд бие илт сэргэв. Үүнд ихэд гайхсан Шэньнун уг модны навчийг ажвал хэлбэр дүрс болоод хөвөө хүрээ нь жирийн навчнаас ондоо байх юмсанж. Шэньнун тэр модны навч, цэцэгнээс түүж хариад буцалгаж үзвэл амттай ундаа бий болсонд тэр модыг цайны мод гэж нэрлэжээ” хэмээн өгүүлдэг. Өөр нэг домог яриагаар Шэньнун ойд өвс ургамал түүж яваад хордож, золоор аманд нь цайны навч орсонд түүнийг зажилж идсэнээр хороо тайлсан гэдэг. Зуун төрлийн өвс ургамал амталсан Шэньнун уг навчийг эмийн ургамал хэмээн тодорхойлжээ.
Гэхдээ хүн төрөлхтөн чухам хэдий үеэс цай ууж эхэлсэн бэ гэвэл Хавар-Намрын улс[1]-ыг Байлдаант улсын үе халаалж, Цинь, Хань гүрэн үүсэх хүртэл МЭӨ 770 оноос МЭ-ий 220 оны хоорондох мянгаад жилийн хугацаанд цай нь алгуур аажмаар хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн гэж хэлж болох юм. Баруун, Зүүн Хань улсын сүүл үест цайны навч Хөх мөрний дунд ай саваас хөнгөн завь лугаа адил урсгал даган хөвсөөр доод ай савын нутаг нугад хүрч, улмаар далайд гарчээ. Энэ цагт цайны навчийг жижиглэн зутан буцалгаж идэхээс гадна хандлан уудаг байжээ.
Баруун Хань улсын сүүлийн жилүүдэд Хятадад буддын шашин дэлгэрэхдээ цайтай нягт холбогдсон байдаг. Буддын шашинд “Цай, чань[2] хоёр адилхан амттай” гэсэн үг бий. Чухам энэ үед цайны соёл үрсэлсэн гэж үздэг.
Хань улсын үеэс эхтэй цайлах ёс нь Гурван улс, Алтан улс[3] болоод Өмнөд, Умардын хаанчлалын үед улам бүр хөгжсөөр бумбын бус шашинтнуудад ч тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.
Лу Үйн Цайны судар нийт гучин хуйлмалтай, арван бүлэгтэй, долоо мянга гаруй ханзтай. Судрын эхний бүлэг Цайны эх үндэс-т “Хамгийн сайн цайны навч нь хүрэн улаавтар өнгөтэй бөгөөд ийм навч ногоон навчаас илүү чанартай. Нялх найлзуураар хийсэн цай нь цайны модны гөлгөөр хийсэн цайнаас илүү амттай. Арайхан тэнийгээгүй цайны навч хамгийн сайн. Харин тэнийж, эсвэл эргэж мушгирсан нь чанар муутай” гэж бичсэн байдаг. Мөн Цайны хэрэгсэл хэмээх дөрөвдүгээр бүлэгт хорин гурван зүйлийн эдлэл хэрэгслийн тухай дурджээ. Тэр дундаа шүүрний тухайд “Шүүр нь ахуйн хэрэглээнд өргөн ашиглагддаг. Хүрээг нь харлаг зэсээр хийх учиртай. Ийм шүүр нороод ногоорохгүй, өнгөр суухгүй, усанд зэсний амт шингээхгүй. Харин цэвэр зэсээр хийвэл ногоорч, өнгөр сууна. Төмрөөр хийвэл зэвэрч, усны амт чанарт сөргөөр нөлөөлнө. Ойд даяанчлан суудаг хүмүүс хулс, модны мөчрөөр шүүр хийдэг. Гэвч мод, хулсан шүүр эдэлгээ муутай, аянд авч явахад амаргүй. Тиймээс шүүрний хүрээг харлаг зэсээр хийвэл нэн сайн. Шүүрний торыг хийхдээ хулсны холтсыг маш нарийн зүсэж, дугуй хэлбэрт оруулан сүлжээд, амсрыг нь тод ногоон торгоор бүтээвэл зохино. Торгоо хуван хавчаараар бэхэлж тогтоогоод, шүүрээ ногоон хулдаасан уутанд хийж хадгалаарай. Шүүр нь таван цунийн голчтой, бариул нь 1,5 цунийн урттай байна” гэж бичсэн нь сонирхол татдаг.
Шүүр нь бурханы шашны цайны ёслолд ашигладаг эдлэл, сахил хүртсэн лам хүнд байвал зохих зургаан зүйлийн нэг бөгөөд анхандаа үүгээр усанд хөвж буй хорхой шавьжийг түүдэг байжээ. Гэлээ ч цайны ёслол үүсэн бий болсноор цайны навч шүүх үүрэгтэй болжээ.
Хүмүүс өдгөө ч цай хандлах усыг ихээхэн анхаарч үздэг. Жишээ татахад, Баруун нуурын лунзин цайг Хупао булгийн усанд хандлаад, уг цайгаа луу, барын тулаан, Си нуурын хоёр эрдэнийн нэгдэл гэж нэрлэдэг байна. Үүнтэй холбогдоод Цай чанах тухай тэмдэглэл-д Тэнгэрийн доорх орны усыг хорин зэрэгт ангилдгийг дурдах хэрэгтэй болов уу. Цайны мэргэн Лу Үй усыг ийнхүү зэрэглэн ангилсан гэх домогтой. Лушань уулсын Канвангу голын ус усны хатан хаанд тооцогддог бол хорьдугаар зэрэгт хайлсан цасны ус ордог. Ус нь амьд, хөнгөн, ялимгүй чихэрлэг, аль болох хүйтэн байх ёстой гэж үздэг байна.
Цайг чанадаг байснаа хандалдаг болсноор цайг оочлон амтлах шинэ арга барил үүсэн бий болжээ. Цайны нунтаг навчаа аяганд хийж дээрээс нь буцалсан ус нэмээд халбагаар утгаж хандалдаг. Чингэхдээ юун түрүүнд цайны навчаа бэлтгэнэ. Барьцалдуулж хатаасан цайны навчийг шүүрний нүхээр саадгүй гардаг болтол нь нунтаглаад, буцалгасан усаа тодорхой хэмжээнд хөргөнө. Дараа нь цайны аягаа буцалсан усаар зайлж халаагаад цайны нунтаг навчаа хийж багашаархан буцалсан ус нэмэн зутан маягтай болгож зуураад ахиж ус нэмж халбагаар хутгаснаар цай бэлэн болно. Цайг ингэж хандлах нь тун содон бөгөөд энэ арга яваандаа цайны чанараар өрсөлдөхөд ихээхэн нөлөөлжээ.
Тан улсын үед бумбын арш, сайд түшмэдийн дунд ихээхэн дэлгэрсэн цайлах ёслол Сун улсын үед уламжлагдан ирсэн ч хоёр төрлийн цайлах заншил үүсжээ. Эхнийх нь энгийн ардын дунд өргөн дэлгэрсэн бол удаах нь хааны ордонд үрслэв.
Цайны хөөсөөр зураг зурах урлаг аль эрт умард Сун үлсын үеэс эхтэй гэвэл та итгэх үү? Тухайн үед зохиосон Шинэ хэлцийн толь бичиг-ийн Цайны урлаг хэсэгт “Цайлах урлаг нь Тан улсын үед ихэд хөгжив. Өдгөө цайндаа тонгорог дүрж хөөсөөр үүссэн хээ угалзыг чамин дүрслэлтэй болгодог нэгэн төрлийн урлаг хөгжиж байна. Чингэхдээ ан амьтан, жигүүртэн шувуу, загас жараахай, өвс ногоо, цэцэг ургамал дүрслэх нь урлагийн бүтээлтэй эндүүрэм бөгөөд хөөсийг арилж үгүй болохоос өмнө энэхүү гайхамшгийг бүтээх учиртай. Өнөө үеийнхэн үүнийг цайны урлаг гэж нэрлэх болжээ” хэмээн тэмдэглэжээ.
Харин цайнд зориулсан тусгай хэрэгсэл VII зууны сүүлээр бий болжээ. Үүнээс өмнө цай, хоолоо ялгаагүй шавар аяганд идэж ууна. Цайны хэрэгслийн үүсэл хөгжил хятад соёлын салшгүй хэсэг болсон шаазан, ваарны үйлдвэрлэлтэй холбоотой. Тан улсаас өмнө хүмүүс цайлж суудаг байсан ч их төлөв цайны навчаа усанд чанадаг байжээ. Тэр үед цай чанах, хандлах нарийн аргачлал байсангүй. Цайгаа аяга, хундага, том шавар аяганд ууна. Ингээд яван явсаар Тан улсын үед цай уухад зориулсан аяга бий болжээ.
Дээр өгүүлсэн Цайны судар-ын Хэрэгсэл хэмээх дөрөвдүгээр бүлэгт “Синьд хийсэн хэрэгслийг бид цалин цагаан мөнгөтэй зүйрлэдэг бол Юэгийн хэрэгслийг хаштай зүйрлэж болно. Синьд хийсэн аяга Юэгийн аяганаас юун түрүүнд ийм ялгаатай, чанараар дутуу аж. Синь Жоугийн аягыг цас гэвэл Юэгийн аяга мөс юм. Энэ бол дээр дурдсан хоёр хэрэгслийн удаах ялгаа билээ. Синьд хийсэн аяга цагаан бөгөөд цайг шунхан өнгөтэй болгодог. Юэгийн аяга ногоовтор туяатай тул цайны уг өнгийг тодотгодог нь гурав дахь ялгаа юм. Хамгийн сайн аягыг Юэжоуд хийдэг. Юэжоугийн аяганы амсар эргээгүй, дугуй, хавтгай суурьтай, ийм аяганд тал шэн хүрэхгүй цай хийх боломжтой. Хоёр Юэгийн шаазан ногоовтор өнгөтэй байдаг нь цайны уг өнгийг тодотгож өгдөг. Харин Синь нутгийн шаазан цагаан өнгөтэй тул цай улаан болж үзэгдэнэ. Шоугийн шаазан шар учраас цай хөх ягаан туяатай, Хунгийн шаазан хүрэн учраас цай хар өнгөтэй харагдана. Цайлан суухад эдгээр шаазан тусгүй” гэжээ.
Тан улсын үед цайны шаазан гүц, пял таваг хэрэглээнд нэвтэрч, ард олон шаазан гүцийг цайны домбо гэж нэрлэх болжээ. Вааран эдлэлийн түүхийг сөхөж харвал Сун улсын үед энэ төрлийн урлаг урьд хожид байгаагүйгээр маш ихээр хөгжиж, вааран эдлэлийн ур хийц шинэ шатанд дэвшин гарчээ.
Цай Японд хэзээ нэвтэрсэн бэ гэвэл Сайтё лам 805 онд Тан улсаас Япон улсад цайны ургамлын үр авчирч, шинто шашны сүмийн хашаанд тарьснаас эхтэй гэж үздэг ч япон цайны түүхийг Тадаши хэмээх бумбын арш нээжээ. Хятадад гучин жил суусан энэ хүн цайны мэргэн Лу Үйтэй нэгэн цагт амьдарч байв.
Монголчуудын ууж заншсан хар цайг анх Гүрж улсын Ажарын тойргийн хойд хэсэгт, Хар тэнгисийн эрэг түшин байрласан багашаархан тосгон Чаквид, Гуанжоугаас гаралтай Лю Зюньжоугийн багийнхан XIX зууны дунд үеэс тариалан нутагшуулжээ. Ер нь хятад цай хэдийд Орост нэвтэрсэн бэ гэвэл VI зууны үед анх хуэй ястнууд, дараа нь IX зуунд монголчууд Дундад Азид цай гаргаж байсан баримтыг дурдалгүй өнгөрч болохгүй. Мөн Таван улс, Арван ханлигийн үед Орост цай нийлүүлж байлаа. Ингээд Мин улсын үед Орост ихээхэн хэмжээний хятад цай оруулах болсон юм.
Улмаар 1675 онд Оросын хаан, Николай Гаврилович Милеску (Спафарий) тэргүүтэй элч төлөөлөгчдийг Хятадад илгээж, Милеску эргэж ирээд хятад цайны талаар олж мэдсэнээ нэг бүрчлэн тайлагнаад, 1689 онд Орос, Хятад хоёр Нэрчүгийн гэрээ байгуулснаар хятад цайг Жанчхүүгээр гарган, Монголын нутаг дэвсгэрээр тээвэрлэн Орост хүргэдэг болжээ. Цайны тариалангийн тухайд XIX зууны дунд үеэс Хаант Оросын төр засаг, цайны зарим худалдаачид эх нутагтаа, Хар тэнгисийн эрэгт цай тарьж эхлэв.
Харин Англи цайны түүх 1662 оноос эхтэй. Тэгэхэд Хоёрдугаар Карлтай гэрлэсэн Португалийн гүнж Екатерина де Браганза инжиндээ хятад шаазан, цай, цайны хэрэгсэл авчирчээ. Цайны навчийг баруунд анх голландчууд, дараа нь португальчууд гаргасан байна.
Цайны навчийг ургасан газар орон, хэлбэр дүрс, өнгө үзэмжээр нь гурван янзаар нэрлэдэг. Цайг модных нь шинж чанараар алд хүрэхгүй өндөртэй одой мод буюу бутанд ургадаг, арав гаруй алдын өндөр модонд ургадаг цай, навчных нь хэмжээгээр тохой хэрийн том навчтай, ямхын чинээ жижиг навчтай цай, үрэл хэлбэртэй цай, жүрж, хулс, уд модны навч шиг хэлбэртэй цай гэх мэт төрөл бүрээр ангилдаг.
Үүнээс гадна нялх найлзуураар нь хөх ягаан бөөр, улаан зүрхэн голт, шунхан улаан, тунгалаг цэнхэр бөөр, цагаан илбэргэ, хавар эрт боловсордог нялх найлзуур, шар найлзуур, цагаан навчит цай, хавар орой боловсордог хожуу бөөр, унтаахай цай, хаврыг үл мэдэх цай буюу дүлий цай ч гэж ялгадаг. Амт үнэрээр нь ялгасан шар хонхон цэцгийн үнэртэй цай, шанцны үнэртэй цай, хүрэн цай, хушганы үнэртэй хушган цай бий. Өнөөгийн байдлаар нийт зуу гаруй төрлийн цай байна гэж үздэг. Тэр бүр нь өөрийн гэсэн үүсэл хөгжлийн түүхтэй, зарим нь нэгэн цагт устаж үгүй болоод эргэж сэргэсэн бол заримыг нь саявтархан шинээр ургуулжээ.
Хятад цайг ерөнхийд нь улаан, ногоон, хар, цагаан, цэцэгт, шар гэсэн зургаан үндсэн төрөлд хуваадаг. Ногоон цай нь эсгэггүй, ногоон туяатай. Цайг мөн үнэрээр нь төрөлжүүлдэг. Жишээ нь, лунзин цай шошны цэцгийн үнэртэй, билүочунь цай тарвас, жимсний үнэртэй, хуэйминча нь цэцгийн тоосонцор, хоукуйча нь цахирмаа цэцгийн үнэртэй.
Улаан цайг түүхийн нэн шинэ үед гаргаж авсан, мэдээж улаан өнгөтэй бөгөөд эсгэгжүүлж боловсруулсан цай юм. Энэ цайг ерөнхийдөө гунфуча, хунсуйча, сяожун цай гэсэн үндсэн гурван төрөлд ангилна. Тэр дундаа цихун буюу цимэн хунча алдартай. Энэ цайг зуун жил хадгалсан ч чанараа алддаггүй, сайхан үнэртэй, уран гоё хэлбэртэй навчтай, цахирмаа цэцгийн ялимгүй амттай байна. Ногоон цай яаж яваад улаан цай болчихов гэвэл тун санамсаргүй тохиолтой холбоотой. Юун түрүүнд жэньшань сяожун цайны тухай өгүүлэх хэрэгтэй. Утааны амттай, англичуудын ихээхэн таашаадаг энэ цай Фүзян мужийн Уишань уулын бүсийн Тунмуцунь тосгонд бий болжээ. Чухамдаа энэ цайг улаан цайны эх гэдэг. Тэр цагт Тунмуцунь тосгоныхон Аньхуй мужийн суньло ногоон цайнаас шинэ төрлийн цай гаргаж авахаар ажиллажээ. Гэтэл санаандгүй явдал болж, цайны ургац хураах ид үеэр түүгээр өнгөрч явсан цэргийн ангийнхан тосгонд буухад тэндхийн ард иргэд арга буюу гэр орноосоо дайжив. Цэрэг эрс цайны навч хийсэн таар шуудайнууд дээр унтсанд навч эсчихжээ. Гэрийн эзэд эргэж ирээд үүнийг мэдсэн ч цайны навчаа хайрлаад хаясангүй, шуудайнаас нь гаргаж нарсны гишүү түлж хатаавал навч тэр аяраа харлажээ. Харласан цайны навчаа 45 км-ийн зайтай байх тосгоны цайны зээл дээр хямдхан зарчихав. Тэгтэл дараа жилээс нь тийм цай сурсан иргэд үзэгдэж, муудсан цайны навчийг хоёр гурав нугалсан үнээр авахыг хүсэх нь элбэгшсэнд Тунмуцунь тосгоныхон цайны навчаа дээр дурдсан аргаар боловсруулж эхэлжээ. Дэлхий дахиныг байлдан дагуулсан улаан цай ингэж үүссэн түүхтэй. Улаан цай нь ходоодны галыг тэтгэх үйлчилгээтэй учраас настай улс өвөлдөө улаан, зундаа ногоон, өдөртөө ногоон, оройдоо хар цай уудаг.
Дэлхийн зах зээл дээр худалдаалж буй цайны навчны дийлэнх хувийг буюу 80%-ийг улаан цай эзэлдэг. Улаан цайг бүрэн эсгэгжүүлж боловсруулдаг, удаан хадгалах боломжтой, олон жил хадгалсан цай нь илүү анхилуун болдог гэж үзэх нь бий.
Үлүн цайны тухайд онцгой анхилуун үнэртэй, хагас эсгэгжүүлсэн, Фүзян, Гуандун, Тайваньд ихээхэн хэмжээгээр боловсруулж нийлүүлдэг, Европ тивд хамгийн анх дэлгэрсэн цайны төрөл юм. Хагас эсгэгжүүлсэн энэ цайны 30% нь ногоон цай, 70% нь хар цай бөгөөд навч нь улаан хүрээтэй ногоон өнгөтэй байна.
Цагаан цайг цагаан унгирал ихтэй цайны навч, нахиагаар хийдэг. Цагаан цай боловруулах арга барил өнө эртний уламжлалтай. Хамгийн түрүүнд үүссэн энэ цайг Жоу улсын үед наранд, сүүдэрт хатаах тун энгийн хоёр аргаар боловсруулж, өвөг дээдэстээ өргөл болгон барихаас гадна өвчин хуучаа эмнэж, бясалгахдаа уудаг байжээ.
Цэцэглэж амжаагүй навчийг боловсруулснаар цэцэгт цайны навчийг бэлтгэдэг. Энэ цайг Сун улсын үеэс бэлтгэж эхэлсэн боловч хоёр зуун жилийн өмнөөс л ихээхэн хэмжээгээр боловсруулах болжээ.
Шар цай нь сул эсгэгтэй цай юм. Энэ цайны навчийг тусгай аргаар жигнэж боловсруулснаар шаргал туяатай, сайхан амттай болдог. Одоо хүмүүс шар цайг хаа нэг л уудаг. Шар цай ховор учраас үнэтэй.
Хар цай нь эсгэгжүүлсэн цай юм. Хар цайг том навчаар хийж, гол төлөв дөрвөлжин шахмал хэлбэрээр бэлддэг. Зөөж тээвэрлэхэд хялбар шахмал цай нь тосны амтыг дардаг чанартай. Одоо ихээхэн дэлгэрч буй пуэр цай нь Юньнанийн хар цай юм.
[1] МЭӨ 722-481 оны үе
[2] Чань буддизм
[3] Жинь улс