Шинжлэх ухаан байгалийг байгаагаар нь нээн харуулдаг юм. Тэгсэн атал хүний байгалийн мөн чанарыг болохоор байгаагаар нь харуулах эр зориг эрдэмтдэд дутдаг юм!

Ньютон; алим, сар, нарын аль нь ч дэлхийтэй нэг ижил таталцлын хуулиар холбогддог болохыг нээсэн. Тэрбээр багагүй сүсэг бишрэлтэй нэгэн байсан бөгөөд бурхан биш, харин амьгүй таталцлын хууль гариг эрхсийн хөдөлгөөнийг удирддаг болохыг мэдчихээд ихэд эмзэглэсэн. Гэхдээ л байгалийг байгаагаар нь бичсэн дээ.

Дарвин; хүн болбоос горилл, шампанзетэй нэг л өвөг эцэгтэй гэдгийг нотолсон хувьсал (эволюци)-ын хуулийг нээсэн. Хэдийгээр, хүнийг бурхан бүтээсэн гэх чанд итгэл үнэмшилтэй сүм хийдийнхний зүгээс хатуу эсэргүүцэлтэй тулаад аягүйрхэж байсан боловч эрдэмтэн хүний хувиар байгалийг байгаагаар нь бичиж зүрхэлсэн билээ.

Эгэл бөөмийн механик буюу квант механикийн хуулиуд одоо болтол физикчдийн “дургүй” хүргэсээр байдаг. Учир нь эгэл бөөмийн ертөнцөд, физикийн тулгуур зарчим болох шалтгаан ба үр дагаврын хоорондын холбоос байхгүй болдог юм. Өөрөөр хэлбэл, эгэл бөөмийн яг хаана байгааг мэдэхийн тулд “шоо хаяж” мэргэлэхээс өөр аргагүй байдалд хүрдэг гэсэн үг. Ямартаа, цухалдсан Эйнштейн “бурхан шоо хаядаггүй л юм даа” хэмээхэв. Хэдий тийм ч эгэл бөөмийн физикчид байгалийг байгаагаар нь бичсээр буй. 

Байгалийг, эс таалагдсан ч байгаагаар нь нээн харж чаддаг зориг зүрхтэй, тэгээд байгалийн “муухай ааш”-ийг номхотгон хүмүүний төлөө ашиглах ухаанаа олдог тулдаа л шинжлэх ухаан асар их амжилтыг олж хүн төрөлхтөнд өгөөжөө харамгүй өгсөөр буй.

Гэтэл, ийм шинжлэх ухаанч хандлага хүний байгалийн мөн чанарыг судлахад дутагдсаар аж. Жишээ нь, хүний генийг судалдаг эрдэмтэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч болчхоосоо ямагт эмээдэг. Жишээ нь хүн төрөлх шуналын инстинкттэй гэдгийг хэлсэн эрдэмтнийг коммунистууд, утопистууд болон шашныхны зүгээс хайр найргүй дайран улстөржинө.

Үнэндээ хүн бол бурхны бус эволюцийн бүтээгдэхүүн. Эволюцид хүнийг ёс суртахуунтай болгох зорилго байхгүй. Ердөө л, орчиндоо хэн сайн дасан зохицох чадвартай, тэр л үлдэнэ хэмээх байгалийн шалгарлын хуультай. Байгалийн шалгарлыг давахад шаардлагатай олон “муу” чанарууд, эволюцийн явцад хүн хэмээх амьтанд бий болсон нь үнэн.

Эдгээр олон “муу” чанаруудыг нээн харах шинжлэх ухаанч зориг зүрх бидэнд хэрэгтэй. Шинжлэх ухаанч хандлага дээрээ суурилж чадвал нийгмийн харилцааг төгөлдөржүүлж чадна. Нийгмийн харилцааг төгөлдөржүүлж чадвал хөгжил дэвшил рүү урагшилна.

Монголчууд бид, Монголоо хөгжүүлэхэд шаардлагатай гурван “муу” чанартай. Нэг дэх нь “шунал”, хоёр дах нь “атаархал”, гурав дах нь “зарчимгүй” гэгдэх чанарууд болой.

Эдгээр “муу” гэгддэг чанаруудыг хаалтад хийж бичсэний учир болбоос, “муу”-гийн ард “сайн” зүйлүүд нуугдаж байдгийг анхааруулах гэсэн хэрэг. Энэ тухай, тус бүрээр нь тодруулъя.

“Шунал”-ын тухай

Хүн төрөлхтний түүхийг баялаг бүтээх аргаар нь капитализмын өмнөх үе ба капитализмын үе гэж хоёр хуваан ярих ёстой юм.

Капитализмын өмнөх үед хувь хүний болон үндэсний баялаг арвижуулах үндэс нь дээрэм, тонуул, булаан эзлэлт зэрэг хүчирхийллийн арга замууд байв. Тэр үед эдийн засгийн баялаг үндсэндээ; малын бэлчээр, тариан талбай, газрын доорх алт, мөнгө, төмөр мэт болоод дээр нь ажиллах боолчууд, малчид, тариачид зэрэг натурал зүйлсээс бүрдэж байсан учир. Гладиаторууд хүртэл үндэсний баялаг байлаа шүү дээ!

Тэгэхээр Чингис хааны байлдан дагуулалт бол Дотоодын Нийт Бүтэгдэхүүнээ л нэмэгдүүлэх гэсэн политик байсан аж. Тэрбээр тухайн үедээ хамгийн баян буюу их ДНБ-тэй эзэнт гүрнийг эзлэн түрэмгийллээр байгуулсан билээ.

Ийн тунгаавал капитализмын өмнөх үед шунал гэдэг бол хүнийг гарцаагүй араатан болгодог ад зэтгэрийн хүч байж. Хувь хүн болоод улс үндэстний баяжих шунал хөдлөхтэй зэрэг мөнөөх араатнууд юу юугүй л дээрмийн ажилдаа орон бие биеэ “барьж иддэг” байж. Нэг нь сүйдэж нөгөө нь хожих номтой байв. Шунал бол хараал байв.

“Монголын Нууц Товчоо” шэдээвэрт

Одтой тэнгэр
Орчиж бүлгээ
Олон улс тэмцэлдэж
Орондоо үл орон
Олзлолдон бүлгээ

хэмээн капитализмын өмнөх үеийн хүн төрөлхтний байхуйг маш оновчтой дүрслэн бичсэн буй.

Шунал ертөнцийг зовлонгийн мөн чанартай болгож буйг ухаарсан Будда тэргүүтнүүд шуналын эсрэг “боссон” юм. Гэхдээ Будда; бусад шашин, утопи үзэл, измүүд шиг шуналыг хүчээр устгах гээгүй, тэгэх зорилготой улстөрийн хүч бий болгоход олон түмнийг турхираагүй.

Яагаад гэвэл, Будда шунал бол хүнд их, бага хэмжээгээр байдаг төрөлх инстинктүүдийн нэг бөгөөд үүнийг ангийн хүчээр устгах гэвэл аллага, хядлагад хүрч ертөнцийг улам бүр зовлонд унагахыг мэдэж байсан.

Тэгээд л хувь хүнд өөрт нь хандан; шунал өөрийг нь ямагт зовоож байдгийг сэхээрүүлэн, түүнийг номхотгох замаар сэтгэлийн амар амгаланг олж авах боломжтой хэмээх үнэнийг сургах болсон юм. Буддизм бол моралийн тухай индвидуалист үзэл санаа мөн билээ!

Өдийгөөс 200 орчим жилийн өмнө капитализмын эрин үе эхэлсэн. Дэлхий дээр анхны төрт улс бий болсон цаг хугацаанаас хойш тоолох ахул капитализм маань нэг нас гарантай хүүхэд шиг нялхаараа байгаа юм. Тэгсэн хэрнээ түүхийн өмнөх бүх цаг үеийн бүтээсэн баялгийг бүгдийг нь нийлүүлснээс хэдэн мянга дахин баялгийг бүтээж чадсан байгаа юм даа. Капитализм бол хүн төрөлхтний нэг аугаа нээлт мөн.

“Амазон” компанийг үндэслэгч Жефф Безосын хөрөнгө, Чингис хааны хөрөнгөөс олон дахин их гэдэг нь эргэлзээүй. Жефф Безосын хэрэглэж байгаа юмсын нэг хувь нь ч Чингис хаанд байгаагүй. Жишээ нь машин, гар утас, телевизор мэтийн зүйл лав байгаагүй дэг.

Чингис хаан, Жефф Безосын хэн хэн нь баяжих “шунал”-даа хөтлөгдөн хөдөлсөн нь мэдээж. Харин зорилгодоо хоёр өөр аргаар хүрсэн.

Чингис хаан өөрийн гүрний баялгийг, тухайн үеийн эдийн засгийн үндсэн арга болох бусдын хөрөнгийг хүчээр дээрэмдэн хураах замаар бий болгосон. Харин Безос өөрийн “Амазон” компанийнхаа асар хөрөнгийг хэнээс ч булааж аваагүй, хүмүүст хэрэгтэй барааг нь гэрээр хүргэж өгдөг буянтай худалдааны сүлжээг дэлхий даяар байгуулах капиталист аргаар бий болгосон юм.

Ингэж капитализмын өмнөх үед ад зэтгэрийн хүч болоод байсан “шунал”-ыг капитализм, нийгмийн баялгийг арвижуулж өгдөг буянт үйлийн сэдэл болгон хувиргасан. “Шунал” бол хараал биш эрчим хүч болсон юм.

Бидний хэрэглэж байгаа бүх юмыг нийлүүлж байгаа хүмүүс сайхан сэтгэл угаас биш, “шунал”-ын сэдэлдээ хөтлөгдөж нийлүүлээд байгаа юм. Тэдний “шунал” байхгүй болчихвол дэлгүүрийн лангуу хоосорч мах, талхаа ч олж идэхэд хүндрэлтэй болно. Ийм болдгийг социализмын үед манайхан харсан билээ.

Манжийн эзэн хаан Энхамгалан, монголчуудын “шунал” нь барагдахгүй юм хэмээн ундууцаж байсан гэдэг. Өөрөө цаглашгүй их “шунал”-тайдаа л эзэнт гүрэн байгуулсан хүн шүү дээ!

Монголчууд барагдахгүй их “шунал”-тай. Иракийн дайны үеэр бууны амны хоолойг элсээр дүүрэхээс хамгаалахад бэлгэвч тохирч байгааг олж харсан монголчууд америк цэргүүдэд бэлгэвч зараад явж байна гэсэн онигоо дуулддаг байсан. Сайн талаас нь харвал монголчууд баялаг бүтээх их энергитэй гэсэн үг шүү дээ. Энэ их энергийг зөв ашиглаж чадвал Монгол Улс хөгжинө.

Харамсалтай нь, өнөөгийн Монголд улстөрчдийн шунал хэтрээд буй. Улстөрчдийн шунал гэдэг бол мөнөөх ад зэтгэрийн хүч болдог капитализмын өмнөх үеийн шуналын үр төл юм шүү дээ. Улстөрчдийн шунал бол нийгмийг хараалд хүргэдэг мөнөөх муу ёрын шунал!

Шуналдаа автсан улстөрчид хувийн хэвшлийнхний бүтээсэн баялгийг авлигаар булаан авч хөлжиж байна. Улстөрчдийн шунал баялаг бүтээгч капиталист “шунал”-ыг тамирдуулж байна. Эдийн засгийг доройтуулж байна.

Уг нь улстөрчид улсаа хөгжүүлэх үүрэгтэй нийтийн алба эрхэлж байгаа хүмүүс. Тийм учраас өөрийн шуналыг хойш тавьж иргэдийнхээ “шунал”-ыг суллан чөлөөлж, улсаа хөгжүүлэхэд ашиглах ёстой.

Иргэд, бизнесмэнүүдийн “шунал” ямар нэгэн саад тотгоргүйгээр чөлөөтэй хөдөлж байвал эдийн засгийн хөгжлийг маш их эрчимжүүлдэг байгалийн хуультай. Тийм болохоор төр “шунал”-ыг чөлөөтэй хөдлөх эрх зүйн орчныг төгөлдөржүүлэн замыг нь чөлөөлөх хэрэгтэй. Ингэж “шунал”-ыг нийгмийн сайн сайхны төлөө ажиллуулна. Ийм стратегийг Данзан сайд “иргэн баян бол улс баян” гэж тун ойлгомжтой илэрхийлсэн. Энэ бол “шунал”-ыг буянт үйлийн сэдэл, эрчим хүч болгодог капиталист хөгжлийн зам мөн болой!


(үргэжлэл бий)