Монголыг хөгжүүлэх, монголчуудын “гурван муухай” - АТААРХАЛ
Атаархал бол хүн төрөлхтөнд байдаг төрөлх араншин. Эволюцийн явцаар хүний ухамсарт, шуналтай адилхан бий болсон нэг модуль. Атаархал; ядуу нийгэмд байнга ил гарч арзалзаж байдаг бол харин амьдрал сайтай өндөр хөгжилтэй улсад аядуу л болсон төдий.
“Атаархал”-ын тухай
(үргэлжлэл)
“Манай монголчууд маш атаархуу хүмүүс” хэмээн бид их мэдэмхийрдэг. Тэр бүү хэл “худагт унасан еврейчүүд бие биеэ худгаас татан гаргадаг бол монголчууд бие биеэ худаг руу түлхэн унагадаг” гэж цэцэрхдэг монголчууд цөөнгүй таардаг. Тэд,бусад улс үндэстнийг магтахдаа хэтрүүлдэг атлаа өөрсдийгөө доош нь хийдэг “юм үзээгүй” сэтээтэн голдуу байна. Би ч “юм үзээгүй” явахдаа тийм сэхээтний нэг байлаа.
Үнэндээ; америкчууд, германчууд, япончууд, хятадууд гээд л дэлхийн бүх улс үндэстэн рүү ойртоод харах ахул адилхан л атаархуу хүмүүстэй байдаг. Аль ч улс үндэстний кино үзэж, зохиолыг уншихад атаархуу гол баатрууд заавал гардаг биз дээ!
Израильд очоод хотынх нь гудамжаар явахад, “худагт унасан арабууд бие биеэ худгаас татан гаргадаг бол манай еврейчүүд бие биеэ худаг руу түлхэн унагадаг” хэмээн гомдоллодог еврейчүүд мундахгүй явдаг гэсэн. Ер нь уг хэлц үг анх еврейчүүдээс гарсан байх. Тэгээд бусад үндэстнүүд өөр өөртөө тааруулаад, өөрсдийнхнийгөө муулахдаа хэрэглэсэн бололтой!
Атаархал бол хүн төрөлхтөнд байдаг төрөлх араншин. Эволюцийн явцаар хүний ухамсарт, шуналтай адилхан бий болсон нэг модуль. Атаархал; ядуу нийгэмд байнга ил гарч арзалзаж байдаг бол харин амьдрал сайтай өндөр хөгжилтэй улсад аядуу л болсон төдий.
Соён гэгээрэлийн эрин үеэс өмнө, атаархал нэг анги, давхаргынхны дотор зиндаа зиндаандаа гүйдэг байв. Ноёдын хооронд атаархал байна уу гэхээс харц ноёдод атаархах гэж үгүй. Учир нь харц ард, дээдсийн тансаг амьдралыг бурхны зарлигаар ийм байдаг гэж итгэдэг байсан. Ноёдоо бишрэн дээдэлнэ. Харцууд өөр хоорондоо л атаархалцана.
Кастын тогтолцоогоо хадгалсаар байдаг Энэтхэгт одоо хэрнээ ядуус нь дээдэстээ атаархдаггүй. Ядуучууд нь дэлхийд толгой цохихоор дэндүү хөөрхийлөлтэй ядуу бөгөөд удам дамжсан баячуудтай нь жишвэл баян, ядуугийн хоорондын орлогын зөрөө нь асар их. Үүнээс болоод зах зээл нь тун тамиргүй байдаг.
Үгээгүй ядуу байдлаа энэ насны хувь тавилан гэж хатуу итгэдэг атаархалгүй ядуучууд нь улстөрийн хүч болдоггүй тул шашны мөргөлдөөнөөс бусад тохиолдолд Энэтхэгийн нийгэм нь тогтвортой. Кастын хөшүүн тогтолцоонд ирээдүйгээ алдахаас айсан олон энэтхэгчүүд харьд цагаачлан гарчээ.
Нийгмийг ноёд, харц болгон хуваасан “бурхны зарлиг”-ийг Францын хөрөнгөтний хувьсгалаар аль 1789 онд анх халсан юм. Хүмүүсийг дээдэс, доодос болгон хуваасан бурхны зарлиг гэж байдаггүйгээр барахгүй бүх хүмүүс тэгш эрхтэй хэмээн тэр хувьсгал тунхагласан ажгуу!
Францын хувьсгалаас хойш атаархал нь анги давхарга дотроо гүйдгээ больж, ресентимент гэж нэрлэгдсэн: дорд үзэгдэхийг үл тэвчих бүлгийн араншин болж хувирсан юм. Нийгмийн бүлгийн атаархал болох ресетинмент цаашаагаа хоёр чиглэлээр хөгжив.
Капитализм атаархлыг; чөлөөт зах зээлийг төлөвшүүлэх, шударга ёсыг тогтоох, элитүүдийг эгэл даруу жентелмэнүүд болгох мэтээр нийгмийн ухамсрыг сайжруулаххүч болгон хувиргасан.
Капиталист атаархал нь ниймийн гишүүдийг анги давхарга, арьс өнгө энэ тэрээр алагчлахгүй байхыг шаарддаг. Ингэж байж зах зээл чөлөөтэй болно.
Капиталист атаархал нь эдийн засгийн өрсөлдөөнийг эрчимжүүлдэг төдийгүй, уг өрсөлдөөн шударга байхыг шаарддаг. Өрсөлдөөн шударга байхад ялсан этгээдэд хэн ч атаархдаггүй. Шударга биш болвоос өөнтөгч атаархал шууд гарч ирээд шударга ёсыг нэхэн үзэлцдэг.
Капиталист атаархал аль ч салбарт нийгмээ манлайлж байгаа элитүүдийг эгэл даруу жентелмэнүүд байхыг хөхиүлдэг. Яагаад гэвэл; алдар хүнд, эрх мэдэл, эд баялаг зэрэг давуу байдлаа ашиглан дээрэлхэх элитүүд олны дургүй хүргэж, тэр нь хэтрэхээрээ нийгмийг тогтворгүй байдалд хүргэнэ, өөрсдөө ч хохирох байдалд орно. Орчин үед моральгүй бүдүүлэг капиталистын бүтээгдэхүүнийг бойкот хийх тун амархан болсон.
Трамп хэчнээн аархуу ч жирийн иргэдийг илтэд дор үзэн таахалзаж зүрхлэхгүй, ихэрхлээ дотроо л нууж явна. Ер нь Америкийн капиталистууд олны өмнө аль болох жентелмэн харагдахыг хичээдэг шүү дээ. Манай “шинэ монгол”-ууд хэдэн жилийн дараа жентелмэнүүд болно, капитализм тийм болгоно!
Гэтэл; коммунистууд, фашистууд, нацистууд бүлгийн атаархал болох мөнөөх ресентимэнтийг аймшигт хүчирхийллийн өдөөгч “эрчим хүч” болгож орхисон юм.
Коммунистууд ядуусыг чинээлэг иргэдийнх нь эсрэг турхирахдаа тэдний бүлгийн атаархлыг ажилчин ангийн нэрээр ашигласан юм. Үнэндээ оросын ажилчин анги Ленинийг дэмжиж байгаагүй, үүнд нь хорссон больщевикууд, үйлдвэрийн гурван сая гаруй ажилчныг алж хөнөөсөн ажээ.
Германы чинээлэг давхаргын багагүй хэсгийг эзэлдэг их хэмжээний эд баялгийг гартаа эзэмшиж байсан еврейчүүдийн хөрөнгийг булааж, улмаар улсынхаа сүйрсэн эдийн засгийг өөд нь татах эх үүсвэр болгох төлөвлөгөөтэй Гитлер немецүүдийн атаархлыг еврейчүүдийн эсрэг чиглүүлж аймшигт хоморголон устгалт явуулсан юм.
Гёте, Гегель, Бетховен, Лейбниц, Гауссын үр сад болох германчууд еврей нялх хүүхдүүдийг амьдаар нь шатааж байлаа шүү дээ! Австрийн нэг захын тосгоноос гаралтай, ямар ч боловсролгүй Гитлер немецүүдийн атаархлаар тоглон тэднийг ингэж солиоруулсан юм даа! Муссолини арай ч ингээгүй. Гэхдээ л Франц, Британид атаархах италичуудын ресентинментээр сайн тоглосон ажгуу.
Капитализм л “атаархал”-ыг; зах зээлийн чөлөөт байдал, хэрэглэгчээ хамгаалсан алагчлалгүй тэгш эрх, шударга тоглоомын дүрэм шаарддаг щударга ёс, жирийн иргэдээ хүндэтгэсэн эгэл даруу жентелмэн соёл зэргийн манаанд зогсоодог. Энэ бол капиталист хөгжлийн замын бас нэг гайхамшиг болой!