-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо­ны хурал дөхөхтэй зэрэгцээд нам дагасан шүүмжлэл өрнөдөг. Та ч бас хааяа хүчтэй шүүмжлэл өрнүүлээд байгаа харагддаг?

-Би хувьдаа буруу шүүмж лэл хэлээгүй гэж бодож байна. Зөвхөн Ардчилсан намын мөн чанар хааччихав. Ардчилсан нам яагаад хийх ёстой зүйлээ хийхгүй, үзэл баримтлалаа баримтлахгүй байна вэ гэдгийг л хэлдэг. Мөн нам феодалуудаасаа салах хэрэгтэй гэж сануулдаг. Намын тодорхой хэсгийг хувийн өмч шигээ үзэхийг эсэргүүцдэг, тэвчдэггүй. Би өөрөө тэдэн шиг феодал болохыг бас хүсдэггүй.

-Та жирийн гишүүн хийгээд удирдлагын хоорондын итгэл үнэмшлийн зөрүүг хэлж байна уу. Анзаараад байхад аль ч намын жирийн гишүүдийн хүсэл сонирхол, итгэл үнэмшил нь удирдлагынхаасаа хамаагүй үнэ цэнэтэй юм шиг. Дээр нь жирийн гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээ эрх мэдэлтнүүдэд ямар ч үр дүнгүй ашиглуулж байгаа нь харамсалтай хэрэг шүү?


-Наана чинь л гол асуудал байгаа юм. Намын олон нийт болон удирдлагын хооронд мөн чанарын асар их ялгаа бий болчихсон нь үнэн. Би анх Ардчилсан намаас шинэчлэгч, эрч хүчтэй чанарыг олж хардаг байлаа. Гэтэл одоо тэр чанар, ардчилсан намын мөн чанар хаана байна вэ. Үнэхээр өөрийн тань хэлснээр жирийн гишүүдээс л олж харахаас бус лидерүүдээс олж харж чадахгүй байна. Намын бодлого гаргагчдынх нь дунд байгаа эсэхэд ч би бас эргэлзээд байгаа. Намын олон нийтийн төлөөлөл болсон Үндэсний зөвлөлдөх хороог сайн харах хэрэгтэй. Тэд үнэхээр намын олон нийтийн бодит төлөөлөл болж чадаж байна уу. Аль эсвэл хэсэг мөнгөтэй, эрх мэдэлтэй гэсэн бүлэг, фракц Үндэсний зөвлөлдөх хороог худалдаж аваад өмчилчихөв үү гэдгийг бодох л ёстой. Ний нуугүй хэлэхэд намын бодлого тодорхойлдог Үндэсний зөвлөлдөх хороонд дүүрэг болон аймгийн намын хороодоос, намын олон нийтийн дундаас гарсан лидер бус харин мөнгө төлж чадаж байгаа нь л ороод байгаад гол асуудал байгаа юм.

-Энэ чинь аль ч намын үл ялгарах чанар байх аа?

-Анзаараад байхад МАХН төрд юу л зарж болох байна, тэр бүхнийг зарж намаа санхүүжүүлдэг. Харин Ардчилсан нам дотор байгаа феодалууд, тодорхой улстөрчид намд юу л зарж болох байна, түүнийг зарж өөрийгөө санхүүжүүлж байна. Мэдээж юуг зарах, ямар хэмжээтэй гэдэг нь ялгаатай ч мөн чанар нь бол адилхан л даа.

-Хэрэв намын олон нийтийн зүгээс намын даргаа солих хэрэгтэй гэвэл та дэмжих үү?

-Дэмжилгүй яах вэ.

-Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг огцруулахыг уу?

-Ардчилсан намын гишүүд хэнээр тугаа бариулж, хэнээр нүүр царайгаа хийхийг хүснэ вэ, би түүнийг дэмжинэ. Манай нам олонхийн саналаар асуудлаа шийддэг. Иймд би олонхийн саналыг харна. Гэхдээ мэдээж Ардчилсан намын мөн чанартай олонхийг.

-Харин улстөрчийнхөө хувьд?

-Ардчилсан нам ямар нэгэн байдлаар УИХ-ын 2012 оны сонгуульд ялахын төлөө ажиллах хэрэгтэй. Н.Алтанхуяг гэдэг хүн надад таалагддаг, таалагддаггүйд асуудал байгаа юм биш шүү. Тэр хүн менежерийнхээ хувьд маш сайн менежер. Гэхдээ биднийг УИХ-ын 2012 оны сонгуульд ялалт байгуулахад түүний энэ чанар, өнөөгийн байр суурь хэрэг болох уу, үгүй юү гэдэгт асуудлын гол нь байгаа юм. Өнөөдөр хүний эрх, шүүх засаглалын шинэчлэл ярихаар МАХН айж байна. Бид тэдний өөдөөс дуугарах ёстой. Гэтэл боломж олгохгүй байна. Ардчилсан нам 2012 оны сонгуульд ялж байж л МАХН-ын хүсэхгүй байгаа шинэчлэлийг хийж чадна. Олон нийт хэрэв миний энэ саналыг дэмжвэл тэд намын даргын тухай асуудлыг ярих л болно. Мэдээж буруу гэвэл би цаг нь болоогүй юм байна гэж бодох ч дуугүй байхгүй.

-Хамтарсан Засгийн газар байгуулсан нь буруу гэж хэлсээр л байна гэж үү?

-Уучлаарай, буруу гэдгийг нь хэлнэ ээ. Түүнээс биш миний саналыг дэмжсэнгүй гээд намын батлахаа өгөөд гарч явахгүй л дээ.

-Тэгвэл дараагийн туг баригч нь хэн байж болох вэ. Танай нам МАХН-ыг бодоход лидерийн дутагдалд орчихсон гэдгийг бүгд л хэлж, ярьж байна шүү дээ?


-Манай намд ийм зовлон учирч байгаа нь үнэн. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн лидерүүд маань өнгөрсөн 20 жилийн турш өөрсдийгөө залуу гэж тооцож ирсэн. Тэд энэ том улс төр рүү залуу хүн оруулахыг тэвчдэггүй. Иймээс л та нар биш гэхээр дараагийнх нь хэн бэ гэдэгт хариулт олдохгүй болчихдог юм.

-Харин МАХН-ыг тэр талаас нь магтууштай санагддаг уу?

-Магтууштай гэж хэлэхэд ч хаашаа юм бэ дээ. Цаад мөн чанар, бодлого нь солигдохгүй ч олон хүнд үнэхээр эрч хүчтэй, шинэ харагдаж чадаад байдаг. Гэтэл манайх шинэчлэл хийдэг ч тэр нь харагдаж өгөхгүй байгаа нь асуудалтай л даа.

-Та тэгээд дараагийн даргаар нь хэнийг нэрлэх гэж байна?

-Байгаа нь л З.Энхболд харагдаад байна. Олон ч хүнд тэгж харагдаж байгаа.

-Нам удирдаж чадна гэдэгт итгэлтэй байна уу?

-Харин үүнийг хэлж мэдэхгүй байна.

-Хувийн зан чанар гэдэг нам удирдахад хамгийн чухал үзүүлэлт шүү дээ. Бусадтай нийцэх чадвараас эхлээд л?

-Би дээр хэлсэн Н.Алтанхуяг бол маш сайн менежер. Өөрийнхөө гадна байгаа нөөц, боломжийг маш сайн ашиглаж чаддаг. З.Энхболд гишүүнд тийм чанар бий юу гэхээр бас их хэцүү. Гэхдээ тэр хүн явж байгаа зам дээрээ маш хатуу зогсч чаддаг. Энэ бол их сайн чанар. Тэгээд цааш нь өөр хэн байна вэ гээд өөрийнхөө нүдээр харвал Л.Гантөмөрийг би хувьдаа том лидер гэж харж байгаа. Гол нь тэр хүн өөрөө үүнийгээ хэлэх хэрэгтэй. Бусад хүн юу гэж үнэлэх нь нэг хэрэг. Хүн өөрийгөө зарлах ёстой. З.Энхболд бол өөрийгөө зарлачихлаа шүү дээ. Энэ чинь түүнийг бусдын өмнө явж байна гэдгийг нь илэрхийлж байгаа хэрэг.

-Шинэ даргыг нэрлэх болбол таныг энэ хувилбараа л хэлнэ гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Би энэ хоёрыг л хэлнэ.

-Энэ хариултаас үүдээд олон хүн Л.Гантөмөр гишүүн та хоёрын санаачилж байгуулсан “Нэг ардчилал” клубын зорилго нь намын даргын төлөөх өрсөлдөөнийг гартаа авах явдал гэж ойлгож болох юм?

-Бидний зарчим бол Ардчилсан намын үнэт зүйлийг байнга сануулах явдал. Мөн ардчилалд үнэнч үзэл бодолтой залуусаар эгнээгээ тэлэх. Ний нуугүй хэлэхэд манай нам өөрийнхөө эрх ашгийг анзаарахаа болиод өөр эрх ашгийг хамгаалдаг болчихсон байна. Нэг ёсондоо бид Ардчилсан намыг барууны чиг шугамаар нь явуулахын тулд санах ой нь болохыг хүсдэг. Тийм лидерүүдийн төлөө хүчээ өгөхөд ч бэлэн. Тийм лидер байхгүй бол бий болгохын төлөө ажиллана. Түүнээс биш дотроосоо намын дарга төрүүлнэ гэж амбицалдаг залуус бид биш. Мэдээж цаг үе нь ирээд, биднийг нийгэм дэмжвэл боломж аяндаа л бий болно. "Хүүхэд бол ирээдүй биш. Хүүхэд бол өнөөдөр" гэсэн үг байдаг даа. Үүн шиг "Ардчилсан намын залуус ирээдүй биш өнөөдөр" гэдгийг бас дуугарах л ёстой.

-Танаас улс төр судлаачийн тань хувьд МАХН-ын шинэчлэлийн талаар асуумаар байна. Зүүний төвийн үзэл хийгээд үндэсний ардчилсан үзэл баримтлалыг та өөрсдийнх нь хэлээд байгаа тэр нэгдмэл мөн чанараар нь тайлбарлах боломжтой гэж үзэж байна уу?

-Улс төрийн пиар ихтэй, гоё ганган үг олон сурталчилгаа л явж байна. Мэдээж би сөрөг хүчнийх нь хүн учраас унагах зорилготой тайлбар хийж байгаа юм шиг сонсогдох байх л даа. Гэхдээ энэ маргаан улстөрч хоорондын бус шинжлэх ухаан, судлаачдын хоорондын маргаан байх ёстой. Судлаачид энэ талаар тод дуугарах хэрэгтэй байх. Би судлаачийн байр сууринаас бол үг хэлж болно л доо.

-Харин тэр үгийг тань л сонирхоод байна?


-Үндэсний ардчилал, социал демократ үзэл хоёрын ялгаа угаасаа их тодорхой шүү дээ. Үндэсний, ардчилсан гэдэг тодорхойлолт нь ардчилсан бус дэглэмээс үндэстэн ардчиллын замруу шилжихэд ихэнхдээ хэрэглэгддэг. Энэ нь үндэсний шинэчлэлийн шинжтэй ойлголт учираас дотор нь зүүний, барууны гэсэн ойлголт бүгд багтаж явдаг асар том сав. Гэтэл ардчилсан нийгэмд дээрх үзэл баримтлалыг гаргаж ирснээрээ “Одоо бид ардчилсан биш байгаа юм уу” гэдэг маш том асуултыг тавихад хүргэж байна. Монгол Улс ардчилсан нийгмийг хэзээ сонгосон билээ. Үүнийг бодох хэрэгтэй. Үндэсний ардчилал гэдгийг ямар үзүүлэлтээр гаргаж тавиад байгаа нь өөрөө ойлгомжгүй асуудал.

-Үндэсний үнэт зүйлийг сэргээх, хамгаалах, сануулах, сурталчлах шаардлага энэ цаг үед бий гэж л МАХН-ын удирдлага хэлээд байгаа шүү дээ. Тэр бүхнийг бат суурьтай болгохын тулд гээд л?


-Энэ нь өөр асуудал. Нэр томъёо, тайлбар хоёр нь зөрөөд байгаа юм. Үндэсний үзлийн тухай яриад байна лээ. Хүнд тодорхой хэмжээний эх оронч үзэл байдаг. Зарим хүнд үндэсний үзэл ч байдаг. Эх оронч үзэл, үндэсний үзэл хоёр ялгаатай. Үндэсний гэдэг нь буриад, өвөрмонгол байх нь хамаагүй монгол үндэстэн гэдгээрээ бахархах ойлголтыг хэлдэг. Тэнд хил хязгаар гэж байхгүй,соёлы, хэлний ялгаа л гэж бий. Эх оронч гэхээр өөрийн амьдарч буй хил хязгаар, тусгаар тогтнол, улс төрийн байгуулалт, үнэт зүйлээрээ бахархах явдал. Үндэсний үзэл хэт гүнзгийрхээрээ агуу ихийн дэмийрэлд хүргэж мэднэ. Монголчуудын хувьд тэртээ тэргүй үндэсний гэсэн үнэт зүйлтэй ард түмэн. Мөн ардчилалд итгэдэг. Мэдээж олон хүний хувьд үндсэрхэг гэдэг нь гоё л сонсогдоно л доо. Гоё сонсогддог үгийг ардчилалтай холиод "үндэсний, ардчилсан" гэдэг үгийг нийлүүлж, сонгуулиар олонхийн санал авч, залуусын дэмжлэгийг хүлээж чадна гэж бодсондоо л ийм алхам хийж байгаа болов уу. Тэд бас нийгмийн ардчилал гэж яриад байна лээ.

-Тийм ээ. Тэр санааг намын дэргэдэх залуучуудын байгууллага нь нийгэмд манлайлан сурталчилж байгаа. Онолын талаас нь харвал өөр хооронд нь нийлүүлж, цавуудахад жаахан асуудалтай гэх дүгнэлт бий. Тийм үү?

-Тэд энэ хүрээндээ нийгэмд байдаг хамгийн сайн, сайхан бүхнийг нийлүүлж яриад л социал демократ гэж хэлэхгүйгээр чихрийн цаас шиг зүйл хүмүүст үзүүлж эхэлж байна. Энэ чинь улс төрийн мэдлэг нимгэн байгаа газар улстөрчид аливаа зүйлийг хуурмаг байдлаар гоё харагдуулдаг арга л байхгүй юу. Увайгүй улстөрчид юу хийх нь тэдний л асуудал. Гэхдээ тэднийг шударга бөгөөд бодит зарчимд нийцүүлэх нь нийгмийн шинжлэх ухааны үүрэг байх ёстой. Үнэндээ улстөрчид нь ардчилал гэдэг үнэт зүйлийг нь өмчлөөд авчихсан байхад нийгмийн шинжлэх ухаан хөгжихгүй гэдгийг л тэд харуулж байна. Уг нь үндэсний үзэлтэй улс төрийн хүчин гэдэг томьёолол чинь өөрөө барууны, дотороо бүр барууны зарим талаар хэт барууны гэж шүүмжлэгддэг тийм үзэл. Мөн нэг түвшинд томьёолоод байгаа нийгмийн ардчилал гэдэг үзэл нь шинжлэх ухааныхаа ойлголтоор явж буй бол шүү дээ зүүн талаасаа зүүнрүү нь л хазайдаг үзэл баримтлалд шүү дээ.

-Гэхдээ МАХН-ын удирдлагууд танай намаас түрүүлж ажиллаж байгааг хүлээн зөвшөөрнө биз дээ. Тэд өнөөдөр зарлахгүй байгаа ч ирэх 2012 оны сонгуульд ялах сонгодог бодлогоо тодорхойлж чадсан гэдэгтээ итгэлтэй байж болох юм. Намынх нь гишүүн байсан бол алга ташихад буруудахгүй л болов уу?


-Магадгүй ээ. Энэ хольж хутгасан үзэл баримтлалын шинэчлэлээрээ улс төрийн өрсөлдөөнд ахиу оноо авна гэж бодож байгаа л байх. Би сайн ойлгохгүй байна. Ойлгохгүй байгаа шалтгаан нь өрсөлдөгч намынх нь гишүүний хувьд өрсөлдөгчөө заавал ойлгох шаардлагагүй гэдэг зарчмаар харж байж болох юм. Уг нь улс төрд ороогүй бие даасан судлаачид үүнд голыг нь олсон дүгнэлт хийвэл илүү зохимжтой. Харамсалтай нь, МАХН-ын талд орсон, тэдэнд зулгуйдсан гавьяат болно гэж горьддог тийм эрдэмтэд бол хэлж чадахгүй л дээ.

-Ямар ч байсан тэд энэ маягаараа эх орончдын өдрөө тэмдэглэн, монгол дээлний өдрөөр монгол дээл, гутал өмсч, "Миний Монголын бахархал" гээд гараад ирвэл сонгогчид тэдэнд талархах нь ойлгомжтой. Үгүй ядах нь ээ л манайхан чинь асар их сэтгэлийн хөдөлгөөнтэй ард түмэн шүү дээ?


-Магадгүй л юм. Тийм нөлөө бий болохыг үгүйсгэхгүй. Би хувьдаа МАХН-ыг М.Энхсайханыг "copy"-дож авлаа л гэж бодож байгаа.

-Яагаад М.Энхсайханыг асуудлын төвд оруулах болов?

-М.Энхсайхан чинь Үндэсний шинэ нам гэж байгуулаад үндэсний үзлийг буддын шашинтай холиод хачин гоё юм болголоо энэ тэр гээд байсан шүү дээ. Түүнийг нь МАХН маш томоор "copy"-доод Ардчилсан намаас ардчиллыг нь салгачихая гээд нийлүүлээд авчихлаа. Яах вэ дээ, МАХН хэзээ ч өөрсдөө шинэ юм сэдэж, сэтгэж чаддаггүй л байхгүй юу. Харин хэн нэгний санаачилгыг хуулбарлах, хуулж өөрийн болгохын тулд дээрэмдэж авахдаа гаргуун. Энэ утгаараа л М.Энхсайханыг сайхан өнгөтөөр "copy"-дож авах шиг боллоо.

-Өөрийн тань хувьд энэ хамгийн бодит гаргалгаа гэж ойлгож болох уу?


-Өөр юу гэж хэлэх юм бэ.

-Тэгвэл М.Энхсайхан дарга шинэ санаа бодож олохгүй бол хэцүүдэж дээ. Тийм үү?

-Магадгүй ээ. Дараагийнхаа санааг л бодож олохгүй бол хэцүүдчих шиг боллоо. МАХН түүний үндэсний санааг хулгайлаад, өнгөтөөр ардчилсан гэж нааж байгаад духан дээрээ том гэгч нь наачихсан юм чинь өөр ямар ч арга байхгүй л болов уу.

-Та улстөрчийнхөө хувьд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын сүүлийн үеийн эрчимтэй улс төрийн тэмцлийн талаар ямар бодолтой байгаа вэ. Энэ талаар улстөрчдийн байр суурийг сонсоход сонирхолтой санагддаг юм?

-Уг нь ардчилсан улс оронд Ерөнхийлөгчийн алба гэдэг бол хамгийн өндөр карьер л даа. Ардчилсан, тэр дундаа парламентын засаглалтай улсын Ерөнхийлөгч байна гэдэг бол ний нуугүй хэлэхэд албаа дуусгасны дараа тэтгэвэртээ гардаг улс төрийн карьер. Тэгэхэд Н.Энхбаяр тэтгэвэртээ гарахгүй л гэж үзээд байх шиг байна. Ийм өндөр албаны дараа тухайн хүнд өнгөрсөн амьдралынхаа талаар дурсамж бичих сонголт л үлддэг.

-Харин тэр хүн тэмцэгчийн дүрд "тоглох"-оор шийдсэн байгаа?


-Энэ бол түүний сонголт. Явж өнгөрсөн түүхээ бус шинэ түүх бичихийг хүсч байх шиг байна.Түүний энэ сонголт улс төрийн соёлынхоо хувьд их гажуудсан алхам. Яах вэ, эрх баригчдад сануулж хэлэх хүн байхгүй байна гэж үзээд сануулж хэлэх үүргийг өөр дээрээ авсан бол болохгүй юм байхгүй. Зарим улстөрч улс төрөөс гарахаараа яг уснаас гарчихсан загас шиг амьдарч чаддаггүй гэдэг үг байдаг. Н.Энхбаярын алхам тийм увайгүй жишээний л нэг болж байх шиг байна

-Гэхдээ Н.Энхбаяр Монголын нийгэмд шударга ёс тогтоохын төлөө шударга бус эрх баригчидтай тэмцэж байна гэдэг?

-Улс төргүйгээр амьдарч, улс төргүйгээр мөнгө олж чадахаа больсон хүний л жишээ. Намдаа шинэчлэл хийхийг хүссэн бол өөрийнхөө халааг бэлтгэх ёстой байсан. Түүний үзэл баримтлал зөв байсан бол бусад нь дэмжих байсан. Гэтэл өөрийнхөө явж ирсэн, тунхаглаж байсан тэр үзэл баримтлал, авилгажсан тогтолцоо төрд, бас намд нь хүчин төгөлдөр байхад түүнийгээ шүүмжилж байгаа нь маш их гайхшруулж байна. Зохиогч нь өөрөө шүү дээ. Энэ байдал зөвхөн намайг ч бус олон хүнийг гайхшруулж байгаа юм биш үү.


Улс төрийн тойм сонин
Г.Отгонжаргал