Монголчуудын ойлгомжгүй нь харин ч ойлгомжтой!

-Сайхан сэтгэлийн оройгүй тэнэглэл гэх үү?

-Сайхан сэтгэлийн зэрлэгшил гэх үү?

Юу бичих гээд этгээд үл ойлгогдох гарчиг сонгов? Олон жил бодож явдагаа л бичье. Бичсээр ч ирсэн. Гэхдээ миний энэ удаагийн нийтлэлийг жиргээ хөгжөөж өглөө гэдгийг хүлээн зөвшөөрнө. Монголчууд, монгол хүн нэг л болж бүтэхгүй байна гэсэн нийтлэлээ жиргээнээс сэдэвлэж зурагжуулж байгаад (2024.10.11) уншигчдад хүргэсэн дээ. Түүний үргэлжлэл гээд авчихаарай.

Монгол Улс 34 жилийн турш шилжилт хийхдээ эцсийг нь үздэггүй, бүр 2050 он руу өртөөлүүлчихсэн. Уг нь өнгөрсөн 34 жилд цоо шинээр мэндлээд төгс төгөлдөр хөгжчихдөг хугацаа нас шүү дээ. Ядуурал гэдэг им тамга нь арилашгүй тогтчихсон, 30%-ийн наана цаана л яваад байдаг. Улс төрчид нь мянга удирдаад ядуурлыг арилгаж чадахгүй, гараа өргөн бууж өгөхийн босгон дээр дэнжигнэдэг. Нэгэнтээ ядууралтай учраас түүн дээр суурилсан нийгэм-улс төр-сэтгэл зүй-эрх зүйн олон талын харилцаа үүсчихдэг, төр-засаг нь түүнтэйгээ үзэлцэж зууралдсаар нэгэн сонгуулийг өнгөрөөгөөд дараагийн сонгуулиар нөгөө нэг тамтай ажилтайгаа үргэлжлүүлэн зууралддаг.

Монголчууд (монгол хүн!) хийх бүтээх үйлсийнхээ хажуугаар айл болгон, хувь хүн болгон өөртөө ямар нэгэн зовлон бүтээгээд, түүнтэйгээ байлдсаар нэгэн насыг бардаг. Баячууд олигархиуд нь өөртөө, гэр бүлдээ зовлон худалдаад авчихдаг, дараа нь тэр зовлонгоо нимгэлэхийн тулд дэргэдээ нэг нэг хуульч, лам тэжээчихдэг, ийм л цикл нийгэмд явах аж.

Үнэн үү?  Бас л жиргээнээс зурагжуулъя. Номын садан хоёр нөхрийн жиргээний мэргэн үгс.

Баабар:–Монголчууд нийтээрээ бүхий л түүхэндээ өнөөгийнх шиг элбэг хангалуун амьдарч үзээгүй. Гэвч монголчууд нийтээрээ бүхий л түүхэндээ өнөөгийнх шиг гомдолтой, хийрхэлтэй, голонгуй, гутрангуй амьдарч үзээгүй!

Яг л хэлчихлээ. Үнэн үү? Би нэмье. Гомдолтой, хийрхэлтэй, голонгуй, гутрангуй, тэгсэн мөртлөө өвчний үүр болтлоо идэж уугаад хоолны хордлого болоод. Адгийн хулгай болох эх орноо тонох өрсөлдөөнд ханцуй шамлаастай. Ойлгомжтой ба ойлгомжгүй нь яг хоршиж байна. Амьдралаа сайжруулаад баахан автомашин хувьдаа авчихсан, төр нь өөгшүүлээд дэмжчихсэн, олон үеэрээ өлөн зэлмүүн өлөв долов явсны харгайгаар машин авч ханадаггүй, улам л даварсаар нэг мэдэхдээ нийслэлээ, хотоо түгжрэлийн там болгочихсон. Бас л ойлгомжтой (машин авч унах гэгээн сайхан хүсэл, гэр бүлээрээ үр хүүхэдтэйгээ тэр машин дотроо жаргая!) ба ойлгомжгүй (нийслэлд нь 10 дахин цөөн машин явах давчуу нарийхан замтай, тиймээс түгжрэлд нөгөө жаргалтай амьдралынх нь ихэнхи цаг яваад өгдөг!) нь зэрэг хоршиж байна. Нэг үгээр “Сайхан сэтгэлийн оройгүй тэнэглэл” нь монгол хүний өдөр тутмын амьдрал, алхах гишгэх тоолонд нь харагдаж байна. “Сайхан сэтгэлийн оройгүй тэнэглэл” нь зам дээрээ харагдаж байна. Өөрөөр юу гэх юм бэ? Тэнэглэл нь зэрлэгшил болоход тун ойрхон байна.

Монгол хүн 100 гаруй жилийн өмнө гадаадын аялагчдын нүдэнд (оросын голдуу) өртөж тэмдэглэгдэж байсан тэр чанараа 100 жил өнгөрчихөөд байхад гээдэггүй ээ. Сайд дарга, гишүүн, олигархи л болохгүй бол нийтээрээ шахуу арчаагүй амьдардаг. Арчаагүй амьдралынхаа буруутнаар хэн нэгнийг, бүр гадаад улсыг тодруулчихсан, тэр буруутгал дээрээ таашаал аваад харааж зүхээд стрессээ тайлчихдаг. Ертөнцийн бүх үзэгдэл, тэр ч бүү хэл өөрийнх нь амьдралын алтан мөч бүхэн үнэ цэнэтэй гэдгийг огт мэдэрдэггүй. Иймд өдөр судрыг аргацааж өнгөрөөдөг. Сайд дарга, гишүүн, олигархи л болохгүй бол ертөнц сөнөж байсан ч падгүй гээд өөрийгөө бүрэн чөлөөлчихсөн. “Эрх мэдэл, мөнгө хүнийг өөрийгөө танихгүй болтол өөрчилдөг” гэсэн мухар сүсэгтэй, тэгж өөрчлөгдсөнийг нь атаархлаараа үзэн ядчихна.

Таны амьд яваагийн зорилго юув гээд асуучихвал “мөнгө” энэ тэр гээд цаашаа нэг их мэргэн үг гарахгүй байх. Тэгэхдээ чин санаа зорилго нь бол хэл үггүй идэж уугаад, бааж шээгээд, нойр бүтэн хоноод, гар утсаа маажаад зогсож байх нь амьд яваагийн зорилго нь мөн шүү дээ, сайд дарга, гишүүн, олигархи л болохгүй бол шүү!  

Жиргээнээс. Нөгөө л ойлгомжгүй нь ойлгомжтой гэдгээ нотлохоор сэтгэгдлүүд. Монгол хүний ажлын соёлыг л заагаад байна:– Булганд амьдарч байгаа канад айл, зөгий үржүүлдэг Томоко, ногоо тарьдаг солонгос эр зэргээс би ингэж дүгнэв. Монголд хөдөлмөрлөж чадвал хаана ч сайхан амьдарч болох нээ гэж; – Бид чинь бэлэн хоол, эсвэл залилж хурдан мөнгө олох арга л бодохоос хөдөлмөрлөөд мөнгө олоод сайхан амьдарна гэж бодохыг хүсдэггүй хүмүүс. Соц нийгэм бидний ахмад үеийг ажилгүй сургасны дээр улс төрд байсан хүмүүс хэрхэн залилж амьдрахыг энэ 30 жил үеийн үед өвлүүлсэн; – Бие биенийхээ бөгсийг ухаад л, хэн нэгэнд худалдагдаад л, өлөв долов хийгээд явсаар байгаа бид юунд хүрхэв зайлуул. Сэтгэлгээний хувьсгал хийж хууль хүчний байгууллагууд жинхэнэ утгаараа ажиллаж эхэлсэн цагт бид хөгжих байх; – Монголчуудад бизнесийн ойлголт байхгүй байна. Юм хийсэн ч өрхийн аж ахуйгаас хэтэрж сэтгэхгүй гэжээ.

Дээр нь Л.Энх-Амгалан сайдын УИХ-д хэлсэн урмыг үгсийг шүүрээд авчихмаар санагдлаа. Хөдөлмөрийн бүрэн чадвартай нөхдөд хүнсний талон өгч байж болохгүй ээ нөхөд өө, хөдөлмөрлөх чадвартай байж хүнсний талоноор амьдардаг байж болохгүй ээ гээд хөдөөгийн 100 орчим сум хүнсний талоноос татгалзлаа. Ингэж татгалзсан сумдад ЖДҮ хөгжүүлэх зээл олгоноо, ажлын байрыг дэмжинээ гэв.

Жиргээнээс бас нэгэн мэргэн үгсийг эшлэе:–Соцализмын үед хайран сайхан оюутан насаа коммунизмын онол уншиж өнгөрүүлсэндээ харамсдаг. Хувьдаа малгүй, машингүй, уран, алт, зэс, мал махаа Орос руу вагон вагоноор гаргаад өөрсдөө гэдэс толгойндоо оочирлож боолын амьдралаар амьдарч байснаа амархан мартах дуракууд байх юм аа гэжээ.

Яг л хэлж. Социализм сайхан байсан гэдэгчүүдээс асууя. Өнөөгийнх шиг элбэг хангалуун амьдарч байсан уу гэж? Бүх юм гачлантай, хомсдолтой. Орос дэлгүүрийн пропуск гэж тэнгэрийн умдаг атгахтай адил. Жилийн 4 улиралд нийслэл нь мах сүүний хомсдолтой. Хавтгай тэгшхэн нэг хэмийн цалин ба орлоготой. Одоо баян ядуугийн ялгарал нь хэрээс хэтэрчихсэн тул атаархал нь буцлаад бургилаад гараад ирсэн болохоос биш социализм нь тэгшхэн хомс нийгэм байсны хүчинд атаархлаа дарж байсан шиг байгаа юм. Нам, эвлэл, үйлдвэрчин, пионерын байгууллага, дээр нь НАХЯ оролцоод маш том хяналтын сүлжээ байсны хүчинд ажилгүйдэл гайгүй байсан байх. Тэрхүү хяналтын сүлжээг ардчилал тас цохиод амьдрах, амьдралаа өөрөө хүссэнээрээ зохиох өргөн эрх олгочихсон чинь ажилгүй арчаагүй нь дэндээд ядуурчихсан дүр зураг л надад харагддаг. Өөрөөр юу гэх юм?

Социализмын материал-техникийн бааз байгуулаад мандуулж явсан ард түмэн ардчиллын буянаар капитализмд биш, ихэнхи нь буцаж ухраад феодализм руу орчихсон. Бат-Үүл янзтай гоё бичжээ.

Манай хөгжилд юу саад болж байгаа вэ? Зөвлөлтийн коммунистууд монголчуудын үндэсний үзлийг 70 жил бяц дарж байв. Ингэж дарагдсан үндэсний үзэл нь 90 онд чөлөөлөгдөхдөө галзуурал маягтай юм болж хувирсан. Уул тахиж хар сүлд хийсгэсэн мухар сүсэг, дэлхийг занаж зүхсэн баатруудын бүжигтэй наадам, этник урлагтай холилдож заваарсан төрийн ёслол. Гандан руу хуйлран гүйж байгаа экс коммунистууд, бизнесээ лам багшид даатгах луйварчид гээд бөөн гажиг. Ер нь коммунист суртал,үндсэрхэг үзэл хоёр нийлж урвалд орж хийрхэл болохоороо рациональ байдлыг коллапс сүйрэл болгодог аж! Уул уурхай дээрээ л найрлаж байна даа. Тэргүй бол яана? Ядахдаа улстөрчид гэж нуль демагогууд!

Социализмаа эргэж санаашран мөрөөдөөд, өнөөгийн Оросоос СССР-ийг хайгаад, Цэдэнбал-Брежневийн тостой цаг үе мөдгүй гэж сүсэглэдэг хижээл ахмад насны монголчууддаа, Хятадад жинхэнэ социализм байна хэмээн битүүхэн горьддог нөхөддөө учирлаж хэлэхэд “Та бол эх орон ч хүн биш. Та зүгээр л Oрос, Хятад хоёрт хэрэгтэй тэнэг монгол хүн!” гэчихье, бүү гомдоорой.  

Энэ улсад төрж өсөөд одоо хижээл нас руугаа явж байгаа жирийн иргэний өчил үгс гээд авчих. Би хатуу хэллээ. Гэхдээ яалт ч үгүй үнэн.