Тархи судлаачдын тогтоосноор амьтад тоолж чаддаггүй. Жишээ нь 11 дэгдээхий дагуулсан нугас “11 ширхэг” гэж тоолохгүй, 11 дэгдээхий цугларсан “хамт олны зураг” байдлаар хүлээж авдаг. 11 дэгдээхийнээс 2 нь дутчихлаа гэхэд 9 үлдлээ гэж тооцоолдоггүй, “хамт олны зураг” өөрчлөгдсөнийг л мэдэрнэ. Арваад цөөвөр чоно нэг арсланг дээрэлхэж байснаа нэмээд нэг арслан хүрээд ирэхэд нь бүгд айж зугтах бичлэг сошиалд яваад байсан. Уг нь логик тооцоогоор бол нэгийн эсрэг тав – цөөвөр чононууд барахаар хэвээрээ юм. Гэхдээ амьтад логик тооцоо биш мэдрэмждээ захирагддаг учир хоёр арслан хорь болчихсон юм шиг мэдрэгдэж айж зугтана. Адууны төрлүүдийн азарга 10 – 20 гүү хураадаг, түүнээс хэтэрхвэл бүгдийг нь зураглаж, мэдэрч, ойлгож чадахгүй гэсэн үг. Сүргээс хэд нь дутчихвал амьтад тоолохгүй, олон хүнтэй хөрөг зурагнаас зарим нь алга болсоны адил мэдэрнэ. Хүй нэгдлийн үед хүний сүрэг ч 10 – 20 оос хэтрэхгүй сүрэглэдэг байж. Харин юмсыг тоолж, логик тооцоолол хийж, мэдрэмжээсээ давсан ухаан гаргаж сурсан нь амьтнаас ялгарах ялгаа юм. Итгэлт баян бүх хонио танихгүй ч бүгдийг нь тоолж чаддаг учир баяжсан хэрэг, тоолох арга нь болхи байснаас биш. Хүй нэгдлийн үед ч хүмүүс анхандаа юмыг Итгэлт баян шиг тоолдог байв. За тэр ч өөр сэдэв.

Байгаль дээрхи бүх зүйлс хоёр үндсэн шинж чанартай юм. Тоологдох чанар ба мэдрэгдэх чанар. Мэдрэгддэг зүйлсийг амьтад биднээс хавьгүй илүү чадна, харин тоологддог шинж чанарыг хомосапиэнс л хийж чаддаг. Нэг гоё сарнай цэцэг ургасан байна гээд төсөөлье. Үнэр, хэлбэр, өнгө, үнэр, “салхинд ганхан гунигт дурсамж төрүүлэх” мэдрэмж зэргийг тоогоор хэмжиж болохгүй. Харин цэцэгний өндөр, жин, ургамлын бүтэц, ургаад ямар хугацаа өнгөрсөн, за бүр өнгөний коодыг нь хүртэл машинд тоогоор илэрхийлж харин болно. Хайр сэтгэл, үзэн ядалт, айдас, омогшил, эмзэглэл зэрэг нь тоогоор хэмжигдэхгүй. Хүний мэдрэмжинд энерги хадгалагдах хууль үйлчилэхгүй. “Хосууд салахад тэр их хайр хаачдаг вэ” гээд гайхаад байдаг нь хайрыг тоогоор хэмжчихээд, энерги хадгалагдах хуулийн дагуу эндээс алга болсон хайр хаа нэг тийшээ очих юм шиг төсөөлөөд байгаа л хэрэг. 

Зүүн тархи логик тооцоолол, баруун тархи хэлбэр мэдрэмжийг хариуцдаг. Зарим нь зүүн тархи байгалийн ухааных, баруун тархи нийгмийн ухааных гэж эндүүрэх нь бий. Үнэндээ байгалийн ухаан, нийгмийн ухаан ялгаагүй зүүн тархины маш өндөр хөгжил шаарддаг. Жишээ нь програмын коод бичих, хуулийн зүйлчлэл бичих хоёр үндсэндээ ижилхэн ажил. Оролтын олон янзын өгөгдөл нөхцөл, хатуу логик дараалал, эцэст нь нэг гаралт. Бас аль аль нь яг жирийн хүн уншаад ойлгохын эцэсгүй зүйл. Хуулинд цоорхой гардаг бол програмын коодонд “bug” гардаг, түүнийгээ засахыг “debug” хийнэ гэж ярьдаг. Ялгаа нь гэвэл хуулийн зүйлчлэлийг хуульч нар уншдаг, програмын коодыг машин уншдаг. Нэг нь хүний харилцааг зохицуулдаг, нөгөө нь машины харилцааг зохицуулдаг. Үүгээрээ л нэг нь байгалийн ухаан, нөгөө нь нийгмийн ухаан болчихож байгаа юм. Нийгмийн ухаан байтугай урлаг, уран сайханд ч зүүн тархи заавал хэрэгтэй. Моцарт ч ноот мэддэг байсан. Хүмүүс байгаль дээрхи аялгууг 6 – 8 ноот, минор мажор, өргөлт, хугацаа зэргээр системчилж, тооцоолсоноор аугаа урлагийн бүтээлүүд мэндэлсэн. Хамгийн мэдрэмжтэй аугаа зураач, барималчид бүгд л өнгөний ялгарал, алслал, сүүдэрлэлийн хатуу логик тооцооллын дагуу маш олон ноорог гаргаж байж уран бүтээлээ амилуулна. Зүгээр будаг цацчихсан юм шиг Поллокийн зураг хүртэл зүүн тархины тооцоололгүй бол төрөхгүй. Хамгийн уянгын яруу найрагч хүртэл хэлний хатуу бүтэц, логик тооцооллыг эзэмшиж байж онгодоо гаргадаг. Яруу найраг өөр хэлэнд олигтой бууж өгдөггүй шалтгаан нь хэлнүүдийн логик бүтэц, систем нь л зөрөөд байгаа хэрэг. Мэдрэмж илт давамгайлдаг урлаг, утга зохиолийн төрлүүд хүртэл үнэндээ маш их логик тооцоолол, маш чадварлаг зүүн тархины хөгжил шаарддаг юм. Зүүн тархины хөгжил, логик, анализ, тооцоо хэрэггүй зүйл хүний ертөнцөд лав байхгүй, амьтаны ертөнцөд бол байгаа байх. Архи ууж агсам тавихад, хүнд гомдож уйлах, эсвэл үнэхээр мэдрэмжээрээ өгзөг базахад мэдээж зүүн тархины хөгжил шаардлагагүй л дээ. Гэхдээ онцгүй ш дээ тээ.

Мэдлэгийг хөгжүүлдэг, мэдрэмжийг хөглөдөг. Баруун тархи өөрөө хөгжиж, мэдрэмж өөрөө нээгддэг бол харин зүүн тархи өөрөө аяндаа хөгждөггүй, заавал “зовоож” байж хөгжүүлдэг ажээ. Үүний тулд зүгээр л хичээл номоо хийж, эрдэм сурч толгойгоо гашилгах хэрэгтэй. Ялангуяа физик, математикийн бодлогуудаа сайн бодож тархиа зовоо /физикч математикч болох албагүй/. Програмын коод бичих, блок схем зурах аргачлалын дугуйлан сургалтууд олноор нээгдэж байгаа нь сайн хэрэг. Түүнд хүүхдээ явуул. Өөрөөр яаж зүүн тархи хөгжүүлэх аргыг би хувьдаа мэдэхгүй. Ой тогтоолтын тэмцээн бол жишээ нь циркийн үзүүлбэр. Таван зуун хүний нэр цээжлэх нь тархиараа цирк үзүүлээд байгаа болохоос сэтгэн бодох чадвар хөгжүүлээгүй. Шатар, даам бол спорт. Мэдээж спортоор хичээллэсэнээр тархиа тодорхой хэмжээнд хөгжүүлэх ч сэтгэн бодох чадвараа бас л гүйцэт хөгжүүлж чадахгүй. 

Орчин үеийн хандлагыг харахад “soft skill”, “hard skill” гээд хоёр төрөл байх шиг байгаа юм. Хүмүүс хиймэл оюунаас “soft skill” –ээрээ л ялгагдана, энэ нь өнөөх л баруун тархины хариуцсан мэдрэмж зонхилсон, машины хийж чаддаггүй зүйлс. Маргах юмгүй. Харин софт скилээ хөгжүүлэхийн тулд хаард скилээ орхино гэвэл нэг шизотой хүн бэлдэж өгнөө л гэсэн үг. IQ байхгүй бол EQ чинь хөгжихгүй ээ. Сайхан ярьдаг мөртлөө юу ч чаддаггүй хүн л болж хувирна. Харилцааны соёл сайтай байлаа гээд сайхан сэтгэгдэл төрүүлэхээ больсон цаг үе шүү дээ. Багадаа нэг ч математикийн бодлого бодож үзээгүй, зүүн тархиных нь хөгжил зогссон хүн хэзээ ч EQ –тэй болж чаддаггүй юм. Нэгэнт логик тооцоо, сэтгэн бодох чадвар нь хөгжөөгүй л бол амьдралынхаа үлдсэн хэсгийг баруун тархи, мэдрэмжиндээ захирагдаж өнгөрөөнө. Гаднаас нь харахад гоё утастай, гоё хувцастай жирийн л орчин үеийн хүн ч тахианы байранд өссөн хүүхэд шиг нэг хөгжил нь дутуу бүрдчихсэн л гэсэн үг. Жишээ их олон. Хоёр үг хэлэхэд гомдчихдог, ажил дээрээ юу ч чадахгүй халагдчихаад дараа нь ажлаа муулж явдаг хүмүүс. Өөрийгөө софт скилл сайтай, бусадтай дажгүй харилцчихдаг гэж андуурдаг, тэгээд бусад хүмүүс өөрийг нь үнэлэхгүй болоод ирэнгүүт бүгдийг нь муулж, өөрийг нь үнэлэхгүй байгаад гомдоллож явдаг хүмүүс. Хажууд нь хоосон өөр банкны АТМ байсаар атал зөвхөн Хаан банкныхаа АТМ –д 30 минут дугаарлаж зогсдог хүмүүс. Тэд 500 төгрөгөө хэмнэсэндээ биш, зүгээр л Хаан банкны АТМ –ээс л авахгүй бол нэг л буруу, нэг л монжуулаад байгаа юм шиг мэдрэмжиндээ захирагдаад байгаа хэрэг. “Эхнэрээ тэнгэрийн элч шиг байлгахыг хүсвэл чи өөрөө диваажинг бүтээ” гэдэг постны доор нөхрөө мээнш хийж комэнт бичиж буй хүүхнүүд, “Монгол эмэгтэйн эрхэмлэх хатан ухааны 13 эрдэм” гэдэг пост шэйр хийдэг нөхрүүд /каал сдаа нар эхнэрүүд шигээ шууд мээншн хийчихгүй байгаа юмаа хаха/. Хамгийн ойрын дотно хүн нь улаан цайм сүлжээний бизнэст элсүүлж луйвардаад байхад логик, эрүүл ухаанаар бодохгүй мэдрэмжиндээ итгэж хулхидуулдаг хүмүүс. Мэдрэмжээс мэдрэмжийн хооронд амьдарч, рациональ тооцоогоор биш мэдрэмжээрээ дүгнэлт гаргана. Хамгийн мэдрэмж төрүүлсэн өгүүлбэрийг л хамгийн зөв гэж итгэнэ, амьдралынхаа итгэл үнэмшил болгоно. Муухай мэдрэмж төрүүлсэн хүнийг муу гэж дүгнэнэ, сайхан мэдрэмж төрүүлсэн хүнийг сайн гэж дүгнэнэ. Яагаад гэж асуухаар харваас ойлгомжтой шд гэнэ. Хариулт байхгүй юмаа, мэдрэгдсэн нь л тэр юм. Жинхэнэ нөхөрлөл, эх орон, ээж аав, хайр сэтгэлийн утга уянга ярьсан, эмоорсон улсуудаас амжилттай яваа хүн харсан уу? Харин тийм хүмүүсийг ашиглаж амжилттай явааг нь бол олныг харсан.