Шүүхийн дээр ХУУЛЬ гарсныг одоо л харцгаая!
Хүчин төгөлдөр мөрдөж буй шинэтгэлийн "нэг нас"-ны ойн хүрээнд шүүх байгууллага зөвхөн ХУУЛЬ гэсэн ганцхан даргатай болсныг "Эрдэнэт"-ийн, Хөгжлийн банкны цаашлаад С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг хэрхэн шийдвэрлэж, алх цохиж мухарлахаас, үнэхээр нийгмийн хүлээлтэд хүрч, "Бай"-даа тусах уу? гэдгийг анхааралтай харцгаая!
Баасан гарагийн үдээс хойш Засгийн газар яаралтай ээлжит бус хуралдаан товлож, Ерөнхий сайдын Германд хийсэн айлчлалын хүрээнд ярилцаж, тохиролцсон асуудлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталжээ. Энэ сарын 21-нд юм. Боомт хариуцсан сайдын орон тоог эс тооцвол Д.Сарангэрэлийн оронд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилсон өдөртөө Л.Оюун-Эрдэнийн кабинет "элэг бүтэн" хуралдсан нь энэ байв. Яг 24 хоногийн дараа гэсэн үг. Гэхдээ ээлжит бус хуралдааны агуулга бүхэлдээ Ерөнхий сайдын түвшинд 13 жилийн дараа Германыг зорьсон албан ёсны айлчлалыг тойрсон уу гэвэл үгүй. Эсрэгээрээ "Эрдэнэт"-ийн 49 хувь, Хөгжлийн банк тойрсон хэрэгт холбогдох Засгийн газрын тогтоол бүхий том мөнгө дүнтэй зээл, хөрөнгө оруулалтыг ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр шийдсэн баримт бичиг, гэрээг ил болгох чиглэлийг сайд нарт даалгажээ.
Удаах өдөр буюу бямба гарагт нь Ерөнхий сайд үргэлжлүүлэн иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзсан байх юм. Албан мэдээ гараагүй ч тухайн зангиагүй уулзалтаар "Эрдэнэт", Хөгжлийн банк бүхий томоохон хэргүүд шүүхийн мэдэлд очиж эхэлснийг Засгийн тэргүүн дуулгажээ. Үндсэндээ олны анхааралд орсон хэргүүдэд шаардлагатай баримт бичиг бүрийг, нууцын хамгаалалтад байсныг нь ил болгож хуулийнханд нэгд нэгэнгүй өгснөө онцлоод шүүхээс хэрхэн шийдвэрлэхийг харзнаж буйгаа хэлжээ. Анхааралтай ажиглахыг ч тэднээс давхар хүссэн байна. Үндсэндээ албан тушаалын болон мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, төсвийн, татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа, хамаарал бүхий компанидаа завшсан, тоносон хэргүүд боогдож, түрүүчээсээ шүүхээр орж, шүүгчийн алхаар дэнслэгдэх нь цаг хугацааны асуудал болжээ.
Санаж байгаа бол өнгөрсөн оны нэгдүгээр сард 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг "амилуулах" гол салаа мөчрийн нэг шүүх байгууллагын шинэтгэлийг эхлүүлж байлаа. УИХ-д суудалтай намууд, бие даагчид, Ерөнхийлөгчийн түвшинд ойлголцол, зөвшилцсөнөөр баталсан гэж үзвэл энэхүү реформ "Эцэг хууль"-ийн энтэй жин дарах өөрчлөлт. Ерөөсөө л эзэнтэй шүүгч гэж байх ёсгүй. Шүүгчдэд хуулиас өөр дарга байхгүй гэсэн Шүүхийн тухай багц хуулийн үзэл санаа, үндсэн агуулга бодит биеллээ олж эхэлсэн үү? гэдгийг одоо харцгаах нь. Л.Оюун-Эрдэнэ ч дээрх байр суурийг Ерөнхий сайдын биш иргэний хувиар хэлсэн байж таарна. Угаас иргэн Л.Оюун-Эрдэнэ шүүхээс шударга ёсыг шаардах ч эрхтэй.
Ер нь анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас хойшхи Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын дөрвөн Төрийн тэргүүний хамгийн түрүүнд гаргаж асан зарлиг нь шүүхийн даргыг өөрчилж, түүгээр дамжуулж, шүүгч нарыг харцаараа дохиж ирсэн нь бичигдээгүй хууль шахуу байв. Үгэнд ордоггүй нэгнийгээ барьж, хорьдог, өрсөлдөгчөө намнах технологийг хэрэгжүүлдэг, өөрсдийн эрх ашгаа хамгаалдаг хана хэрэм нь шүүх байгууллага, шүүгчийн алх л байлаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлээд байдаг "Шударга бусын хонгил" гэх нэр томъёо эндээс л гарсан түүхтэй.
Гагцхүү 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийсэн Багц хуулийн шинэчлэлийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс жил гаруйн дараа "Эрдэнэт", Хөгжлийн банк тэргүүтэй улс төр, бизнесийн бүлэглэл дамнасан томоохон хэргүүд шүүхийн хаалга татаж эхэлсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш ээ?! Өөрөөр хэлбэл, ерөнхий шүүгчийг нь өөрчилж, тогтолцоогоор нь хянадаг, хөдөлгөдөг, бүр цаашлаад Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд улстөрчдийн "уяатай нохой" мэт хаяглаж, харддаг байдлыг халаад жил тойрж байна. Нам дагаж хийсэх бус, зарчим, хуулиа мөрдөж ажиллах учиртай албан тушаалтан гэдгээ шүүгчид бодитоор ухамсарлах хангалттай хугацаа.
Н.Багабандийн, Н.Энхбаярын, Ц.Элбэгдоржийн, Х.Баттулгын бүр У.Хүрэлсүхийн шүүх гэсэн ойлголт хэдийнэ ард хоцорсон гэсэн үг. Хүчин төгөлдөр мөрдөж буй шинэтгэлийн "нэг нас"-ны ойн хүрээнд шүүх байгууллага зөвхөн ХУУЛЬ гэсэн ганцхан даргатай болсныг "Эрдэнэт"-ийн, Хөгжлийн банкны цаашлаад С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг хэрхэн шийдвэрлэж, алх цохиж мухарлахаас, үнэхээр нийгмийн хүлээлтэд хүрч, "Бай"-даа тусах уу? гэдгийг анхааралтай харцгаая!
UZEG.INFO
Зочин
J.Erka
хүн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Бат инженер