Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
“Мэргэжлийн хяналтын ерөнхий газар” гэдэг байгууллагыг татан буулгах нь улс төрийн зорилгоо гүйцэтгэсэн акц байсан бол одоо үүнийг дахин байгуулах шаардлага тулгараад байгааг анхаарч өгнө үү
“Утааны сонсгол” хийлээ гэхэд утаа арилах нь юу л бол. Гэвч УИХ-ын шийдсэн ажил учраас үр дүн хүсье. Харин хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг байсан “Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо”-г дахин байгуулах шаардлагатай байна. Үүнийг ҮАБЗ хүн ардынхаа төлөө яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг олон нийтийн өмнөөс хүсье! Мөн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар” гэдэг байгууллагыг татан буулгах нь тухайн цаг үеийн нөхцөл шаардлага, сонгуулиар оноо авах гэх мэт улс төрийн зорилгоо гүйцэтгэсэн акц байсан бол одоо үүнийг дахин байгуулах шаардлага тулгараад байгааг анхаарч өгнө үү.
Түүхий нүүрс түлээд байгааг бүгд харж, харах нь байтугай амьсгалж байна шүү дээ. Гэтэл хуучин МХЕГ-ын тэр постууд шиг хяналт тавих онцгой шаардлагатай ажлыг мэргэжлийн хүмүүсийг “тараагаад хаячихсан” байхад “том”, гоё нэртэй, өнөөдрийн шинэ бүтэц хийж чадах уу?
Эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэхийн сацуу яг 2018 оных шиг түүхий нүүрсийг хориглох хяналтаа сайжруулж, тэр үед үйлдвэрлэж байсан шигээ олон улсын стандартын лабораториудын шинжилгээгээр зөвшөөрөгдсөн нүүрсээр түлш үйлдвэрлэж байна уу, эсвэл өөр уурхайн овоолгоор, гадны лабораториудаар шинжлүүлээгүй нүүрсээр “сайжруулсан” гэх түлшийг хийгээд байна уу гэдэг эргэлзээг тайлах хэрэгтэй байна.
Түүхий эд болгодог барьцалдуулагч нь эрүүл, байгалийн гаралтай байж чадаж байна уу? Эсвэл шохойн суурьтай, химийн найрлагатай барьцалдуулагч хэрэглээд байна уу гэдгийг хянаж шалгах шаардлагатай. Энэ мэтчлэн хардлага төрүүлэх асуудал дэндүү олон болчихлоо.
Бид чадаж байсан зүйлээ үргэлжлүүлэх ёстой байтал сулруулахаар барахгүй үгүй хийгээд, энэ нь үндэсний хэмжээний ухралт болж байна. Үүнийг монголчуудын амьд явах, эрүүл амьдрах язгуур эрх ашгийн үүднээс хүлээн зөвшөөрч ҮАБЗ яаралтай хэлэлцэн хариулт өгөхийг хүсэж байгаагаа олон нийтийн өмнө илэрхийлье.
Мөн энэ удаад түүхий нүүрс түлснээр монголчуудад ямар уршигтай талаар хамгийн өндөр үнэлэмжтэй олон улсын судалгааг хийж байсан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс мэргэжлийн хүний хувиар үгийг нь сонссоноо хавсарган хүргэе.
Ж.Чинбүрэн: Нүүрсний угаарыг арилгаж болдгийг “уушиг баталсан”, гэтэл одоо “Ухралт” болчихлоо
-Өнөөдөр нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшнээс, эсвэл түүхий нүүрс түлснээс буюу эдгээрийн аль алиныг нь түлж шатаасны улмаар өмхий утаанд хордоод байна уу гэдгээ ялгахааргүй болжээ. Таны мэдэж буйгаар, түүхий нүүрсний утааны хороос болж хэчнээн хүн хорт хавдар туссан болон нас барсан талаарх судалгааны ямар дүгнэлтүүд байдаг талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ асуудлыг хөндөж бичиж байгаад баяртай байна. Бид сураг ажигаар, баримжаалж тоймлож ярьж болохгүй. Ялангуяа анагаах ухаан бол зөвхөн нотолгоонд тулгуурлаж шийдвэр гаргадаг байх ёстой. Харамсалтай нь ЭМЯ нь “Тийм нотолгоо хаана байна” гэж яриад сууж байх нь ичгүүртэй хэрэг. Би олон сэдвийг хөндөхгүйгээр, зөвхөн элэгний хорт хавдар үүсэхэд түүхий нүүрс шатаахад ялгардаг хорт хий ямар нөлөөтэйг судалсан судалгаагаа л ярьж өгнө.
-Баярлалаа. Энэ судалгаа ямар хугацааг хамааруулж яаж хийсэн бэ?
-Энэ бол 2015 онд буюу миний бие ХСҮТ-ийн элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгчээр даргаар ажиллаж байхдаа АНУ-ын “Mount Sinai Medical Center эмнэлгийн мэс заслын эмчтэй хамтарч Монголд элэгний хорт хавдар ихэсч байгаатай холбогдуулан уг өвчнийг молекул, генетикийн түвшинд, бүр углуургаар нь таньж мэдэхээр төсөл бичсэн. Эхний жилд судалгаагаа хэрхэн хийх дизайныг гаргасан. Төслөө бичээд санхжүүжүүлэх, хэрэгжүүлэх газраа хайна. Ингээд 2016 онд төсөл маань Итали, Испани, АНУ, Монгол гэсэн дөрвөн улсыг хамарсан томоохон судалгааны ажил болж хэрэгжихээр шийдэгдсэн баярт мэдээг сонссон. Энэ судалгааг хийхдээ элэгний хорт хавдрын өвчлөл хамгийн их тархсан Монгол Улсаас мэс засал хийлгэсэн 200 гаруй иргэний шинжилгээний хариуг , Италийн 110, АНУ-ын 77 иргэнийхтэй хооронд нь харьцуулж дүгнэлт гаргасан. Зөвхөн нэг хүний генетикийн шинжилгээ л гэхэд 1000 ам.доллароос дээш үнэтэй байдаг. Нийт 400 орчим хүний шинжилгээ, судалгааны багийнхны цалин хөлс, материал цуглуулах, идээ ялгах гэхчлэн бусад зардалтайгаа нэг сая ам.доллар гаруй өртөгтэй судалгаа болсон. Ингээд төсөвтэй, багтай болчихлоо. Генетикийн судалгаа хийх лабораториор Испанийн Барселонд хийхээр болов.
-Судалгааг яг яаж хийсэн талаараа ярьж өгвөл сонин байна. Олон улсын энэ том судалгаанд Монголын хэдэн эмч оролцов?
-Мэдээж монгол хүний генийн материалыг гадаадын улс оронд судалж гажуудлыг нь тогтоох гэж буй учраас ЭМЯ-ны ёс зүйн хороогоор хэлэлцүүлж батлуулсан. Нийт судалгаанд орсон хүн бүрээс зөвшөөрөл авсан. Манай уншигчид ингээд шинжилгээний хариуг гадагшаа явуулчихдаг юм байна гэж битгий бодоорой. Нарийн шалгууртай, холбогдох байгууллагуудын болон тухайн иргэдийн зөвшөөрөлтэй, хил гаалиар гаргах зэрэг бүх зүйл хуулийн дагуу хийгддэг чухал ач холбогдолтой ажил юм шүү. Ингээд олон улсыг хамарсан том судалгаа эхэлсэн. Монгол Улсаас мэс засалд орсон 200 гаруй иргэний элэгний хавдар, хавдрынх нь дэргэдэх эрүүл эдийг хамруулан РНК буюу удамшлын мэдээлэл дамжуулах материалыг хавдраас нь ялгаад судалгааны лаборатори руу явуулна, зарим материал нь гологдоно. Судалгааны явцад төвөг бэрхшээл цөөнгүй учирсан. Тэр бүхнийг даван туулж, олон улсын энэ томоохон судалгаанд оролцож багагүй туршлага хуримтлуулсан. Монголын ХСҮТ тэр чигээрээ, үүний дунд таван их эмч, Эмгэг судлалын баг оролцсон.
-Гайхшрахаар ямар үр дүн гарсан бэ?
-Эхний дүн 2019 оноос гарч эхэлсэн. Үүгээр монголчууд АНУ, Европын иргэдийг бодвол элэгний хорт хавдраар түрүүлж буюу илүү залуудаа өвддөг юм байна. Монгол хүний элэгний хорт хавдраар өвдөх нас 61 байхад Европ, Америкийн энэ өвчнөөр өвчлөгсдийн дундаж нас 64 байдаг. Монгол өвчтнүүдийн 90 хувь нь B, C, D вирусээс хамааралтай байхад европчууд D вирусгүй, B, C вирусийн л суурьтай байна. Мөн архи уудаг байдал элэгний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг гэхчлэн эхний дүгнэлтүүд гарч эхэлсэн. Гэтэл нэгэн сонирхолтой дүгнэлт судалгааны явцад гарлаа. Испани дахь лабораториас ирсэн дүгнэлтээр генийн мутаци дахь өөрчлөлтөд “сигничер-3” төрлийн зураглал гарлаа. Дэлхий дээр элэгний хорт хавдрын шалтгааныг шинжлэхэд ийм зураглал гардаггүй шүү дээ. Энэ юу болов гээд уг мэдээллийг хамтрагчид маань ч гайхав. Ингээд хүнд металлтай холбоотой юм биш биз гэдэг эхний таамаглал дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, монголчуудад элэгний хавдар тусдаг шалтгаан дотор америк, европчуудынхаас тэс өөр нэг онцлог зүйл гараад ирсэн нь юуных юм бол, үүнээсээ болоод ихсээд байдаг юм биш үү гээд цааш нь судалтал хүнд металл биш нүүрс түлэхэд ялгардаг “ди метил сульфат” буюу ДМС гэдэг хортой хий болох нь тодорч эхэлсэн. Үүнийг цахим орчинд судлаад үзэхэд дэлхийн нэгдүгээр дайны үед энэ хорт хийг химийн зэвсгийн зориулалтаар ашиглаж болох тухай судлагдаж байсан гэх мэдээлэл тааралддаг. Ингээд монголчууд юугаар амьсгалдаг, юу түлдэг билээ гээд судалсан.
-Гэтэл монголчууд эхийн урагт бүрэлдэж эхэлсэн цагаасаа л тэр хийгээр амьсгалж эхэлж байгаа нь гамшиг юм шүү?
-Харамсалтай нь тийм. Та тун онож хэллээ. Эхээс төрөхөөсөө өмнө л энэ хорт хийгээр амьсгалж байна. Хавдар бол үүссэн цагаасаа хойш наад зах нь арваад жил, цаашилбал хорин жил ч үргэлжилж байж хорт хавдрын нөлөөлөл бий болдог. Жишээ нь умайн хүзүүний хорт хавдрын хөхөнцөр вирус ч ийм хугацаанд үргэлжилдэг. Түүнээс биш вирусын халдвар авангуутаа хавдартай болдог гэж ойлгож болохгүй.
-Тэгвэл түүхий нүүрс түлсэн хугацаанд үүссэн вирус хожим хэзээ ч хавдар үүсгэсэн байж болзошгүй байх нь. Үүнд “үгүй” гэж няцаах боломж алга, тийм үү?
-Тийм. Энд зориуд онцолж хэлэхэд 2019, 2020 оны өвөл бид өнөөдрийнх шиг өтгөн утаа хөшиглөж бараантаагүй, өмхий исэл үнэртэхгүй байсныг та санадаг уу? Бүр нүд онгойх шиг, хөшиг нээсэн мэт мэдрэмж төрүүлдэг байсан шүү дээ. Тухайн үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байсан. “Утаатай тэмцэнэ, хариуцлагаа хүлээнэ” гэж амлаад ажилласны дүнд түүхий нүүрснээс бүрэн салсан. Мөн сайжруулсан түлшийг нэвтрүүлсэн. Үүний үр дүнг хэн ч үгүйсгэхгүй байх.
-Та дээрх судалгааныхаа үр дүнг хэзээнээс олон нийтэд танилцуулсан бэ?
- Тухайн үед “Монголд тохиолддог элэгний хорт хавдартай дөрвөн хүн тутмын нэг нь нүүрснээс ялгарсан DMC өөрчлөлтөөс үүсэж байна” гэсэн ноцтой дүгнэлт гарсан боловч АНУ-ын хавдар судлалын сэтгүүлд хэвлэгдэж гараагүй байхад бүрэн батлагдсан гэж үздэггүй учраас хамаагүй ярьж, нийтэд ил мэдээлж болдоггүй ёстой юм. Энэ бол судалгаан этик, ёс зүйтэй холбоотой зарчмын асуудал. Энэ сэтгүүл нь дэлхийд ранкаараа өндөрт тооцогддог. Бид олон улсын судалгааны дүгнэлтээ сэтгүүлд өргөн барина. Уг сэтгүүл нь шинжлэх ухааны өгөөж өндөр, нотлох баримт нь бодитой байдаг. Тэнд эрдэмтэн судлаачид үзээд хянаж шалгадаг, сэтгүүлд хэвлүүлэхийн тулд наанадаж нэг жилийн хугацаа шаардагддаг. Судалгаа маань 2022 онд хэвлэгдсэн.
-УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор энэ чиглэлээр ямар ажил хийв?
-Би эмч хүний хувьд нүүрсний утааны хор хэвлий дэх ургийн хөгжил, жирэмсэн эхчүүд, нярай хүүхэд, хүүхдийн өсөлт хөгжилд болон бүх насныхны эрүүл мэндэд хэрхэн тусаж байгаад эмзэглэдэг. Өнөөдөр бид ханиад томуутай хавсарсан харшил, өвчлөл маш амархан хатгалгаа болон хүндэрч байгааг бүгд харж байна.
Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол 2019 оны 5 дугаар сарын 15-наас хэрэгжиж, маш өндөр зохион байгуулалт, сахилга хариуцлагын хүчээр өвөлдөө утаагүй, угаарын хоргүйгээр даван туулсан 2019, 2020 оны өвлийг мартдаггүй. Тэр үед би ХСҮТ-ийн даргаар ажиллаж байлаа, элэгний хорт хавдар, ялангуяа агаарын бохирдлоос хэрхэн хамаарч байгаа нөхцөл байдал онцгой тулгамдсан асуудал байсан. Ингээд УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн. Тэр үед би хэлж байсан үгээ мартдаггүй. “Өнгөрсөн өвөл ямар сайхан цэнгэг агаартай байсан билээ. Уушиг худлаа хэлдэггүй юм шүү” гэдгийг хэлж байсан. УИХ-ын гишүүнээр сонгогдсон ажиллахдаа 2020 оны төсөвт ХӨСҮТ-д 6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн, 16 тэрбум төгрөгтэй байсныг 32 тэрбум төгрөгийн төсөвтэй болгож нэмүүлж батлуулсан. Ийм ч учраас удахгүй болох “Утааны сонсгол”-ыг зохион байгуулах Ажлын хэсэгт орж ажиллах саналаа өгсөн.
-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.