-фельетон-

Манай оронд саналаа өгсөн сонгогчоо будаж тэмдэглэдэг сайхан уламжлал нэгэнт тогтжээ. Африкийн Зимбабвэ мэтийн зарим оронд эдийн засгийн хямралаас болоод нэг ч сонгогчийг будаж чадахгүй байгаа гашуун баримт ч бий юм шүү. Иим хүнд нөхцөлд сонгогч биднийгээ тэмдэглэх будгаар таслаагүй нам төрдөө талархах нь зүй ёсны хэрэг ээ.

Түүхий эд, алт зэс нэн ялангуяа шороон будгийг шавхагдашгүй нөөцтэй  манай орны хувьд цаашдаа сонгогчийн хумсны өчүүхэн буланг бус бүтэн хумсыг нь, хэтдээ бүхий биеийг нь будсан ч болохгүй гэх газаргүй. Гагцхүү сонгуулийн хорооны хариуцлага, санаачилга л дутаж байна.

“Ам нээвэл уушиг нээ, будаг түрхвэл бүгдийг нь нял” хэмээн өвөг дээдэс дэмий нэг сургаагүй бололтой. Монгол улсын сонгогчийн хумсны будаг дээр хямралын гарц байх шиг санагдаад байна. (Энд хямрал руу гарах гарцыг биш хямралаас гарах гарцыг ярьж байгааг болгооно уу) Монгол улсын төсвийн мөнгөөр хийж байгаа энэхүү жаахан будган дээр том бизнэс байгаа юм биш үү? Хүний ганц хумсыг будах нь нэг талаасаа нарийлж харамласан шинжтэй, дутуу гуцуу, юмыг хүргэж ядсан байдалтай харагдуулж байна.  Харамласан юм хар нохойны идэш болдог гэж үг бий. Иимд жаахан бийлэгжүү хандаж сонгогчийн бүх хумсыг сайн чанарын лакаар будаж өгөх хэрэгтэй байна. Ингээд гоо сайхны ямар фирмийн лакаар будах вэ? Гэдэг дээр тээндэр зарлана.  Гадаадын хөрөнгө оруулалтыг татах ухааны юм яриад байна ш дээ. Харин яг будах тал дээр үндэсний үйлдвэрлэгчээ дэмжээд явчихна. Сонгуулийн дараагаар нэг хүнд ногдох ДНБ өсөөд л гараад ирнэ. Сургалтыг үйлдвэрлэлтэй ойртуулав гэдэг шиг сонгуулийг үйлдвэрлэлтэй хольж байна.. Хумсаа будуулахын тулд ялангуяа эмэгтэй сонгогчид бараг л зуун хувь хамрагдснаар сонгуулийн ирц нэмэгдэнэ.

Эрчүүдийг яах вэ? Тэмдэгтэй архи, пиво гэж байх уу?  Ер нь бол архинд сурагч чирнээль холиод уулгахад ч хэд хоногийн дараа зулайгаар нь цэнхэртээд гараад ирэх нь ч ирнэ л дээ. Даанч удаж байж гарах юм, тэр хооронд саналаа хэд хэд өгчихөж болох сул талтай юм байна.

Ер нь бол сонгогчийн хумсны тэмдэг бол цэвэр манай малчин ардын оюун ухаан өв шүү дээ. Малаа үхрийн бааснаас эхлээд шороон будаг, хайлсан замын хар сэлтээр тэмдэглэж ирснээс л сонгуулийн хороо санаа авсан хэрэг. Тэхээр малчин ардынхаа ур ухааны сангаас цааш хайя даа. Нээрээ монголчууд малаа эрт дээр үеэс имнэж иржээ. Сонгогчдийнхоо чихийг имнэх арга байна. Аз болоход цуулбар, цоолбор, ухам гээд олон төрлийн им бодож олсон байна, өвөг дээдэс минь. Ингээд их хурлын, орон нутгийн, ерөнхийлөгчийн сонгууль тус бүр ондоо имтэй байхаар бодож болж байна. Хүн 18 наснаасаа эхлээд дөрвөн жил тутамд гурван сонгуульд орно, нэг хүнд хоёр чих байна гээд бодоход 50 настай хүний чихэнд 36 орчим им байх нь, зөв үү? Чих нь сэг болоод дуусах юм байна л даа. Ээмэг байтугаа гал тогооны набор зүүгээд явсан ч болох нь байна, хэ хэ.

Ингэхэд тамга гэж сайхан юм байна. “Унага тамгалах найр” гэж сайхан найр байдаг. Сонгогч тамгалах найр байж яагаад болохгүй гэж. Төрөө дээдлэх үүднээс ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн хүний ташаан дээр ширээтэй чандмань тамга дарна. Их хурлын сонгуулиар саран тамга байж болох юм. Оо, сонгуулийн өдөр санал хураах байруудаар ороход бөөн орилсан чарласан хүмүүс, шорлог хииж байгаа аятай хярвас ханхлаад л...апетит нь хөдөлсөн хүмүүс шууд барбакью идэхээр яваа л.... ер нь иим тохиолдолд барагтай хүн саналаа давхардуулан өгч зовлогоо зовоохгүй дээ.

За тэгээд энэ бүхнийг түвэгтэй гэж үзвэл үсийг будах арга бас байна. Саналаа өгсөн сонгогчийн үсийг сайхан будаад, хими хийгээд явуулж яагаад болохгүй гэж. Бүр залхуурдаг юм бол үсийг нь хусаж болж байна. Их хурал, ба орон нутгийн сонгууль ойрхон болдог юм чинь яах билээ гэж үү? Наад толгойгоо ажиллуулаач... эхнийхээр нь машиндаад  дараагийнхаар нь хусдаг юм байгаа биз дээ.

Цаашлаад жаахан харгис л болохоос биш арга бишгүй байна аа,бас. Ямар гэж үү, саналаа өгсөн сонгогчийн хумсыг суга татахаас эхлээд хурууг тайрах, хөнгөн хутгалах...за за цаашлахаар улам аймаар болоод байна. Санал давхардуулахгүйн тулд нэгэнт саналаа өгсөн сонгогчийг устгах хүртэл муухай муухай юм санаанд орж байна.. Тэрэнд хүрэхээс наана бие дээр нь шивээсний үзгээр”саналаа өглөө” гэж сийлэхээс эхлээд буман арга байхад.

Нэгэнт л сонгогчоо тэмдэглэж эхэлснээс хойш бүх бие дээр нь товч анкет (Си Ви)-ийг нь шивээд хаячихвал ёстой өнөө төрийн ой санамжийг сайжруулсан, таван төгөлдөршил болчих юм биш үү? Шинээр ажилд орох хүн боловсон хүчингийн өмнө олон таван үггүй шууд тайчина. Боловсон хүчингийн өрөөнд

-за зүйтэй. Алив эргэ дээ.. тэр ажлаас халагдсан шалтгаан гэдэг дээр юу байна. Аа. За. Хөөе наад сугаа өргө, юу нуугаад байгаа юм бэ?.. яах гэж наанаа үсэг сохлоов чи. Хн ял шиитгэлээ цагаан махан дээрээ шивүүлээд байхдаа яахав дээ, алив хүчтэйхэн дүл... зүйтэй. Шамбарамаа гэж, нээрээ хэцүү шүү тээ...  Буцаад хуучин ажлынхаа даргаар наад арилгасан хэсгээ сэргээж шивүүлээд ир... гэхлэнгийн яриа өрнөнө байх даа.