Бавуугийн ЛХАГВАСҮРЭН: Монголын театрын сонгодог жүжгийн зохиолчийн гэгээн дурсгалд
Москвагийн бага ангийн сурагч би ВГИК-ын оюутан Б.Лхагвасүрэн ахтай цагийг өнгөрөөх, эргэн санахад дурсгалтай зүйлс ярих нь олон байв. Тэрээр зураг зурж, дор нь дөрвөн мөрт шүлгүүд бичиж өгнө.
Москвагийн бага ангийн сурагч би ВГИК-ын оюутан Б.Лхагвасүрэн ахтай цагийг өнгөрөөх, эргэн санахад дурсгалтай зүйлс ярих нь олон байв. Тэрээр зураг зурж, дор нь дөрвөн мөрт шүлгүүд бичиж өгнө. Москвад байхдаа тэрбээр аавд минь бичсэн зурвасыг аав минь хадгалан үлджээ. Намайг тэрбээр Жамух гэж дуудна.
Сая аавынхаа хуучин ном, тэмдэглэлийн дэвтэр, гар бичмэл зэргийг олон хоногийн турш янзлан байх үеэр олон сайхан түүхэн баримт зүйлсийн хамт оллоо. Тэд Москвад их ойр дотно байжээ. Хожмоо намайг А.Чеховын “Хунгийн дуу” жүжиг найруулан тавих төсөлд бас албан бичиг хийж өгч байж. Бас л аавынхаа номон дотроос оллоо.
Монголын ард түмэн Бавуугийн Лхагвасүрэн зохиолчийг мэднэ ээ. Түүний “Тамгагүй төр” жүжгийн тухай энэ театрын рецензи/шүүмж нийтлэлийг сонины шарласан хуудаснаа бас хадгалан үлджээ.
Эргэн санахуй...
Олон сайхан дотно үг бичмээр авч үг минь олдохгүй юм. Аливаа цагийн өнгөнд хувиралгүй бүтээлээрээ Монголын оюунлаг ард түмний луужин байсан гэгээн ахын дурсгалд зориулан дахин нийтэллээ. Миний бяцхан бага ангийн насанд ч, орь залуухан мөн л ГИТИС төгссөн ид бүтээх хүсэл өвөрлөж явахад чин сэтгэлээсээ дэмжиж байсан албан тоот нь ч бас байна. Би бээр азтай хүн ажээ. Мэдээж аавын минь буян. Түүний залуухан цагийн анд Бавуугийн Лхагвасүрэн ахын сэтгэл.
ШИНЭ БҮТЭЭЛИЙН ТЭМҮҮЛЭХ ХҮЧ
Тайзны урлагийн бүтээл нь өөр өөр мэргэжлийн уран бүтээлчдийн онцлогтой бөгөөд хамтын хөдөлмөр, хүчин чармайлтын үр дүнд бий болж, урам зориг, амьдралтай эвсэн нийлсэн цагт нэгэн нэгдмэл яруу тунгалаг симфони хөгжим болдог. Үндэсний жүжгийн академик театрын найруулагч Ч.Найдандоржийн дэглэн тавьсан, Монголын их зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг чухамхүү ийм бүтээл болжээ. “Тархиндаа устай, гартаа цустай төр барьдаггүй юм...” гэсэн Арчуг хааны (Ардын жүжигчин Л.Жамсранжавын) үг жүжгийн гол утга болж байна. Энэ бол жүжиг хөтлөх журам, зохиолын яруугийн илэрхийлэл юм.
Энд бид Ницше, Шопенгауэрын философи бурхны бүтээл “дээд заяат” хүмүүн категорид хандаж буй шугамтай нийцэж байгааг олж үзнэ. Дэлхийн театрын нэрт зүтгэлтэн, найруулагч Юрий Любимов Лондоны Ковент гарден театрт суут А.Пушкины “Борис Годунов”-ыг дэглэн тавьсан жүжигчин мөн чухамхүү энэ санаа бий бөгөөд ганцаардал, гүн ухаан, ёс зүйн үзэл, сэтгэлийн эргэлзээг тайлах мөчтэй давхцаж байгааг харуулсан байдаг.
Б.Лхагвасүрэнгийн бүтээсэн монгол туульсын санааг найруулагч оновчтой олж, Арчугийн зан төрх хэд хэдэн янзаар бусад дүрд шингэснээр үзүүлжээ. Жүжгийн тавилт гүн ухаан улс төрийн асуудалд зангилагдан, гол үзэл санаа нь ард олон, бие хүний түүхэнд хандах хандлагаар тодорхойлогдож байна. Арчуг хаан өөрөө төр илэрхийлэгч бөгөөд түүхийн, оюун ухааны, гүн чанарын, гүрэн улсын хөгжил дэвшил, түүхэн зайлшгүйд үйл ажлаа зориулан төгсөж байна.
Найруулагч Ч.Найдандоржид төр баригч түүнийг түрэмгийлэн булаацалдагч нарын хооронд мөргөлдөөн, үнэн болоод түүхэн үл гүйцэлдэх хоёрын хооронд эмгэнэлт зөрчилдөөн энэ бүтээлийг тавих санааг өгсөн болов уу?
Жүжгийн гол хэсэг Арчуг хаан төрийн тамгыг гэрээсэлж буй хэсэг юм. Үүнийг ард түмэн юу гэж үнэлэх вэ? Ухаалаг хэрэг үү, хулчгар зан уу? Эдгээр олон асуултад тодорхой хариулт өгөхийн учир олон янзын үнэлэлтээс эрдэмт хүн “үнэн”, “мөн”-ийг өөрчилж чадах хүн үгүйг ойлгоно...
Тус жүжигт Арчуг хааны бодол санааны гүн гүнзгий эрч хүч, сэтгэлийн зөрчлийг ардын жүжигчин Л.Жамсранжав эмгэнэлт байдлаар харуулна. Хааны зан төрхөд тэмцэгчийн баатарлаг шинж агуулагджээ. Тайзны зураач Г.Ганхуяг, конструктор Е.Цацрал нарын бүтээсэн тайз нь эртний Шумерийн иргэншлээс улбаатай хасбуу тэмдэг, тэнгэр онгоноо шүтсэн ард түмэн гэсэн хурц хурц зүйрлэл, мэдлэг оюунд шамдахын билэг тэмдэг нарны дэлгэц дүүрэн харц зэргээр жүжгийн утгыг оновчтой илэрхийлжээ. Залуу хөгжмийн зохиолч Хангалын Булган хөгжим, үйл явдлын үргэлжлэл, театрын хөгжмийн зарчмыг тодруулахад багагүй үүрэгтэй байв.
Ч.Найдандоржийн найруулгын шийдвэрлэл уг жүжгийг олон талтай, баялаг хэлбэрээр амьдруулж, зөрчил тэмцлийн нарийн түвэгтэй байдлыг сүлжилдүүлэн үзүүлжээ. Бүжиг дэглээч Төрийн соёрхолт С.Сүхбаатарын өндөр мэргэжлийн түвшний дэглэлт, “Тамгагүй төр орших уу” гэсэн асуултад Ч.Найдандоржийн найруулгын шийдвэрлэл бүхэн хариу өгч байна. Жүжгийн төгсгөлд хаан өөрийн шийдвэрт гэмшин, ирээдүйн жамыг билэгдэн эхийн сүүнд ороогоод булчихсан сүнсэн саамшихын цагт сүү үнэртсэн энэ газар дээр Хүннү гүрний хаан тамгаа атгаж төрнө...
Ийм бодол санааг Академик театрын уран бүтээлчид хийгээд менежментийн алба шинэ үед үзэгч түмнийхээ өмнө дэлгэн тавилаа гэж бодогдож байна. Цаг хугацааг даван туулж, ялсан үйлсийг бүтээж, хүн төрөлхтний түүхэнд нэр нь мөнхлөгдсөн хаадын дүрийг цуглуулан ийнхүү тайзнаа Ардын жүжигчин Л.Жамсранжав амьдруулан Монголын сонгодог бүтээлтэй болсон Үндэсний эрдмийн (академик) театрын уран бүтээлд хамт олны ололт боллоо.
Монголын сонгодог жүжгийн зохиолч Б.Лхагвасүрэнгийн мессеж нийгэмд цочрол, эргэн сэхээрэх оюуны эрчим өглөө.