МИНИЙ АМЬДАРЧ БУЙ ҮЕ
Бидний ирээдүй гэрэлтэй, бид өөрснөө буртагтай байна.
Явах ёстой үеийнхэн.
Баабар нэгэнтээ “манай үеийнхэн үхэж дуусч байж цаг сайхан болно” гэж хэлсэн домог байдаг. Мань хүн саяхан “манай дараагийн үе бас байгаам байна шүү” гэж зассан.
Түүний дээшээх үе нь ерэн онд ардчилсан өөрчлөлтийг нулимж угтсан хэсэг. Учир нь хамаг л итгэл үнэмшил, ажилласан жилүүд, авсан одон, баярын бичиг нь хоосон зүйл болон хувирсан. Өөрийн төлөө амьдрах, хувийн өмчтэй болох, тохиролцооны дэлгүүр зэргийг хүлээн авч чадахгүй, шүдээ хавирсаар дуусчээ. Өвөө нарыгаа санацгаая. Мэдээж бүгдээрээ биш.
Түүний үеийнхэн бол мэдээж үе чацуутан залуус нь ардчиллыг оройлон үүсгэсэн тул шохоорхож бахархагсад олон байсан. Хэдийнэ гэр бүл үүсгэж, дунд насны зэл харагдаад эхэлчихсэн байсан тул мэдрэмж сонголтоороо гахай зөөх нь зөөж, анхны хөрөнгөтнүүд үүссэн. Өмч хувьчлалд ч идэвхийлэн оролцсон. Үнэндээ тэгш гараа гэх зүйл нь нэр бөгөөд хэлбэрийн хувьд байдаг, мөн чанартаа мэдээлэл ойр хэд нь учиргүй түрүүлсэн ажиглагддаг. Одоогийн хэдэн том компаниудаа л харцгаая.
Харин сэтгэлгээний хувьд шүлсээ хаяж даналзсан шинэ монголчууд болцгоосон юм. Сайхансамбуу, Бянгийн Жагаа.... Охиноо мийс болгоно, хүүгээ мийстэй суулгана гэсэн согтуу наргианы эзэд бол эд. Нөгөө тал нь алдарт рекэт ах нар. Харин хөлөө олоогүй хэд нь өдгөө үнэгэнд хууртсан нохой шиг ардчиллыг учиргүй зүхэцгээдэг, тэмцэгч голдуу ах нар, улаан гэрлээр ганцаараа цэдэгнээд гүйдэг эгч нар болсон. Амьжиргааны хувьд иймэрхүү. Мэдээж бүгд биш. Энэ мэдээж бүгд бишийг цаашаа абзац болгон дээр залгаад харчаарай. Мэдээж бүгд биш шүү дээ.
Яг дараагийн дүү нар нь эрийн цээнд хүрцгээж байсан тул ах нарыгаа дагаж төрөл бүрийн ажил хийж аж амьдралд хүрцгээжээ. Сургууль соёлоо төгсөөд амжсан, яг төгсөж байхдаа мэнэжмэнт нтр заалгасан тул залхуугүй ажилсагийг эрдэм боловсролын захтай хослуулсан анхны нэлээн уяан хатан бизнесмэнүүд, улстөрчид үүсэн гарав. Сэтгэлгээ нь ах нарыгаа бодвол арай либералдуу, улстөртэй хамтарч бизнес хийхийг олоод харчихсан нтр. Мэдээж дээд үеийнхээ хэв шинжийг нэлээд авсан. Гэхдээ эрдэм боловсрол хэрэгтэй гэдгийг жоохон ухаарцан үе. Ямартай ч 90 оны цохилтуудыг зөөлөн буулгаад, хариуг нь ч өгөхдөө өгөөд ирсэн, юмны учрыг олсон үеийнхэн дээ. Бат-эрдэнэ аварга, Я.Содбаатар, Женко, Занданшатар, Мянганбаяр ....
Тэрний дараагийн үе нь бид. Яг л өсвөр насандаа 90 оныг гаргацгаасан. Сургуулиасаа гарсан нь ч олон. Яг юм санаачлая гэхээр ухаан балчир, ажил хийе гэхээр бие балчир. Тэгээд хүүхдээрээ байя гэхээр нэг тийм хөл гарын үзүүрт зарагдаж загнуулсан байдалтай. Жоохон сэхээрээд харсан чинь хамаг л боломжийг ах нар авчихсан юм шиг санагдаж байсан үеийнхэн. Сургууль дээр нь багш нар нь ардчиллыг харааж зүхнэ, гэрт нь ээж аав нь яаж амьдарнаа гэж үгэлнэ.
Манай энэ үеийнхэн бол нэлээд тогтвортой архичид. Тэд одоо л нүдээ нээгээд явж байна. Зарим нь ч овоо л өнгөтэй өөдтэй явж харагдах юм. Ихэнх нь л нийгмийнхээ толь болж голилзох юм даа. Жишээгээр нь Дэлгэрмөрөн, Оюун-эрдэнэ гээд л явна. Соцын үеийг дурсаж маазарвал маазарна, картын бараанд оочирлож явснаараа гайхуулна. Эрчүүд нь бараг ташраараа уйллаа. Үлдсэн нь бөө, эсвэл таксичин боллоо. Эмэгтэйчүүд нь ташраараа сэтгүүлч болцон ч юм шиг санагдана. Үлдсэн нь л мөн л бөө. Ганц сурсан юм нь улааныг харж урвахдаа гаргууд. Амьдрал шавхуурдахдаа ийм зүйл сургасан бололтой. Угааса холбиромтгой, үзэл баримтлал гээд байх юм байхгүй. Хэн наашаа гэнэ тийшээ явж л байдаг сонин үеийнхэн бол одоо дөч эргэм насныхны үе. Одоо тэр Эрдэнэжамьян гэдэг найзын маань яриаг хар. Өөрийн толгой ч байхгүй ийм улсууд бол манай үеийнхэн байгаа юм. Мэдээж бүгдээрээ тийм биш.
Харин манай дүү нар. Ерэн оны нокаутын үед горшоонк дээрээ байсан. Ам руу нь хоол орвол идчээд, сэхээ орох үедээ л Уолт дисней, диско печень, алагласан элбэг бараа турууг ингээд байж байдаг гэж ойлгосон. Өсвөр насандаа аж төрөх арга хийгээд үзэл санааны хоёрдмол нөлөөлөл төдийлөн аваагүй тул нэлээд юм бодож сэтгэх, харьцуулах сөхөөтэй улсууд. Дээд үеэсээ аргалж чаргалж амьдрах чадварыг суралцаж, мөн цаг үеэсээ өрсөлдөөний чадварыг шингээсэн тул нэрэлхэдэггүй, мань мэтийн нүдээр бол гөлийсөн харгис хүмүүс, Z үеийнхний нүдээр бол "арай гайгүй" ах нар болжээ манай гучаад насныхан. Тиймээс шинжлэх ухаан, ур чадвар, бизнес хийх, түүнчлэн шантаажлах, цүнх барихдаа ч гаргуун үе юм. Тэгээд мэдээж маний нөлөө хаачихав, тэд бол сүүлчийн могикан гэдэг шиг сүүлчийн архичид. Сайхан хань болж ууна. Мэдээж бас эгнээнд нь бөө лам таксист дуучин луйварчин, сэтгэцийн өвчтөн бүгд бий.
Минийхээр бол энэ хүртэл хэлсэн үеийнхэн үхэж дууссаны дараа Монгол улс нэг гайгүй болох болуу гэсэн найдвар төрдөг. Энэ хэлсэн үеүүд бол арчаагүй аймхай, үнэн худлыг ч ялгадаггүй, хүн төрөлхтөний энгийн соёл боловсролд ч суралцаж амжаагүй нэг их үймээний дараа л амьд үлдсэн монголчууд юм. Мэдээж үе болгон шилдгүүд, шилээврүүдтэй. Гэхдээ тэд дэндүү цөөдөж, хүчгүйдсээр ирсэн, одоо ч тийм байна.
Эд бүгдээрээ явахад, сүүлд дурдсан манай гучаад насныхан хамгийн сүүлд танхимын гэрэл унтраагаад гарч явна. Тэднийг “явсны” дараа шинэ үе эхэлнэ.
Хаалга өшиглөн орж ирэх шинэ үеийнхэн
Одоо 16 насныхан, хорьтууд, хорин хэдтэй залуусыгаа ажиглацгаая. Мань мэт шиг тойрч сууж пан гөрөхгүй. Гөрлөө ч өөр хүн амьтан муулж суухгүй. Архидахгүй. Маниусын зарим наргиа, болхи хошигнолыг ойлгохгүй. Ахын дөө! гээд юманд зарах гэвэл гайхна. Таны дүү юу? Мээдкү! гээд суудаг үе бол Зээдүүд.
Z үеийнхэн өөрснөө шийдэж төлөвлөөгүй л бол бусдын нөлөөнд маш автахдаа бага. Тиймээс нийгмийн хөнгөн хийсвэр, эсвэл экстрим шинжийн элдэв урсгал, үзэл санааг дагаж намирах нь бага ажиглагддаг. Тэд дээд үеийнхнээ сэтгэцийн өвчтөнүүд шиг л гайхан харна. Дээд үе нь ч үнэхээр ташраараа сэтгэцийн өвчтөнүүд л дээ.
Тэд хий гомдоллодгүй. Өөрийн хариуцлагаа ухамсарлах, энэ зүйл өөрөөс шалтгаална гэдэг мэдрэмж нь бусад үеийнхнийг бодвол арай их. Үүнээс үүдэх сөрөг тал нь тэд нийгмийн идэвх багатай юм шиг харагддаг. Дуу хоолой нь тод биш. Тэгэхээр сонгууль өгөхөөс хойш суух хандлагатай.
Эцэг эх, ер нь хэнтэй ч асуудалд орохыг нээх хүсээд байдаггүй тул шаардсан зүйлийг нь хэл амгүй хийгээд “салах” арга хэрэглэдэг. Ажилсаг ч юм шиг харагдаад байгаа биз дээ.
Миллениалсууд юмыг аргацаах, нөхөн орлуулах, аргалж өнгөрөх байдлыг хамгийн түрүүнд хийх гэж оролддог бол шинэ үеийн залууст тийм байдал ажиглагдаггүй. Гэхдээ энэ хэрээрээ өөрийн хийх ёсгүй зүйлд ч бас оролцдоггүй нь хувиа хичээсэн мэт харагдуулдаг.
Манай монгол миллениалууд уярамтгай, өрөвдөмтгий улсууд. Гэхдээ яг цаг, мөнгөө үрж бодит тус, дэмжлэг өгдөггүй хий хоосон шогширч, лайк дарж, шэйр хийдэг. Харин шинэ үеийнхэн хүний явдалд тэгтлээ шогширдоггүй ч хэрэг гарвал нэгдэн нийлж бодит алхам хийж чаддаг.
Тиймээс миний хувьд би шинэ үе, Z үеийнхэндээ хамгийн их итгэдэг. Одоо тэд маань сонгууль идэвхтэй өгдөг болчуул тэдний сонголт хамгийн бодитой, хөрсөн дээр буусан, зөв сонголт байх болов уу гэж боддог юм. Харин тэднийг олзолж авах, хортой шүдээрээ хазах оролдлогыг аль аль нам хийх болжээ. Арай гэж нэг эрүүл саруул үе бойжиж байхад зөнд нь орхиосой доо. Хордсон, мансуурсан дээд үеүүд нь өөрийн тэнэглэл, шунал, мунхрал, өш хорсолдоо түлэгдээд удахгүй дуусна.
9999
Зочин
Зочин
ssgogo
30 garsan ueiin baachka
Irgen
GenZ lol
зочин
Батс
Жирийн хүн
Наран
40+
Сониучхүү
Z gen
enkhbayar
Tugs
Buka
Оросуудыг дууд устгуул
СҮХБААТАР
Хэлэх үг байх уу тэгээд
Ajaa taij
40 үеийнхэн
40 үеийнхэн
Худлаа
Энхболд
irgen
Ккк
Зочин
ббббб
чи мангараа мэдэхгүйээ
Тэнэгүүд тэнэг чигээрээ
Зочин
ABCD-korea-gaas
Бат
zochin
Я.Баяраа
Зочин
зочин