Гэллапын институт хэмээх олон нийтийн үзэл бодлыг тандан судалдаг судалгааны хүрээлэн АНУ-д байдаг. American Institute of Public Opinion гэдгээрээ алдаршсан. Өнгөрсөн зуунд 1935 онд социологийн профессор Жорж Гэллап (George Gallup) түүнийг үндэслэн байгуулжээ. Энэ хүрээлэн байнгын ажиллагаатай. Дотоод гадаад бодлого, олон улсын нэр хүнд, ялангуяа сонгуулийн өмнө бол нам, улс төрчдийн рейтингийн судалгааг гаргах ба тэр нь ихэвчлэн үнэн болж таардаг. Мэдээллийн эх сурвалж нь найдвартай хэмээн дэлхийд үнэлэгдсэн тул эшлэх нь түгээмэл. Үндэслэгч Ж.Гэллап 1984 онд бурхан болоход энэ хүрээлэнг Дональд Клифтон гэж нөхөр 1988 онд худалдан авсан ба тэрээр 1969 оноос сэтгэл зүйн судалгаа хийдэг тусгай хүрээлэнтэй байж байгаад түүнтэйгээ нэгтгэжээ. Энэ Gallup-ыг нэг талаас хүрээлэн, нөгөө талаас компани гэж нэрлэнэ. Учир нь хувийн өмчийн байгууллага, 1947 онд компаниудын олон улсын ассоциац байгуулаад судалгааны үр дүнгээ бүтээгдэхүүн хэмээн үзэж олон улсын зах зээлд гарган зарж ирсэн, түүгээрээ бизнес хийн өнөөг хүрсэн, ассоциац нь 50 гишүүнтэй, дэлхийд олон салбартай нэгэн том корпораци юм.
 
Монголчууд бид энэ Gallup-ыг хэзээ хаанаас мэдэж авсан бэ гэвэл 1980-аад оны өөрчлөн байгуулалтын үед юм. Учир нь миний гаргалцаж байсан “Цаг үе” сэтгүүл эндхийн мэдээллийг ТАСС-аар дамжуулж аван орчуулан нийтэлдэг, тэр нь ч тухайн цагийн сэхээтэн, албан тушаалтны унших дуртай, эрэлттэй сэтгүүл болчихсон байсан юм. Харин Зөвлөлт улсад Gallup-ыг Финланд дахь салбар нь нэвтрүүлсэн байдаг юм билээ. Мөн л Горбачевын өөрчлөн байгуулалтын үед эхлэл нь тавигдсан 1985 онд юм. Жорж Гэллапын хүү Алек Гэллап нь зөвшөөрөл өгсөн, бодвол ТАСС агентлаг мэдээг нь худалан авдаг болсон байх. 1991 онд  Gallup нь Орост барааны тэмдэгттэй болж эхэндээ маркетингийн судалгаа хийж байв. Цаашдаа төрөлжсөн судалгааг шувтан хийж ирсэн дээ. Одоо Орост бол хэд хэдэн салбараа байгуулчихсан, оросын олон нийтийн мэдээллийн зах зээлд тэргүүлэх хэмжээнд Gallup Media, Gallup AdFact гэх салбар нь ажилласаар буй.

Манайд ажилладаг “Сант марал”, “Прогноз” төвүүд хэр идэвхтэй, нэр хүндтэй байгааг би мэдэхгүй. Гэллапын дайтай ажиллаасай гэж ерөөх л байна. Миний сайн танил нөхөд маань мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлсэн тандалт судалгааны төв байгуулахаар хөөцөлдөж байгаа ба үүнийг үндэслэгч залуу найз Р.Билэгт-Од нь Gallup маягийн судалгааны үндсийг Монголд тавьж байгаад баярлаж явдаг. Учир нь энэ залуугийн үндэслэсэн Statco гэж судалгаа шинжилгээний хараат бус байгууллага нь израиль, британийн  софтвейр, хардвейр ашиглан нарийвчилсан анализыг байршил тогтоогч, дата дамжуулагч гэх мэт онцлогтойгоор хийж, нийгмийн социологи судалгаа авдаг ба судалгаа нь тус бүртээ баримт, баталгаажилттай. Нэр хүнд чинь хэр байгаа, үйл ажиллагаа чинь хэр зөв байгаа, бүтээгдэхүүн чинь хэр эрэлттэйг мэдэхийг хүсвэл Statco-д хандаад үзээрэй, Танд ашигтай тусна хэмээн зөвлөе.

Би чухам ийм судалгааг л Монголын нийгэмдээ санал болгож байна. Ер нь иймэрхүү тандалт судалгааны байнгын хүрээлэнтэй болохгүй бол Монголын улс төр будилж, хүмүүс нь будилж, ардчиллынхаа үр шимийг төгс хүртэж чадахгүй байж магад хэмээн би хувьдаа их түгшиж явдаг нэгэн юм.     

Харин одоо Gallup-ын хамгийн сонирхолтой судалгааны дүнг сонирхуулъя. Gallup-ын удирдах захирал Жон Клифтон энэ тухай Вашингтонд өмнөх 7 хоногийн Мягмар гаригт хэвлэлийн бага хурал зарлан мэдээлж байсныг би эшлэе. Нэгэнтээ Орост Gallup нь ихээхэн нэр хүндийг олчихсон тул оросууд маань ойлгоно хэмээн үзээд эшлэж байна. Энд Оросын эсрэг ямар нэгэн байр суурь байхгүй, ердөө л энэ хүрээлэнгийн судалгааны дүн нь. Хэрэв эргэлзэж байгаа бол дараахи линк рүү орж үзээрэй: John Clifton: Russia Receives Lowest Approval in World; U.S. Highest, gallup.com/poll/182795/

Орос ахын маань нэр хүнд шалдаа бууж, харин америк шинэ ахын маань нэр хүнд тэнгэрт гарсан гэх утгатай судалгааны хэдэн хуудас илтгэл энд байна. Мэдээж Орос-Америк, Орос-Өрнийн хоорондын харилцаа сайнгүй байгаа, хуучин СССР-ийн зарим улсад тухайлбал Казахстан, Беларусь, Кыргызстан,  Тажикистанд (Жон Клифтоны нэрлэснээр) АНУ, Европын Холбооны нэр хүнд тааруухан байгаа, тэр бүхэн энэ судалгаанд туссан гэнэ. Gallup бүх дэлхийг хамруулан (134 улс буюу хүн төрөлхтөний бараг 4/3 нь байна) судалгаа хийжээ. Ингэж хамруулахдаа Монголыг оролцуулсан уу, тэр талаар надад лав мэдээлэл алга. Уг нь 134 улсын дотор байж л баймаарсан.

Бүх дэлхийгээр нэг тандаад үзтэл Барак Обамагийн өнгөн дээрхи өнөөгийн АНУ дэлхийн II дайнаас хойшхи 70 жилийн түүхэнд хамгийн өндөр рейтингийг авчээ гэх нь тэр. Гүрэн хэмээн нэрлэгддэг дэлхий цөөхөн хэдэн улсуудын Засгийн газруудаас хамгийн сайн үнэлгээтэй нь АНУ-ын Засгийн газар гэсэн үгс явж байна. Санал асуулгад оролцогсдын 45 хувь нь АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг зөв зүйтэй гэсэн юм байна.

Америкийн дараа алдар хүндийг хүртсэн Засгийн газар нь хатагтай канцлер Ангела Меркелийн толгойлдог Германых гэжээ. Энэ нь дэмжигсэд 41 хувьтай байна гэсэн үг санж. Ямар үйл ажиллагаагаараа тэр вэ гэхлээр Европын хүчирхэг эдийн засаг байгаа, ялангуяа 2009 оны хямралын дараахи Евробүсийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн төлөөх Германы чармайлтыг нэрлэжээ. Грекээс бусад евро хэрэглэдэг бүх орон Германыг талархаж байдаг гэсэн байна.



Германы араас 39 хувийн өндөр рейтингтэй яваа нь Европын Холбооны удирдлага гэсэн дүн гарчээ. Грекийн дампуурлыг гэтэлгэхийн тулд 240 тэрбум евро гаргаж байгааг чухалчилжээ. Орост Европын Холбооны нэр хүнд шалдаа буусан дүн бас дагалдан гарч байна. Орост санал асуулгад оролцогсдын 70 хувь нь Европын Холбоог зүхсэн бололтой юм. Европын Холбоонд дургүйчүүд Оросоор хязгаарлагдахгүй. Энэ холбооны гишүүн атлаа Грек, Их Британи, Италийн олон нийт Европын Холбооныхоо удирдлагыг шүүмжилжээ.

АНУ-ын өөрийнх нь иргэдийн хувьд Gallup харьцуулалт хийн дүгнэлтээ гаргажээ. Өнгөрсөн онд америкчуудын 42 хувь нь Обамагийн үйл ажиллагааг сайшааж байсан бол энэ удаа 35 хувь болж буужээ. Харин америкчууд Оросыг хамгийн хар бараанаар төсөөлж байгаа дүр зураг эндээс харагдаж байна. Ердөө 4-хөн хувь л “Орос сайн” гэсэн үнэлгээ өгч, 96 хувь нь Оросыг зүхсэн байх юм. Оросыг үл тоодог, үзэж чаддагүй улс орны тоо 41 байгаа юм байна. Түүнд нь АНУ, Европын Холбооны 23 улс нэр заагдаж, тэд Украины салан тусгаарлагчдыг дэмжиж өөгшүүлдэгт нь Орост таагүй ханддаг гэжээ.

Владимир Путин тэргүүтэй ОХУ-ын өнөөгийн удирдлага энэ 134 улсаас тун тааруухан үнэлгээ авлаа гэсэн мөрүүд цаашаа байна. Тэдний 22 хувь нь Путины үйл ажиллагааг нааштай үнэлж, харин  36 хувь нь муу дүн тавьжээ. Харин Оростоо Путины үйл ажиллагааг үнэлсэн эерэг үзүүлэлт 83 хувьтай байна. Украинд ОХУ-ын нэр хүнд тун базаахгүй харагдаж байна. Шууд л 42 хувийн пункээр унаж, украины хүн амын 5-хан хувь нь Оросыг гэгээтэй нүдээр харжээ. Gallup хэргээр Украины бүх нутаг дэвсгэрт санал асуулга явуулсан аж. Түүнд нь Крым ба Донецк, Луганск мужийн зарим цөөхөн район аюулгүй байдлын баталгаа байхгүйн улмаас хамрагдаагүй гэсэн байна.

Нэгэнтээ дэлхийн улс орнууд, Засгийн газрууд өөр өөрийнхөө рейтингийг олон улсаар, саяхныхаар бол дэлхийн бүр 134 улс орнуудаар ингэж тогтоолгодог юм бол Монгол маань энэ тандалтыг хийлгээд нэг үзвэл ямар байдаг бол? Ямар дүн тавиулах бол? Бодож үзүүштэй бус уу?