ЛУИЗ
Английн орчин үеийн утга зохиолын сод төлөөлөгчийн нэг Сомэрсэт Моэм (1874 - 1965). Роман, жүжиг, өгүүллэг олныг тууривсан Моэмийг бичлэгийн хэлбэр өгүүлэмжээр нь "Английн Мопассан" гэдэг байсан.
Вилиам Сомэрсэт МОЭМ
ЛУИЗ
Луиз яахаараа надад төвөг удах болсныг би ерөөсөө ойлгодоггүй юм. Надад дургүй л дээ, боломж л гарвал ар хударгаар миний тухай ялдам өнгөөр ямар нэг олиггүй зүйл ярьж явдаг. Санасан бодсноо шуудхан хэлэхийн аргагүй дөлгөөн хүн л дээ, уг нь. Далд утга, гоё гарных нь уран хөдөлгөөн, санаа алдалт зэргээр чимж, ярьж буйгаа бүр илүү дүрсэлдэг. Хорон магтаалын аугаа мастер даа. Бид хорин таван жилийн өмнөөс биенээ танина, гэхдээ эртний танил учраас гээд арай дотносог ханддаггүй. Намайг бүдүүлэг, болхи, эелдэг бус, өөдгүй гэж боддог. Ийм байтлаа надаас нэг мөсөн хөндийрдөггүйг нь гайхаад байдаг юм. Зүгээр л тайван орхихгүй үргэлж л намайг өглөө, өдрийн хоолондоо урина, жилдээ хоёр гурван удаа хагас бүтэн сайнд зусландаа хүрээд ир гэж дуудна. Яагаад ингэж ханддагийг нь явж явж тааварлалаа. Өөрт нь итгэдэггүй гэж харддаг учраас надад дургүй, өөрийг нь ойшоодоггүйгээр барахгүй хөгийн амьтан гэж үздэг ганц хүн гэж хардаг болохоор их гутардаг болтой. Буруугаа хүлээн бууж өгвөл санаа нь амрана гэж хүлээдэг учраас л надаас бүрмөсөн холдох хүсэлгүй юм байна. Түүний үнэн царайг би нэвт хардагт л тэр тарчилж байгаа юм. Эрт орой алин боловч эцэст нь намайг дийлнэ гэж боддог бололтой, харин түүний горьдлогыг үл хэрэгсдэг хүн нь би аж. Үнэндээ би Луизыг дүүрчихсэн хуурмаг хүүхэн гэж итгэлтэй хэлж чадахгүй л дээ. Хорвоо ертөнцийг хуурч байгаа шигээ өөрийгөө бас хуурч байна уу, эсвэл сэтгэлийнх нь гүнд хоржигнолын оч нуугдаж байдаг юмболов уу гэж эргэлздэг төдий. Чухам ийм учраас л дундын нууцыг нь өөр хэн ч гадарладаггүй хоёр зальхайн нэг нь намайг гэж боддог тул хөндийрч чаддаггүй байх.
Луизыг гэрлэхээс нь өмнө би мэддэг байсан. Гунигтай том нүдтэй, учиргүй сул дорой охин байсан. Луиз багадаа үе үе хүчтэй халуурдаг нь зүрх муутай болгосон учир эх эцэг нь далд айдастайгаар охиноо хайрлан амиа тавих шахна. Том Мэйтланд охиныг нь гэрлэе гэж гуйхад охиноо зүрхний өвчтэй гэдэгт бат итгэсэн тэд гэр орны ажилд нухлагдаж дийлэхгүй эмзэг хэмээн ихэд сандралдсан. Луизынх төдийлөн хөрөнгөлөг айл биш, харин Том Мэйтланд бол баян хүн. Охиных нь төлөө байдгаа зориулна гэж амалсны эцэст хөгшчүүл санаа амран итгэжээ. Уг нь тэр бол өндөр нуруутэй, эрүүл чийрэг, мундаг тамирчин, царайлаг залуу. Луизд ухаангүй дуралсан нэгэн. Хүүхэн нь зүрхний өвчтэй гэдэгт бат үнэмшсэн тэрээр нэгэнт богино наслах учир амьд сэрүүн цөөхөн жилийг нь жаргалтай өнгөрөөх юмсан гэж байдгаараа хичээх боллоо. Залуу өөрийн дуртай спортоо ч орхилоо, гэхдээ эхнэрийнхээ шаардлагаар биш шүү, харин ч Луиз нөхрийнөө спортын амжилтаар бахархдаг. Гол нь гольф тоглоод юмуу ан, хөөцөлдөөд явж байх хооронд эхнэр нь гай тохиолдож зүрхний шигдээс болчих вий гэж болгоомжилсон хэрэг. Хэрэв тэр хоёрын санал зөрвөл Луиз бушуухан бууж өгнө. Энэ хорвоогийн хамгийн уян эелдэг эхнэр, харамсалтай нь зүрх нь үе үе өвдөх тул хэдэн хоногоор ямар ч гомдолгүйгээр хэвтэрт өнгөрөөнө. Том Мэйтландын хувьд өвчтэй эхнэртэйгээ санал зөрөлдөх нь хэрцгийдсэн хэрэг аж. Тэрээр удаан зөөлөн ятгасаны хүчинд халамж анхаарлаа хэвээр байлгахыг эхнэрээрээ зөвшөөрүүлж чадсан. Луиз нэг удаа найман мил газар алхаж дөнгөснийг хараад хүүхэн үнэндээ бодсоноос илүү чийрэг юм байна гэж Том Мэйтландад хэлтэл тэрээр толгой сэгсрэн:
- Үгүй үгүй, цаадах чинь аймшигтэй эмзэг. Луизыг дэлхийн хамгийн нэртэй зүрхний эмч нарт үзүүлсэн, тэд бүгдээрээ амь нас нь хялгасан дээр тогтож байна гэцгээсэн. Эрч зоригтойдоо л өдий болтол тэсэж байна.
Намайг эхнэрийнх нь тэсвэр тэвчээртэйг гайхан биширсэн гэж Том Мэйтланд хүүхэнд хэлжээ.
- Маргааш гэхэд л бүх юм дуусчиж магадгүй гэж гомдолтойгоор хэлээд: - Үхэл надад их ойрхон байна.
- Чамайг хүссэнээ хийхэд хангалттай хүчтэй гэж боддог - гэж би бувтналаа.
Хэрэв үдэшлэг хөгжилтэй байвал тэр өглөө таван цаг хүртэл бүжиглэж чаддаг ч уйтгартай байвал дороо бие нь мууддаг тул Том эхнэрээ даруй гэртээ хүргэж өгөхөөр гардгийг би анзаарсан юм. Миний үг хүүхэнд таалагдаагүй нь ямар ч баяралсан шинжгүй мэлтийх том хөх нүднээс нь илэрхий.
- Чамд таалагдахын тулд үхээд өгнө гэж горьдсоны хэрэггүй - гэх нь тэр.
Луиз нөхрөөсөө урт насалсан. Нэг өдөр тэд усан онгоцоор явж байтал Том Мэйтланд гэнэт хатгаа тусаж нас барсан. Луиз түүнийг дулаацуулахын тулд тэнд байсан хивсээр хүртэл хучжээ. Юутай ч хангалттай эд хөрөнгө, мөн охиноо үлдээсэн дээ. Луиз тайвшрахын аргагүй болсон. Гэхдээ л цочролыг амархан даван туулсан нь хачирхалтай. Найзууд нь түүнийг удалгүй хөөрхий Том Мэйтландын араас булш руу орно доо гэлцэж байв. Удахгүй бүтэн өнчирч хоцрох охин Айрисыг нь тэд аль хэдийн өрөвдөөд эхэлсэн. Зовлонг нь нимгэлэхийн тулд Луизд улам их анхаарал хандуулж, юу л бол юугаар туслахад бэлэн болжээ. Луизыг хуруугаа ч хөдөлгөхийг тэд зөвшөөрдөггүй, учир нь жаахан л эвгүй хөдөлбөл зүрх нь муудаж үхэлд хүргэх вий гэж болгоомжлоно. Өөрийг нь асрах эр хүнгүй бүрмөсөн мухардсан Луиз эмзэг зүрхнээсээ болоод Айрис охиноо хэрхэн өсгөхөө мэдэхгүй болжээ. Найзууд нь түүнийг яагаад дахиж гэрлэхгүй байгааг асуув. Өө, хайрт Том нь өөрийг нь тэгээсэй гэх л байсан, хэрэв чингэвэл энэ нь Айрисын хувьд ч хавьгүй дээр байх болно гэдэг нь мэдээж, гэсэн ч зүрх сэтгэлдээ үүнийг зөвшөөрөх аргагүй, тэгээд ч өөр шиг нь хөөрхийлөлтэй тахир татуу хүнтэй хэн л зовохыг хүснэ гэж? Хачирхалтай нь нэгээс ч олон залуу ийм үүрэг гүйцэтгэхэд бэлнээ харуулсан бөгөөд Томыг нас барснаас нэг жилийн дараа тэрээр Жорж Хобхаус өөрийг нь хуримын ёслолд хөтлөхийг зөвшөөрөв. Тэр бол зөв зохистой сайн хүн. Энэ сул дорой амьтныг халамжлах боломж олдсондоо түүн шиг ингэж ихээр талархаж буй өөр хүн би хэзээ ч хаана ч харж байгаагүй.
- Би чамайг удаан зовоохгүй байх гэж хүүхэн хэлсэн аж.
Тэрээр цэргийн хүн, үүндээ ч дуртай шударга нэгэн байсан ч өөрийн хүсэлтээр халагдлаа. Луизын эрүүл мэндээс болж өвлийг Монтэ-Карлод, зундаа Довилл хотод хамт өнгөрөөх болов. Жорж Хобхаус хүсэлтээрээ цэргээс халагдахдаа эхлээд нэлээд эргэлзсэн. Харин Луиз энэ тухайд нь огт зөвшөөрөхгүй байснаа эцэст нь мөнөөх л тэгдэгийнхээ нэгэн адил аргагүй бууж өгсөн учир нөхөр нь ажлаасаа халагджээ. Ингээд мань эр эхнэрийнхээ сүүлийн хэдэн жилийг аль болох аз жаргалтай байлгахад бэлтгэв.
- Одоо ч бага хугацаа үлдээ дээ - гэж хүүхэн хэлээд: - Би чамдаа төвөг учруулахгүй байхыг хичээнээ.
Үүнээс хойшхи хоёр, гурван жилийн турш Луиз өөрийн сул дорой биеэ үл хайхран үдэшлэг болгонд гоё хувцаслан очиж, байнга мөрийтэй тоглож, бүжиглэж, өндөр гоолиг залуустай сээтэгнэх болжээ. Гэвч Жорж Хобхаус Луизын анхны нөхөр шиг тэсвэр хатуужилтай нэгэн биш учир Луизын хоёр дахь нөхрийн хувьд хааяадаа хатуу ундаагаар өөрийгөө цэнэглэх шаардлагатай болов. Магадгүй энэ зуршил нь Луизд огтхон ч таалагдахгүй байсан байх, гэвч түүний аз таарч дайн эхлэвээ. Тэрээр дахин цэргийн албандаа эргэн ирж, гурван сарын дараа алагдсан. Мэдээж энэ нь Луизын хувьд маш том цочирдол байлаа. Хэрэв дахиад л зүрхний шигдээс болох юм бол энийг нь хэн ч мэдэхгүй өнгөрч болох учраас хувийн уй гашуугаа өөгшүүлж болохгүй гэдгээ сайтар ойлгожээ. Оюун санаагаа сатааруулахын тулд тэрээр Монтэ-Карло дахь байраа шарх нь эдгэрсэн офицеруудын эмнэлэг болгожээ. Ийм их ачааллыг одоо тэсвэрлэхгүй гэж найз нар нь ч түүнд сануулна.
- Мэдээж энэнээс болж би үхэх байх. Энийгээ ч би мэдэж байна. Гээд яая гэхэв дээ, чадах бүхнээ л хийхээс.
Энэнээс болж тэр үхээгүй л дээ. Луиз цагийг зугаатай өнгөрөөх болсон. Францад олигтой асрамжийн газар байдаггүй. Би түүнтэй Парист санамсаргүй тааралдлаа. Өндөр, царайлаг франц залуутай Ритц буудалд үдийн хоол зооглож байв. Эмнэлэгтэй холбоотой ажлаар энд ирсэн гэнэ. Бие нь маш эмзэгийг мэддэг болохоор цэргийн дарга нар юм хум хийж хөдлөхийг нь зөвшөөрдөггүй гэнэ. Бүгдээрээ яг л хань нөхөр нь юм шиг чадахаараа асардаг байсан... гээд санаа алдлаа.
- Хөөрхий Жорж, ийм муу зүрхтэй мөртөө би түүнээс илүү наслана гэж хэн бодох билээ дээ?
- Бас хөөрхий Том! гэж би хэллээ.
Миний энэ үгэнд яагаад дургүйцсаныг мэдэхгүй. Гашуун инээмсэглэл, нулимсаар дүүрсэн сайхан нүдээ надад бэлэглэв.
- Чи дандаа миний цааш амьдрах гэж байгаа хэдхэн жилд минь жөтөөрхөж байгаа юм шиг ярих юм.
- Дашрамд хэлэхэд зүрх чинь хамаагүй дээрдсэн биз дээ?
- Хэзээ ч дээрдэхгүй. Өнөөдөр өглөө би мэргэжилтэнтэй уулзсан, намайг хамгийн муу зүйлд бэлэн байх ёстой гэсэн.
- Өө, чи одоо бараг хорин жил үүнд бэлтгэгдсэн биз дээ?
Дайн дуусахад Луиз Лондонд ирж суурьшжээ. Тэр одоо дөч гаруй настай, туранхай, сул дорой, том нүдтэй, цонхигор хацартай авгай болсон ч, хорин таваас илүүгүй настай харагдана. Сургуульд сурдаг, одоо том хүүхэн болсон Айрис түүнтэй хамт амьдрахаар ирэв.
- Намайг асрах болно. Мэдээж над шиг ийм тахир татуу хүнтэй хамт амьдрах хэцүү л байх, гэхдээ би ямар удах биш дээ. Тэгээд ч Айрис өөрөө дургуйцэхгүй.
Айрис сайхан охин байсан. Ээжийнх нь эрүүл мэнд маш хүнд байгаа гэдгийг ухамсарлуулж өсгөсөн. Хүүхэд байхад нь л хэзээ ч чанга дуу чимээ гаргахыг зөвшөөрдөггүй байв. Ээж нь ямар ч тохиолдолд тайван бус байх ёсгүй гэдгийг хар нялхаасаа ойлгох болсон. Луиз түүнд уйтгартай хөгшин эмэгтэйн төлөө өөрийгөө золиослохыг яасан ч зөвшөөрөхгүй гэж сануулсан боловч охин нь ийм үг сонсох ч үгүй гэдгээ хэлжээ. Энэ бол өөрийгөө золиослох асуудал биш, хөөрхий хайрт ээжийнхээ төлөө чадах бүхнээ хийх нь аз жаргал юм. Ээж нь санаа алдаад охиноо дураар нь орхижээ.
- Ач тус хүргэж байгаа нь хүүхдэд өөрт нь таатай гэлээ.
- Гадуур чөлөөтэй явж, илүү их зугаалах хэрэггүй гэж бодож байна уу? гэж би асуув.
- Харин наадахыг чинь л би охиндоо үргэлж хэлдэг. Охиныгоо өөрийнх нь дуураар л байлгахыг боддог. Гэхдээ тэнгэр мэднэ, би хэзээ ч хэнийг ч надаас болж зовж зүдрээсэй гэж хүсдэггүй.
Харин Айрис болохоос шууд эсэргүүцэхдээ: “Хөөрхий хайрт ээж минь, намайг найзуудтайгаа хамт байж, үдэшлэгт яв гэдэг ч, эзгүйд минь зүрхний шигдээс болчихвий гэж санаа зовоод гэртээ байхыг илүүд үздэг."
Айрис саяхан хүнд дурлажээ. Миний нэг сайн мэдэх залуу, маш сайн хүү байгаа юм, Айристай гэрлэхийг гуйхад цаадах нь зөвшөөрчээ. Айрист би сайн учир явж явж өөрийнхөөрөө амьдрах боломж олсонд нь баяртай байлаа. Өөрт нь ийм завшаан тохиолдоно гэж хэзээ ч бодож байгаагүй байх. Гэтэл нэг өдөр сүйт залуу маш их шаналсан байдалтай над дээр ирээд гэрлэлтийг нь тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэлээ. Айрис ээжийгээ орхиж чадахгүй гэдгээ мэдэрсэн бололтой. Мэдээжийн хэрэг, энэ нь миний хэрэг биш боловч би Луизтай уулзахаар очлоо. Найзуудаа хүлээн авахдаа үргэлж баяртай байдаг тэр одоо нас ахих тусам зураач, зохиолчдын хүрээлэлд умбажээ.
Айрисыг гэрлүүлэхгүй гэж сонслоо - хэмээн хэсэг дуугүй байснаа хэллээ.
- Би энэ талаар юу ч мэдэхгүй. Айрис миний хүссэнээр даруй гэрлэхгүй ээ. Надад хорогдсоны хэрэггүй гэж өвдөг сөгдөн гуйсан ч намайг яасан ч орхихгүй гэнэ.
- Түүнд хэцүү байна гэж бодохгүй байна уу?
- Аймшигтай. Мэдээж би хэдхэн сар л болно биз, гэхдээ миний төлөө өөрийгөө золиослохыг би яасан ч зөвшөөрөхгүй.
- Хонгор Луиз минь, чи хоёрын хоёр нөхрөө оршуулсан хүн. Дахиад хоёр хүн оршуулах ямар хэрэг чамд байна?
-Чи ингэж хэлсэндээ инээд чинь хүрч байна уу? хэмээн Луиз аль болох доромжилсон өнгөөр асуув.
- Чи үргэлж хүссэн бүхнээ хийх хангалттай хүчтэй байсаар ирсэн. Наад сул дорой гээд байгаа зүрх чинь уйдсан үед чинь л өвдөж сандаргадаг нь өөрт чинь хачирхалтай санагдахгүй байна уу?
- Өө, мэднэ, миний талаар юу гэж бодож байдгийг чинь би сайн мэднэ. Бие муутайд минь чи хэзээ ч итгэж байгаагүй биз дээ?
Би түүнийг ичиж зоволгүй шулуухан харлаа.
- Тийм, хэзээ ч итгэж байгаагүй. Чи хорин таван жилийн турш гайхалтайгаар хуурмагласан. Миний мэдэх хамгийн хувиа хичээсэн, аймшигт эмэгтэй гэж чамайг боддог. Чи өөртэйгээ гэрэлсэн тэр хоёр хөөрхийлөлтэй эрийн амьдралыг сүйрүүлсэн, одоо чи охиныхоо амьдралыг сүйрүүлэх гэж байна.
Тэр үед Луиз зүрхний шигдээс болсон бол би огт гайхахааргүй байлаа. Үргэлж хүсэл тэмүүлэл болж байдаг тэр газар руугаа нисэн одох болов уу гэж хүлээлээ. Гэтэл Луиз зүгээр л над руу зөөлөн инээмсэглээд:
- Найз минь дээ, нэг л өдөр чи надад ингэж хэлсэндээ үнэхээр их харамсах болно.
- Чи Айрисыг энэ хүүтэй гэрлүүлэхгүй гэж шийдсэн үү?
- Харин ч би Айсыг тэр залуутай гэрлэхийг гуйсан гээч. Энэ нь намайг үхэлд хүргэнэ гэдгийг мэдэж байна, гэхдээ би дургүйцэхгүй. Хэн ч намайг тоох юм билээ. Би зүгээр л хүн бүрд дарамт болмооргүй байна.
- Гэрэлснээс чинь болж үхнэ гэдгээ тэрэнд хэлсэн үү?
- Үгүй, тэр өөрөө надад хэлсэн.
- Хэлэх гэсэн юмаа зориуд бусдаар хэлүүлсэн шиг сонсогдож байна.
- Дуртай бол Айрис маргааш ч гэсэн тэр залуутайгаа гэрлэж болно. Энэнээс болж би үхвэл үхнэ л биз.
- За тэгвэл эрсдэл хийгээд үзье, тэгэх үү?"
- Чамд намайг өрөвдөх сэтгэл алга уу?
- Надаар тохуурхаж тэрэндээ таашаал авдаг хүнийг өрөвдөж яах юм бэ.
Луизын цонхгор хацар дээр бүдэг ягаан туяа тодорч ирснээ, хэдийгээр инээмсгэлсэн хэвээр авч ширүүн харц нь маш их ууртай байгааг нь илтгэнэ.
- Айрис сарын дараа гэрлэх болно, хэрэв надад ямар нэгэн муу юм тохиолдвол та хоёр биенээ уучилж чадна гэж найдаж байна шүү.
Луиз хэлсэн амандаа хүрсэн. Өдөр судраа тогтоож, худындаа өгөх гоё бэлэг захиалж, ийш тийш нь урилга тараав. Айрис, сүйт залуугийнхаа хамтаар баяр хөөртэй байлаа. Хуримын өдөр өглөөний арван цагийн үед Луиз хэмээх тэр шулам шиг авгай зүрхний шигдээсээр өвдөж, нас баржээ. Өөрийг нь хөнөөсөн Айрисыг уучлаад үхсэн дээ.
1936