Еврозийн эдийн засгийн хэлэлцээр гэгч гэнэтийн бөгөөд гэмтэй, халтай зүйл гарч ирлээ. Юу гэвэл МҮХАҮТ-ийн Гүйцэтгэх захирлаар Т.Дүүрэнг ажиллаж байх үед 2024 оны 11 дүгээр 12-нд тус байгууллага мэдэгдэл гаргаж, Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нухацтай хандах, бизнес эрхлэгчдийн саналыг заавал тусгах шаардлагатай бөгөөд, давчуу хугацаанд яаран тулгалгүй нухацтай, алгуур хандах нь чухал” гэсэн агуулгыг гаргаж байсан.  
Гэтэл МҮХАҮТ-ийн Удирдах зөвлөл хуралдаад ерөөсөө л дэмжээд хамтраад ажиллая гэсэн агуулгатай тогтоолыг мөн өнгөрсөн баасан гаригт гаргачихлаа. Хамгийн сонирхолтой нь МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр хэл амтайгаар, “экс”-ийг нь хориулж байгаад гэх хардлагыг дагуулсаар сонгогдсон Л.Төр-Од, түүний багийнхан юу хийх бол гэсэн хүлээлт үүсээд байна. Маш чамлалттай, харамсалтай байгааг нуух юун.


Яг үнэндээ энэ бүхэн эртнээс бэлтгэгдсэн ажиллагаа байсан гэдэг нь “Russian export center” гэдэг байгууллага өнгөрсөн зун, намар Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулаад байсны үр хөврөл байсан нь тодрон харагдаж эхэллээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны албан ёсны вэб сайтад нийтэлснээс үзэхэд "Оросын Экспортын Төв" ХК (РЭЦ групп, ВЭБ.РФ-ийн бүрэлдэхүүнд ордог) нь гадаад зах зээлд гарах бүх үе шатанд бүх салбарын компаниудад санхүүгийн болон санхүүгийн бус тусламж үзүүлдэг түүхий эдийн бус бүтээгдэхүүний экспортыг, түүний дотор "Олон улсын хамтын ажиллагаа ба экспорт" үндэсний төслийн хүрээнд дэмждэг төрийн байгууллага юм. РЭЦ группт Оросын Экспортын зээл, хөрөнгө оруулалтын даатгалын агентлаг (ЭКСАР), РОСЕКСИМБАНК болон Бие даасан арилжааны бус “Экспортын сургууль” байгууллага зэрэг багтдаг байна.

“Хэрэв Т.Дүүрэн байсан бол…”, “Яагаад Т.Дүүрэнг далд хийж байгаад сонгууль явуулав”…гэх эргэлзээ яах аргагүй төрж байна. Тэрбээр өнөөдөр МҮХАҮТ-ийн удирдлагын багт байсан бол Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг зайлшгүй эсэргүүцээд хашгираад зогсож байх байсан. Т.Дүүрэнг хоригдсоны маргааш гэргий нь “Л.Төр-Од оо, чамайг миний нөхөр урьж авчираад МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчийн зөвлөх болгосон. Гэтэл яагаад???” Хэмээн гомдож байсан нь одоо л гол зуртал бодогдож байна.


Яагаад гэдгийг ч эргэцүүлж үзлээ. Л.Төр-Од ч, түүний дагуулж очсон “команд”-ын эхэнд байгаа Д.Цэнд ч Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссийг ахалдаг Шадар сайд С. Амарсайханы хүмүүс. Д.Цэнд бол Шадар сайд С.Амарсайханы зөвлөхөөр ажиллаж байсан. Л.Төр-Од Сергей Громовын “Монгол даатгал” компанид ажиллаж байсан. МҮХАҮТ-ийн тэргүүнээр Д.Энхтүвшин сонгогдсон тэр сонгуулиар ч Л.Төр-Од “аман хүзүүдэж” байв. Энэ удаагийн сонгуульд ихэнх ажиглагчид Т.Дүүрэн, эсвэл Ц.Баатарсайханыг сонгогдоно гэсэн таамаглал дэвшүүлсэн. Гэтэл Т.Дүүрэнг хорьчихсон. Ц.Баатарсайхан орон нутаг дахь МҮХАҮТ-ийн төлөөлөгчдийн “хайрцаглагдсан” байдлыг яагаад ч дийлж хүч хүрсэнгүй. Тэгэхээр маш хүчтэй гар нөлөөлөөд байгаа биз.

Тэднийг байгалийн хийн хоолойн асуудлаар ч дуу хоолойгоо нэгтгэнэ гэдэгт мөрийцөхөд ч алдахгүй.  Гэснээс арав гаруйхан хоногийн өмнө буюу 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр YouTube дээр Aist Global теле сувагаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков ярилцлага өгсөн. Мэдээж түүний яриа бүхэлдээ Монгол, Орос хоёр орны тухай асуудлуудыг хөндсөн. Элчин сайдын ярианд “Манай худалдаа-эдийн засгийн харилцаа зогсонги байдалд орсон, олон асуудал олон жилийн турш шийдэгдээгүй байна. Тиймээс одоо бид Засгийн газар хоорондын комиссын тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд манай талаас Оросын Байгаль орчны сайд Козлов, Монголын талаас Засгийн газрын дэд сайд удирдаж байна. Худалдааны тэнцвэргүй байдал тулгамдсан асуудал болоод байна. Одоогийн байдлаар манай худалдааны эргэлтийг дунджаар 2.5 тэрбум доллар гэж үзвэл, 2.4 тэрбум нь манай экспорт, харин ойролцоогоор 100 сая нь Монголын импорт юм. Энэ тэнцвэргүй байдлыг арилгах хамгийн хялбар арга бол бид Монголд бензин, дизель түлш, нисэхийн керосин, азотын бордоо, үрийн улаан буудай нийлүүлэхээ зогсоох явдал. Гэвч бид үүнийг хийхийг хүсэхгүй байна, учир нь үнэ, чанар, ложистикийн боломжийн хувьд Орос улс Улаанбаатарт хамгийн тохиромжтой түнш болж байна” гэхчлэн ярьжээ. 

Дарамт “үнэртэж” байна уу? Үүний дараа МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчийн сонгууль болсон. Тэгээд Евроазийн худалдааны хэлэлцээр орж ирлээ. Гэтэл МҮХАҮТ-ийн байр суурь нэг иймэрхүү, “налж унасан” байдалтай. Энэ бүхэн юуг хэлээд байна вэ гэхээр үндэсний үйлдвэрлэгчдээ нухчин дараад, төгрөгийг бус рублийг “уналтаас аварч” магадгүй муугаар бодоход, улмаар “дайныг санхүүжилтийг аврах” зүг рүү явах юм биш биз? Энэ бол Монголын хэдэн бизнесийнхний бус Монголын ард түмний язгуур эрх ашигт харш шийдвэр биш гэж үү.