Утааны эсрэг жагсаал гэгч азгүй, амжилтгүй жагсаал сүүлийн өдрүүдэд хэрүүлийн алим болоод өнгөрлөө. Хамгийн сайн мэдээ өчигдөр дуулдсан нь БОУАӨЯ-ны салбар хяналтын газар, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран “Тавантолгой түлш” ХХК-ийн боловсруулах үйлдвэрийн ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэлснээ салбарын сайд мэдээллээ. Сайдын мэдээлснээр “дотоод хяналтын лабораторийн үйл ажиллагаанд химийн бодис зөвшөөрөлгүй ашиглаж байсныг битүүмжилж, харьяаллын дагуу Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн” гэнэ. Үнэхээр одоо түлшээ, мөн хяналт шалгалтын тогтолцоогоо харах, ярих цаг болсон.

Бодит үнэнийг хэлэхэд ямар ч чадварлаг улстөрч, хотын дарга байсан утааг өнөөдөр, маргаашийн дотор арилгах боломжгүй. Хэчнээн мундаг Засгийн газар байсан яг өнөөдрийн байдлаар гэр хорооллыг барилгажуулах, цахилгаан станц барих боломжгүй. Тэгвэл бидэнд хамгийн ойр боломж юу байна вэ? Яавал хотынхон хорт өмхий утаанаас салах вэ гэдгийн хамгийн шуурхай арга нь түлшний асуудал юм. Үүнийг зөв, сайн хийхийн тулд яах аргагүй У.Хүрэлсүхийн Засгийн газрын “цэлмэг тэнгэртэй өвөл”-ийг дурсахад хүрч байна. Түүний гол нууц нь түлшний орц, сайн зуух, зөв галлагаа л байж.

Хамгийн гол нь хяналтын тогтолцоо сайн байсан. Тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Агаарын бохирдлын үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Мэргэжлийн хяналтын байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуул, цагдаагийн байгууллага гээд өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж чадсан. Өмхий үнэрний “эзэн” түүхий нүүрс түлэх явдалтай тэмцэхээр Мэргэжлийн хяналтынхан тээврийн товчоон дээр өдөр шөнөгүй ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар түүхий нүүрс, түлш холилдоод өмхий үнэр “үйлдвэрлэж” байна. Үүнд түүхий нүүрснээс гадна сайжруулсан гэх түлшний барьцалдуулагчийг хардаад буй нь ч зүй ёсны хэрэг. Зөвхөн үүний төлөө л гэхэд тэр үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Тавантолгой түлш”-ийн захирал М.Ганбаатарыг өрөөндөө дуудаж өвдгий нь чичиртэл загнаж, шанаадаад авсан нь ч үнэн юм гэдэг. Түүний тавьсан шаардлага нь “Барьцалдуулагч бодисийг олон улсын дөрвөн лабораторид заавал шинжлүүлж стандартад нийцсэнийх нь дараа түлшинд холихыг зөвшөөрдөг” байж. Ингээд өдөр болгон түлшний үйлдвэрүүдээс дээжээ аваад онгоцоор тухайн БНХАУ, БНСУ, ОХУ, ХБНГУ дахь лабораториуд руу илгээдэг байсан гэнэ.

Та бүхэн нэгэн герман эрдэмтэн ирээд Тавантолгой түлшийн түлшийг үзээд нэг үнэр, амт яриад байсныг, дараа нь хэвлэлийн бага хурал дээр М.Ганбаатар захирал түлшнийхээ барьцалдуулагчийг амсаж үзүүлээд байсныг мартаагүй байх. Тэр юу байсан бэ? Хожим сонсоход урд хөршөөс авдаг барьцалдуулагч нь шороон суурьтай, ургамлын суурьтай гэж хоёр янз байдаг юм байна. Үүний ургамлын суурьтай буюу чихрийн нишингийн ишнээс гаргаж авдаг барьцалдуулагчийг нь манайх түлшиндээ хэрэглэж байсан, тиймээс ч амсаж үзүүлж “попроод” байсан “по” Ганбаа хордож үхчихээгүй юм гэдэг. Нөгөөх эрдсийн гаралтай шороон барьцалдуулагч нь шатдаггүй юм даг уу даа. Одоо алинаар нь хийдгийг бүү мэд. Шалгаж үзэх ёстой.

Нүүрсний хувьд Тавантолгойн уурхай дахь “Энержи ресурс” нүүрс угаах үйлдвэрээс тэнд байрладаг Голландын SGS лабораторийн шинжилгээгээр батлагдсан, дөнгөж угаагдаад нойтноороо гарч буй цоо шинэ нүүрсийг яг доор нь машиндаа тосож ачаад СХД дэх “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрийн хашаанд авчирч буулгаад түлшээ хийдэг байсан. Жилд 350 мянган тонн нүүрсийг хоёр жил тэгж авч хийсэн байдаг нь лав тэр “цэлмэг тэнгэртэй өвөл”-ийн гол түүхий эд яах аргагүй мөн байж. Тэр гоё түүхий эдээ “Энержи ресурс” үнэгүй өгдөг байлаа шүү дээ. Харин одоогийн сайжруулсан түлш хийдэг нүүрсийг овоолгоос авдаг байх гэж хардаад байдаг юм билээ. Түлш, барьцалдуулагчийн хувьд ийм байж. Ингээд тээрэмдээд агаар хүчилтөрөгч дамжуулж сийрэгжүүлж барьцалдуулж боловсруулаад мидленг гэдэг бүтээгдэхүүн ирлээ. Иргэдэд зөв галлаж сургах гэж том ажил боллоо. Ёстой л уулын орой дээрээс дурандаж байгаад асалтын таван минутаас дээш хугацаанд утаа үргэлжилж гарах бүрт хаягаар нь очиж янданг нь хөөлдөг байв. Саяхны мөртлөө итгэмгүй үйл явдлуудыг тэр тусмаа Ковидын хүнд цаг үед даван туулсан шүү дээ, бид.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед Үндэсний хороог өөрөө удирдан үйлдвэр дээр, гэр хороололд, хаана ч хамаагүй зарлан хуралдуулдаг, үүгээр ОБЕГ, МХЕГ, “Тавантолгой түлш” компани, хууль хяналтынхан бүгд тойрч суугаад асуудлаа яриад шуурхай арга хэмжээ авдаг байж. Айлын яндан болгон дээр хэмжилт хийгээд зуух нь нэвтэрсэн бол зуухыг сольж, галлаж чадахгүй байгаа бол галлахыг заагаад, түлшийг нь шинжилж товчхондоо зуух, яндан бүрийг хяналтдаа авч чадсан. Агаарын бохирдлын эсрэг тэр үеийн Ерөнхий сайд “бусад ажлаа яачихсан юм бэ” гэмээр ажиллаж байж монголчуудад цэнхэр, цэлмэг тэнгэрийг үзүүлж” цэвэр агаараар амьсгалуулсан байдаг юм.

Хамгийн гол нь түлшний чанар. Олон улсын чанарын баталгаа өгдөг гадаадын дөрвөн лабораторийг “хуурна, аргална” гэсэн ямар ч ойлголт байхгүй. Тэгээд түүхий нүүрс түлж байгаа эсэх, буруу галлаж байгаа эсэхийг хянадаг тус бүр 200 гаруй айлыг хянах хуваарьтай хяналтын ажилтнуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, шуурхай очиж алдааг засдаг байсан тэр тогтолцоонд амжилтын нууц оршиж байж.

Гэтэл өнөөдөр ямар лабораториуд түлшийг шинжилж байна, ер нь нийслэлийн гэр хорооллын 165 мянган айл өрхүүд чухам юу түлж байгаа, түүхий нүүрс түлсэн бол хэн хянаж, арга хэмжээ авах энэ бүх асуултын хариу бүрхэг байна. Дээр нь Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо ч алга. Ингээд хяналтын тогтолцоо нь алга болчихсон юм байна.
“Тавантолгой түлш” компанийн захирал асан М.Ганбаатар та хэдийгээр ажлаа хүлээлгэж өгсөн ч гэсэн нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө, одоогоор үйлдвэрлэж буй сайжруулсан түлшний барьцалдуулагчийг сэтгүүлчидтэй очоод амтлаад үзээч. Нийслэлчүүд бид яг юу түлээд, юуны утаагаар амьсгалаад байгаагаа мэдмээр байна.

Таван жилийн өмнө, Ковидын хүнд нөхцөлд, ажилгүй, орлогогүй, хатуу хөл хорио тогтоочихсон, бүх зам харгуй хаачихсан үед даарч хөлдөх байтугай үнэгүй түлшээр хангагдаж гэртээ халууцан даван туулж чадсан тэр зөв тогтолцоо, Монгол төрийн том халамжийн жишээг өнөөдөр эргэн дурсахад ийм байна. Яг тэр арга зам руу эргэж очоод, туулсан бүх замналыг давтаж, түлшээ, барьцалдуулагчаа олон улсын лабораторийн стандартад нийцүүлж үйлдвэрлэн, зөв галлагахыг зааж, янданг нь хөөлж, түүхий нүүрсийг халах  хяналтын тогтолцоог нь бүрдүүлэн ажиллавал өмхий утааг арилгаад цэнхэр тэнгэртэй өвөлтэйгээ хавартай золгож болохгүй гэж үү. Утааны эсрэг жагсах, сонсгол хийхээс илүү хамгийн хурдан үр дүнд хүрэх арга бол энэ юм. Тиймээс Үндэсний хороог нэхье, хяналтын тогтолцоо, стандартыг л нэхэцгээе.