ЛАНГУУ ДҮҮРГЭЭД ТЭРНЭЭСЭЭ ИЛҮҮГ НЭХСЭН КЛАУС


Энэ бэсрэг номын ориг нэр нь “Бид сүпэрмаркэтээс илүүг хүсч байсан”. Чехууд сүпэрмаркэт гэдгийг Улаанбаатараар нэг байдаг мухлагуудаас өөрөөр ойлгодог юм байна. Манайхаар бол их дэлгүүр л юм даа. Социалист бүх орнуудын их дэлгүүрүүд мөн ч тарчиг байсан даа. Хамгийн гайгүй бараатай нь Чехословак, Унгар хоёр байсан санагддаг. Гэхдээ өнөөгийн Улаанбаатарын Их дэлгүүрүүдтэй харьцуулахад бараг л хоосон лангуу гэсэн үг дээ. Унгарт хүнсний хангалт гайгүй, Чехословак, Зүүн Германд сайн пиво элбэг, Болгарт жимс жимсгэнэ олдоцтой, Польшид урлаг чөлөөтэй. Социализм байгуулагчдын нэг нийтлэг шинж нь хаана нь ч махны хомсдолтой. Чанартай, загварлаг хувцас хунарыг “дэфицит” гэж нэрлэнэ, энэ нь ховор живэр гэсэн утгатай юм болов уу. Гэхдээ Зүүн Европын орнууд ЗХУ хэмээх том ахтайгаа харьцуулахад баян чинээлэг гэж жигтэйхэн. Чех гутал, румын мебель, болгар салат, польш магнетофон, герман хувцас дэлгүүрт гарахад байшин хэд ороосон оочирт дэлхийн хоёр дахь том эдийн засгийн иргэд алалдан тэмцдэг байв. Далаад оны эхээр Зүүн Германы тусламжаар Улаанбаатарт АПУ ашиглалтанд орон хэдэн төрлийн пиво үйлдвэрлэж эхэлснээсээ нэлээдийг нь Эрхүү, Улаан-Үд хавиар богооноор экспоролдог байлаа. Пиво ачсан монгол богоон ирэхийг хүлээсэн оросууд оочирлож оочирлож хэдэн шил “Боргио” авааад найрлахдаа “Хөгжингүй орны пиво нь хүртэл өөр юмаа” хэмээн хоорондоо шагширалдан шүүрс алддаг байсан гэх.

Октябрийн дараанаас большевизмын алдартай уриа нь “Бид хүн төрлөхтнийг хүчээр жаргуулна” гэж байсан. Зөвлөлтүүд дэлхийн II дайны дараа хүчээр жаргуулах олон оронтой болсныгоо ертөнцөөс тусгаарлан хорьсон. Үүнийг төмөр хөшиг гэдэг. Бараа таваар хүнсний хомсдолоор тэд “жаргах болов”. 1950 оны Зүүн Германы, 1948, 1968 оны Чехасловакийн, 1956, 1968, 1970, 1980 оны Польшийн, 1956 оны Унгарын гэсэн дараалсан олон бослого хөдөлгөөний анхдагч шалтгаан нь чухамдаа бараа таваар хүнсний хомсдол байсан юм. Тэд дайнаас өмнө ингэтлээ хомсдож байгаагүй болохоор мөнхийн өлсгөлөн хүчирхэг гүрний иргэд оросуудаас илүү мэдрэмтгий байсан байх.

1990 онд коммунизм сөнөж, хүйтэн дайн зогссоноор тэд бараа таваараар хахсан “Сүпэрмаркэтууд”-тайгаа дахин золгов. Энэ бол хангалтгүй хэмээн орчин үеийн Чех орны гол реформчдын нэг чанга дуугаар хашгирлаа. Түүнийг Вацлав Клаус гэдэг, энэ бэсрэг номын зохиогч. 1941 онд төрсөн тэрээр өдгөө 77 насыг зоогложээ. Шинэ Чехословак улсын Сангийн сайд, Чех улсын Ерөнхий сайд, Чех улсын Ерөнхийлөгч зэрэг алба хашиж байжээ. Эдийн засагч мэргэжилтэй, профессор цолтой. Уул нь эрдэм номын хүн, шинжлэх ухааны байгууллагад олон жил ажидласан. Тэрээр ердийн социалист эдийн засагчдыг бодвол Өрнөд Европт хэдэн удаа сургалтанд хамрагдаж байсан болохоор аль эрт нүд нь нээгдсэн нэгэн. 1968 оны бослогын дараа нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээлэнгүүдэд цэвэрлэгээ явагджээ. Эдгээр инстүүүцэд ажиллахын тулд намын гишүүн байх ёстой гэсэн шалгуур тавив. Клаус намд элсэхээс татгалзсан учир хүрээлэнгээсээ хөөгдсөн байна. Итгэлгүй хүн гэсэн үг. 

1989 онд Чехословак коммунизмаас салахад Клаус гол толгойлогчдын нэг байсан. Клаус шууд л Сангийн сайд болж социалист эдийн засгийг чөлөөт зах зээлийн тогтолцоонд тайван замаар шилжүүлэх ажлын голыг гүйцэтгэжээ. Тэрээр бүх ард түмнээ хамруулсан тасалбараар хувьчлал явуулж эхний хоёр жилийн дотор 22 мянган аж ахуйн нэгжийг хувьчилсан нь маш амжилттай болж олон түмний талархалыг хүлээсэн. Мөн коммунизмын үед нийгэмчлэн хураасан үйлдвэр заводыг жинхэнэ эздэд нь буцаан олгосны дотор дэлхийд нэрд гарсан Шкода автомашин үйлдвэр, Батя гутлын үйлдвэр багтаж байлаа. 1992 онд Чехословак улс “гэр бүл салахад” үүнийг маш энгийн соёлтой тайван найрамдалтай явуулах ажлыг ч тэр удирдсан. ЗХУ, Югослав, Молдав, Гүрж, Украины жишээн дээрээс харахад ямар аймаар зодоон болдгийг дэлхий харсан. 

Чехийн улс төрийн хүчнүүд доторхи барууны үзэлт бүлгийн толгойлогч тэрээр 1992-1998 онд Ерөнхий сайд байхдаа Чех улсыг НАТО-д элсүүлэх, Европын холбоонд нэгтгэх ажлыг удирдсан. Дараа нь 2003 оноос 10 жилийн турш Ерөнхийлөгчөөр ажиллажээ. 

Өөрийн хүсэж мөрөөдөж байсан ардчилсан нийгэм, зах зээлийн тогтолцоонд улс орноо шилжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн, аюулгүй байдлын найдвартай баталгаа болсон НАТО-д элсүүлэх, төрлөх Европынхоо гэр бүлд эргэж багтах ажиллагааг удирдсан энэхүү баялаг намтартай хүн өнөөдөр Чехийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд тун сэтгэл гонсгор байна. Яагаад? 

Түүний гадаад бодлогын талаархи үзэл их зөрчилтэй. Чехийг НАТО-д элсүүлэхийн төлөө үхэн хатан зүтгэсэн мөртөө тэдний Югославыг бөмбөгдсөн болон Иракт халдсаныг эрс эсэргүүцсэн. Косоваг тусгаар тогтнуулахыг хүлээн зөвшөөрдөггүй. Америкийн сансрын баймбайг Чехэд байрлуулахад дургүйцсэн. Большвизмын эсрэг зартэй тэмцэгч, 1968 онд Варшавын гэрээний орнууд Прагийн хаврыг цусаар дарсныг айхавтар шүүмжлэгч мөртөө өнөөгийн Оросыг үүнд буруутгах дургүй, өнгөрснөө мартаж ирээдүйгээ харъя гэж уриалдаг. Европын нэгдсэн тогоонд чех үндэстний соёл уламжлал заншил холилдон уусахаас их болгоомжилдог. Дэлхийн дулааралд Клаус итгэдэггүй, дулаарлын эсрэг тэмцэнэ хэмээн асар их хөрөнгө зарцуулж буй Европарламентийг тууштай шүүмжилдэг.

Бараа таваарын хомсдол байхгүй болсон, тэрбайтугай илүүдэлтэй байна. Энэ бол чех хүмүүсийн хүсэж байсан зүйл мөн. Гэвч чөлөөт ардчилсан Чех улс, чехийн ард түмэн зөвхөн лангуу дүүрэхийг л хүлээж мөрөөдөж байсан юм биш. Өөрийнхөө төлөө өөрснөө шийдвэр гаргадаг бие даасан Чех улсыг хүсэж байсан. Өөрийн иргэншил, соёл, үндэсний онцлог, зан заншил, уламжлалаа хадгалсан Чех орныг мөрөөдөж байсан. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовдог Чех орон л чех хүмүүст хэрэгтэй. Энэ бол Вацлав Клаусын хүсэл, чухам тийм болж чадаагүйд тэрээр гомдоллож, Чех орныг тийм болгохын төлөө уриалан дуудаад байгаа юм. 

Чехословак улс олон жилийн турш Австрийн эзэнт улсын эрхшээлд байсан. 1918 онд тусгаар тогтносноор одоо л нэг өөртөө эзэн болж бие даах нь гэтэл 1938 онд Гитлер, 1948 онд Сталин, 1968 онд Брежнев чех словак ард түмнийг бие даахыг нь зөвшөөрсөнгүй. Өөрийгөө өөрөө мэдэх гэсэн оролдлого болгон нь харийн танканд бяцлуулж байлаа. Шинэ зуун гарсны дараа Европын холбоонд нэгдэж одоо л нэг бүрэн эрхэт чөлөөт орон боллоо гэж үзжээ. Гэтэл Клаусын үзэж байгаагаар Чех улс өнөөдөр Брюсэлийн эрхшээлд орсон гэнэ. 

Яагаад Вацлав Клаус тэгэж үзэх болсныг энэ номоос уншаарай.

Жич: Би энэ хүнийг хүндэтгэдэг, олон үзэл бодлыг нь дотроо хуваалцдаг. Гэвч түүний улаан фэн биш, зарим санааг нь амихандаа зөвшөөрдөггүй. Харин тэрээр пост коммунист ертөнцийн нэгэн тод томруун бие төлөөлөгч гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.

2019.5.1