ХЯТАДУУД ХЭЗЭЭ ИРЖ ЭЗЛЭХ ВЭ? 

-Ах, мангаа нарын домог-

-Хүнийг таних тусмаа нохойгоо улам хайрлах боллоо, би.

Сократ

    Улс орны тусгаар тогтнол нь эдийн засгийн бие даасан байдал дээр тогтдог бол ХХ зууны БНМАУ нь цэвэр үзэл суртал дээр тогтсон улс байв. Ийм тусгаар тогтнол зөвхөн эзэрхийлэгч гүрнээсээ шууд хараат оронд л байх боломжтой ба бид ч Зөвлөлтийн дагуул улс байлаа. Өнөөдөр ч Донбассын БНУ, Приднестрийн БНУ гээд эдийн засгийн бус бөгөөд Москвагийн дагуул, зөвхөн тэдэндээ л зөвшөөрөгддөг “дан улс төрийн” тусгаар тогтнолийн жишээ ч байсаар.

     БНМАУ нь Кремлийн хараат тусгаар тогтнол болохын хувьд улсын төсвийн 70 хүртэл хувийг Зөвлөлтөөс зээлэх ба оронд нь тал нутагтаа дураараа авирлахыг тэдэнд зөвшөөрч, газар нутгаа цэрэг дайны зорилгоор үнэ төлбөргүй ашиглуулна. Зөвлөлт нурсны дараагаар “Москвад төлөх төсвийн татаасын өр” албан ёсоор хэлэлцэгдэж, тодорхой хувийг төлөөд цайрсан. 

     Харин, газар нутгаа цэрэг дайны зориулалтаар ашиглуулсны төлбөр болон Улаан армийн цэргийн байгууламж, байлдааны сургуулилтаас Монголын байгаль орчинд учруулсан хохирол, иргэдийн сэтгэл санааны хохирол огт яригдаагүй өнгөрсөн. Дашрамд сонирхуулахад, Зөвлөлтийн цэргүүдийн монгол нутагт үйлдсэн гэмт хэргүүд БНМАУ-ын улсын нууцад албан ёсоор хамаардаг байв. Монголын НАХЯ-ны зөвлөх асан Всевлод Радченкогийн дурсан бичснээр, охидоо орос цэрэгт хүчиндүүлсэн айлд хүнсний бараа өгч хохиролыг “цайруулдаг” байсан зэрэг нь гол сэдэв биш тул орхие. (Итгэхгүй байвал “В.Радченко. Главная профессия-разведка” номыг нь уншаарай). 

    Хамгийн гол нь Монголын ард түмэн энэ бүхнийг яагаад тэвчин өнгөрч, тэсвэрлэн давсан бэ, гэдэг сонин. Тэвчин давахыг тушаасан, эс тэвчснийг нь буудан алдаг байсан нь үнэн. Гэхдээ яагаад өнгөрсний шарх ил болсон байхад ч төдийлэн эмзэглэхгүй өнгөрөв гэдэг нь цаанаа учиртай. 

     Манай ард түмэн зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг юм уу гэхээр, үгүй. Талийгаач социализмаа дурсан мэлмэрүүлэх, бүрлээч, Зөвлөлтийг санагалзан эхэр татах зарим хүний байдал нь эцэг эхээсээ хагацахдаа ч ингэж гол нь харлаагүй л болов уу гэмээр. Тэгэхээр маш олон хүний сэтгэлд ер бусын нэгэн “хайр” байсан, одоо ч байсаар байгаа юм байна. Энэ нь алуурчин хүчирхийлэгчийг “өчүүхэн” эерэг үйлдлээр нь хайрлах “Стокхольмын синдром”-аас арай өөр зүйл.

     Монголд өөрийн дэглэмийг тогтоохдоо, Москвагийн ямар ч хүчирхийлэл, дарангуйлал, доромжлолыг эерэгээр хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэлийг хангахаас эхэлжээ. Энэ нь нийгмийн сэтгэл зүйг айдсаар цэнэглэх явдал байв. Хэзээ мөдгүй аймшигт “Мангаа ирээд идэх” гэж байгаад бат итгэж, нийгмээрээ айдаст баригдах ёстой ба түүнээс хамгаалах нэрийн дор юу ч хийсэн зөвшөөрөх нигууртай. 

    Тийм жишээний анхдагчийн нэг нь 1912 оны Орос-Монголын гэрээг хийхээр ирсэн Иван Коростовец. Монголын тусгаар тогтнолд илэрхий ашиггүй саналд эргэлзсэн лам, ноёдыг айлгахын тулд “Ховдын цаанаас маш олон хятад цэрэг ирж яваа гэсэн мэдээ авлаа. Энэ гэрээг зөвшөөрөхгүй бол тэдэндээ эзлэгдээрэй, та нар муусайнууд” хэмээн сүрдүүлсэн явдал. И.Коростовецийг яагаад дурсав гэхээр түүний аравнайлсан энэ Мангаа ХХ зууны турш Монголчуудын зүрхэнд шар ус хуруулж, Зөвлөлтийн хийсэн бүхнийг зөвтгөж байлаа. 

-Москвагийн удирдамжаар Алтан ургийн хэлхээг тасалж, Эзэн Чингисийн удмыг хүйс тэмтрэв. Хариулт нь: Цаана чинь Хятад ирж эзлэх гээд байхад юу яасны алтан ураг!

-Москвагийн өгсөн үүргийн дагуу 30.000 мянган гэмгүй хүнийг буудан алав. Хариулт нь: Тэр яах вэ? Цаана чинь   Хятад ирэх гээд байхад энэ зэргийн юм байх, байх!

- П.Гэндэн, А.Амар гээд төр-засгийн тэргүүнүүдийг нь нам төрийн удирдах дээд олон зуун хүнийг нь Зөвлөлтийн эрүүгийн хуулиар Зөвлөлтөд шийтгэн, цаазлав. Хариулт нь: Хэдэн ерөнхий сайдын амь яах вэ, цаана чинь Хятадууд ирэх гээд байна!

-Бурхан шашныг түйвээн, үндэсний бичиг үсгийг нь устган 700 гаруй сүм хийдийг нураан түймэрдэв. Хариулт нь: Сүм яах вэ, цаана чинь Хятад ирэх гээд байна!

-Бүх хөрөнгийг нь хураан нийгэмчлээд өчүүхэн бага хөлсөөр эзнээр нь маллуулав. Малыг орхивол шийтгэнэ, үрэгдүүлбэл гурав нугалан төлүүлнэ. Хариулт нь: Мал яах вэ? Цаана чинь хятадууд ирэх гээд байна!

-Монголд 100.000 орос цэрэг байрлаж, дураарай авирлана. Хүн буудаж, сурагч охидыг хүчиндэнэ. Хариулт нь: Хүчиндүүлэх яах вэ, цаана чинь Хятад ирэх гээд эднүүс л хамгаалж байна!

-Монголд байгаа оросууд хуучин Африк дахь өрнөдийн колоничлогч цагаан арьстнууд адил тусгай эрх ямбатай. Эрүүгийн хуулиндаа Орос хүнийг гомдоосон тохиолдолд үйлчлэх “Монгол-Зөвлөлтийн найрамдлын эсрэг гэмт хэрэг” гэдэг зүйл ангитай. Монголчуудад олддоггүй ховор нандин бараатай орос дэлгүүрт монгол хүн орох хориотой тул үүдэнд нь талх маасланд горьдон санааширсан дээлтэй ардууд дүүрэн. Учир нь Оросын итгэлийг тусгайлан хүлээсэн ганц нэг Монгол тэнд орох ба заримдаа Монгол хүндээ цөцгийн тос, бялуу мэтийн тансаг хэрэгцээт зүйлс авч өгч туслана. Хариулт нь: Монгол хүн эх орондоо хоёр гуравт эрэмблэгдэх яах вэ, цаана чинь Хятадууд ирэх гээд эд нар л хамгаалж байна! 

    Зөвлөлтүүд ХХ зууны Монголын нутагт юу ч хийсэн, яаж ч дураараа авирласан байг, тэр нь “Хятадаас хамгаалсан” зөвтгөлтэй байв. Ингүүлэхгүй л бол тусгаар тогтнол будаа! Хөөрхий Монголчуудынхаар бол, Оросууд дураараа авирлахын хэрээр л улс орон нь Хятадаас хамгаалагдаж, тусгаар тогтнол нь батжих бөлгөө. 

    Үнэн хэрэгтээ БНМАУ-ын тусгаар тогтнолын нууц нь Монгол-Зөвлөлтийн ах дүүгийн найрамдал төдий биш, Сталины хайрын бэлэг бүүр биш. Жинхэнэ утгаараа ХХ зууны Монголын тусгаар тогтнолын хоёр баганын нэг нь мөнөөх Мангаа нь өөрөө байсан нь сонин. 

   Манай тусгаар тогтнол хүчирхэг хоёр хөршийн ашиг сонирхлын баланс дээр бүрэлдснийг аль 1988 онд Баабар “Бүү март, мартвал сөнөнө” бүтээлдээ логикоор нь хөөж анхлан хэлсэн байдаг. Дундын жийргэвч бүс болсон Монголыг Орос ч авахгүй, Хятад ч авахгүй байх нь тэдний ашиг сонирхлын баланс. Гэхдээ, илүү хүч боломжтой, илүү түрэмгийгээрээ Зөвлөлт нь өөрийн үзэл суртлаа тулгаж байсан хэрэг. Сонирхолтой нь, 2024 оны байдлаар хүчний баланс 1924 оныхоо яг эсрэгээрээ эргээд байна. 

    Зөвлөлт байгаагүй бол БНМАУ байхгүй нь үнэн, бас Хятад байгаагүй бол Монголын тусгаар тогтнол боломжгүй, мөн л үнэн. Ийм учраас “Бүү март”-ын зохиогчийн “Хятад байгаагүй бол бид нар Буриадын хувь заяаг давтаж, Зөвлөлт байгаагүй бол Өвөр Монголын нэг хэсэг болж үлдэх байсан” гэснийг л санаж явууштай.

   1988 онд Зөвлөлтийн улаан армийн 100.000 мянган цэрэг БНМАУ-ыг орхин гарлаа. Тэд л биднийг Хятад ороод ирэхээс нүд цавчихгүй хамгаалж байсан юмсан. Одоо ч оронд нь хэдэн зуун мянган хужаа ороод ирнэ гэтэл байдаггүй ээ. Зуу мянга байтгаа зургаа долуулаа ч хил зөрчсөнгүй.

    Гэтэл, тэрнээсээ ч долоон дор юм болж, 1990-ээд оны эхээр Зөвлөлт улс задран устав. Зөвлөлт л байхгүй бол Хятад биднийг “хапп” гээл үмхээд авах учиртай байсан даа. Гэтэл, Хятадууд аанай л ирж үмхсэнгүй. 

    Ойрмогхноос Орос орон Украйнтай хийсэн дайндаа сульдаж Бээжингээс бүрэн хараат болов. Тодорхой утгаараа бид өмнө талаараа БНХАУ-тай, хойд талаараа БНХАУ-аас эдийн засаг нь бараг бүрэн хамааралтай ОХУ-тай хиллэх болов. Нөгөө, Хятадууд где??? 

Өдгөө Кремльд хандан “танайд их буу, танк өгье. Оронд нь бид Монголыг эзлэнэ” гэдэг саналыг Бээжингээс тавилаа гэхэд, Оросууд “буруу дуулахгүй л бол үгүй гэхээргүй” нөхцөл үүсэв. Аанай л өнөө Хятад нь сэтгэж өгдөггүй ээ. Яасан хөгийн хийморь лундаагүй хужаа гээч вэ, айн? Хэзээ ийм хужаагийн хийморийг үхүүлсэн хужаа байсан бэ? 

Харин бид өнөөдөр “Энэ хятадууд чинь ерөөсөө биднийг эзлэх гээгүй юм биш биз” хэмээн гайхаж эргэлзэхдээ тулаад байна. 

Гэтэл Москва тавиулуудаараа дамжуулан Хятадыг Мангаагаар төлөөлүүлэн айлгасаар л. (Хятадууд үүнд нь нэг их баярлахгүй л байгаа даа. Ямар ч тэнэг байгаад, өөрийг нь Мангаа, цус сорогчоор нь дуудахад баясахгүй. Тэд нэг л юмыг хүлээгээд чимээгүй байгаа нь харин ч сүрдмээр)

-Нарийн царигтай төмөр зам тавиад Хятадад нүүрсээ заръя: Өөр тэр болохгүй. Мангааны Хятад танк чинь нарийн царигаар ороод ирдэг гэж байгаа. 

-Гадаадаас нарийн мэргэжлийн ажиллах хүч оруулж ирж том том бүтээн байгуулалтаа хөдөлгөе: Ёстой болохгүй, хятадууд ороод ирнэ. Хүүхнүүдийг нь хүчиндээд л, хүчиндээд л явчихна гэнэ. 

  Хятадуудад хаана тэгж хүчиндүүлээд хаширчихсныг бүү мэд? Тэгсэн мөртлөө цөмөөрөө ямарч айдасгүй Хятадаар аялна. Өнгөрсөн зууны “Мангаа”-ны зомби нь одоо болтол ийнхүү амьдарсаар. 

-Монголоор Хятад дүүрсэн байна, бушуухан хөөе л гэнэ. Үнэн хэрэгтээ Эрээн, Хөх хот, Бээжинд тэнэж яваа Монголчуудаас олон Хятад Улаанбаатарт үгүй.

Өнөөдөр “Утаа арилбал хятад ороод ирнэ” гэж битүүгээр хэлж байна. Учир нь гаднаас ажиллах хүч, нарийн мэргэжлийн инженерүүд ирж баймаажин шинэ ДЦС, АЦС барих юм. Ингэж гэмээнэ утаа арилна. Тэгэхээр утаа арилбал, тогны хангамж сайжирбал Хятад ороод ирнэ л гэсэн үг шүү дээ.

   Ингэлээ гээд ч Монголчууд Оросыг үзэн яддаг үндэстэн биш хэвээр л байгаа юм даа. Гэвч өнөөдөр “хайран Орос орон”, “Орос ах” хэмээх хүндлэл хэмээн шогширмоор явдлууд өрнөсөөр. Орос бол бидний хөрш. Тэднийг үндэстнийх нь хувьд хүндэлдэгбараг ганц “цагаан арьст биш” улс орон Монгол болж үлдсэн болов уу? Өнөөдөр сүйд болоод байгаа Умарт Солонгос-Оросын сайхан харилцаа эмзэг. Удирдагчийнх нь царай хувьсхийхэд л “конец” болох тийм найрамдал.

   Харин Монгол-Оросынх түүнээс өөр. Багш шавийн холбооноос эхлээд хүн хоорондын харилцааны маш сайхан дурсамж манайханд бий.

   Харамсалтай нь нээлттэй нийгэмд, ХХI зуунд биднийг өнгөрсөн үеийн “Мангаа”-гаар айлган эрхэндээ байлгах хандлага нь өнгөрсөн зууны үлдээсэн сайн сайхан бүхнийг баллаж байна. Ялангуяа, Зөвлөлтөд ач санах үзлээс ангид бойжсон шинэ үеийнхэнд өнөөгийн Кремлийн хандлага, бодлогыг Монголд хэрэгжүүлэгчдийн алхам огтоос таалагдахгүй болжээ. Хүмүүс юмны учрыг мэдээд байх болснийг Москва, Мояа хоёр ухаарахгүй байна. 

    Шинэ үеийнхэн Орос ба Мояа нарын алхмуудыг “Монголыг хагас харвалттай паралич байдалд суумгай үлдээж, хүсснээрээ хөдөлгөсөн хүүхэлдэй байлгах” санаархал хэмээн дүгнэж байна. Тэдний эгнээ тэлсээр...

   Хичнээн дургүй чинь хүрч байсан ч дараахь үгийг тэмдэглээд ав, хэрэг болно: ХХ зууны Монголын тусгаар тогтнолын баталгаа нь Орос байсан. (Бидний хайрыг татсан үнэн) ХХI зууны Монголын тусгаар тогтнолын баталгаа нь Хятад байх болно. (Бидний дургүйг хүргэсэн үнэн)

    Гэхдээ энэ нь Орос ахын орыг Хятад ах эзлэнэ гэсэн үг огт биш. Өнгөрсөн үеийн түүх бидэнд “Хөрштэйгээ дайсан байж болохгүй. Ах дүү байж бүр ч болохгүй” хэмээн сануулсаар бөлгөө. Хятад улс дэлхийн хамгийн сайн хөрш биш, бидэнд хамгийн их туслах улс огт биш, Хятадууд Монгол хүнд хайртай юм ерөөсөө биш. Зүгээр л нэг, зүгээр л нэг, давтан хэлэхэд “зүгээр л нэг” хэвийн харилцаж болох хэвийн хөрш. (Нэг нь ч болов хэвийн хөрш хайрласан Бурхандаа баярлалаа) Хятадууд Монголыг хайрласандаа тусгаар тогтнолыг нь хүндэтгэх юм биш, энэ нь тэдний эрх ашиг учраас л тэр.

-Хүнийг таних тусмаа нохойгоо улам хайрлах боллоо хэмээн өрнийн мэргэд егөөджээ. Харин Монголын шинэ үеийнхэн Оросыг болоод тавиулуудыг нь таних тусмаа Хятадыг улам хүндэтгэх болж байх шиг. Үнэн хэрэгтээ Оросууд л өөрсдөө биднийг өдөр, хоног цаг мөч алгасахгүйгээр Хятад руу түлхэж байна даа. Уг нь бид үүнийг хүсээгүй байсан юм шүү.

  Мояа нартаа аминчлан сануулахад: Хятадууд та нарыг дуугүй хараад байгаа нь та нараас айгаад байгаа гэсэн үг биш. Дуугүй өнгөрөөд байгаа нь Хятадын төр мартамхай гэсэн үг биш. Яах ч үгүй байгаа нь яаж ч чадахгүй байгаа гэсэн үг бүүр биш ээ... Та нарыг хайрласандаа л хэлж байна шүү, ойлгоорой!

2024.12.24