Анхааралтай ажиглаж байна, “Тулга ах” аа!
Сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга, түүний хүмүүс хэлмэгдээд байгаа гэнэ үү. Арай үгүй байлгүй дээ. Эргэлзэх эрхээ алдталаа худалдагдаагүйн учир энэ талаар анхааралтай ажиглаж байж дуугарах нь зүйтэй болов уу. Хэн авлига авч өгч чадах вэ. Эрх мэдэлтэй, хөрөнгө бэлтэй хүмүүс. Гэтэл яагаад ийм хүмүүс л хэлмэгдээд байгаа гэж бодоод байгаа хэрэг вэ.
Сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга, түүний хүмүүс хэлмэгдээд байгаа гэнэ үү. Арай үгүй байлгүй дээ. Эргэлзэх эрхээ алдталаа худалдагдаагүйн учир энэ талаар анхааралтай ажиглаж байж дуугарах нь зүйтэй болов уу. Хэн авлига авч өгч чадах вэ. Эрх мэдэлтэй, хөрөнгө бэлтэй хүмүүс. Гэтэл яагаад ийм хүмүүс л хэлмэгдээд байгаа гэж бодоод байгаа хэрэг вэ. Бүр ЦЕГ-ын даргын суудлыг ганхуулах хүртлээ, Шүүх прокуроруудын ажлыг улс төрийн үүднээс тайлбарлаж хөдөлгөөн зохион байгуулах хүртлээ чадалтай үлддэг хэлмэгдэгч хэд байдаг гэж? Бохь хулгайлсан бүсгүйн хэрэг хэлмэгдлийн жишээгээр дурьдагддаг юм. Тэр ийм чадалтайгаар өөрийгөө хамгаалж, өмөөрч чадахгүй шүү дээ. Тэгэхээр юу юуны туханд хүрэлгүй хэсэг бүлэг сайд асанууд, түүний багийнхныг хэлмэгдүүлчихнэ гэж бодохгүй байна. Тиймээс анхааралтай ажиглая. Үнэхээр Монголын төр нь шулуун шударга зүтгэсэн бүхнээ хэлмэгдүүлээд байгаа бол нэг хэрэг. Их хэмжээний мөнгө зувчуулсан, түүндээ өөрт нь зүтгэж байсан залуусыг татан оролцуулсан нь нотлогдсон, гадны төлөөлөлтэй Сайдын байр сууринаас гарын үсэг зурчихаад, түүнийгээ нуусан нь олон нийтийн өмнө дэлгэгдсэн бол өмөөрөх аргагүй.
Нэгэн үе Х.Баттулга гишүүн шиг олноороо хүрээлүүлсэн хүн ховор байв. Түүнийг Төрийн сайдаар томилох бараг багадаж тун удалгүй Ерөнхий сайд болох “ёстой” гэцгээж байлаа. Сайд Х.Баттулга ч томилогдсонгуутаа хэд хэдэн удаа факталсан ч бараг л өхөөрдөж эр хар ухаанаа “гүйлгэж” барилга, хот байгуулалтын салбарыг авч явж чадах бизнесмэн гэж пиарын баг нь олон нийтэд итгүүлж чадсан. Гэвч Монгол орны сум бүрт, бараг баг бүрт газар хэмжигчээ зоож эх орныхоо газрын хэвлийн цэг бүрийг алган дээрээ тавьсан мэт мэдэрдэг байсан Ж.Наранцацралт гэдэг эрхэм хүн, түүнийг харамсалтайгаар амиа алдсаны дараа богино хугацаанд томилогдсон ч туршлагатай дипломатчийн хувьд ноён нуруугаа алдаагүй, бас цаг хугацаа, орон зай ямархан үлдсэнийг гайхалтай мэдэрч “огцом хөдөлгөөн” хийлгүй байсаар Х.Баттулгад халаагаа өгсөн Ц.Цолмон нарын дараа томилогдсон нарын төрийн “их ухааны” дэргэд тэр хэнсэн билээ.
Гэвч Х.Баттулга өөрийн багаа гайхалтай бүрдүүлж, атгасан шагай шиг цуглуулж чадсан. Өөртэй нь арцалдаад байгаа хүн түүнд хэрэггүй байв. Бас хажуудаа өөрт нь үнэнчээр зүтгэдэг, олон жил Ардчилсан намд гомдолтой явсан МоАХ-ны партизануудаа, мөн олон улсад танигдсан хуульчийг “байршуулж” тэднээрээ чимж аваад эрх мэдлийг бизнес болгон хувиргах ажилдаа орсон юм.
Бараг л тэр үеэс эхлээд төмөр замд цариг гэж байдаг юм байна. Цариг нь өргөн, нарийн гэж хоёр янз байна, аль нь геополитикийн ашигтай болон хортой байх талаар хэвлэлээр зогсоо зайгүй нүдсэний эцэст “нарийн төмөр зам бол хятадын чиг баримжаатай, тэдэнд ашигтай, оросууд тэр нарийн царигт дургүй” гэдгийг эхлээд мэдэж авав. Дараа нь Тавантолгойн ордын нүүрсийг зарахад тэрхүү нарийн царигтай төмөр зам гэгчийг барьж түүгээр зөөвөл алдарт коксжсон нүүрс маань үнэгүйдэх нь, хятадаас өөр түншгүй болж, бусад оронд ялангуяа орос ах нар хялайж ч харахгүй юм байна гэж ойлгов.
Үүнийг бичигч би ч мөн ингэж бичилцэж итгэж, итгүүлэлцэж явсан хүний нэг мөнөөс мөн. Яг энэ үеэс Х.Баттулга сайдаас чухам юу болоод байгааг лавлаж, холбогдох эх сурвалжуудтай уулзаж эхэлсэн. Тэрбээр “Сайд аа” гэхээр “Тулга ахаа” гэхэд болно гэдэг байв. Монгол бөх их л энгийн үзэж байна даа, тэгэхээр амьд өөриймсөг харилцаа үүсдэг байх нь гэсэн сэтгэгдэл, мөн “Сайдын эрх мэдлээс зугтаагүй байж Сайд гэдэг үгээс яагаад цэрвэдэг байна аа” гэх эргэлзээ зэрэг төрж билээ. Түүний дэргэд гайхалтай мундаг хуульч бий. Тэр нь буруу гишгүүлэх зүйл амнаасаа унагахгүй зөвлөдөг, бичиг сачигийн үг, үсэг бүрийг хуульд нийцүүлэн Засгийн газар, УИХ-аар шийдүүлээд байна гэж тэрхүү том газруудын албан бичиг, тоот бүрийг эх сурвалжаа болгож байлаа.
Зиа, энэ үеэс эх оронч ба эх оронч бус улстөрч гэж байдгийг бас мэдэж авав аа. Монголын хамгийн том үндэсний үйлдвэрлэгч MCS гэж бодож явсан групп маань хятадын өрөөр гоёсон, хятад маягийн өргөжин тэлсэн бизнесийн байгууллага төдийгүй төлөөллөө Монголын төрд гүн гүнзгий шургалуулж, үүнийхээ үр нөлөөгөөр бараг л “таалагдсан” тендер болгоноо авчихаад байдгийг ойлгов. Энэ нь ч өнгөрсөн он жилүүдэд олон түмний нүдэн дээр харагдаад байсан дүр зураг л даа. Одоо ч хэвээрээ гэдэгт эргэлздэггүй.
Харин эргэлзээг минь хамгийн их эвдсэн зүйлс төдөлгүй гарч эхэлсэн гэх үү дээ. Эхлээд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа “биеийг нь хамгаалдаг байсан” тэр багаас холдов. Нэгэнтээ “миний бодсоноос өөр хүмүүс байсан...” гэж хэлж байсан тэрбээр тухайн үед бүхнийг олон талаас нь нягтлах цаг болсныг сануулж байсан юм билээ. Түүнийг хамгаалж Х.Баттулга сайд нь хэсэг “гүйсэн” ч Н.Алтанхуягийг яаж гүйцэхэв дээ. Энэ үеэс л Монголын цагдаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ч, сайд асан Х.Баттулга, А.Гансүх, түүний багийнхныг ч шалгаж чаддагаа харуулж олон нийтийн итгэлийг сэргээсэн. Гэтэл “Шинэ төмөр зам” төсөл, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг ярьж, яг нарийвчлалтайгаар тайлбарлаж байсан залуус Б.Батзаяагийн гэх хэрэгт чирэгддэг байгаа. Тэднийг хэрхэн эрж хайж эхэлсэн талаар гайхаж байтал яахын аргагүй гарын үсэг нь гарцаагүй мөн гэхээр “цааснууд” олдов. Өнөөх хятад бол аймаар дайсан, ямх ямхаар орж ирэх гээд байна гэж айлгахын цаана тэд өөрсдөө байсан байвал яах вэ? Тэгж байтал Х.Баттулгын туслах эмэгтэйг хөхүүл хүүхэдтэй байтал эх үрийн хагацал үзүүлж хорилоо, хайрлах сэтгэл алга гээд л донсолгож эхлэв. Бүр “Жудагт Монгол” хөдөлгөөн гэгчийг зохион байгуулж Х.Баттулга гишүүн өөрөө үг хэлж, хэлмэгдлийн тухай дурсан яг л Н.Энхбаярын шалгагдаж, хоригдож эхэлсэн үес нүдний өмнүүр жирэлзээд өнгөрөв.
Энэ хооронд юу болсон бэ гэж үү. Энэ хооронд цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар ид ажлаа хийж байв. Цагдаагийн байгууллага гэдэг маань Засгийн газартаа захирагдах учир Засгийн газар руу нь, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд руу нь дайрахад л Цагдаагийн ерөнхий газрын даргыг түлхэн унагахад амархан аж. Өөрөөр хэлбэл наймаалцахад амархан институцид харьяалагддаг гэх үү дээ. Харин Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын харьяа байгууллага төдийгүй Ерөнхийлөгчийн “хамгаалалтад” шахам байж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт уялдуулан ажилладаг болохоор дарамт шахалт, тохиролцоо, хохиролцооноос арай зайтай болов уу гэж итгэж болохоор байлаа.
Халуухан шалгалтын ид үеэр өмнө нь “Худлаа мэдээлэл” гэж хариулж байсан бүхэн нь үнэн болж, сэжигтэн биш гэж байсан бол сэжигтэн гээд гарын үсэг зурчих жишээний, бас ар араасаа цуврах Хятадын талтай зэрэгцүүлэн гарын үсэг зурсан гэрээнүүдийг ажиглаад л байгаа. Цаашид ч “Тулга ахыг” хэлмэгдүүлэх нь үү, цэвэр тунгалаг шүүлтүүрээр шүүх нь үү анхааралтай ажиглах болно. Тийм ээ, Х.Баттулга бол Сайд байсан уу, “Тулга ах” байсан уу гэдгийг одооноос л бүүр түүрхэн ойлгож байна. Зарим хүн “ядарсан үед нь холдсон, хүн чанаргүй загнаж байна” гэдэг юм ярьдаг. Гэхдээ энэ эрхэмийг арай “ядарсан” гэхгүй байлгүй дээ. Харин задарсан хэрэг илрээд байвал задлахаас яах вэ...!