Хүний мөс чанар жудаг хямралын дээд цэгтээ тулж байна...Цаашид амьдаръя амьд байя гэвээс албинтсан мулгуу авираасаа татгалзаж, өөрийгөө бодох бас олох, таних эрэмбэ рүү чиглэж жинхэнэ хүний мөс чанарын бат бэх жудгийг баримтлах шаардлагатай.

Хүн амьдралаа аварч, өөрийгөө дээдэлж, амь биеэ хамгаалах эрхтэй. Өөрийнхөө заяагдмал төрөлх араншингаар аливаа юмс үзэгдлийг өргөн сэтгэлгээгээр нээж, ур чадвар авьяасаараа бүтээж туурвин хүн гэдгээ нотлох учиртай. 

...” Хүн гэдэг зөвхөн үстэй толгой доторх ганц аяга үл тайлагдах шингэн алт болсон
Үлэмжийн хүчит уураг тархинд нь байнам. Энэ богинохон содон нэр шигээ хүний ид шид багахан эмзэгхэн зайд багтмуй”... Р.Чойном

ХҮН НҮХ биш ХҮН байх учиртай...

Хүмүүнд олон нүх сүв бий л дээ. Тэр нүх, сүв, судал, суваг болгон нь өөр өөрийн онцлогтой бас үүрэгтэй. Тэр нүхнүүд хүнийг эрүүл байх жаргалтай амьдрахад чухал эрхтнүүд юм. 

...Хүн 72 мянган судастай, бүдүүн гэдэсний урт нь л гэхэд 2 метр юм гэнээ...

Орчлонд харанхуй, битүү, онгорхой, мухар, урт, богино янз бүрийн нүх сүв байна. Онгорхой суваг, сүв, нүх болгоныхоо ачаар л хүн амьсгалж, ажиллаж, хөгжиж, урагшилдаг болой. Хүний оюун ухааны 20 хувь эхийн хэвлийд бүрэлдэж, 35 хувь нь удамшиж, 45 хувь нь ахуй орчны нөлөөгөөс аванхайлж 100 хувь болдог юм байна. 

Хүний хэр зиндааны эрдэм чадалтай, сэргэлэн цовоо, сэтгэлгээ оюун илүү тунгалаг байх вэ? гэвэл 

  • Ураг бүрэлдэн хөгжих 20 хувь элтрээгүй цагт гэж хариулна. 

Бас удам судар хүний мөс чанар, ёс жудагтай, өөртөө үнэ цэнэ өгдөг дээд ёсны цар хүрээ нандин зиндаатай вэ? гэдгээс хүн хэн бэ гэдэг нь тодорно.

Ер нь сайн хүн зөв бодолтой, ёс жудагтай, соёлтой, өөдрөг, өөртөө хайртай, өөрийгөө боддог ариун мөн чанартай байх нь хүн эхийн хэвлийд хэрхэн бүрэлдэхээс л үүсэлтэй. 

  • Айсан, сандарсан, тэвдсэн, хүчирхийлсэн үед олдсон хүүхэд зөв хүн болох нь юу л бол?!...

Эр эм хоёрын лагшин тунгалаг, лугшин өег нандин ариун үйлдэл урлагхан болох аваас эцгийн цагаан дусал эхийн улаан бөөм ээнэгшин найрч үелзэн эвлээд, ураг бэхжин бойжиж, хүн төрх рүүгээ өсөн төлжих болой... Ингэж учралдан нийлсэн шингэнээс ХҮН буй болно. 

Ертөнцөд ирэх буюу олдох өдрөө зүдэг нөхцлийн дунд цагаан дусал улаан бөөм таагүй найралдан бүрэлдсэн бол нунж дорой хүн чанарын шүншиггүй хүн төрмой.

Төрөлхийн ааш авир, унаган төрх, өгөгдөл, заяагдмал гэж ярьдаг нь их учир утга агуулгатай философи юм билээ. 

  • Хүний биед 3-14 микро метр нил туяа, 8-30 см цацраг идэвх, 10 герцийн давтамжтай хувьсах цахилгаан орон зай агуулагддаг. 

Бие махбодь, оюун бодол, сэтгэл санаа, сүнс энэ бол хүний дөрвөн багана.

Хүний оюун санаа, зорилго чиглэл, өөрийгөө хүндэтгэх үйлдэл нь сэтгэлгээ, ур чадвар, бахархал зэрэг чанартай байдаг. 

Хүнбурхан гэж их залбирдаг. Угтаа бол “Хүн чанар” л өөрийн чинь бурхан. Хүн өөрийгөө дөвийлгөж “Хүн чанар” бурханаа дээдэлж, үнэ цэнэтэй явах нь хүний мөнхийн эрх юм. Мөнхийн эрхээ дээдэлсэн, бусдын мөнхийн эрхийг хүндэтгэдэг, хохирол золиосын хорон үр тарьдаггүй хүн л ЖИНХЭНЭ ХҮН болой. 

Бусдыг хохироож, золиослож, ухаантай дүр эсгэн, гэгээнтэн төрх агуулсан шимэгч хүн бас байна. Ийм хүн бол төрөлхийн гэм зэмээ чирч ирдэг нь гай...

  • Хүн бүрэлдэх агшны тухай дээр дурдсан даа. Сайн хүн төрдөг шиг муу хүн бас байна. Муу хүнээсээ сайн саруул нь илүү олон байгаасай...

Хүний бүтээсэн эд баялаг хөрөнгөөр хүүдгэнэсэн шимэгчид дэлхийгээр дүүрэн байна. Хүн өөрийгөө олдоггүй, өөртөө итгэдэггүй учраас л тонуулч дээрэмчдийн гар хөл, бууны нохой, боол нь болдог...

Өөрийнхөө чадлаар эд баялгаа бүтээж, сэтгэж, юмс үзэгдлийг олон талаас нь харж аливаад тууштай хандан байнга шинэ байдаг хүн хэзээ ч хоцордоггүй харин ч улам урагшлан гийнэ. 

Төрөлхийн мунхаг, суртаалын тэнэглэл, залхуугийн займарлаас зайгаа барьж холдохгүй бол хүн ХҮН биш СҮГ болно. Бүр нэмнээтэй МАЛ болно. 

Төрөлхийн мунхаг, зэрлэг авиртай хүнийг сохроор шүтэн оройд залах шиг аюул ертөнцөд алга. Мунхаглалаас болж мундахгүй их лай ланчиг, зовлонг хүн төрөлхтөн олон зуун дамжуулан бие биедээ түгээн тараасаар тамаа цайж, махаа идсээр өдий хүрсэн. Энэ бол мунхагуудыг дээдэлж, өөрийгөө золиослосон хайнга хандлагын тусгал шүү дээ!

Хүн дуртай ажлаа хийж, үнэн мөнийг дуурсааж, сайн сайхныг олж, хүндрэл бэрхшээлийг дааж, эрсдэлийг давж чадна гэдэг гайхамшиг. 

Гоо зүй, ёс жудаг, дэг жаяг, зөв суртахуун бол хүний сэтгэлгээний цар хүрээнээс шалтгаална. 

Оюун сэтгэлгээгээрээ ондооших өрсөлдөөн бол хүний хөгжлийн үүдийг нээнэ. Өөрөөсөө урвадаггүй, үнэ цэнээ мэддэг, амьдралд бодитой ханддаг, нугаршгүй байх нь хүний хамгийн зөв шинж чанар юм. 

Хулгайч, худалч, зальтай, залхуу, сайхан, муухай, сайн, муу гэсэн олон янзын түмэн зүйлийн хүн байна. Чухам ямар хүн болох нь оюун сэтгэлгээний тэнхээнээс шалтгаална. Шалтгаангүй юмс үзэгдэл гэж ер үгүй!

Хүн хэдийгээр орох гарах олон нүх сүвтэй ч, хүн ХҮН болохоос биш харанхуй НҮХ биш. 

Хүн яаж төгсөхөө мэдэж болох орчлонд ямар явснаа мартаж үл болмой... 

Ямар явснаасаа зугтах бус зөв буруугаасаа сургамж авч урагшлах учиртай. Хүн өөрийгөө хүндэтгэх нь өөрийгөө үнэлж байгаа хэрэг. Энэ үнэлгээ нь хүний төгөлдөршлийн философи болой.

Аливаа хүн амьдралд, шинжлэхүйн ухаан, улс төр, урлагт хандах философигүй, үзэл санаагүй болох нь бурангуй ааш авирын сүүлнээс чаргууцалдлаа л гэсэн үг. 

Хүн эгэлгүй байх, энгүй уудам сэтгэх шинж чанарыг оюун тархиараа ундраах чадвартай билээ. Хүн өөр хоорондоо ондоо давтагдашгүй бодгаль. Хүний оршин тогтнох, тусгаар байх үнэ цэнэ нь зөвхөн өөрт нь л бий. Ончтой хүнл өөрийнхөө жинхэнэ эзэн нь. Тийм хүн ямагт байгаагаараа байдаг. Том үнэ цэнэ гэдэг чинь энэ. Хүн сайн явбал амьдрал нь сайн сайхнаар жаргаж төгсөнө. Муу явж, муухай сэдэлтэй үргэлжилбэл муу муухайгаар л эцэслэн дуусна. Ямарваа нэгэн бэрхшээлийг саад тотгор, гай зовлон гэж эргэлзэхийн оронд гаргалгаа олж, оновчтой шийдэлд хүрэх нь хүнд байх ёстой увидас бас авьяас юм шүү дээ. 

Сэтгэлгээний доройтлоос гарахгүйгээр хүн хөгжихгүй, хөлжихгүй. Бие биенийхээ мууд дурласан хүйтэн урхаг л хүнийг мөхөөнө. Хүн олдмолоор биш төрөлх суурь чанараараа аливаад ханддаг. 

  • Хүн өөртөө үнэнч, өөрөөсөө илүү хүн бий гэдгийг мэдэж, олж харж түүнтэй зөв өрсөлдөөн үүсгэвэл хөгжинө гэж би бодно... Харин атаархах аваас мөхнө гэж би дургүйцнэ... 
  • Хүн аз жаргалын эрэлчин. Түүнийгээ олох эсэх, буй болгох боломж бүхнийг зөв эргүүлэгт оруулах нь хүний өөрийн чадвар эрдэм болой. Энэ л чанараараа баялгаа бүтээж, бахдан амьдрах нь их үйлс, үйл явц, үнэ цэнэ гэж би харна... 
  • Сайн үйлсийг дэврээж, саруул эрүүл сэтгэж, зөв бурууг ялгаж, салгаж, худал үнэнийг дэнсэлж, сайхан санааг өөгшүүлэн, ярьж, хэлцэж байх нь хүний талбиун өег өгөөмөр ааль зан мөн гэж би үзнэ... Хүн ХҮН болохоос нүХ биш.


2019 оны 11-р сарын 23
Токио хот