ГУРВЫГ ГУЧ БОЛГОЁ
Одоогоос бараг дөрвөн жилийн өмнө. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ид яригдаж байсан үе
Одоогоос бараг дөрвөн жилийн өмнө. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ид яригдаж байсан үе. Уг хуулийн төсөлд сонгуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заалт нэлээд эртнээс орж, энэ ч зүй ёсных гэдэг агуулгаар хандаж байв. Угаасаа дэлхийн улс орнуудад эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцоог хангахын тулд бодлогоор хуульчилж өгдөг. Энэ тухай мэргэжилтнүүд дурдаж, эмэгтэй гишүүд амаа чилтэл ярьж, сэтгүүлч хүүхнүүд ч чамлахааргүй бичив . Гэтэл 2007 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр шиг санагдаж байна, хуулийн төсөл батлагдах үдэш хоёр намын эрчүүд бие биедээ онцгой хайр найртай болов. Болж өгвөл сөргөлдөөд, өөр өөрсдийн суух орон зай руу аятай ч харц шидчихдэггүй эрэгтэй гишүүд нэг нэгнийхээ ширээн дээр очиж хошуу холбоод тун жигтэйхэн. Тийн сүжирсэн нь хүүхнүүд тоогоор түрий барин улс төрд орж ирэх гээд байна хэмээн дургуйлэхснийх. Чин үнэндээ бол намаасаа нэр дэвших эрхээ олж ядаж байхад хүүхнүүд бодлогоор тоо заагаад ороод ирвэл шавар болно гэж болгоомжилсны тусгал. Уг хурал дээр цөөхөн хэдэн эмэгтэй гишүүн зүтгээд зүтгээд ёстой нэг бараагүй дээ. Өмнөх заалтан дээр нь М.Энхсайхан гишүүнийг хажуугийнхаа М.Сономпил гишүүний бил үү кнопыг өмнөөс нь дарчихлаа гэж ирээд л санал хураалт дахиулсан атлаа эмэгтэйчүүдийн квотыг авч хаях дээр эрчүүд хэн ирээгүй байна, түүнийхээ өмнөөс товчлуурыг нь дарж байгаад л тэр заалтыг хасчихаж байв даа. Үүний дараа Б.Мөнхтуяа гишүүн шар нь хөдөлсөндөө нулимс унагах дөхөөд эрчүүддээ хатуу үг хэлж байсныг санаж байна. Ах намын гишүүд ч намынхаа чангахан эмэгтэй гишүүн Т.Гандигийнхаа харцанд ширвүүлээд хоцорсон.
Түүний өмнөхөн манай сонинд сэтгүүлч Р.Дашрэнцэн “Янтгар хатан зарга шүүдэггүй” гэж ирээд хүртэл бичиж байлаа.
Харин бүх хэрэг явдал болоод өнгөрсний дараахан эрхлэгч маань “Сая ч нэг тиймэрхүү явдал болох нь ч болсоон. Дашка хүртэл элдэв янзаар бичээдэхсэн дээ. Одоо эмэгтэй дарга нар маань эмэгтэй улстөрчдөө цуглуулж, нэг уулзалт хий дээ. Гомдолтой байгаа байх. Ярих зүйлийг нь яриул” гэж байж билээ. Үнэхээр ч тэр үед бид намуудын төлөөлөл болсон бүсгүйчүүдийг цуглуулж, эмэгтэйчүүд яагаад улс төрд байх хэрэгтэй талаар хэлэлцүүлэг хийж байв.
Түүнээс хойш хэд хэдэн удаа ийм цуврал хэлэлцүүлгийг хийсэн. Хэдийгээр тухайн үедээ өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн мэт байсан ч ирэх бороонд бэлдсэн бэлтгэл байсныг үгүйсгэхгүй.
2007 оны сүүлийн сарын сүүлчийн өдрүүдэд хийсэн алхмынхаа талаар эрэгтэй улстөрчид “Манайд нэр дэвшүүлчихнэ гэхээр хангалттай боловсон хүчин байхгүй. Эмэгтэй улстөрчид нүдний гэм байна шүү дээ. Гучин хувийн сургаар баахан мөнгөтэй хүүхнүүд намаар дүүрчихсэн” хэмээлдэж байсан билээ. Үнэний хувь байсан л байх. Гэхдээ тэр цагаас хойш дөрвөн жил өнгөрч байна. Олон зүйл өөрчлөгдлөө. Боловсролтой, чадалтай, хүчтэй эмэгтэйчүүд олон болов. Бүсгүйчүүд өөрсдөө чансаажиж, эрэгтэй түшээдэд бүсгүйчүүдийн үнэ цэнэ мэдрэгдэж, нийгэм өөрөө эмэгтэйчүүдийн тэгш оролцоог нэхэж байна. Айл гэрт эрэгтэй, эмэгтэй хүмүүс эн тэнцүү оролцоотой байж, амьдрал дээр аль аль нь адилхан ачаа үүрээд явдаг. Тэгсэн атлаа шийдвэр гаргаж, бодлого тодорхойлох түвшинд болохоор л тэр харьцаа нь навс уначихдаг.
Монгол нэгэнт ардчилсан тогтолцоотой, төлөөллийн парламентын засаглалтай улс хойно ард түмний төлөөлөл, аль нэг хүйсийн төлөөлөл давамгайлах учиргүй.
Хууль тогтоох түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог тэгш байлгана гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш юм. Хэдэн хүүхнүүд л дуртайдаа эсвэл амбицтайдаа ч тэгж дуугараад байгаа хэрэг бус. Аливааг шийдэх шийдвэр нь зөв голч, дүн нуруутай байг гэсэндээ л тэгж байгаа хэрэг шүү дээ. Монголын нийт хүн амын 51.7 хувь нь эмэгтэйчүүд гэж байгаа. Гэтэл парламентын 3.9 хувь нь л эмэгтэйчүүд байна. Парламентын тавь биш, гуч биш ердөө гурваас жаахан илүүд нь нөгөө Монголын хүн амын тал нь болсон эмэгтэй хүйсийн төлөөлөл байна. 1950-1990 онд АИХ-ын депутатуудын дунджаар 23 хувь нь эмэгтэй байсан бол 1990 оноос хойш сонгуулиас сонгуульд буурсаар өдгөө 76 гишүүний гурав нь л эмэгтэй түшээ байна. Олон улсын парламентын холбооноос энэ оны хамгийн сүүлийн байдлаар гаргасан шалгуураар манайх 137 орноос 127дугаарт орж байгаа юм. Хойноосоо л өндөр байр эзэлж байгаа хэрэг шүү дээ. Хамгийн гутамшигтай нь Арабын орнууд, арлын ядуу улсуудтай айлсч байгаа юм. Гэтэл бид бүс нутагтаа төгс ардчилалтай цор ганц улс гээд сурталчлаад л байдаг.
Зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолдох асуудлыг гэхээсээ гадна ер нь айл гэрт тохиолддог аливаа зүйлийг шийдэхэд эмэгтэй хүний нүд, мэдрэмж яах аргагүй дутдаг. Үүнийг эрчүүд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Амьдралын нарийн чимхлүүрийг эмэгтэй хүн шиг мэдэх нь хэд билээ. Энэ нь эмэгтэй хүнийг өөд татаж, дээш гаргах гээд байгаадаа ч биш ерөөсөө л Монгол гэдэг бүлийг догонцуулж дэгдэгнүүлэхгүй шиг тэгш бүрэн авч явахад хаан суудал, хатан ухааныг зэрэгцүүлэх гэснийх, арга билгийг тэнцүүлэхийг чухалчилсан хэрэг юм.
Эцгийн эрхт ёсны нөлөөллөөр явж ирсэн эр, эм хүйсний нийгэм дэх тэгш бус оролцоо улам бүр өөрчлөгдөж байгаа. Скандинав, Европын орнууд төр барих дээд байгууллагадаа эмэгтэйчүүдийнхээ тэгш оролцоог хуулиараа дэмжиж өгснөөр хүүхнүүд 30 хувийн босгоос давж одоо бараг тэн хагас нь болсон. Төрийн гурван өндөрлөг нь гурвуулаа эмэгтэй хүнтэй улс ч байж байна. Дорнын уламжлалаараа эмэгтэй хүнийг босгоны цаана суулгаж ирсэн орнуудад хүртэл үзэл бодол өөрчлөгджээ. Энэтхэгт эмэгтэй хүн Ерөнхийлөгч болж, Зүүн өмнөд Азид эмэгтэй Ерөнхий сайдууд засаглал удирдаж ч байв. Япон хүртэл угсаа залгамжлах хунтайж төрөхгүй байна гээд эмэгтэй хүнээр хаан ширээг залгамжлуулах талаар ярьж эхэлсэн үе ч байв. Саяхан хүртэл эмэгтэй хүн сонгуульд оролцож санал өгөх эрхгүй байсан Африкт байдал тэс өөрөөр эргэсэн. Тэгэхээр нийгмийн ойлголт хаа сайгүй өөрчлөгдөж ирлээ. Ялангуяа хүн төрөлхтний сүүлийн жаранд.
Монголчуудын хувьд ч байдал өөрчлөгдөж байгааг хэлэх хэрэгтэй. Сонгуулийн хуулийг баталж, хүүхнүүдэд халгаатай алхмыг хийсэн цагаас хойш эрэгтэй улстөрчдийн үзэл бодол өөрчлөгдсөн гэдэг нь анзаарагдаж байгаа. Бас улс төрд дуугаа өргөх ёстой гэж боддог эмэгтэйчүүдэд ч сурч боловсорч, өөрсдийгөө бэлдлээ. Хамгийн ололттой нь эмэгтэйчүүд маань аль нэг нам гэдгээрээ ялгарч, салалгүй нэгдэж байгаа нь сайхан харагдаж байгаа юм. МАН-ын, АН-ын, нам бус эмэгтэйчүүд гэж хуваагдалгүй эмэгтэй хүн гэдгээрээ хүчээ нэгтгэх ёстой гэж тэд үзэж байна. Тэртээ тэргүй эмэгтэйчүүд нэр дэвшлээ гэхэд тэгш бус гараан дээр л зогсч байдаг. Уламжлалаараа эмэгтэйчүүдийг хүчгүйдүүлдэг тэр том суурин дээр хүүхнүүдийг хооронд нь өрсөлдүүлчихдэг “сайхан туршлага” ч бий. Гэхдээ дээр хэлсэнчлэн том ололт нь эмэгтэйчүүд өөрсдөө эхний шат дээрээ нэгдэж чаджээ. Одоо хууль тогтоох эрчүүд нь өөрсдөдөө олдох тойргийг харахаасаа илүү том эрх ашгаас нь харж чадвал Монголын эмэгтэйчүүдэд бус Монголын бүх иргэнд тус нь ирэх тэр өөрчлөлтийг хийж чадах юм. Хувь тэнцүүлэх тогтолцоо хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд сайнаар нөлөөлж чаддаг гэж судлаачид үздэг. Ямартай ч манай улс төрийн намууд хувь тэнцүүлэх аргачлалыг Сонгуулийн тогтолцоондоо тусгах санал дээр нэгдсэн байгаа учир ямартай ч эмэгтэйчүүдэд ээлтэй сонгууль болох нь. Одоо яригдаж байгаа төслөөр хувийг нь 15 гэж байгаа ч тэртээ тэргүй нэр дэвшигчдийн ийм хувь нь эмэгтэйчүүд байна. Тиймээс хувь дээр эргэлзэлгүй хасуулсан 30 хувиа л ярих ёстой юм. Тэгээд ч Мянганы хөгжлийн зорилтод хүлээсэн үүргийн дагуу 30 хувийг бид хуульчлах ёстой. Олон улсын өмнө хүрээсэн үүргээ биелүүлэх хугацаа 2015 он учраас одоо амжихгүй бол чадахгүйд хүрнэ. Гурван хувийг гуч болгоё.
DR UROLOGIST
Зочин
зочин
зочин
Dyuo
ббб
Зочин
Зочин
tenegtene biz
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ajaa taij
ББ
зочин
Зочин
zochin
wow
Зочин
delgermaa
Зочин
Зочин
Зочин
Zov
Zov