Нийгмийн “ДУНДЧУУД” гэж хэн бэ?
“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэх асуудал хөндсөн цуврал
Нийгмийн ядуурлыг урт хугацаандаа эцэс болгож, дундчуудын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар тэгш боломж бүхий орлогын ялгаа багатай дундаж болон чинээлэг дундчуудын давхарга давамгайлсан, эрх тэгш нийгмийг төлөвшүүлэх асуудал Монгол Улсын 2030 он хүртэлх нийгмийн тогтвортой хөгжлийн гол сорилт болж байна.
Тэгвэл нийгмийн дундаж анги, дундаж давхарга, дундчууд гэж ер нь хэн бэ? Тэд яагаад нийгмийн тогтвортой хөгжлийн баталгаа, нийгмийн гол хөдөлгөгч хүч болох учиртай вэ? гэх мэт олон асуудал гарч ирнэ.
Социологийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг, Германы философич Макс Веберийн тодорхойлсноор “Дундаж анги” гэдэг бол нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаараа ажилчин анги, дээд ангийн хооронд буюу орчин цагийн нийгмийн төвд оршдог бүлэг хүмүүсийг ойлгож болно.
Веберийнхээр нийгмийн баялагийн тэгш бус хуваарилалт нь “амьдралын боломж”-ийг хүмүүст тэгш бус олгосноор ангиуд бүрэлдэх бөгөөд тэд зах зээлд эзлэх байр сууриараа өөр хоорондоо ялгагддаг, өрсөлдөж байдаг байна. Үүгээрээ Марксын ангийн онолоос өөр байдаг бол түүнийхээр боловсролын түвшин нийгмийн бүлгийг тодорхойлоход чухал үүрэгтэй байдаг байна. Мөн тэдний шашинд хандах хандлага, соёлын түвшин ч өөр өөр байдаг аж.
“Дундаж анги” хэмээх орчин цагийн нэр томъёог 1913 онд Их Британийн статистикч Т.Н.С.Стивенсон анх хэрэглэж, энэ ангид хамаарах мэргэжилтэн, мененжер, төрийн албан хаагчдыг “нийгмийн капитал” хэмээн үнэлж байсан байна.
Капитализмын эхэн үед “дундаж анги” гэж хөрөнгөтөн, тэр дотроо жижиг хөрөнгөтнүүдийг ойлгодог байсан бол санхүүгийн капитализм хөгжихийн хирээр энэ нэр томъёо хөрөнгөтөн гэсэн нэр томъёоноос улам холдож, өнөө үед мэргэжилтнүүд, хөдөлмөрийн аристократууд буюу мененжерүүд гэх мэт“цагаан захтнууд”-ыг голчилон хамруулсан ойлголт болон хувирчээ.
Дундаж ангийн хамрах хүрээ нь өнөө цагт тэдний хүртэж буй нийгмийн баялагийн хэмжээ, эзэмшсэн боловсрол, мэргэшлийн түвшин, хүмүүжлийн орчин болон нийгмийн байр суурь, амьдралын хэв маяг, биеэ авч явах байдал, зан үйл, хүрээлэн буй анд нөхөд, соёлын нэгдмэл байдал, тэр байтугай хэл ярианы өвөрмөц хэв маягаар тодорхойлогдох болсон байна.
Мэдээж энэ нь улс орон бүрт харилцан адилгүй байна. Тухайлбал, Их Британид амьдралын хэв маягаар нийгмийн байр суурийг тодорхойлохдоо нийгмийн баялагтай шууд харьцуулан үзэх явдал АНУ-тай харьцуулахад түүхэн үүднээс өндөр байдаг ч гэсэн төгссөн сургууль, анд нөхөд, танилуудын хүрээлэл, тэр байтугай англи хэлний аялага дуудлага (U English гэх мэт) хүртэл тодорхойлогч байр суурьтай биш байдаг байна. Энэ ч үүднээс ажилчин ангийн хөдөлгөөнөөс үүсэлтэй Их Британийн Хөдөлмөрийн нам хүртэл 1990 оны сүүлчээр Тони Блэйрийн удирлага дор дундчуудын санал, дуу хоолойг татахын төлөө Консервативчуудтайгаа өрсөлдөх болсон байна. 2011 оны судалгаагаар Их Британийн хүн амын дөрөвний гурав нь өөрсдийгөө дундчууд гэж үзэх болсон байна.
АНУ-д ч ХХ Зууны сүүлийн жилүүдэд хүн амын олонхи нь өөрсдийгөө дундаж ангид хамааруулж, ажилчдаас ялгагдах дээд анги хэмээн өөрсдийгөө үзэх болсон байна. Тэд нийгмийн дундчуудын нөхөн үйлдвэрлэлийн бодлогыг хатуу хэрэгжүүлж чадаж байгаа гэж хэлж болно. Үүндээ дундаж ангийн хүүхдүүдийг амжилттай иргэд болгон төлөвшүүлэхийн тулд Америкийн дундаж ангийнханд зориулсан боловсролд тулгуурласан бүрэл бүтэн тогтолцоог бий болгож чадсан байна. Тэд өөрсдийнхөө хөрөнгө зоорийг үр хүүхдүүдийнхээ амжилттай суралцаж, боловсролтой иргэн болоход нь эн тэргүүн зарцуулдаг болжээ.
Эртний марксистуудын хувьд ангийн үзэл санааны үүднээс дундчуудыг ажилчин ангиас дээгүүр хөрөнгөтөн, аристократууд хэмээн үздэг байсан бөгөөд ХХ зууны сүүлийн хагасаас эхлэн хөлсний хөдөлмөр ашигладаггүй жижиг хөрөнгөтнүүд, хөдөлмөрийн менежерүүд, түрээсийн фермерүүдийг хөрөнгөтөн болон ажилчин ангийн дундах “дундаж анги” гэж үзэх болсон байна. Тухайлбал, Америкийн марксист Барбара Эренрайх /Barbara Ehrenreichs/ 1977 онд АНУ-д үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчилдөггүй боловч оюуны хөлсний хөдөлмөр эрхлэгч нийгмийн бүлэг байна гээд тэдгээрийг “мэрэгжлийн удирдагч анги” хэмээн нэрлэжээ. Тэд дээд боловсрол эзэмшснээрээ бусад анги, бүлгээс ялгагдах бөгөөд тэд голдуу эрдэмтэд, багш, инженер, нийгмийн ажилтан, менежерүүд байдаг гэжээ.
Дундаж давхаргыг ийнхүү нийгэмд гүйцэтгэж буй үүргээр нь “дундаж анги” хэмээн гүн ухаантнууд, социологчид, улс төр судлаачид тодорхойлохоос гадна тэдгээрийн олж буй орлого, авч буй цалин, урамшуулалаар нь “дундаж давхарга”, “дундчууд” хэмээн тодорхойлох явдал илүү түгээмэл болж байна. Энэ ойлголтыг эдийн засагчид, нийгмийн судлаачид, ажилтнууд илүүтэй хэрэглэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын эргэлтэд оруулж байх шиг байгаа юм.
Өнөөг хүртэл дэлхий нийтэд “дундаж давхарга”, “дундчууд”-ыг тодорхойлсон албан ёсны нэгдсэн тодорхойлолт, хэмжүүр байхгүй, улс бүр өөр өөрийн онцлог байдлаар тодорхойлж, хэмжсээр иржээ. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хувьд дундаж давхаргыг тодорхойлох орлогын түвшин ч харилцан адилгүй байсаар байна.
2014 онд хийсэн “Дундаж орлоготой орны дундаж орлоготой хүн амын бүлгийн шинжилгээ: МОНГОЛ УЛСЫН ЖИШЭЭ” судалгаанаас үзсэн ч нилээд олон судлаачид дундаж давхаргынхан гэж хэн бэ? гэдэгт хариулт өгөхийн тулд “Орлогын түвшин” эсвэл “Орлого/Хэрэглээний тархалт”-аас хамаарсан хэмжээсийг ашигладаг байна. Уг судалгаанд ашигласан 2008, 2010 онуудад хөгжиж байгаа орнуудын тоо мэдээлэлд шинжилгээ хийсэн Н.Бирдсал[1]-ын үзэж байгаагаар нэг хүнд ногдох өдрийн орлого нь дор хаяж 10 ам.доллар, эсвэл тухайн улсын орлогын тархалт 95 персентайл байхын бол дэлхийн улс орнуудын хувьд тухайн улсын хүн амыг “Дундаж давхарга” /Middle Class/-д тооцдог байна. Эндээс үзэхэд, “анги”, “давхарга” гэсэн ойлголтыг ялгаж салган ойлгох тал дээр учир дутагдалтай байдал бас л ажиглагдаж байгаа юм.
Та бидний сайн мэдэх “The Economist” сэтгүүл “Хөгжиж буй орнуудын хурдан өсөлтийн үр дүнд дэлхийн хүн амын талаас илүү хувь нь дундаж ангид хамаарах боллоо” хэмээн 2009 онд зарласан. Уг сэтгүүлийн үзснээр “дундаж анги” гэдэг бол зөвхөн хүнс болон орон сууц, байрны зардлаас гадна зардлынхаа гуравны нэгийг бусад зүйлд зарцуулах орлогын чадвартай хүмүүс хэмээн тодорхойлсон байна. Ингэснээр олон талын орлоготой хүмүүс чанартай бараа худалдан авч, эмнэлэгийн сайн үйлчилгээнд хамрагдаж, хүүхдүүдийнхээ сургалтын хэрэгцээг хангаж чаддаг байна. Шинэ дундаж ангийн ихэнхи нь хөгжингүй орнуудын дундаж ангитай харьцуулахад мөнгөн орлогоороо тэдэнд хүрдэггүй ч гэсэн тооны хувьд, ялангуяа Ази тивд тэднээс хавьгүй олон болж өссөн байна. Учир нь хөгжиж буй орнуудад дундаж ангийн тоо зүгээр нэг өсөөгүй, тэсрэлт маягаар өсөлт нь явагдаж байна хэмээн “Экономист” үзсэн байдаг.
Эдийн засгийн эрчимтэй өсөлт, хурдацтай хотжилт, олон улсын худалдааны цар хүрээний тэлэлт, үйлдвэрийн зарчимд шилжсэн хөдөө аж ахуйн фермерүүдийн шинэ хөгжлийн хандлага, аж үйлдвэрийн бүтээмжийн өсөлт зэргийн үндсэн дээр хөгжиж буй орнуудын хүн амын цалин, хөлсний өсөлт хөгжингүй орны түвшинд дөхөж очсноор хүн амын нилээд хэсэг нь ядуурлаас гарч, дундчуудын эгнээнд шилжсээр байна. Тухайлбал, Хятад улсад 1990-2005 оны хооронд нийгмийн дундчуудын тоо хүн амын 15%-аас 62% болтлоо өссөн бол өнөөдөр Энэтхэн энэ түвшинд хүрээд байна.
“Экономист” сэтгүүлийн урьдчилан харж байгаагаар ядуурлын шугмыг даваж гарах энэ үйл явц хэдэн арван жил үргэлжлэх бөгөөд 2030 он хүртэл дундаж ангийн тоо, нийгэмд тэдний эзлэх хувийн жин тасралтгүй өсөх ажээ.
Эдийн засгийн өсөлтөөр нөхцөлдсөн түгээмэл дундаж ангийн төлөвшил нь нийгмийн тогтвортой хөгжлийн баталгаа, түүний хөдөлгөгч хүч нь болж өгнө хэмээн эрдэмтэд үзэж байна.
Үүний нэг батлагаа нь НҮБ саяхан гаргасан “World Happiness Report 2017” тайлан гэж хэлж болно. Судалгааг маш олон хүчин зүйл тухайлбал, эмнэлгийн халамж үйлчилгээ авах боломж нөхцөл, эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, ажлын байрны аюулгүй байдал, улс төрийн эрх чөлөө, авилгын түвшин зэргийг харьцуулан гаргадаг.
Энэ жил Норвегичууд жагсаалтыг тэргүүлж, Даничууд аман хүзүүдсэн байна. НҮБ дэлхийн улс орнуудын дунд аз жаргалын судалгааг 2012 оноос явуулж эхэлсэн бөгөөд Дани улс хоёронтоо дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтыг тэргүүлж байсан. Энэ удаа Исланд 3, Финланд 5, Швед 10-т оржээ. 155 орны иргэдийн дунд явуулсан судалгааны тайлангаасхарахад хүн амын дийлэнхи олонхи нь нийгмийн дундчууд байдаг Умардын орнууд, түүний дотор Швед, Норвеги, Дани, Финланд, Исландын хөгжлийн загварын онцлог давуу тал эдгээр орнууд аз жаргалын индексээр дэлхийд эхний 10-т бүгд багтаж байгаагаар нотлогдох шиг болж байна.
Судалгааг явуулсан Колумбын их сургуулийн профессор Жеффри Сакс “Иргэдийнхээ амьдралыг сайн сайхан, аз жаргалтай байлгах нь улс орон бүрийн зорилго байх ёстой” хэмээн хэлсэн байдаг.
Аз жаргалтай Дани орны 39 настай, жирийн нэгэн дундаж иргэн Кнуд Кристенсен гэгч “Бидэнд санаа зовох зүйл огт байдаггүй. Хэрэв бид ямар нэг зүйлд санаа зовдог бол тэр нь цаг агаар л байх. Өнөөдөр бороотой, дүнсгэр өдөр болох болов уу? Эсвэл нар гарах болов уу? гэдэг талаар л хүмүүс голдуу ярилцдаг” гэжээ. Үүнээс харахад дундчууд давамгайласан нийгэмд олон нийтийг бухимдуулсан эдийн засаг, улс төрийн болон нийгмийн тулгамдсан асуудал, санаа зовох зүйл үнэндээ байдаггүй аж.
Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр монголчууд бидний хувьд дундчууд гэж хэнийг хэлэх талаар маргах нь чухал биш, аз жаргалаа мэдэрсэн дундчууд хүн амын дотор давамгайлсан нийгмийг төлөвшүүлэх нь чухал зорилт болж байна.
Дундчууд давамгайлсан нийгэмд энэ давхарга нь тухайн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд илүү их нөлөөтэйн зэрэгцээ улс төрийн тогтвортой байдал, улмаар улс орны тогтортой хөгжлийн баталгаа нь болж байдаг байна.
Доктор (Ph.D.), Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Б.ЭНХМАНДАХ
2017 оны 3 дугаар сарын 22
Улаанбаатар хот
[1] Birdsall, N. (2010). The (Indispensable) Middle Class: Or, Why it’s the Rich and the Rest, not the Poor and the Rest. Working Paper 207, Center for Global Development, Washington DC.