Хоёронтаа гэрэлтсэн...
Би түүний бишрэн шүтэгч, хайрлан дагалдагчийн нэг байсангүй.
Би түүний бишрэн шүтэгч, хайрлан дагалдагчийн нэг байсангүй. Гэхдээ түүнийг хүндэтгэн хүлээн зөвшөөрөгч байсаан. Тийм болохоор түүнийг таньдаг байх нь нэр төрийн хэрэг гэж үздэг ч нөхөрлөн дотносвоос амьд явсны хэрэг бүтнэ гэж бас бодон ойртож дотносохыг мэрийдэггүй байлаа. Ер нь бурхан байж байх нь л чухал болохоос тэрэнтэй хамт байж харагдах нь чухал биш гэдэг логикгэх үү дээ.
Бүхий л монголчуудынхаа нэгэн адил түүнийг би танихаас гадна, тэрбээр намайг таньдаг, тааралдахдаа“чи өнөө шог могоо хийгээл...” гэж мэндэлдэг байсан нь миний сэтгэлийг бүрнээ дүүргэх бөлгөө. Өөрт маань хангалттай бөгөөд нэр төрийн хэрэг байсан харилцаа маань энэ бөгөөд надад “бурхан намайг биечлэн таньдаг” байх хэрийн бахархал төрүүлдэг асан.
Түүнийг үндэсний бөхийн их аварга, монгол наадмын хаан явсан үеэр нь олон хүн дурсаж байгаа. Мэдээж тэр эргэлзээн үгүй монгол бөхийн нэгэн гайхамшиг байсан.
Харин түүнийг би монгол үндэстний сэргэн мандалтын бэлгэдэл болон хоёронтоо гэрэлтснээр нь дурсан сананам.
ХХ зуун эхнээс бадрааж эхэлсэн монгол орны тусгаар тогтнол, сэргэн мандлын үйл хэрэг 1960-аад онд амьд биелэлээ олсон юм. Сэргэж байгаа үндэстэн андашгүй, залуус нь гоё, нүүрэндээ итгэлтэй болоод эхэлдэг юм. Монголчууд яг тэгж эхэлжээ.
Хорь гучаад оны аллага хядлагын шарх илааршиж, хүн ам эрүүлжин, нийтээр бичиг үсэг тайлагдажүндэстний нүүр царай өөрчлөгдлөө. Гамшиг дүүрэн зудыг даваад ногоотой залгаж, мал сүргийнх нь үс зүс сэргэж, юу болоод өнгөрснийг мартагнуулж, хүний сэтгэлд морь бөх бодогдоод эхэлдэг үе шиг л цаг ирсэн хэрэг.
Дэлхийн коммунист дэглэмийг түр гэсгээсэн “Хрушевийн дулаарал” ч нөлөөлсөнбайдаг.
Монголчууд улс гэдгээ мэдэрч, сэргээн мандах зөн нь сэрлээ. Зуун зууны тэртээх их гүрний үеийнх нь бяр амтагдах шиг болсон юм. Утга зохиол, урлаг хүртэл сэргэн амилж, ХХ зууны топ зохиолч, уран бүтээлчид энэ зурвас дээр амилсан.Өнөөгийнмонгол дууны оргилыг тодорхойлдог “Жар далаад оны нийтийн дуу” гэдэг нэршил ч үүнтэй холбоотой.
Энэ мандал бадралын оргил нь 1968 онд Мехикогийн олимпоос монголчуудын авсан анхны олимпийн медаль болох анхнs мөнгөн медаль байлаа. Түүнийг улс үндэстнийхээ өмнөөс энгэртээ зүүсэн хүн бол Ж.Мөнхбат.Энэ медаль нь монголчуудад шинэ урам өгч “Түмний нэг” киноны Чимид хархүүгийн “Манайх чинь улс шиг улс мөн үү” гэсэн асуултад “тиймээ” гэсэнхариулт өгсөн юмаа. (1961 онд БНМАУ-г дэлхий дахин хүлээн зөвшөөрч НҮБ-д элсүүлсэн жил тэрээр үндэсний бөхийн заан цол хүртэж байсан аж).
Монгол байсныг, монгол байгааг, монгол гэж байхыг хорвоо дэлхий эргэн санасан нь энэ. Ардын хувьсгал, хөрөнгө хураалт, нийгэмчлэл гээд олон ээдрээн дунд эргэлзээ болж хувирсан тусгаар тогтнол, үндэсний сэргэн мандлын үзэл санаа “НҮБ-д элссэн ба Олимпийн медаль”-аар эргэн амилсан хэрэг. Хүн төрөлхтөн хоёрхон талбар дээр л бие биенийхээ оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөг байсан нь их улс төр ба их спорт бөлөөг. Монголчууд НҮБ-д элсч, олимпид оролцон медаль авч эхэлсэн нь энэ хоёр зөвшөөрлийн баталгаа байсан хэрэг.Энэ баталгааны нэгийг энгэртээ зүүж ирсэн бол бол анхны олимпийн медальтан Ж.Мөнхбат аварга байлаа.
Харамсалтай нь, социализм эргэн хүйтрэхэд үндэсний сэргэн мандлын үзэл санааны гал царцан хөшиж эхэлсэн бөгөөд тэрхүү улс төрийн намар нь “сэхээтний төөрөгдөл”, “ намын эсрэг бүлэг” хэмээх операциуд болон үргэлжилсэн билээ.
Хөшин царцсан үндэсниймандал бадралын үзэл санаа 1980-аад оны сүүлчээр гэсэн дүрэлзэж эхэллээ.Монголчууд ардчилсан хувьсгалын босгон дээр ирлээ. Нийгмээ дорвитой өөрчлөх үзэл санаа хавтгайдаа байсан юм, уг нь. Даанч жараад оны улс төрийн дулаарлыг царцаасан хүйтрэлт, хувьсгалт хүчирхийллийн аниагүй шарх нь олон түмнийг айлгаж байлаа. Тийм учраас хүмүүс ардчиллын залууст итгэж ядан, түүнээсээ болоод дэмжиж ядан байсан цаг.
Гэтэл 1990 оны нэгдүгээр сарын тэсгим хүйтэн өдөр ардчилал нэхсэн залуусын цуглааны индэрт олны танил нэгэн эрхэм хүн санаандгүй гарч ирлээ. Тэр хүн бол тэртээ жараад онд анхны олимпийн медалыг эх орондоо авчиря, үндэсний мандал бадралын галыг асаалцаж байсан Ж.Мөнхбат аварга байлаа.
Цуглаанд жирийн иргэний хувьд оролцож явсан тэрээр “Ардчилсан холбооны энэ залууст байр өгөх хэрэгтэй” гэж хэлээд буусан юм. Энэ нь Ардчилсан холбоог оофистой болгох төдий санаа биш, түүний оршин тогтнолыг хүлээн зөвшөөрөх, олон үзэл санаа монгол газар зэрэгцэн оршихтэй эвлэрэхийг эрх баригч дэглэмээс шаардсан хэрэг байлаа.
Үндэстний бахархал болсон хүнийх нь энэ үг монголчуудадитгэл өглөө. Ард түмэн шинэ цагийн үйл хэргийг айлгүйгээр дэмжих иргэний зоригийг тэндээс олж “Мөөеө аварга дэмжиж байгаа юм чинь, ардчиллынхныг дэмжихэд айх юмгүй юм байна” гэж олон хүний санаа шулуудсан гэдэг.
Тэрээр ийнхүү, хорь гаруй жилийн дараа үндэстнийхээ итгэл найдварыг дахин сэрээж, шинэ цаг үеийг дуудалцсан нь энэ.
Харин тэрээр саяхан хорвоогийн мөнх бусыг үзүүлэн оджээ.
Олон хүн түүнийг нас барсанд гашуудан дурсаж байгаа. Харин би түүнийг монголын хээр талд төрсөн явдлыг, үндэстний сүлд хийморь болон амьдарсан явдлыг нь хүндэтгэж суунам.
Хөх тэнгэрөнгийж, хөрс газар цэлийсээр байгаа цагт, үндэстний цог хийморь болсон гайхамшигт хөвүүд, охид мэндэлсээр байх буйзаа...