ХИЙН ХООЛОЙ БОДИТ АЖИЛ БОЛЖ МАГАДГҮЙ БАЙНА
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчилж, Дорнын эдийн засгийн чуулганд оролцсоныхоо дараа БНХАУ-д хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дайруулахыг судлах үүргийг холбогдох хүмүүст өгсөн тухай мэдээ хэвлэлд гарсан. Энэ мэдээллийн талаар Монгол Улсаас ОХУ-д сууж асан Элчин сайд Л.Хангайтай ярилцлаа.
Асуулт: Та Монгол, Орос, Хятадыг холбосон эдийн засгийн коридор, хийн хоолойн талаар нилээд бичдэг, ярьдаг. Эхлээд хийн хоолойн талаар ярилцъя. Энэ ажил хир зэрэг урагштай байна?
Хариулт: ОХУ-аас Монголоор дайруулан БНХАУ руу хийн хоолой тавих асуудлыг манайх хоёр хөршдөө нилээд эртнээс ярьж эхэлсэн. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч энэ талаар хоёр хөршийн тэргүүн нартай уулзах бүрийдээ тууштай хөндөх болсноор тодорхой ахиц гарч бодит ажил болох эхний алхмууд хийгдэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 9 дүгээр сард манай оронд айлчилж, Владивосток хотноо болдог Дорнын эдийн засгийн чуулганд оролцсоныхоо дараагаар буюу 9 дүгээр сарын 9-нд байгалийн хий олборлон борлуулдаг “Газпром” компанийхаа тэргүүн А.Миллерт Монголоор дайруулан Хятадад хий нийлүүлэх асуудлыг судлахыг үүрэг болголоо. Манай нутгаар дамжуулан ОХУ-аас хий авах асуудлыг судална гэдгээ Хятадын тал ч бас илэрхийлээд байгаа. Ер нь Монголоор хийн хоолой тавих асуудлыг ярих нь цаг үеэ олсон ажил гэж бодож болно. Яагаад гэвэл ОХУ-ын хувьд янз бүрийн хориг саадаас болоод Европын орнуудад хий нийлүүлэхэд хүндрэлтэй учрах болсон, нөгөө талаар Хятадын хувьд эдийн засгийн эрчимтэй өсөлт, байгаль орчны асуудлаас болоод хийн хэрэгцээ огцом өсч байна.
Асуулт: Оросын аль хэсгээс манай улсын хаагуур хоолой барих талаар тогтсон зүйл бий юу?
Хариулт: Путин Ерөнхийлөгч Эрхүү муж, Красноярскийн хязгаар эсхүл Ямалд байдаг ордын алинаас хоолой татахаар байна гэдгийг судалжүзэхийг А.Миллерт үүрэг болгоно лээ. Хэрэв Красноярск муж, Ямалаас хий нийлүүлэх бол хоолой Монгол орны баруун хэсгээр тавигдах байх. Харин Эрхүү хотоос хойш ердөө 400 гаруй километрийн цаана байдаг Ковыктагийн ордоос хий нийлүүлэх юм бол харьцангуй дөт, тэр хэмжээгээрээ хямд болоод хурдан баригдаж таарна. Ковыктагийн ордоос Монголыг дайруулан Бээжингийн район хүртэл хоолой барих урьдчилсан тооцоог бүр 2000оны эхээр тухайн үед уг ордын лицензийг эзэмшиж байсан “Русиа петролиум” компани хийсэн байдаг. Жилдээ 25 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай хоолойн Монголын нутгаар өнгөрөх хэсгийг (1050 км) 3 жилд, хий шахдаг компрессорын 8 станцыг 4 жилд барих юм билээ. Барилгын ажлын оргил үед 3700 хүн, барьж дууссаны дараа 1354 хүн ажиллана гэх мэтээр нарийн тооцоо хийсэн байдаг. Монголын баруун хэсгээр баригдах маршрутыг бодвол энэ нь төмөр зам болон авто замын дагуу голдуу тал хээрийн нутгаар өнгөрөх тул харьцангуй зардал багатайн дээр хурдан барих боломжтой. Гэхдээ хаанаас хоолой татахаа оросын тал ордуудын нөөц болон бусад хүчин зүйлийг тооцсоны үндсэн дээр тодорхойлох биз. Манайд ойр Ковыктагийн ордын нөөц 2 их наяд шоо метр. Жилд 25 тэрбум шоо метр олборлоно гэвэл 80 жил ашиглана, нөгөө талаар энэ онд барьж дуусган ашиглалтад өгөх гэж байгаа “Сила Сибири” гэдэг хоолойд алсдаа хий нийлүүлж магадгүй гэж байгаа юм билээ. Гэтэл баруун Сибирьт байдаг Ямалын ордын нөөц үнэхээрийн агуу-26,5 их наяд шоо метр. Бас тэгээд хоолой барих маршрутын дагуух бүс нутгийн хөгжлийн асуудлыг бодож таарна.
Асуулт: Хий дамжуулах хоолой барих асуудлыг Орос, Хятадын тал судалж эхлэх юмбайна. Тэгэхээр манайд ямар байгууллага энэ асуудлыг хариуцаж байна вэ?
Хариулт: 20-иод жилийн өмнө манайхаар дайруулах хийн болон нефтийн хоолой барих асуудлыг тухайн үеийн Газрын тосны хэрэг эрхлэх газарт хариуцуулж байсан байдаг. Одоо олон талаас нь бодож зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Ямар нэгэн агентлаг, яамны хийх ажил биш гэж бодож байна. Хийн хоолой барина гэдэг бол бизнес төсөл. Ийм ч учраас Ерөнхийлөгч В.В.Путин яамны сайдад биш “Газпром”компанийн удирдлагад үүрэг өгсөн байгаа. Хятадад хийн хоолойн асуудлыг ямар нэгэн яам биш харин “Петрочайна”, CNPC гэсэн төрийн том корпораци нь хариуцдаг. Манайд ч гэсэн мөн адилхан төрийн нэгэн томоохон аж ахуйн нэгжид хариуцуулбал зохимжтой. Миний бодлоор энэ ажлыг “Эрдэнэс Монгол” компанид хариуцуулах нь зүйтэй юм. Яагаад гэвэл “Эрдэнэс Монгол” компани нь: Нэгдүгээрт, төрийн өмчийн; хоёрдугаарт, Засгийн газарт шууд харьяалагддаг; гуравдугаарт, Монголын бүх томоохон компаниудыг нэгтгэдэг; дөрөвдүгээрт, олон улсад танигдсан; тавдугаарт, компаний гол зорилго нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах.Чухам ийм л компани дэлхийн аваргууд болох “Газпром”, “Петрочайна”, CNPC болон Азийн дэд бүтцийн хөгжлийн банк, “Торгоны зам” сан зэрэгтэй харьцах бололцоотой. Хийн хоолой барих асуудлыг нэгэнт хоёр хөрш маань тодорхой байгууллагуудад үүрэг болгоод судлаад эхэлчихсэн юм чинь манайх ч гэсэн хариуцах байгууллагаа яаралтай тогтоож түүнийгээ ажилд нь оруулах хэрэгтэй байна. Яаж ч бодоод “Эрдэнэт Монгол”- оос өөр хариуцагч байхгүй санагдах юм. Гэхдээ мэдээж төрийн болоод Засгийн газрын зөвшөөрөл, дэмжлэг хэрэгтэй л дээ.
Асуулт: Орос, хятадууд дэд бүтцээ Монголыг тойруулаад барьж байна гэж манайхан их ярьдаг, бичдэг. Жишээ нь саяны Таны хэлсэн “Сила Сибири” хоолойг манайхыг тойруулаад тавьчихлаа гэдэг. Энэ талаар Та юу хэлэх вэ?
Хариулт: Миний бодлоор тийм юм байхгүй. Орчин цагт хамгийн гол нь эдийн засгийн хувьд аль нь ашигтай вэ гэдэг л чухал. “Сила Сибири” хоолойг анхнаасаа л Хятадын зүүн хойд хэсэгт болон Номхон далайн боомт хүргэж тэндээсээ Япон, Солонгосын зах зээлд нийлүүлэх гэж барьсан шүү дээ. Түүнээс биш Монголыг тойруулах манай өмнөхөн байгаа Бээжинд нийлүүлэх гээгүй. Хэрэв Бээжингийн хэрэгцээнд зориулж хоолой татна гэвэл Монголоор дайруулах нь яаж ч бодоод ашигтай.
Асуулт: Хэрэв Монголын нутгаар хийн хоолой баригдвал манайх хэдэн хувийг нь эзэмших ёстой вэ, Та юу гэж бодож байна?
Хариулт: Хийн хоолой тавина гэдэг асар их өртөгтэй ажил. Зөвхөн Монголоор дайрах хэсэг нь хэдэн тэрбум доллар болно. Бид энэ их мөнгийг гаргаж чадахгүй. Тэгэхээр Орос, Хятадын тал болон олон улсын банк-санхүүгийн байгууллага санхүүжүүлж таарна. Бид хоолойн тодорхой хэсгийг эзэмшинэ гэвэл зээл авна, ингэснээрээ өрөнд орно. Үүний оронд сонирхогч талуудын хөрөнгөөр бариулчихаад тэднээс газар нутгаа ашиглуулсны болоод транзит тээврийн хөлс гэж чамлахааргүй ашиг олно. Нөгөө талаар өөрсдийн хийн хэрэгцээг хангачихна. Жишээ нь, Улаанбаатарын утааг арилгахад ердөө хагас тэрбум шоо метр хий хэрэгтэй юм гэсэн. Түүнээс биш стратегийн орд газраа ашиглуулж байгаатай адил хоолойн тодорхой хувийг үнэ төлбөргүй өг гэх юм бол хоолой бараг баригдахгүй байх.
Асуулт: Одоо эдийн засгийн коридорын асуудлын талаар ярилцъя.
Хариулт: Монгол Улсын хөгжил хоёр хөрштэйгээ хэрхэн хамтарч ажиллахаас шууд хамаарна. Энэ утгаар нь авч үзэх юм бол Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр үнэхээрийн чухал ач холбогдолтой баримт бичиг. Мэргэжлийн хүмүүсийн урьдчилан тооцоолсноор хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэхэд 50-60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм билээ. Харамсалтай нь батлагдаад гурван жил өнгөрч байгаа хэдий ч тодорхой ажил хийгдсэнгүй. Энэ байдлыг Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 6 дугаар сард болсон гурван орны төрийн тэргүүн нарын уулзалт дээр шүүмжилж хэлснийг хоёр тал нааштай хүлээн авсан гэж бодож байна. Нөгөө талаар коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд монголчууд бид илүү санаачилгатай ажиллах ёстой юм. Учир нь хөтөлбөрт туссан төслүүд Монгол Улсын хувьд том, харин хоёр хөршийн хувьд бол зөөлнөөр хэлбэл тэргүүн зэрэглэлийн ач холбогдолтой биш. Хоёр хөрш маань дэндүү том. Хүн амын хувьд гэхэд манайхаас Хятад 400 гаруй, Орос бараг 50 гаруй их, эдийн засгийн хувьд хэдэн мянга дахин том. Ийм учраас бид л тэднийгээ уриалахдаа уриалж, гуйхдаа гуйж хөөцөлдөх хэрэгтэй байгаа юм. Хөтөлбөрт туссан төмөр замын ч юм уу, хийн хоолойн төсөл хэрэгжээд эхлэхэд Монгол Улсын эдийн засагт онцгой чухал нөлөө үзүүлнэ. Иймээс манайх дотооддоо энэ талаар анхаарч зохион байгуулалтын хувьд хүртэл тодорхой арга хэмжээ ажиллах хэрэгтэй байгаа юм даа.
Д.Дагва
“Өнөөдөр” сонин
2019.09.30