Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн прокурорын газар нарын 4 нэхэмжлэгчтэй, С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох нэхэмжлэлд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зарим хариуцагч болох гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн Монгол Улсад оршин суудаг, бүртгэлтэй тухай нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх ажиллагаа явуулсан боловч тэдгээр иргэн, хуулийн этгээдүүд тус хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Шүүх энэхүү үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д “хариуцагчийн хаяг тодорхойгүй” нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн Тамгын газар хэмээн “Өдрийн сонин”-ы 2021 оны 12 дугаар сарын 1-ний дугаарт нийтлэгджээ.

Энэ яасан сонин бөгөөд “аюултай” үндэслэл вэ? “Иргэний хэрэг үүсгэсэн”-ийг мэдмэгц “Зугтаарай” гэсэн заалт биш гэж үү?

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн legalinfo.mn сайтад нийтэлснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1-д “Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гээд дээр дурдсан шийдвэрт дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гээд заачихсан байна. Мөн 117 дугаар зүйл. Хэргийг хэрэгсэхгүй болгох, 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. /Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ гэсэн байна.


“Хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэдэг үндэслэлээр одоо бидний мэдэж байгаагаар УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Батболдтой нэг хэрэгт холбогдсон зарим хариуцагчаас гадна Австрали улсад суух Элчин зөвлөхөөр 2020 оны 11 дүгээр сарын 20-нд томилогдсон Ж.Батзандан хэргээ “шийдүүлж” байсан. Түүнийг томилоход АТГ ямар тодорхойлолт хийж өгсөн бол. Ямар ч байсан тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Н.Энхтайван түүнийг томилсон өдөр хэвлэлд тайлбарлахдаа “Хоёр долоо хоногийн өмнө Ж.Батзанданг томилсон. Одоо АТГ-аас бичиг авах гээд бичиг цаасны ажил хийгдэж байгаа. Ж.Батзанданг энэ ажлыг хийж чадна гэж бодсон учраас томилсон. Тэгээд ч дипломат албанд нам харгалздаггүй юм” гээд өнгөрсөн.

Харин хуулийн талаасаа шүүхийн тогтоолоор эрэн сурвалжлагдаж байсан хүнээ Австрали улсад Элчин зөвлөхөөр томилоход нь яагаад ямар ч “саад хориг” үүсээгүй юм бол гэдэг нь сонин. Сонин ч юу байхав, “Төрийн шүүхийн тогтоолыг уландаа гишгэсэн тохироо” гэж нэрлэбэл зохино.

Үүнд Ж.Батзандангийн тухайд цагдаагийн алба хаагч “Батзандан гэдэг хүн утсаа авдаггүй. Утсаа авсан ч би Монгол Улсад байна” гэдэг байдлаар үл тоомсорлож харилцдаг. Мөн “та оршин байгаа хаягаа хэлчих” гэхээр “Би та нарт хэлэх албагүй” гэдэг байдлаар утсаа тасалдаг. Уулзахыг санал болгоход уулздаггүй. “Надад уулзалтын цаг байхгүй” гэдэг. Туслахаар нь дамжуулаад уулзуулах гэхээр нөгөө хэд нь тодорхой хаягийг нь хэлж мэддэггүй. Ийм маягаар төрийн алба үйл ажиллагаагаа эрхэлж байхад нь саад учруулдаг гэсэн тайлбар өгсөн. Ингээд л “Хариуцагч этгээд Элчин зөвлөх” болчихсон.

Дараагийн нэг жишээ нь УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнд холбогдох эрүүгийн хэрэг дээр яг ийм асуудал үүсч байсан.

Хэргийг сануулъя. 2020 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн хурлаар “Баянговь транс” ХХК-ийн 85 автомашин, “Сан тээвэр групп” ХХК-ийн 190 автомашин, “Топ транспорт” ХХК-ийн 30 автомашин, “Тэнгри транс групп” ХХК-ийн 172 автомашин, “Ульгансар транс” ХХК-ийн 203 автомашинд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх “C” зөвшөөрөл олгож шийдвэрлэсний хариуд “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, “Олон улсын байнгын ачаа тээвэрлэлтэд ашиглагдах хил нэвтрэх зориулалттай зөвшөөрлийн бичиг олгох, ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэг”-ийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габитаар дамжуулан 100 000 ам.долларын хахуулийг  2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр “Peace Tower” төвийн 804 тоотод байрладаг “Топ транспорт” ХХК-ийн албан өрөөнд өгсөн тухай Эрүүгийн 2102000000023 дугаар хэрэг үүсгэсэн байдаг.

Гэтэл тухайн үед Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдорж 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 13 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тогтоол үйлдэж ирүүлсэн байна!!! 

Энэ тогтоолд юу гэж заасан байна гээч? Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдорж 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 13 тоот энэхүү тогтоолд “А.Адъяасүрэнг 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 265 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлд заасан тогтоолыг танилцуулаагүй байна” гэсэн үндэслэлээр НПГ-ын Хяналтын прокурор Д.Пүрэвдагвын 2020 оны тавдугаар сарын 19-ний Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгочихжээ!!!

Энэ өнөөх яриад байдаг “ХОНГИЛ” нь мөн үү, Ерөнхийлөгч өө! Улсын Ерөнхий прокурор оо!!! Ингэж авлигачдын нурууг тэнийлгэж болдог юм уу? Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн хэлсэн “Шударга ёс яг энэ танхимаас эхэлнэ” гэдэг үг шууд зүрхэнд хүрч сонсогдож байна.

Нийслэлийн Ерөнхий прокурор асан энэ хэрэгт яаж хяналт тавьж байсан юм бэ?АТГ-ын мөрдөгчид ямар хүнд нөхцөлд энэ хэргийг Эрүүгийн хэрэг гэдгийг тогтоосон бэ гэдгийг мэдэх үү?  Цаг хугацаа, хөдөлмөр зүтгэлийн хувьд маш харамсалтай! Тиймээс ч энэ тухайгаа Улсын Ерөнхий прокурорт бичгээр ирүүлсэн боловч тэрбээр ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна. Тэр бичгийг нийтэлбэл уг хэрэг дээр ажилласан хүмүүс хүнд байдалд орох эрсдэлтэй бөгөөд тэр бол гол баримт минь! 

АТГ-ын мөрдөн байцаагч яаж ажилласнаас дурдвал, “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 2020 оны тавдугаар сарын 20-нд “Баянхонгорт сонгуулийн бэлтгэл ажлаар явж байна, сонгуулийн дараа тогтоолтой танилцах боломжтой гэсэн”, 2020 оны аравдугаар сарын 30, 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд “гадуур ажилтай”, “бүлгийн хуралтай” гэж татгалзаж зугтаад, утсаа унтраагаад байсан” гэж хавтаст хэрэгт бий. Энэ бүхэн эрхэм гишүүнийг яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл мөн үү, Эрхэм хуульчид аа!

Эндээс үзэхэд тухайн үед Нийслэлийн ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийн дээрх шийдвэр болон 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай тогтоолууд нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд ашигтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн байгаа биз?

Ийнхүү одоо мөрдөж байгаа хуулиар хуулиас зугтах тусам хариуцлагаас чөлөөлж байна! Үүнийг дээр дурдсан УИХ-ын гишүүн С.Батболд, А.Адьяасүрэн, мөн УИХ-ын гишүүн байхад нь “эрэн сурвалжилж байсан”, одоогийн Австрали улс дахь Элчин зөвлөх Ж.Батзандан нарт холбогдох хэргийг “ялгүй замхруулсан” шийдвэрүүд харуулж байна.

Хаяг тодорхойгүй бол хэн тэр хариуцагчийг “олж” авчрах заалт байхгүй, бас цоорхой

Монгол Улсад иргэдийн харилцааг зохицуулдаг нийт 797 хууль байхад манайхтай ижил тооны хүн амтай Сингапурыг хөгжүүлэхийн тулд, тэр нийгмийн харилцааг зохицуулахын тулд 5000 гаруй хуультай байна. Мөн “Орлого нь зарлагаа нотолно. Орлогоос давсан цент бүхнээ баримтаар нотолж тайлбарлаж чадахгүй бол авлигын гэмт хэрэгболж байдаг” гэдгээрээ онцлогтой. Энэ л хөгжлийнх нь үндэс юм биш үү? Гэтэл манайд тэр заалт алга. Манай хуульд авлигачдадаа хуульд заагаагүй ийм том орон зай боломжийг Монголын төр олгодог байна. Өөрөөр хэлбэл, Сингапурын зохицуулалтаас дутуу байгаа тэр орон зай буюу хуулиар зохицуулагдаагүй харилцаа болгон нь хуулийн цоорхой юм. Хуулийн цоорхой бол нийгмийн цоорхой. Дээр дурдсанчлан Сингапур улс иргэдийнхээ харилцааны 5000 гаруй харилцааг олж тогтоогоод хэм хэмжээ тогтоож хуульчилсан бол Монголын төр 797 төрлийн иргэний харилцааг л “олж” мэдээд хуульчилсан. Бусад харилцаа нь яах вэ? “Журамласан” гэх байх. Гэтэл “Хуулиас давсан журам” байдаггүй юм!Ийм байхад авлигын индексээр “урд хойноо жагсахын тулд өрсөлдөх” нь авлигатай тэмцэх бодитой ажил болж чадахгүй.