Хамба лам нарын хагарал
Магадгүй өнөөдөр бидний огт анзаарахгүйгээр мартчихсан шашны нөлөөллийн сайн, муугийн талаар биднээс илүү гадныхан ихэд анхаарч, бодлого болгон, Монголд үйл ажиллагаагаа далайцтай идэвхжүүлж байгаа нь тодорхой болчихоод байгаа бололтой.
Ойрмогхон шашны асуудлыг хөндсөн хоёр ч нийтлэл уншлаа. Тэр болгон зориглон хөндөөд байдаггүй сэдэв л дээ. Гэхдээ огт хөндөхгүй, дуугарахгүй байснаараа шашны тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадна гэвэл эндүүрэл. Яагаад тулгамдсан асуудал гэж байна вэ гэвэл нийгмийн хамаг л эмгэнэлтэй басхүү хамгийн эмзэг сэдвүүд шашинтай холбогдож бас хамаардаг юм. Яг одооноостөр засаг, шашны асуудлыг эрхэлсэн институцууд эс анхаарах аваас цаг хугацаа дэндүү оройтохдог. Өөрөөр хэлбэл, Монголд шашин, сүм хийдийн үйл ажиллагаа хэт дур зоргоороо болчихоод байгаа байдлыг шуудхан чандлан эмхэлж, журамлан хуульчлахгүй бол зах замбараагаа алдлаа. Ийм байдлаас үүдэх гарз, хор хохирлын тухай элдвийг бичээд юүхэв.
Магадгүй өнөөдөр бидний огт анзаарахгүйгээр мартчихсан шашны нөлөөллийн сайн, муугийн талаар биднээс илүү гадныхан ихэд анхаарч, бодлого болгон, Монголд үйл ажиллагаагаа далайцтай идэвхжүүлж байгаа нь тодорхой болчихоод байгаа бололтой.
Саяхан АНУ-ын jamestown.org сайтад Мартин Мигуел хэмээх эрхмийн “Даяар шашин ба Нэгдсэн фронт: Монголын шашны асуудал” гэсэн нийтлэл гарчээ. Мартин Мигуел нь Хятад дахь Нэгдсэн фронт гэх байгууллагын бодлого, үйл ажиллагааны талаар судалж, бичдэг хүн юм байна. Эл нийтлэлийг уншсаны дараа ихэд эмзэглэлээ. Хамгийн гол нь Монголын буддын шашны нөлөө бүхий мяндагтнуудын дунд үүсээд байгаа хагарлыг Хятад Улс Нэгдсэн фронт гэх байгууллагаараа дамжуулан хөөрөгдөн дэмжиж, тэр ч бүү хэл санхүүжилт хийх болсон нь улс үндэстний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэхээр болсныг тодорхой баримтаар нотлон бичсэн байсан юм. Яг юу гэж бичсэнийг нь дор өгүүлэхийн өмнө эл нийтлэлтэй шууд холбоотой байж болохоор үйл явдал Монголд өрнөх болсныг бид эхлээд мэдэх ёстой байх.
ХАМБУУДЫН ХАГАРАЛ
Монголд өмнөх зууны гучаад оноос эхэлсэн улс төр, шашны хэлмэгдүүлэлтээс хойш (тэр үед 30 гаруй мянган ламыг баривчлан хороож, 700 гаруй сүм хийдийг нурааж, эвдэн сүйтгэж, шатаасан байдаг) хатуу хорио, хяналтанд орчихоод байсан уламжлалт шашны үйл ажиллагаа 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар нээлттэй болж монголчуудын шашин шүтэх эс шүтэх эрх чөлөөгөөр хангагдсан юм. 1993 онд “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”-ийг батлан гаргасан нь цаг тухайдаа үнэхээр том шинэчлэл, дэвшил болсон байдаг. Тэгэхэд Монгол бараг 100 хувь бурханы буюу буддын шашинт улс байлаа. Хүн амд цөөн хувийг эзлэх муслимчуудыг эс тооцвол шүү дээ. Тийм ч болохоор шашны асуудалд нэг их төвөг, бэрхшээлтэй асуудалгарч байсангүй. Гагцхүү шинэ цагийн монголчуудад туссан эмгэг лам, хуврагуудыг ч тойрсонгүй. Эрх мэдэл, цол хэргэм, ямбын төлөөнөө амар амгалан, бусдыг хайрлах нигүүслэлийг эрхэмлэн номлогч нар маань өвөр хоорондоо зөрчилдөн, тэрсэх болсон. Тэр зөрчил эдүгээ улам ихэсч байна.
Хамгийн шинэ жишээ татъ. Өдөр тутмын нэг сонинд монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн тэргүүн хамба Ж.Гончигсүрэн “Сүхбаатар аймагт нууцаар цөөн хуврагууд хуралдаж “Гандантэгчэнлин” хийдийн тэргүүн хамба, Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн хамба Д. Чойжамцад Номун далай хан цолыг олгож, Монгол Улсын шашны асуудлыг хэмжээгүй эрхээр эрхлэн мэдэх эрхтэй болгосон байна. Ийм байж болохгүй” гэсэн гомдолтойтайлбар өгсөн байсан. Мөн түүнтэй “Дашчойлин” хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав,“Их хүрээ” хийдийн тэргүүн З.Санждорж хамба нар үзэл бодол, санал нэг байгаа гэдгээ илэрхийлсэн бололтой. Үүгээр ч үл барам Д.Санждорж ламтан зөрүүлээд өөрөө өөрийгөө Номун далай хан цолд өргөмжилсөн нь сүсэгтэн олонд төдийгүй нийт иргэдэд эвгүй сэтгэгдэл төрүүллээ. Ийнхүү үзэл санаа, үйл явдлын зөрчилдөөн хамбуудын дунд ил тод өрнөж эхлэв.
Монголын бурханы шашинтны төв байгууллага нь “Гандантэгчэнлин” биш гэж үзсэн З. Санждорж хамба нарын хүмүүс Монголын бурханы шашны шинэ төв хэмээх байгууллага байгуулснаа зарлаад авсан. Ингэж буддын шашны хуврагууд эрх мэдлийн төлөө зөрчилдөх болсон хэдхэн жилийн дотор шарын шашны нэр хүнд унаж, тэр тусмаа залуу үеийнхэнд худал хуурмаг, бохир бүдүүлэг, үл ойлгогдох, бусдын зовлонгоор хөлждөг “нөхдүүд”-ийн шашин төдий юм байна гэх ойлголт түгээмэл тархлаа. Үнэхээр ч буддын шашны нөлөө монголчуудын дунд маш хурдан бүдгэрч байгаа нь хамба нарын ил зөрчил, лам хуврагууд нь шашныхаа гол үзэл санааг умартан, бурханы сургаал, номлолд огт үл нийцэх шууд бизнесийн үйл ажиллагаа эрхлэн, мунхруулга нь улам олон хүнийг хамрах болсноос шалтгаалж байгаа болов уу гэж би хувьдаа “оношилсон”. Үүнээс гадна Монголын уламжлалт гэх буддын шашны нөлөөг монголчуудын дунд бүдгэрүүлэхэд дээр дурдсан Хятадын төрийн бодлого, Нэгдсэн фронт байгууллагын үйл ажиллагаа маш хүчтэй оролцоотой болж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, энэ байгууллага нь Монголын буддын шашныхны дунд үүссэн хагарлыг илэрхий ашиглах болсныг Мартин Мигуел нийтлэлдээ ноцтойгоор анхааруулсан байсан.
ЖИНХЭНЭ “ НОМУН ДАЛАЙ ХАН” НЬ ХЭН ВЭ
Эл сэдвээр бичихийн өмнө тодорхой эх сурвалжаас баттай мэдээлэл авах хэрэгтэй байсан билээ. Манай шашныхны дунд яг юу болоод байгааг тодорхой мэдмээр байлаа. Гэнэт л Монголын бурханы шашны хоёр ч мяндагтан Номун далай хан цолд өргөмжлөгдсний учир шалтгаан юу байв аа! Зурхайч, хамба Ж.Гончигсүрэнгийн хэлснээр энэ цол нь Манжийн Чин улсаас олгодог байсан цол уу гээд сурвалжиллаа.
Сүхбаатар аймагт 21 аймгийн ловонгууд хуралдаад бурханы шашинд тулгамдаад байгаа асуудлаар ярилцан зөвлөлджээ. Уг хуралдаанаас Монголын буддын шашныхаа үйл хэргийг эрхлэн мэдэж, VIII Богд Жавзандамба хутагтын гаргасан зарлиг, олон зуун жил баримталж ирсэн уламжлалаа дахин сэргээхийн тулд Монголын бурханы шашинтнуудын төвийн тэргүүн Д.Чойжамц хамба ламтанд Номун далай хан цол өргөмжлөх саналыг гаргасан аж. Энэ саналыг МБШТ-ийн Тэргүүн хамба нарын Зөвлөл хэлэлцээд уг цолыг анх 1654 онд Өндөр гэгээн Занабазараас санаачлан ламын гэгээн Лувсанданзанжамцад олгож байснаас хойш зөвхөн шашны төв байгууллагыг тэргүүлсэн хамба нарт олгож ирсэн уламжлалаар нь одоо МБШТ-ийг тэргүүлж байгаа хамба Д.Чойжамцад төдийгүй өмнө нь Монголын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн агсан С.Гомбожав, Х.Гаадан, Т.Дамдинсүрэн хамба нарт Номун далай хан цолыг нь нэхэн өргөмжлөхийг тогтоосон юм байна. Энэхүү шийдвэрийг өнөө л эрх мэдэл булаацалдсан хамбууд үл зөвшөөрч, гаднын санхүүгийн дэмжлэгтэйгээр ихээр эсэргүүцэн, улмаар нэг нь шууд л өөрөө өөртөө эл цолыг өргөмжилсөн байх жишээтэй. Уг нь зарчмын хувьд шийдсэн асуудлыг хамбуудын зөрчилдөөн, Далай ламтай тэрсэлдэгч Хятадын Нэгдсэн фронтын үйл ажиллагаа улам эрчимжиж байгаагаас болж эрхгүй хүлээзнэх байдалд оруулсан бололтой. Юутай ч Хамба нарын Хамба гэж ойлгож болох Номун далай хан хэмээх цол нь Манжийн цол биш юм байна. Яагаад ийм цолд Д.Чойжамц хамбыг өргөмжлөхийг Монголын бурханы шашны зүтгэлтнүүд, сүсэгтнүүд хүсэмжлэв. Тэд гаднын нөлөөлөлд орж эхэлсэн шашнаа аврах гарц эрэлхийлсэн байж болох уу. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны дараа VIII Богд Жавзандамба хутагт дөнгөж тусгаар тогтносон, тулгар улсынхаа эрх ашгийн төлөөнөө өөртөө зарлиг гарган Шашин, төрийн хэргийгхослон баригч, Наран гэрэлт, түмэн наст, оройн дээд, Номун далай хан цолд өргөмжлөгдсөн юм. Ингэснээрээ өөр өөрийнамбийцтай олон хутагт, хувилгаад нэг цул болгон зангидагдаж, төр, болон шашны хэрэг эмхэрдэгдсэн болой. Энэ уламжлалын дагуу эдүгээ Монголд хар мянган шашны урсгалцутган, замбараагаа алдаж, Бурханы шашны зарим хамба нарын бодол санаа, үйл төв удирдлагын бодлоготой зөрчилдөнГандантэгчэнлинд захирагдахаа байгаад байгаа төдийгүй гаднын бодлогыг шашнаар дамжуулан Монголд нутагшуулах үйлийг идэвхийлэх болсон учраас Номун хан цолыгхэн нэгэнэрхэм хамбад олгоодасуудлыг цэгцлэх нь зөв байсан байх.
ГАДНЫН ДЭМЖЛЭГТЭЙ ХАМБА НАР
Үнэн худлыг нь мэдэхгүй ийм яриа бишгүйдээ л сонсогддог байлаа. “Мамба дацан” хийдийн хамба лам Д.Нацагдорж, “Их Хүрээ” хийдийн хамба З. Санждорж нарын шашны гэхээсээ цэвэр бизнесийн шинжтэй үйл ажиллагаа гэнэт л эрчтэйгээр өргөжиж байгаагийн цаана Хятадын бодлогын дэмжлэг байдаг талаар батлагдаагүй мэдээлэл сонин, сайтуудаар бишгүй нэг гарсаар байгаа. Үүнд итгэх, итгэхгүй олон иргэн байдаг. Үнэхээр ч шашныг тойрсон үйл явдлуудаас харахад Гандантэгчэнлин хийдийн захиргаа, Д.Чойжамц хамба тэргүүтэн, түүнийг сөрсөн хамба нар тэднийг далдаас дэмжсэн Хятадын Нэгдсэн фронт гэсэн хоёр тал бий болоод ямагт зөрчилдөх болсон нь тод анзаарагддаг.
Дээр дурдсан Мартин Мигуел нийтлэлдээ “Хятадын төр, Нэгдсэн фронтоос чиглүүлж буй шашны хамтын ажиллагааг Монголын талын хэд хэдэн сүм хийдтэй хамтран явуулж байгаагийн дотор зарим сүм хийд Монгол Улсын бүртгэлд бүртэгдээгүй мөртлөө үйл ажиллагаа эрхэлдэг. Тэдний гол зорилго нь Далай лам болон Дармасалагийн нөлөөллийг Монголд сөрөх, буддизмын талаарх Далай гэгээнтний номлолыг буруутган, хүчийг нь сулруулахын тулд настай лам нарыг өөгшүүлэх замаар Монголын шашны дотоод хагарлыг өдөөж байна. Хятад нь “Нэг дэлхий, нэг Будда, нэг Хятад” бодлогоороо буддын шашны гол төв байж бусад улсуудын шашны удирдлага, дүр тодруулах асуудлуудыг гартаа авснаар Далай ламыг дарж болно гэж үздэг. Энэ бодлогынхоо хүрээнд Хятадаас Монголын бурханы шашинтнуудтай харилцаж байгаа хандлагыг нь ажихад Нэгдсэн фронт хийгээд Шашны харилцааны Төрийн удирдлагын газрын албаны хүмүүсээс Монголын зарим сүм хийдүүдийн хамба нартай тогтоосон найрсаг холбоо, сүлбээгээр дамжуулан харилцах сонирхолтой, улмаар амжилт олж эхлээд байгаа Нэгдсэн фронтын даяар буддизмыг тулгах хандлагатай байдаг юм. БНХАУ-ын нам төрийн оролцоотой субъектууд орон нутгийн шашны мяндагтнуудыг хөөргөж, Монголын буддизмд хагарал, хуваагдал үүсгэн улмаар Хятадын “шашны капитал” цутгах замаар тэдэнд тодорхой дэмжлэг үзүүлж, лам нарыг нь сургаж байна.Тухайлбал, Монгол Улсын хамгийн ядуу Налайх дүүрэгт байгуулагдсан “Сайн Номун” хийд бол БНХАУ-ын нутаг дэвсгэрийн амбиц, тэдний даяар буддизмын номлолыг дэмжиж, Монголын улс төр болон бизнесийн элитүүдтэй холбогдох суваг үүсгэхэд тусалдаг.
Улмаар Монголын дотоодод газар авсан Хятадын эсрэг үзлийг зөөлөн хүчний бодлогоор зөнгөөр нь хумихад монгол лам нартай тогтоосон холбоо чухал ч Хятад улстай холбогдсон лам нарын энэ хэлхээс албан ёсны түншлэлийн харилцаанд хохирол учруулж мэдэхээр байна...” хэмээн бичсэн нь бидний дунд яваад байдаг үнэн худал ярианд өгсөн хариулт гэж үзэж болохоор. Тэрбээр цааш нь “...Эдгээр байдлаас харахад Далай ламын нөлөөллийн хүрээг хумих нь тэдний үндсэн зорилго юм. Монголын сүм, хийдүүд болон БНХАУ-д төвтэй байгууллагуудын хоорондын харилцаа ч энэ зорилгод чиглэж, зарим тохиолдолд бүр биечлэн хэрэгжүүлж байна. Монголын хэд хэдэн сүмийн хамба нар НФ-ын үйл ажиллагааны газар, Шашны харилцааны Төрийн удирдлагын газар, Хятадын буддист холбоотой далд холбоотой ажилладаг.
Тухайлбал, Доржшүгдэнгийн шүтлэгийн төв болсон Амарбаясгалант хийд, Улаанбаатар хот дахь Их Хүрээ хийдийг нэрлэж болно. Их Хүрээ хийдийн хамба З.Санждоржийг Хятад улс ихэд таашаан харилцдаг. Энэхүү хамба лам хийгээд ойрын хүрээллийнхэн нь удаа дараа ХКН-ын урилгаар олон үйл ажиллагаанд оролцсон билээ. З.Санждорж нь Төв Гандангийн бодлогын эсрэг хатуу тэмцэж Далай ламыг Хятад улстай зөвшилцөлгүйгээр Монголд айлчлууллаа хэмээн хурцаар шүүмжлэгч хэмээн Хятадын төрийн төв хэвлэлүүдээр ихэд сайшаасан байдаг. Мөнхүү хамба лам нь Bank of China-ийн нэгэн сангаас сүмийн үйл ажиллагаанд зориулах зориулалтаар есөн сая төгрөгийг 2016 онд авсан. Улаанбаатарын Налайх дүүрэг дэх “Сайн Номун” хийд бол НФ -ын хамгийн амжилттай ажиллагааны жишээ болно. Төвөдийн буддизмын академийн коммунист намын хорооны даргын бодлогыг хэрэгжүүлэхээр Бээжинд 2017 оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас лам нарыг урьсан бөгөөд тэд “Сайн Номун” хийдийн хамба С.Нэргүйгээр ахлуулж ирээд Шашны харилцааны Төрийн удирдлагын газрын удирдлага, Хятадын буддистуудын холбоо, Хятадын эрх баригчдаас тодруулсан Ванчин богдтой уулзсан юм. Мөн Хятадын талаас “Сайн Номун” хийдэд харилцан зочилж ахуйд хамба лам С.Нэргүйгээс сургагч ирүүлэхийг Хятадын талаас хүсчээ. С.Нэргүйн ойрын хамаатнууд нь хийдийг барихад тусалсан гэх агаад тэнд Хятад-Монголын талын уулзалтууд болдог нь сонирхолтой юм. Мөн С.Нэргүйн төрсөн ах дүүс улсынхаа бизнесийн болон улс төрийн элит хүрээнд багтдаг бөгөөд сайд байсан хүн, Улаанбаатар хотын ИТХ-ын даргаар ажиллаж байгаа хүн байдаг...” хэмээн бичсэн байна.
ТАНЬДАГГҮЙ БУРХАНААС ТАНЬДАГ ЧӨТГӨР ДЭЭР
Ингэхэд Монголд зургаан төрлийн шашны 20 гаруй урсгал орж ирээд байгаа гэдэг. Энэ бол ХЗДХЯ-наас гаргасан тоо. Харин зарим судлаач 400 гаруй урсгал байдаг гэсэн нь ч бий. Шашин шүтдэг нийт иргэдийн 54.2 хувь нь христ, 34.6 хувийг буддын, 5.1 хувь нь ислам, үлдсэн зургаан хувь нь бусад шашныг шүтдэг гэсэн судалгааны дүн гарсан байна. Манай улсад шашны үйл ажиллагаа эрхэлдэг 848 байгууллага тоологдсон атлаа 352 нь албан ёсны зөвшөөрөлгүй байдаг гэжээ. Эндээс монголчуудын дунд гаднын шашин илүү нөлөөтэй, хүчтэй болж байгааг анзаарч болно. Уламжлалт буддын шашны нөлөө суларсаар байгаа биз. Энд дээр өгүүлсэн хүчин зүйлээс гадна шашны талаарх төрөөс баримтлах бодлого тун үлбэгэр байгаа нь нөлөөлдөг байж болно. 1993 онд баталсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”-ийн ихэнх заалтууд Үндсэн хуультай зөрчилддөг. Тиймээс ч энэ хуулийг шинэчлэх төслийг УИХ-д удахгүй өргөн барих гэж байгаа юм билээ.Харин хуулиас өрсөж, гаднаас шашны хэргийг залаад эхэлчихсэн бололтой. Уг нь “Таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр” гэдэг дээ.Эрхэм хамба нар шашныхаа мөн чанарыг мөнгөөр арилжиж, сүсэгтнүүдийн итгэл, үнэмшлийг эдийн засаг, бизнесийн зорилгод ашиглан гадныхантай хэлхээ,сүлбээ тогтоож байгаа нь Монгол Улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд тэгээд хэр нийцэж байгаа юм бол доо.