Мартын 8-ны бэлэг болгоод хоцорч буй постуудаа өнөөдөр нөхөж оруул гээд нижгээд бүсгүйчүүд холбогдож үүрэг даалгавар өглөө. Хүсэлтийг тааллаар болгоё оо:)

Мөн л өглөө унтаж байхад эмч орж ирээд халуун үзлээ. Халуун хэвийн 36.4 хэм байлаа. Ингээд өдөрт хоёр удаа халуун үзэж эхэлж байгаа юм байна. Нэгэнт сэрсэн тул босоод сууж байтал өглөөний цай орж ирэв. Өвчүүтэй сүүтэй цай. Нэг айл цагаан сарын ууц, идээгээ хандивласан байна даа гээд манай өрөөнийхэн таав. Үгүй ээ улс зорьж худалдаж аваад бидэнд сэтгэл гарган гоё хоол хийсэн байж болно шүү бас. Дандаа яах гэж юмыг ингэж боддог байна аа манайхаан (Манайхан гэдэгт би өөрөө орсон байгаа болно). Нэмээд манай өрөөний хүнд эргэлтээр ирсэн шар тостой, хачин сайхан зөөлхөн хэвийн боов. Хальт ширээ засаад дөрвүүлээ шинэлэхээ шахав. Гэхдээ бие биенээсээ сэжиглээд хамаагүй тэврэлдэж, үнсэлдэж барьж тэнэгтэхгүйгээ мэдээд байгаа юм аа ккк.

Гэснээс манай иогийн багш орондоо хийж болдог хэдэн пооз зааж өгсөн. Хүн харвал эвгүй болохоос биш тэр муу бэйби байрлалаас бусдыг нь нэг юм яаж ийж байгаад орон дээрээ ганцаараа нүүгэлтэж байгаад болгох л юм шиг байна. Зориулалтын иртүүз энэ тэр нь байхгүй болохоор өмд хамд, юм хум таталдаж унжралдаад бас мэргэжлийн төвшинд хийхэд тухгүй байна жигшиг ккк. Алийн болгон юм болгонд жон жон хийх вэ дээ Ганзориг оо чи гэж бодон Kapalbhati Pranayama бясалгалын амьсгалаа аван түгжээд, орныхоо баруун доод булангаас зүүн дээд булан руу иогийн гүүр байрлалаас үнээ байрлал руу зугуухан шилжлээ.

Карантины хоол бол үнэхээр асуудал алга аа. Олон хоног жимс ногоо, загас жараахай идэж байсан хүнд монгол хоол шууд хүнддэж магадгүй ч чанартай сайхан хоолнууд өгч байна. Гэхдээ байр, өрөөний ариун цэврийн асуудал хүнд байна. Ирээд ингээд 4 дэх хоног дээрээ ирж байхад манай өрөөний хогийг лав огт авсангүй, мөн ямар ч цэвэрлэгээ хийсэнгүй. Хоёр хогийн сав дүүрээд халиад, бид нэмж уутнууд гаргаад, хогоо аваач ээ гээд 2 хоног хэлээд сууж байгаа ч нэмэр алга. Уг нь өдөр бүр ариутгал, чийгтэй цэвэрлэгээ хиймээр юм. Арай ч 14 хоног ингэж явахгүй байлгүй гэж найдаж байна. Өөрсдөө өрөө, хаалга, 00-ийн өрөөгөө цэвэрлэсэн.

Цонх, хана тэр чигээрээ мөөгөнцөр. Энэ оруулсан зурагнаас хараарай. Заа тэгээд байгаа нөхцөл байдал нь л энэ юм аа, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ дээ гээд л харсан ч хараагүй юм шиг л орондоо хэвтэж байна. Сэжигч хүн бол шууд өвдөхөөр. Мөөгөнцөрөө харахгүй гээд өдөр байсан ч гэсэн хөшгөө хаачидаг юм хааяа. 

Эхний өдрийн тэмдэглэл дээр бичсэн автобусны ариун цэврийн асуудал шиг өрөөний ариун цэвэр гэх мэт энэ зэргийн асуудлыг шийдэхэд уг нь ядах юмгүй дээ. Их мөнгө хөрөнгө ч хэрэггүй. Сэтгэл, ажил хэрэгч хандлага л хаа хаанаа жаахан жаахан дутаад байгаа нь хаа сайгүй мэдэгдэх юм аа. Ажил хариуцсан хүмүүс нь дор бүрнээ, шат болгондоо хариуцлагаа жаахан дээшлүүлбэл уг нь ядах юмгүй сүб гээд л босоод ирэхээр байна!

Гар утасны дата сүлжээ орохгүй хэвээр. Юнител руу дахин холбогдоход ямартаа ч хүндээ үүрэг өгсөн гэдгээ хэллээ. Харин Юнител амралтын газартай холбогдож манай байгаа өрөөний байрлалыг асууж, гэр интернэт оруулах боломжийг судлаж байгаагаа хэлэв. Мобиком руу дахин холбогдоход техникийн баг нь судалгаа хийж байгаа, удахгүй шийдлийг нь төсөвтэй нь гаргаад танилцуулах байх. Тэгээд бид шийднэ гэж байна. Нэг үеэ бодвол манай компаниудын үйлчилгээ, харилцагчийн стандарт мундаг болоод л байгаа шүү. Өнөө, маргаашнаас интернэттэй болчихвол гөө мөн их ажил хийх гээд байна даа уг нь.

Үдийн алдад өрөө яагаад цэвэрлэхгүй байсан учиг тайлагдав. Цэвэрлэгч нарын хамгаалалтын хувцас нь одоо хүртэл ирээгүй гэнэ ээ. Тийм учраас цэвэрлэгч манай өрөөнд орж ирж цэвэрлэгээ хийж чадахгүй байгаа юм байна. Тэгэхээр нь манай өрөөнийхөн цэвэрлэгээний материалыг нь аваад өөрсдөө өрөөгөө цэвэрлэв. Нэмээд хогны уут захиж аваад өөрсдөө хогоо уутлаад өгөөд явууллаа. Ирээд 4 хонож байхад одоо хүртэл гол хүмүүстээ хамгаалалтын хувцас энэ тэрийг нь өгөөгүй байна гэхээр бас л...  Та нарын хувьд ч гэсэн өөрийн эрхгүй жон жон гэмээр л болж байгаа биз дээ. Уг нь төр засаг чадлаараа ажиллаад байгаа гэсэн юмсан. Бага биш хэмжээний хандив, мөнгө босоод л буй бололтой байсан. Зарцуулалт нь шилэн байж чадах юм болов уу? Маск, хамгаалалтын хувцсаар ажиглалтын цэг дээр байгаа хүмүүсээ хангаж чадахгүй байна гэж баймааргүй юм?! Эмч, цэвэрлэгч нар нь мань хэдээсээ сэжиглээд л, мань эд нь өрөө, 00, мөөгөнцөрөөс нь сэжиглээд л. Сүүлдээ хэн нь хэнээсээ сэжиглээд байгаагаа ч ойлгохоо байгаад хоорондоо холилдох нь. Юу гэж тайлбарлаж хэлмээр юм бэ дээ... Сүүлдээ одоо өөрөө өөрөөсөө сэжиглэж эхэлж байна ш дээ.

Харанхуй болсон байхад цагдаагийн хэдэн машин ирж урд байрны өмнө дохиогоо дуугарган, цагаан хоолойгоор баахан юм яриад загнаад байв. Ямар сенсаациас хоцорчихов гээд нөгөө муу орж ирдэг эмчийнхээ хэлийг нь сугалах шахуу асуусан чинь тэр байрны хэсэг залуус тавьсан шаардлага биелүүлэхгүй, тагтан дээрээ гарч сахилгагүйтсэн гэнэ. Цагдаа нар анхааруулга өгөөд, дахиж ингэвэл аймаар газар руу аваад явна шүү гээд явсан бололтой. Зарим залуусын тэвчээр нь алдраад каринтинийн дотоод журам зөрчиж эхэлж буй бололтой. Цагдаагийн хэдэн машин энд ингэж ирэхийг бодвол эмч нар маань үнэхээр удирдаж чадахаа байгаад цагдаа дуудсан байж таарах нь. Уг нь одоо хэдхэн хоног юу байх вэ дээ, тэвчихэд асуудалгүй дээ залуусын хувьд. Нөгөө бослого гаргахаар бужигнуулсан ах, эгч нарын мэдээ ikon сайтан дээр гарсан байв кккк. Манай өрөө, манай давхар, манай байрныхан шиг мөрөөрөө, даруухан, соёлтой каринтилж байгаа хүмүүс энэ хавьд алга дөө.

Гээд байж байтал Unitel гэр интернэт тань руу явуулсан шүү авсан уу гээд Юнителийн залуу мессеж бичээд, нэг их удалгүй өрөөнд оруулаад өглөө. Оруулж ирэх хооронд нь яагаад удаад байна аа, бусад өрөөнийхөн, эмч нар замаас нь дээрэмдчих вий дээ, дахиад залгаж асуух уу гээд тэрүүхэн тэндээ хэдхэн минутын дотор муухай сандралдав бидэн хэд. Цахилгаанд залгаад интернэтэд холбогдоод манай өрөөнийхөн бөөн баяр хөөр. Амьсгалаа түгжээд усанд шумбаж байгаад гарч ирээд цээж дүүрэн амьсгаа авдаг шиг л манай хэдийн сэтгэл санаа шууд update хийгдэнэ билээ. Ажлаа начигнуулна даа одоо.

Ажлынхандаа 100 грамм захисан чинь хөөрхий нэг гожгор юм аваад зургийг нь явуулсан байна. Даанч оруулж, хэрэглэж болохгүй юм билээ. Намайг “суллагдаад” гараад очтол бүү гар хүрээрэй, би очиж байгаад тэр хогийг заавал өөрийн гараар задлана гэдэг сүртэй лүндэн буулгаж өөрийнхөө санааг амраагаад хүйтэн хөгжилдөө хамраа шургуулаад унтахаар хэвтлээ.

Үргэлжлэл бий...