Жамцын Бадраа: Монгол ухаанаа алдах тусам монгол хэлээ алдаж, хэлээ алдах тусам хүнээ алдаж байна уу даа, тосоор гоож
“Өнгөрсөн бүх цаг үеийн сүнс гагцхүү номд оршмуй” цувралын Гуравдугаар.
“Өнгөрсөн бүх цаг үеийн сүнс гагцхүү номд оршмуй” цувралын Гуравдугаар.
Энэ үгийг Конгрессын Номын Сангийн хананд хүндэтгэлтэйеэ залсан байдаг. Шотландын гүн ухаантан Томас Карлайлын хэлсэн үг л дээ. Халин одогсдын сүнс онгодыг дууддаг бөө олширч, ном унших нь багасаад буй өнөө үед бол учрыг нь ухан ойлговоос нэн хэрэгтэй үг. Их хаан маань эргэж ирээд ингэж хэллээ л гэнэ, Ринчен, Дамдинсүрэн байсан бол ингэх байсан л гэнэ, хэн мэдлээ. Гэтэл үнэн хэрэгтээ их эрдэмтэд маань үг сургаалаа хангалттай хэлээд, бичээд, ном судраа хэвлүүлээд үлдээчихсэн байгаа. Түүнийг нь харин унших хүн бараг үгүй. Энэ мэтийг бодож суутал харин орчин үеийн хойргодуухан уншигчдад их мэргэдийн ном сургаалыг хүргэх нэгэн арга байж болохоор санагдав.
“Өнгөрсөн бүх цаг үеийн сүнс гагцхүү ном оршмуй” хэмээх уриан дор эрт эдүгээгийн эрдэмтэн мэргэдийн ном өгүүллээс түүвэрлэн, асуулт хариултын хэлбэрт оруулан залууст хүргэвэл яах сан бол? Угаас асуултаа зөв тавиад анхааралтай уншиж чадваас хариулт нь олдох л учиртай.
Нөгөө талаас өнөөгийн хурдтай нийгэмд ард иргэд том том ном унших цаг зав үгүй болсон, хүүхэд залуус сэтгүүлзүйн “ярилцлага” хэмээх төрлийг л илүүтэй сонирхох болоод байгаа билээ. Тэгээд ч ингэж хэлжээ гэж тоочсоноос, асууж ярилцсан маягтай байвал хүнд илүү дотно сонстож, хэлсэн үгс нь олон жилийн өмнө бичээд үлдээсэн дурсгал гэхээсээ илүү, одоо ч үнэ цэнтэй, ухаж бодмоор санаа гэж бодогдох магадлалтай юм.
Ингэж бодон явсаар их өтгөс Ринчен, Дамдинсүрэн нартай миний бие “ярилцаад” авсан билээ. Энэ удаад их эрдэмтэн, ардын урлаг судлаач, аман зохиол судлаач, яруу найрагч, дууны найргийн мастер Жамцын Бадраа гуайг “урин” оруулж буйг болгооно уу? Дундуур нь оруулсан асуултаас бусад нь чухам Бадраа агсны өөрийнх нь бичиж үлдээсэн өгүүлэл, бүтээлийн эшлэл учраас эрхэм уншигч та ч гэсэн миний адил, эгээ л Бадраа гуай дүрээрээ суугаад сургаал зөвлөгөөгөө хайрлаж буй мэтээр сэтгэн уншаарай.
Жамцын Бадраа агсантай гурван чиглэлээр ярилцах нь зүйтэй хэмээн бодов. Юуны өмнө манай тэрбээр ардын урлаг судлаач тэргүүлэх эрдэмтэн учраас Монгол ардын урлаг, дуу хуур, хөгжим бүжгийн тухай ярилцах нь зүй. Мөн тэрбээр монгол хэлний найруулгазүйн гарамгай мастер, эрдэмтэн багш учраас ялангуяа өнөө цагт бол монгол хэл найруулгын тухай лавлах хэрэгтэй. Эцэст нь дууны шүлгийн жинхэнэ ноён оргил нь болохын тул дууны шүлэг ямар учиртай, яаж бичдэгийг тодруулах нь зүйтэй юм.
Нэг. Ардын урлагийн талаар ярилцсан анхдугаар бүлэг
Хамгийн ерөнхий асуулт тавихад, ардын урлаг гэдэгт юуг оруулж тооцох вэ?
Ардын хөгжим, бүжиг, бүжим, жүжиг наадгай, цогцлого, үзэсгэл урлаг, аль алины нь тухайд монгол ардын урлагийн арвин баялаг өв санг тоочивч баршгүй, уудлавч ёроолд нь хүршгүй билээ. Амттан сайхныг хүртэж, анхилуун сайхныг үнэрлэж, яруу сайхныг сонсож, үзэсгэлэн сайхныг үзэж, хөнгөн зөөлөн, нимгэн тааламжит сайханд хүрэн, таван мэдрэхүйгээрээ тэр бүхний сайхныг мэдэрч байваас насан хутаг уртасдаг гэж Монголын ард түмэн ертөнцийг гоозүйгээр эдэлж эзэгнэхийн эрхэм чухлыг гүн бодол, гүнзгий ухаанаараа онислон, цэцэн сургаалдаа товчоолсон байдаг. Тийм ч учраас орчин тойрны үзэмж найрамж, орон гэрийн заслага тавилга, идээ ундааны сав суулга, өрлөг чимлэг, амт шимт, анхилга ханхилга, өмсгөл зүүсгэлийн өнгө тохирол, ур хийц, унжлага манжлага, багаж зэмсэг, барих зэвсэг, тэрэг тоног, хөлөг хөсөг тэргүүтний хэв маяг, эв намжир цөм зохистой сайхан, сэтгэл татам, нүд булаам байдгаараа наад зах нь уран бүтээл, цаад тал нь жинхэнэ урлагийн нарийн нандин дээжис болдог.
Таван мэдрэхүйн таашаалыг өгөх ард олны авьяас билгийн ундраа бүхнийг “ардын урлаг” гэж үзэж болох юм байна гэж ойлголоо. Энэ дундаас яруу сайхан сонсголын урлаг болох “ардын хөгжмийн уран бүтээл”-ийн маань дэлхийн бусад улсынхаас ялгарах гол онцлог юу билээ?
Монгол ардын уламжлалт хөгжмийн уран бүтээлийг бүхэлд нь авч үзвэл: дууны буюу дуулаачийн хөгжим голлосон, аясыг эрхэмлэн дээдэлсэн, сэтгэлийн хөдөлгөөний оргилыг өндөр уулынхаа ян сарьдаг, өргөн талынхаа эн агууд хүртэл хадаахуйц царуу цээл хоолойн чадал заан илэрхийлэхийг чухалчилсан, уран нарийн чимэг чимэлгэн, нугалаа хугалаагаар аянд угалз хээ тавьж, утгы нь яруусгахыг эрмэлзсэн, аж амьдрал, ёс заншилтайгаа дуу хөгжмийг нягт холбосон, тэгснээрээ аж амьдрал, ёс заншлын хувьсан өөрчлөгдөх жамыг ягштал дагуулан, уламжлал, шинэтгэлийг тасралтгүй уялдлага барилдлагатайгаар үргэлждийн хөгжил дэвшлийн хугацаагаар замнаж байх нөхцөл боломжийг дэлгэр нээсэн зэрэг эзэн ардынхаа хүсэл хүсэл зорилын биелэл болсон гол гол шинж чанар нь илэт мэдэгддэг билээ.
Ардын дуу гэхээр ард түмний бүтээл болсон, зохиолч нь тодорхойгүй дууг хэлнэ гэж үзэж болох уу?
Монгол ардын дуу хөгжим гэдэг ухагдахуунд үе улирч, зохиосон эзэн нь мартагдсан буюу энэ хэр тэр зохиогч нь хараахан мэдэгдээгүй байгаа учраас “аман зохиол”-ын гэж тоймлон нэрлэдэг дуу хөгжмөөс гадна зохиогч нь мэдэгдэж байгаа боловч хэлбэр, зохиомж, ая аялгууныхаа цогцос төрх сэлтээр монгол хөгжмийн урлагийн урьд эртний уламжлалт шинж чанарыг шингээж хадгалсан нэлээд дуу хөгжмийг оруулан тооцдог учир жамтай билээ. Жишээлэхэд, Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны Ноён хутагт хэмээх Равжаа, Засагт хан аймгийн Чин ачит вангийн хошууны ноён Лу жанжин хэмээх Лувсандондов, Цэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны Дашренчин аварга нарын зохиол гэж мэдэгдэж байгаа олон дуу, тэр ч байтугай бүр сүүлийн үед М. Дугаржав, Ж. Дорждагва нарын зохиосон дууг ч “ардын дуу” гэсээр байгаа нь аргагүй учир зүйтэй ажээ. Мөн орчин үеийн хөгжмийн зохиолчдын бичсэн зарим шилдэг дууг “ардын дуу боллоо” гэх юм уу, “ардын маягаар зохиох” гэхчлэн хэлэлцдэг нь дээрхтэй нэг эш үндэстэй бөгөөд тэр “ардын маяг” гэдэг нь ардын дуу хөгжмийн уламжлалт уг чанар, хэвшилт шинж төрх болохыг зааж байгаа их учиртай үг юм.
Тэгэхээр ардын дуу гэхээр ард түмэн бүгдээр нийлээд зохиосон, нэмж хассан гэсэн үг биш байх нь ээ?
Ардын дуу хөгжим гэдэг бол түгэн дэлгэрсэн орон тархац, хэрэглэн харьяалах эзэн, хамгийн гол чухал нь үндэсний уламжлалт хэлбэр зохиомж, ард олны эрх ашигт нийцсэн дээд зэргийн уран сайхны шилдэг чанараар нь хэлж байгаа ойлголт болохоос биш, зохиогчийн хувьд хэлж байгаа ойлголт биш юм. Монгол ардын дуу хөгжим гэхэд Монголын нийт ард түмний хүртээл болж, түүхийн үе шатыг дамжин, уламжилж ирснээс бөгөөд Монголын ард түмний бараг амины өмч шиг болсон дуу хөгжим болохоос биш, бүх Монголын ард түмэн зохиосон дуу хөгжим гэсэн үг бус юм. Зохиохын хувьд бол ардын дуу хөгжмийг ард түмний дундаас урлан бүтээх авьяас билиг бүхий хэсэгхэн хүн бүтээн туурвидаг.
Таны үед буюу социализмын цагт өрнийн сонгодог урлаг илүү чухал, ардын урлаг араас нь дагалддаг хэмээх хандлага байсан. Тэр үед бол нам төрийн бодлого, Орос Зөвлөлтийн дарамт шахалт гэх сэн. Одоо гэтэл ардчилал гарсан хэдий ч өөрийнхөө юмыг өөлж муулах, өрөөлийн урлагийг илүүд үзэх хандлага байсаар л. Тэгэхээр “сонгодог” гэж тодорхойлолт таны хувьд юу сан билээ?
Соёл иргэншил гэдэг зөвхөн өрнөдэхинд л байсан буюу байгаа юм шиг, өрнөдэхний юм уу, өрнөдэхнээр дамжиж ирсэн бол юм болгон “боловсон”, өмсөх зүүх, идэж уух, ааш зан, маяг даяг өрнөдийнх бол “боловсон соёлт ёс”-ны жишээ, үлгэр дуурайл гэж боддог ойлгодог байдал хүний жирийн харилцаанаас авхуулаад соёл урлагийн аливаа үзэгдлийг үнэлэх дүгнэх, судлах сурталчлах хүртэл нарийн ширийн ажил үйлстэй маань одоо болтол зууралдсаар, евроцентризм гэдэг тэр Европыг өргөмжлөх суртал үзлийн хүлээсэнд автагдсан хүн хэв янзаар байсаар байгаа нь улс төр, үзэл суртал, соёлын үйлс, урлаг судлал, тэр дундаа хөгжим судлалын цэгцрэх эрчимжихэд тээр болж байнав шүү. Жишээлэхэд энэ ертөнц дээр балетаас өөр төгс хэлбэр бүрдсэн бүжгийн дээд зэргийн урлаг байхгүй юм шиг, балет л ганцхан сонгодог бүжиг гэх юм уу, тэр нь итали хэлээр “бүжих” л гэсэн жирийн нэг үг байтал бүжиг ч гэж орчуулж болохгүй гэх, симфони л бол сонгодог, тэр ч байтугай симфони найрал хөгжимд зориулсан аяз ч байсан сонгодог… гэж боддог ярьдаг, өдий цагт байтал даанч юмны учир олоогүйнхээ зэсийг цухуйлгасаар байгаа хөгийн инээдэмтэй, тэр инээд маань ханиад болж байгаа тоогүй явдал биднээс салж өгөхгүй л байна… Өрнөдэхний мэргэжлийн сонгодог хөгжим, дорнодахины МЭРГЭЖЛИЙН СОНГОДОГ хөгжим хоёр орчин үеийн дэлхий ертөнцөд сайн сайхан, эв зүйтэй зэрэгцэн оршиж байгаа, бие биедээ сайн сайхан туршлага эрдмээ өгөлцөж авалцаж байгааг бид бэлхэн нүдээр харж, чихээр сонсож байгаа сан билээ.
Таны тайлбарт СОНГОДОГ гэхээс гадна МЭРГЭЖЛИЙН гэсэн ухагдахуун гарч байна. Энэ ямар учиртай нэр томьёо вэ?
Мэргэжлийн хөгжим гэдэг нь хөгжмийн соёлын үйл ажлын ангилал бөгөөд даруй сайн дурынхнаас ялган үзсэн ангилал юм. Үүнийг нийгэм судлалын үүднээс үзвэл аливаа үйлдвэрлэлд голчлон дагнасан ажилтай бус, тухайлан хөгжмийн уран бүтээл, соёлд дагнан мэргэжсэн хүмүүсийн эрхэлдэг ажил үйл гэсэн утгаар нэрлэж буй хэрэг. Гэвч, “мэргэжих” гэдэг бол аливаа ажил үйлсийг бүтээх төгс чадвартай болохын нэр байдаг учраас “мэргэжлийн хөгжим” гэдэг ухагдахууныг дан ганц нийгэм судлалын үүднээс тайлбарлах нь улс үндэстэн бүрийн аж байдал, нийгмийн хөгжлийн онцлогтой тэр бүр уялдаж өгөхгүй тул мэргэжлийн урлаг, тэр дундаа бас мэргэжлийн хөгжмийг бас уран чадварын үүднээс, бүтээх чадварын үр дүн болох уран сайхны чанарын талаас шинжин тайлбарлах нь зайлшгүй чухал юм аа.
Тэгэхээр манай монголчуудын хувьд бол заавал дуу хуураа “ажил мэргэжил” болгоод мөнгө төгрөг олдог биш боловч ур чадварын хувьд “мэргэжлийн” уран бүтээлч олон байсан байх нь ээ? Европ төвтэй үзлээр л бүхнийг харсаар байгаад бид “мэргэжлийн” улсаа “сайн дурын уран сайханч” гэж андуурч нэрлэсээр иржээ дээ? Ажил үйлдвэрлэл нь л биш бол мэргэжлийнх биш, тайзан дээр гараагүй л бол уран сайханч гэж л үздэг шүү дээ.
Малын ажил үйлдвэр голлон эрхэлсээр ирсэн манай малчин нүүдэлчин монголчуудын хувьд бол мал маллахын зэрэгцээгээр ур дарх хийх, ерөөл магтаал, үлгэр тууль, дуу хөгжим, бүжиг сурч, эзэн болох, туурвин бүтээх зэргээр уран сайхны мэргэжилтэй болох боломж, цаг зав хомсгүй олддог байсан бөгөөд тэр сурч мэргэжсэн уран сайхныхаа чадварыг илтгэх тайз тавцан нь ердөө л ард түмний өвөрмиц ёс заншлын хэв журмаар зохион байгуулсаар ирсэн айл гэрийн нэгээхэн зай буюу айл гэрийн зугаа цэнгэл, найр наадмын талбай байсан байгаа. Үүнд, монголчуудын зугаа цэнгэл, найр наадам нь ажил үйлдвэрийнхээ явцтай зэрэгцэх хэдий боловч түүндээ давхцаж, саад болдоггүй, тохиромжтой цаг улирлыг сонгосон байдгийг тэмдэглэх хэрэгтэй байна. Өвлийн өрвөлзсөн цас шуурга, хаврын хатуу хахир цагт найр наадам хийдэггүй, зуны дэлгэр цаг эхэлж, цэцэг ногоо жигдрэн, малын сүү шим элбэгшиж ирэхэд гүүгээ барин, “үрс гаргах” юм уу, сааль сүүний их ажил цэгцэрч, идээ тос, хадлан бордоо, ноос ахраа авч гүйцэж, эсгийгээ хийж, өвөлжөө хороогоо засаж сэлбэн, цэгцэлж, гэрээ шинэтгэх зэрэг гол гол ажлынхаа нурууг нугалсан намрын цагт найр наадмыг голдуу хийдэг, өвсний сөл, усны шимтэйд идэшилж ундаалан цадсан мал сүргээ нөмөр дулаан хашаа хороондоо хотолсон өнтэй өвлийн урт шөнийг үлгэр тууль, бий биелгээгээр, шанаган хуур, морин хуур, ихлийн татлагын аялгуугаар хугасалдаг байсан нь тийм учиртай зохимжтой ажээ. Ардын тийм зугаа цэнгэл, найр наадмын үйлс тусын тулд ардын уламжлалт МЭРГЭЖЛИЙН ХӨГЖИМ болох ерөөл магтаал, ухаан сорих оньсого таавар, цэц булаалдах дайралцаан, үлгэр тууль, найр наадмын дуу хөгжим зориулагдаж, МЭРГЭЖЛИЙН УРАН БҮТЭЭЛЧИД болох ерөөлч хуурч, үлгэрч туульч, хөөмэйч цуурч, дуучин хөгжимчин, нутаг нутгийн алдар цуут гарамгай сайчуул төрсөөр иржээ.
Ийм сайхан мэргэжлийн урлагийг эртнээс инагш хөгжүүлсээр ирсэн улс гэдгээ мэдэхэд бахтай сайхан байнам. Ард олны хөгжмийн урлагийн мэдлэг чадварыг гайхуулах үүх түүх, үлгэр домгоос хуучилж өгөөч.
Монголчуудын үлгэр домог, хууч, тууль мэтийг анхааран ажихад хөгч хөгжимч, хөгжимдөхийн ур зүйг эртнээс эрхэмд үзэж, ид хав болгосоор ирсний гэрч баримт захаас авам, замаас үргэлж дайралддагийг бид бэлхэнээ мэднэ. Ганцхан жишээ дурдахад, Жангарын хатан “арван зургаатай Агай Шавтал ерэн нэгэн чавхдастай ендэр мэргэн хуураан аваад татахул, хулсан дунд өндөглөсөн хунгийн дуу гараад, нуур дунд өндөглөсөн нугасны дуу гараад, арван хоёр аясаар чисгүүрдээд одваа” гэж “Жангарын тууж” гэж алдарт туульд гардаг шүү дээ. Үүнд, ерэн нэгэн чавхдастай нэгэн зүйлийн ятга байж, түүгээр чадамгай сайн хөгжимддөг гарамгай сайн хөгжимч эмэгтэй байсан байна гэдэг бодол төрүүлэхийн сацуу таван хөг (пентатоника), найман аялгуу гэж хөг дараалсан эгшгийн эрэмбэ (диатоническая гамма)-ийн үндсэн эгшгийн нэр голцуу гардгаас одоо энд “арван хоёр аяс” гэж цохлон дурдсан нь бас өнгө дараалсан эгшгийн эрэмбэ (хроматическая гамма) -ийн арван хоёр эгшгийг монголчууд эртнээс мэдэж байж дээ гэж санагдуулмаар сонин баримт байгаа юм.
Хөгжмийн ухаан, хөгжимдөх ур зүйн зузаан мэдлэгтэй, гарамгай хөгжимчид зөвхөн үлгэр домогт байсан биш, түүхэнд үнэхээр байсны баримт баталгаа ч мундахгүй байна. Наад захын жишээ гэж, 19-р зууны эцэс, 20-р зууны эхэн үеэр байсан гарамгай хөгжимчдөөс ганц нэгийг дурдахад, хуучин Засагт ханы аймаг, одоогийн Завхан аймгийн харьяат Сандаг хөгч гэж алдартай сайн хөгжимч байжээ. Сандаг хөгч хуураар тав зургаан хөг эгшгийг давхарлуулан тоглож чаддагийн дээр нэгэн зэрэг хөлөөрөө янчир цохиж, гараараа шударга дарж, амаараа дуулдаг байсан юм гэдэг. Хуучин Цэцэн хан аймаг, Хурц вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймаг, Дарьганга сумын харьяат “шар хуурч” хэмээх Дамдин-Очир хуурдахдаа хуруу нь үзэгдэхгүй, онц шаламгай чимэглэн дардаг байсан юм гэдэг.
Ардын урлагаа сурах судлах, эзэмших зорилготой залуучуудад та ямар зөвлөгөө өгөх сөн бол? Ардын урлагийн чухам аль төрлийг илүүтэй үз, хөгжүүл, сур гэж хэлэх вэ? Сүүлийн үед хөөмий, морин хуурыг бусад урлагаас илүүтэй сонирхдог, оролддог болоод байгаа.
Ардын урлагт аар саар, голох хаях юм гэж байхгүй, хялгасан хуур, сальсан хэнгэрэг, цооргоно цуур, шөрмөсөн цуур гэх шиг хүүхдийн тоглоом саатуулгын хөгжмийн зэмсэг ч бай, урам, шившүүр, шовшуур гэх шиг анчдын хэрэглэдэг хөгжмийн зэмсэг ч бай, мал дуудах ая, саалийн уриа ая, анчдын уриа дуудлагын ая, бичиг захиа, ном унших дуудах ая, сур шагайн уухай, гийнгоо, бөх, морь, тэмээний цол дуудах ая, ерөөл магтаал, онисго, цэц булаалдах ая, үлгэр аялгуулан хэлэх, тууж дуудах, тууль хайлах, хуурдах, цуурдах, лимбэдэх, бишгүүрдэх, бялардах, доомбордох, шударга ятга дарах, янчир (ёочин) хэнгэрэг цан цохих, бүрээ үлээх, нутаг нутгийн богино, уртавтар богино, бэсрэг, урт, айзам уртын дуу дуулах, цөм нарийн сайхан урлаг юм шүү дээ гэдгийг манай залуус ойлгох хэрэгтэй байна. Тэхдээ ардын урлагт дутуу дулим, ордож сураад болчих юм гэж бас байхгүй, аливаа эрдэм урлагийн адил амаргүй бэрхийг туулж, алжаалгүй хичээл зарж сурдаг учиртайг сүрхий анхаарах хэрэгтэй юм. Зөв буруу аккорд базаж, зөөллөх чангалахыг ялгахгүй, пар пар нүддэг болчхоод “Өө би гитар сурчихлаа” гэж, аялгуу шүлгийн ур дуугүй юм аймаар сүржин бархирчхаад “дуулж байна” гэдэг өнөө залуусын дунд цөөнгүй тохиолдох болж байгаа урагшгүй ухамсаргүй байдлаар ардын урлагт, ер нь ямарваа урлагт хандаж байж болохгүй.
Хоёр. Аялгуу сайхан монгол хэлний найруулга, үгсийн учрын талаар ярилцсан дэд бүлэг
Та яагаад залуусыг гадаад хэлнээс илүүтэй төрөлх хэлээ бат сайн эзэмших ёстой гэж сургадаг юм бэ?
Төрөлх хэлээ хүндэтгэж хайрлахгүй, сурч эзэмшихгүй, төрөлх хэлнийхээ чадал хүч, яруу сонсголон, үгийн баялаг сан, утгын нарийн нягтыг хайхрахгүй, зохих хэмжээгээр үнэлэхгүй, аав ээжийн зааж өгсөн арав таван үгээр бүтсэн аар саар хэрэглээний хэлээр амиа борлуулсхийж явах юм бол “нүд байвч харахын буянгүй” болох биш үү? Шинэ цагийн сайхныг үзэх шинэ амьдралын сайныг бүтээж байгаа оюун эрдэм бүхнийг эзэмшиж, орчлон ертөнц даяныг мэдэх, зол заяа, золбоо жавхлан бүрдсэн манай залуучууд ялангуяа хөгжил тэмцлийнхээ төрөлх зэвсгийг баараггүй эзэмшдэг, бат найдвартай эзэд нь байх учиртай.
Монгол хэлээр яриад ойлгоод болоод байна, тэгэхээр монгол хэлээ эзэмшсэн хэрэг биш үү гэж асуух залуус олон байна.
Аюулт дайснаас ч хамгаалж болох, араатан хөрөөтөнг ч авлаж болох хурдан цэцэн буу, хурц хатан зэмсэгтэй хүн зөвхөн ганц нэг тарвага зурам унагах төдий эзэмшиж хэрэглэдгээрээ тэр зэвсгээ сайн эзэмшиж байна гэж болохгүйн адил зөвхөн өдөр тутмын буюу ойр зуурын ярьж харьцаж байгаагаараа төрөлх хэлээ бүрэн сайн мэдэж байна гэж бодож болохгүй хэрэг. Хэлнийхээ зүйг сайн мэдэж эзэмших юм бол миний хэл яруу сонсголонтой найруу сайхан хэл, үгийнхээ санг сурч эзэмших юм бол буман үгийн сантай баялаг сайхан хэл тул манай төрөлх хэл хэнд ч гологдошгүй хэл билээ. Гагцхүү төрөлх хэлээ хүндэтгэн хайрлах, төрөлх хэлээ бүрэн суръя гэж хичээх, зөв цэвэр ярьж, бичиж байя гэж чармайх сэтгэл манай хүн бүрд төгс байдаггүйд л хамаг гэм байгаа юм.
Сүүлийн үед “-лт” дагаврын хэрэглээ хэрээс хэтэрч, “сайн тоглодог” биш, “сайн тоглолт үзүүлдэг”, “халуурч туурдаг” биш, “халууралт, тууралт өгдөг” болсоор удаж байна даа?
“Үгийн утгыг ялган таньж байтугай. Тэгвэл та ертөнцийг төөрөлдөхийн тэн хагасаас гэтэлгэнэ” гэж 17 дугаар зууны Францын гүн ухаантан Декартын хэлсэн үг үнэн мэргэн үг юм. “Ногдол, дарамт” гэхчлэн орчуулбал зохих “нагрузка” гэдэг үгийг “ачаалалт” гэж байгаа хүн дайралдсан. Элдэв шалдвын “ЛАЛТ, ЛЭЛТ, ЛАЛДААН, ЛЭЛДЭЭН” дагавар бол үгийн утга найруулгын ярууг мэдэхгүйн усанд живэхдээ шүүрч авдаг бутуул болоод байгаа юм. “Илтгэц” гэвэл таарах “показатель”-ийг “үзүүлэлт” гэж улиг болгож байгаа. Энэ мэтийн буруу солгой орчуулгын үг нь монгол бичиг зохиолын хэлний цэвэр цэгцтэй, яруу сонсголонтой найруулгыг буртаглан булингартуулах хог шаар болсон элдэв албархаг үг хэллэгийг халдаан тараах үр хөрөнгө болж байна. Албархаг үг хэллэг гэдэг бол ард олны хэл ярианы хэв журамд өнгө зүс нийлэхгүй, этгээд гажуу, эв хавгүй, модон үг хэллэгийн нэр юм.
Эх хэлнийхээ зүй тогтлыг ингэж эвдэж байгаагийн гол шалтгаан юу юм бол?
Бурхан шүтээнээ буулгаж бусниулчхаад, “Зөвлөлтийн хүн” гэдэг онцгой гуншинтныг чухам л “баастай бурхан” гэж, ёстой л мухар сүсэглэн, сайн муу бүгдийг нь сармагчлан дуурайж сурснаас “и цаашилбал”, “ну тэхдээ” гэх шиг холион бантангаар эх хэлээ эрээн цоохор болгон бузарлахдаа эр баавгай болцгоолоо. Орчин үеийн Монгол оронд нөгөөх социализмын маань төрүүлсэн ихэнх сэхээтэн, албан хаагчид ганц будаа идэж, төсөөлдөг гадаад хэл нь “агуу их Ленин, Сталины хэл” гэж дөчөөд оноос сурталдан тулгасан орос хэл болсон тул уншдаг сөхдөг ном хэвлэл нь тэр л орос хэлний ном зохиол, түүнээс л хуулахаас аргагүйн зовлонд унаж, нэг мэдэхнээ нь орос хэл, орос сэтгэлгээний номхон боол болчихсоноо одоо ч төдий л сэхээрээгүй байнаб шүү!... Уг нь “харамсах” гэдэг үгийг тэр бүр хэлэхээс цээрлэн, “тоогүй дээ, хэцүү л юм болж дээ, тусгүй л хэрэг байна даа” гэдэг байсан юм сан. Өгүүлбэрийн эхэнд ч харамсах хэцүү үг хэлдэггүй л байсан сан. Тэгтэл одоо ёс төр тэс ондоо харийн хүний “к сожалению” гэхий нь даган дууриаж, хэлэмгүй юманд “харамсалтай нь” гэдгээр өгүүлбэр эхлэн үглэхий нь сонсоход “муу ёрын ч амьтан бол доо” гэмээр этгээд, зэвүүн шүү.
Ингээд эхлээд хэлээ алдвал, дараа нь юугаа алдах сан бол?
Монгол сэтгэл, монгол ухаанаа алдах тусам монгол хэлээ алдаж, хэлээ алдах тусам хүнээ алдаж байна уу даа, тосоор гоож! Ихэд чухалчлах, чухалд үзэх гэхээ “ач холбогдол өгөх” гэдэг хүнийг ямар ч монгол хүн гэх билээ дээ. Угсаа нь монгол ч ухаан нь биш, зүс нь монгол ч зүрх нь биш болсон шинж дээ. “Ач болно, ач хүргэнэ” гэхээс “ач өгнө” гэдэггүй. “Холбогдол” гээч юмыг бүр ч өгөх аргагүй. Орос хэлний “придавать значение” гэдэг нь “атайч импоотэнс” гэсэн англи хэллэг, “аташз дэ л импоготаанс” гэсэн франц хэллэгийн махчилсан орчуулга төдийгөөс цааш гавих юм биш шүү дээ. Үгчилбэл “чухалд хамааруулах” гэсэн тэр цаатах англи, франц хэллэг нь мөн л “чухалд тооцох, чухалд үзэх, чухалчлах” гэсэн утгатай. Халдах наалдахгүй өөр хэв загвартай харийн юмыг хуулан дууриах, махчлан буулгах, бэлэнчлэн зээлэхийн дон тусаар залхуу залхгийн ужиг өвчинд нэрвэгдлээ биш үү, бидний биес?!
Базарсадын ба хэд вэ? Баастай сархинагийн салбан хэд вэ? гэдэг байх аа?
Орос хэлний салгах утгатай “и” гэдэг үгийн оронд монгол хуучин хэлний холбох утгатай “ба” холбоосыг харваагаар оноож, бичиг зохиолоор дүүрэн утга буруу хэрэглэсэн “ба”-г тарсан будаа шиг цацаж байдаг байна. Зөвлөлтийн эрдэмтэн Лев Успенский “Үгсийн тухай үг” гэдэг номдоо Оросын ном бичигт хатуугийн тэмдэг Ъ бол “дээрэмчин үсэг, ажилгүй залхуу, цус сорогч үсэг” байсан гээд “энэхүү дээрэмчин, ажилгүй залхуу, цус сорогч үсгийн талхин дор манай бүх ард түмэн чухамхүү үгээгүйрч байлаа” гэсэн билээ. Зохиолч, орчуулагч, редактор нарын буруу суртал, будлиу салангийн харгайгаар ардын хэлнээс аль эрт хасагдсан “ба” амилж, ард олны чухам махыг идэгч болж, хуучин Оросын хатуугийн тэмдгээс дутуугүй хөнөөл учруулахад хүрч мэдэх нь байна шүү!
Гурав. Дууны үг гээч чухам ямар байх ёстой талаар хөөрөлдсөн гутгаар бүлэг.
Дууны үгийн гарамгай мастер таны хамгийн анхны дуу ямар дуу байв?
Бүүр түүр ухаан ороход нүдний өмнүүр цагаан халаадтай хүмүүс киноны зураг шиг хурдан солигдож, эмч нь ч юм уу, сувилагч нь ч юм уу, багш нар маань ч юм уу, шавь нар минь ч юм уу, сайн нөхөр Норсонжав нар ч юм уу, танигддаггүй. Хожим мэдвэл тэд цөм хэд хэдэн цагаар намайг ээлжлэн сахиж байсан юм билээ. Тэд намайг үхлээс булаан авч, тэдний ач авралаар би амь оржээ. Баярласан гэдэг хязгааргүй. Дотор далай болж, дуулмаар санагдлаа. Эмнэлгийн өрөөнд яаж дуулж болох вэ дээ, тэнхээ ч хүрэхгүй. Тэгээд нэг ганц сайхан дуу бичих юм сан гэж бодлоо. 1959 он улирч, 1960 он шинэ жил гадаа ирж, өргөн түм өрнөн даргиж, өдий төдий баатар сайчуулын нэр тодорч байсан цаг. Миний мэт эгэл олны амь насыг өмгөөлөн сахиж, авран хамгаалагч нар ч бас баатар хүмүүс дээ. Эд бүхний тухай дуулъя гэж “Сүлд модны наадмын дуу”-г (Цалин мөнгөн тэнгэртээ… М.С.) эмнэлгийн орон дээр бичсэн сэн. Улаанбаатартаан Дагзмаа эмчийн ивгээл дор ирээд байхад минь эргэж очсон зохиолч Н. Цэдэндорж нарт тэрнээн өгч явуулсан, “Соёл утга зохиол” сонин шинэ жилийнхээ дугаарт хэвлэчихсэн байлаа. Урамшсан гэж тоймгүй. “Соёл утга зохиол” сонин маань тэгж анх намайг дуу бичихийн Их сургуульд элсүүлж авсан юм.
Тэр цагаас хойш нийт хэдэн дуу бичив дээ?
За даа, дөрвөн зуугаад юм бий байх аа.
400 дуу бичнэ гэхээр зарим хүн дууны үг их амархан юм байна гэж ойлгож мэднэ. Гэтэл та үг ая хоёрыг хэрхэн тааруулах ёстой талаар маш нарийн сургадаг хүн. Жишээ болгон нэг дуугаар дууны үгийг хэрхэн бодож бичих ёстойг тайлбарлаж өгнө үү?
Хөгжмийн зохиолчдоос анх намайг тоож, дуу захиалсан хүн дуучин нөхөр Жаргалсайхан юм даа. Над хоёр сайхан ая өгч, энүүнд үг хийгээд өг гэлээ. Үзвэл баргил юм уу, аргил хоолойгоор дуулах уянгын дуу нэг байна. Айзмын нь хэмжээ дөрөвний гурав буюу вальс. Цараа нь бага наймцын (октав) соль-оос хоёрдугаар наймцын ре хүрч байна. Тэр ре-д баргил хоолойгоор дуулахад төвөггүй сайхан сонсогдох эгшиг ногдуулах ёстой. Дууны маань оргил ч тэнд байна. Бүхэлдээ найман айзам (такт) дуу. Айзам бүрийн эхний хоёр нот цөм наймт нот. Өөрөөр хэлбэл, “нэгээ, хоёроо, гурваа, дөрвөө” гэж тоолохын дайтай эгшиглэх бүтэн нотыг найм хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний нот гэсэн үг. Эднүүст тус бүр богино эгшигтэй үе ногдуулж болно. Харин дөрөвдүгээр, наймдугаар айзмын эхнээс хоёр дахь нот бага зэрэг ужлагатай, хүч илүү тул хос буюу урт эгшигтэй үе ногдуулбал дээр. 1, 3, 5, 7 дугаар айзмын сүүлчийн хоёр нотны эхнийх нь цэгтэй дөрөвт нот, дараачийнх нь наймт нот. Тэг цэгтэй дөрөвт нотуудад нь заавал урт хос эгшиг ногдуулах хэрэгтэй. Наймт нотуудад нь богино эгшиг хэрэгтэй. 2, 4, 6, 8 дугаар айзмын сүүлчийн нот хөгжмийн өгүүлбэр, тухайлбарын төгсгөл болсон хагас нот. Өөрөөр хэлбэл, бүтэн нотыг хоёр хуваасны нэгтэй тэнцэх нот. Эднүүст заавал хос урт эгшиг ногдуулах хэрэгтэй.
Ингэж аяын нь бүтцийг задлаг хийж үзээд, санаагий нь ойлгох гэж хэдэнтээ хөгжимдөж цээжлээд, үгээ тааруулан шилж эхэллээ. Нэлээд оролдтол дээрх шаардлагад нийцэхүйц үг бүхий шүлэг гарч, “Ганцхан туулах насных аа” гэдэг дуу босож ирсэн юм аа.
Орон шуурсан тэнгэр хө
Цэлмэн гийх нь ашгүй дээ
Ончрон дүүлсэн сэтгэл хө
Цэхлэн шийдэх нь гялай даа!
Хөвөн үүл нь сэмжирч хө
Наран таалах шинж үү дээ
Хөсөн хөөрсөн сэтгэл хө
Нандин хайр гэх шижим үү дээ?
Алтан найгал цэцгэн дээр
Ганган цоохор эрвээхий
Амин хайртай тэр минь дээ
Ганцхан туулах насных аа! гэсэн ийм байгаа.
Дуунд ийнхүү үгийн үеийг тааруулахад юуг анхаарвад зохих вэ?
Анхаарваас зохих нэг зүйл буй нь дуунд үгийн үе тааруулахад дан ганц зөв бичих зүйн талаас харах нь учир дутагдалтай тул хэлний шинжлэлийн хувьд зөв бичих зүй, зөв дуудах зүй хоёрыг, хөгжмийн шинжлэлийн хувьд дуулаачийн авиа зүй, дуулах үг хэлний ур зүйн талаас сайтар харууштай мэт. Жишээ нь [дээрх дуунд] “гийх нь, үүл нь” хоёр аль аль нь ганц үе боловч дуулахад “гийхэнь, үүлэнь” гэж… хоёр үед тооцох нь зөв биз ээ… Бас “шижим үү” гэж бичих зүйгээр гурван үе буй авч дуулахад “шижмүү” гэх учир хоёр үед тооцохоос аргагүй.
Ийм маягаар эхлээд ая нь ирсэнд таны үгийг нь тааруулан хийсэн өөр ямар ямар дуу байна вэ?
Үг хийлгэх гээд зохиолчийн урд ирсэн ая иймэрхүү шаардлага хариуцлагыг авчирдаг болбуу гэж бодож, аяы нь авч үг хийхдээ иймэрхүү шиг зорилттой оролддог доо. Мөн Жаргалсайханы “Учрахын ерөөл”, Цоодолын “Шаавай төржээ”, Мяасүрэнгийн “Чамтайгаа би”, “Эхийн хүслэн”, Мөрдоржийн “Уйдгүй жаргалтай”, “Сүүн саран”, Шарын “Мөрөөсөл”, “Ирээч дээ”, Дарамзагдын “Бахтай цэрэг ээ”, Рэндоогийн “Хайтан цэцэг”, “Чиний туяа”, Бярваагийн “Гоёхон чимэг юм уу даа”, “Намрын шөнө”, Ниязигийн “Азербайжанаас дуулж байна”, “Улаанбаатарын үдэш” зэрэг дууг аяы нь барьж, үг тааруулан, ийм мөрдлөгөөр хийсэн.
Аянд үг тааруулах нь ийм нарийн учиртай байдаг юм байж. Үгээ өгөөд ая хийлгэх зохиолчийн хувьд харин юуг анхаарах ёстой вэ? Таны ямар ямар дуу ийм дарааллаар бүтсэн бэ?
Дууны шүлгийг урьдаар бичиж, дараа нь хөгжмийн зохиолчид өхөд чиг гэсэн энэ дуу маань тийм төрлийн дуу, тийм хоолойтой дуучин дуулахад зохих дуу, аяын нь оргил энэ мөрөнд гарах тул энэ мөрийн үгний эгшгийг ингэж тааруулъя гэхчлэн сайн бодож, үгийн өргөлт, урт хос эгшгийн хуваарь, үеийн урт богиныг бадаг бүрд жигдрүүлэн “хайрцаглаж” өх ёстой байх гэж боддог. Намсрайжавын “Халуун элгэн нутаг”, Лувсаншаравын “Ертөнцийн сайхан үзэсгэлэн”, “Баян хангай”, “Барилгачдын дуу”, Дарамзагдын “Цэргийн эрдэм”, Чойсүрэнгийн “Уяхан хорвоон хань” зэрэг дууг тэгж бодож хийсэн.
Үгэнд ая хийнэ гэдэг бас хөгжмийн зохиолчийн талаас нарийн ухаан байх нь. Үг ая хоёр үл тохирвоос юу болох сон бол?
Ер нь хөгжмийн зохиолчид дууны үгийн жин чанар, ур утга, эгшиг өргөлт, үеийн хуваарь тэргүүтэнд нарийн хандахгүй, хамаа намаагүй үгэнд хааш яйш нот оноон оромддогоос болж үгэнд ёстой онож зохицсон ая гарахгүйгээр зогсохгүй, үгийн утга тэс өөр болох ч гэм осол байна. Ц. Дамдинсүрэнгийн “Шинэ сүлд” гэдэг шүлэгт Дорждагва гуайг ая хийхэд Дугаржав гуай үзээд “...монголчууд өөдөө дэвшээд мандаж байна” гэсний “мандаж байна” гэдэг үгэнд ногдох ая бол цэцэг дэлгэрч байгаа юм шиг, талбиун, суурь талбай эзэлсэн, уудам бадрангуй ая байх ёстой. Гэтэл чиний хийсэн ая хулс ургаж байгаа юм шиг, гэнэтхэн цорс гээд гараад ирсэн ая болчихжээ зөвлөж байсан гэдэг юм. Үгэнд ая онооно гэдэг ийм нарийн байдаг байна.
Одоо ч тэгээд сум дүүрэг болгон, албан газар, сургууль бүр, тэр ч байтугай бөх морь болгон өөрийн гэсэн дуутай болж дээ?
Дууг аминчлан өмчилж, засаг захиргааны нэгж буюу жижиг албан байгууллага дор бүрдээ дуутай болох гэж дууны шинж чанар, ач тусыг явцууруулан, албадан захиалах, дуу зохиох мэргэжилгүй найрал дууны багш, хөгжмийн багш нараар шахаж дуу хийлгэх зэргэмжийн буруу солгой ажлын харгайгаар дууны урлагийг алдагдуулах, ур утгагүй, урт наслахгүй элдвийн эрээвэр хураавар дуу гарах үүд хаалга нээгддэг гэм байна. Аймаг бүр дуулалтай, үйлдвэр сургууль бүр дуутай болох гээд байвал “жалга болгон жасаа” гэх шиг дугуйлан хүртэл дуутай болох гэж байж магадгүй байна.
Бидэндээ эргэн ирж, үг сургаалаа айлдсан танд их баярлалаа. Тэртээ тавь жаран жилийн өмнө хэлж байсан үг, сануулж байсан анхааруулга тань өнөө ч амин чухал хэвээрээ. Ухан ойлгоод, ухааран хэрэгжүүлж чадвал бас чиг хоцроогүй л мэт. Тиймээс эцэст нь та эх хэл, монгол бичиг, ардын урлаг, өв уламжлалаа өвлөн эзэмшиж, үргэлжлүүлэн авч явах талаар залуу үеийнхэндээ юу захих сан бол?
Өнө эртний бэрх хэцүү цагаас өөрсөндөө хэрэг болгож, өөрснөө бүтээн туурвиад, өмөөрч хамгаалж, өвөртөлж хайрлаж, өнөөгийн сайхан үед өмч болгон авчирч өгсөн өвгөд дээдсийнхээ өөдлөх дэвжихийн бэлгэ тэмдэг, өр зүрхний эрхэм нандин урлагийг өвлөн эзэмших ёстой эзэд нь болох залуус маань болхи назгай, болчимгүй хийсгэлэнг тэвчин жигшиж, бодлоготой ухаалиг, болгоомжтой хэрсүүгээр хүний сайхан ур эрдэм бүхнийг эзэмшихийн эрхэм үйлсэд хүч сэтгэлээн дайчилж байх учиртай цаг юм даа, орчин үе гэдэг чинь!
...хэмээсэн энэхүү “ЯРИЛЦЛАГА”-ыг бэлдэхэд миний өөрийн нэмж оруулсан, зохиосон өгүүлбэр байхгүй, бүгд их эрдэмтний өөрийнх нь хэлж бичсэн зүйл болох бөгөөд бөө нар онгод сүнсийг дууддаг бол миний бие бичсэн өгүүлэл, ном судрыг нь уншин, их эрдэмтний хэлж үлдээсэн гэрээс санааг гаргасан бөлгөө. Үүнд голчлон, Монгол Улсын Их Сургуулийн Монгол Судлалын Хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Ардын урлаг судлал”, “Судлах сургахын ухаан” нэрт хоёр боть эрдэм шинжилгээний бүтээлийн чуулганыг ашиглав. “Онисго, байнаб, илэт” гэх мэт өнөөгийн зөв бичих дүрмээс ангид бичсэн үгсийг их эрдэмтнийг хүндлэхийн үүднээс, бичиг сэлтийг нь засваргүйгээр хүргэхийн тул тэр чигээр нь оруулсныг болгооно уу.