ЖАЛГА БОЛГОНД НЭГ ҮРЭЛГЭН НОЁН
Үрэн таран болсоор буй бидний мөнгө
ЖАЛГА БОЛГОНД НЭГ ҮРЭЛГЭН НОЁН
I
Улсын мөнгө гэж байдаггүй. Улсыг бүрдүүлэгч ард иргэдийн мөнгө л гэж байдаг. Үүнийг уншиж байгаа таны мөнгийг л тэд улсын мөнгө гээд бгаа юм. Элдэв татвар шимтгэлээр дамжуулж дарга нар төсвийг бүрдүүлдэг. Та ажилгүй, бүр сурагч, тэр бүр хэл өлгийтэй хүүхэд байсан ч (өлгийтэй хүүхэд үүнийг уншиж байж болышдээ :)) хэрэглэж байгаа памперсаараа дамжуулж улсдаа татвар бүрдүүлж байгаа. Том том компаниуд ихэнхийг бүрдүүлдэг л дээ гэхдээ тэдний худалдаа борлуулалтын зах зээл, хөдөлмөрийн бүтээмжийг мөн л ард иргэд бий болгодог.
II
Улсын их хурал дээр 2022 онд 18 их наяд төгрөгийг та бидний мөнгөөр бүрдүүлнэ гэж төлөвлөлөө. Овоо л их юм болох нь. УИХ буюу манай “төр засаг” чинь энэ мөнгийг буцаагаад зөвхөн ард иргэддээ зарцуулах үүрэгтэй гэдгийг Монгол улсын бүх хуулийн үг үсгүүд заачихсан байдаг. Энэ нь хүмүүст тараагаад өг гэсэн үг биш нь мэдээж, харин иргэдийн тав тухтай амьдрал, эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хэрсүүжил, аюулгүй байдалд хэрэг болох зүйлсийг бүтээж, бий болгож, барьж байгуулдаг байна.
Хаашдаа хүнд хэрэггүй сохор зоос ч хорвоо дээр байхгүй тул төсвийн мөнгийг хамгийн хэрэгцээтэй зүйлд зарцуулах шаардлага улсын удирдагчдад тулгардаг. Тиймээс ч сонгуулийн зориулалт нь бидэн дундаа хамгийн ухаантай мундагийгаа сонгох энгийн логиктой.
III
Харамсалтай нь манайд жоохон гурил, будаа, арав хорин мянган төгрөг өгөнгүүт л хэнийг ч хамаагүй сонгочихдог болохоор эвгүй эвгүй хүмүүс Их хурлын гишүүн болчихдог юм. За тэр ч яахав, зүгээр дараагийн сонгуулиар дахин сонгогдохын тулд тэр хүмүүс чинь тойргоо услаад байнаа л гэж. Услахын тулд жишээ нь энэ жилийн төсвөөр гишүүн бүр өөртөө 4 тэрбум төгрөгийг тойрогтоо захиран зарцуулах эрх авчлаа. Буюу тойрогтоо ямар ч хамаагүй худлаа худлаа барилга байшин барих уралдаандаа орцгоолоо.
Яг хүний амьдралын чанарыг сайжруулах юм хийх гэхээр үр дүн нь мөд харагддаггүй болохоор дорхноо нүдний өмнө бий болох ордон босгодог. Сонгогчид нь ч “ийм сайхан ордон барьсан хүн дээ” гээд сонгочихдог. Ямар нэг юманд мансуурцан юм шиг эвгүй байгаа биз. Өөрт нь ямар ч хэрэггүй байхад. Бас мөнөөх гишүүн нь тэр ордноосоо хангалттай унац унагаагаад авчдаг олон талын ашигтай эд. Одоо тод жишээ нь Богд Зонховын хөшөө боллоо. 32 ширхэгийг барьчихаар мөнгөөр ганцханыг барих гэж байгаад баригдсан.
IV
Гишүүд тойрог болгондоо ийм юм барихыг бид гүйцэж илрүүлээд Зонхов шиг зогсоож барахгүй. Тогтолцоогоор л шийдэх асуудал юм. Өөрөөр хэлбэл сонгуулийн мажоритар системийг халах. Мажоритар гэдэг чинь олон жижиг тойрог болгоод тэрнээс нь нэг нэг ноён сонгодог эд. Тэхээр нөгөө ноёд нь тийм мэдрэл муутай башингууд барих гээд уралдаад эхэлдэг. Харин улс даяараа нэг тойрог болоод сонгогчид намд санал өгдөг болчуул тойрог услах уралдаан зогсож улс даяар нэмэр өгөөжөө өгөх системийн өөрчлөлтүүд явагдах боломжтой болох юм. Дэд бүтэц, модон жорлон, сургалтын орчин, ажилгүйдэл гэх мэт том төслүүд. Энийг сонгуулийн пропорционал тогтолцоо гэдэг.
V
Манай улс 1992 онд анх ардчилсан сонгууль явуулсан. Мажоритар, гэхдээ томсгосон тойргоор явагдсан энэ сонгуульд МАХН ялсан. Үүнээс хойш 1996, 2000, 2004 онд жижигсүүлсэн буюу нэг жижигхээн жалганаас нэг хүн сонгогдох сонгууль явагдаад 2008 онд дахин томсгосон тойргоор сонгуульджээ. Энэ онд 7.1 хэмээх гамшиг гарч таван хүнээ алсны дараа сонгуулийн тогтолцоонд буруу байна гэж үзээд 2012 онд холимог хувилбар буюу нийт гишүүдийн 1/3-ийг намын нэрээр гаргаж ирэх аргаар сонгуульдсан юм. Сонгогчид 48 гишүүний нэрийг шууд дугуйлахын хамт мөн намын нэр дугуйлсан. Энэ дугуйлалтаар 28 гишүүн листээр гарч ирсэн юм. Олон өнгөтэй, сонирхолтой парламент бүрдсэнсэн.
VI
Энхүү сонгуулиар олонх болсон Ардчилсан нам гэнэт өөрснийгөө од болчлоо гэж бодсон юмуу, арайхийн дэвшил гарсан сонгуулийн тогтолцоог орвонгоор эргүүлэн сүйрүүлж дахин жалга болгоноос ноён гардаг хууль батлуулчихсан. Э.Бат-Үүл нар тунхаглаж, З.Энхболд нар зохион байгуулж, Д.Лүндээжанцан нар Цэц дээр зохицуулснаар жижиг 76 тойрог бий болж, харин үр дүн нь эсрэгээр гарч АН арчигдсан билээ. Одоо ч нар хараагүй л явна.
2020 онд ч гэсэн томсгосон тойргоор “жалгадсаныг” бид мэднэ. Өнөөдөр горыг нь ард түмнээрээ амсаж сум болгон усан бассейнтэй болох аянд уралдацгааж байна даа. Үүнийг даруй болиулж пропорционал сонгуулийн тогтолцоог яаралтай бий болгох шаардлагатай байна.
VII
Яг ийм зүйлийг УИХГ Т.Доржханд хуулийн зөвлөх Д.Үүрцайхын хамт ярьж яваа. Гишүүдийн 1/3 энэ тэр гэлгүй шууд талыг нь намын нэрээр сонгох. Тэгвэл намууд улс орон даяар өөрийн нэр хүндээ өсгөх үйл ажиллагаа явуулах ёстой болохоос биш ганц этгээдийг нутгийн ноён болгож, төсвийн бөөн мөнгөөр туйлуулахгүй. Үр дүнд нь ард түмэн л хожно.
Энэ асуудлыг тэд Үндсэн хуулийн цэцэд өргөн барьсан бөгөөд Цэц 2015 онд хийснийгээ л залруулчихад болох зүйл юм. Үүн дээр намууд ч мөн ижил байр суурьтай байгаа. Гэхдээ мөнөөх ноёдын хүчтэй эсэргүүцэлтэй ч тулах нь гарцаагүй. Гагцхүү ард түмний дэмжлэг л завхарсан байдлыг өөрчилж, улс орноо хөгжлийн зам руу залж чадах юм.
Зочин
Зочин
Зочин
Арслан
Зочин
гончиг
Ганаа
zochin