Туулаа бодоод уйлмаар аа
Гоо сайхнаараа өдөртөө байтугай шөнөдөө гайхуулж явсан туул минь гадныхны “халдлага”-д өртөж гамшгийн тоог нэгээр нэмлээ.
Нийслэлд ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл явуулахыг хориглосон Засаг даргын шийдвэр байсаар байтал Хятадын “Би си” компани яахаараа ингэж том толгойлж, монгол улсын байгаль орчныг хордуулж, залуусыг нь нохойноос дорд үзэн боолчилж байдаг байна вэ. 24 цагаар ажилладаг ноос угаах үйлдвэр хууль зөрчин үйл ажиллагаа явуулж, монголчуудыг өдрийн гуравхан доллараар хөлслөн зарцалж, химийн хортой усаа Туул гол руу маань юүлж байж болно гэж үү. Одоо бүгд ниргэсэн хойно нь хашгирч байна. Хэн гэгч эрхмийн нөмөр нөөлөг дор энэ харийнхан ингэж галзуурч байсныг хамгийн эхэлж олж тогтоомоор байна. Мэдээж хариуцлагын асуудлыг шат шатандаа тооцож, эргэж ард иргэддээ мэдээлэх байх. Албаны энэ мэт мэдээлийн ард харин жинхэнэ эзэд нь амиа хоохойлон үлдэцгээж, хууль бусаар орогнуулж байсан хамтарсан бизнесийн эзэд ямар ч ял зэмгүй үлддэг практик манайд газар авсан.
Туул маань ингээд дууль болдог байжээ. Туулын доторх анир гүмхэн амьдрал гамшигт автаж 3.2 тонн загас үхэж үрэгдлээ. Үхсэн загаснуудыг бүгдийг нь хөрсөнд булан хойдохыг нь зохицуулсан гэж мэдээлэв. Үлдсэн цөөн юм бий болов уу үгүй болов уу. Үхэж үрэгдсэн тэдгээр загаснууд бүрэн гүйцэд устгагдаа болов уу үгүй болов уу. Арай хүнсний зах дээр өнгө зүсийг нь засчихаад “сайн чанарын хямдхан загас аваарай” гээд хашгирч зогсоо юм биш биз дээ. Үнэндээ итгэхэд бэрх орчин нөхцөл бидний амьдралд ийнхүү нүүрлээд ирлээ. Өнөө ярьсан юм маргааш хүчингүй. Өнөөдөр тавьсан андгай нөгөөдөр байхгүй. Дэлгэц дүүрэн үнэн. Аль нь жинхэнэ үнэн болох нь тодорхойгүй. Ийм л амьдрал дунд бид туулынхаа ард туньж унин амьдарч ирлээ. Одоо харин Туул маань харийнхны гарт амь тавин алдан татвалзаж байна. Туул ч үгүй, тууль ч үгүй болохын ирмэгт тулаад ирчихсэн загас жараахайгаа тонн тонноор нь булж жинхэнэ гамшгийн байдалд орчихоод байна. Байгаль орчны сайд ноён И.Эрдэнэбаатарыг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх байх хэмээн иргэд харж байна. Бидэнд байгаль орчин сүйтгэдэг биш хамгаалдаг яам, хайрладаг сайд хэрэгтэй байна гэж тэд бухимдаж байна.
Туулын жаргалтай амьдрал зөвхөн дуунд л үлджээ. Эхлээд түшээд суух сөөг модгүй болсон. Дараа нь усандаа оддыг сартай нь умбуулж байдаг урсгал нь явсаар татарсан. Шувуугүй, шугуйгүй болсон туул минь адаг сүүлдээ иймдээ тулдаг байжээ. Туулынхаа цаана гарч хороо найруулж аваад оройдоо хот руу яарч сандран давхилдсаар, дохиогоо хангинуулсаар орж ирдэг улстөрчидын маань нүд нь аниатай явдаг юм байна.
Туулаа бодоод уйлмаар байна аа.
Зочин