ИРГЭДИЙН “МИКРОФОН”
“Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлье” хэмээсэн суут Архимедийн нэхэл шиг “Надад микрофон аль, би үгээ хэлье” хэмээн ард иргэд шаардаж байна. Тэр микрофон нь зөвлөлдөх санал асуулга. Микрофон аслаа. Төрийнхөө үйл хэрэгт шууд оролцох, “хүрд эргүүлэх” боломж бидэнд ирж байна. Одоо л бачууруулаад байгаа үгсээ хэлж, нийгмийнхээ гажуудал, хэтийдлийг засаж авцгаая.
“Нүүрсний хулгай”-н асуудлаар УИХ саяхан сонсгол явуулсан. Сонсгол гэдэг бол УИХ-ын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлдэг арга хэрэгслүүдийн нэг юм байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспортыг хянаж, тоолж, бүртгэж, төлбөр ялбарыг нь тооцдог Сангийн яам, гааль, татвар, хууль хяналтын байгууллага, олборлож борлуулдаг уурхайнууд, ажил хариуцсан хүмүүсийн тайлбарыг сонсох, асуух, үндсэндээ асуудлын мөн чанарыг углуургаар нь ойлгож, мэдээллээ нэгтгэхэд чиглэдэг юм байна. Харин магадлан шүүж, таслан шийдвэрлэдэг ажил нь дараа дараагийн ээлжинд тусгай горим дэгээр тусдаа хийгддэг аж. Гэтэл сонсголд оролцсон олон нийт, жагсагчид, иргэд дэг горимыг нь 360 хэм эргүүлж, хэлэлцуүлэг болгож хувиргасныг та бид телевиз, соошлоор нэгд нэгэнгүй үзсэн.
Энэ үйл явдлаас иргэдэд төр, засагтаа үгээ хэлж шийдүүлэх, санал бодлоо илэрхийлэх, хэлэлцэж ярилцах хэрэгцээ шаардлага маш их байгааг бид олж харсан. Хүмүүс бухимдаж, тэсэрч байна. Нийгэмд хэтэрхий газар авсан ялгаатай байдал тэдний жигшил зэвүүцлийг төрүүлж, ил задгайдаа гарсан албан тушаал, тал тохойн хэргүүд олны хорсол хилэгнэлийг өдөөж байна. Хашхирмаар байвч үгс нь өвлийн жавар, үл ойшоохын салхинд хөлдөж царцаад эрх мэдэлтнүүдэд хүрч очихгүй болохоор эрхгүй микрофон булааж авсан нь тэр байлаа. Үнэхээр ард түмэнд микрофон хэрэгтэй байна.
Иргэдийн энэ нэхэлтэй зэрэгцэн УИХ-аас үндэсний хэмжээнд зөвлөлдөх санал асуулга хийх шийдвэр гаргасан нь олон нийт, төр засгийн хүсэл эрмэлзэл нэгэн цэгт огтлолцож буйг харууллаа. Монголчууд бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж цэцэлдэг, ахмад настнаа хоймортоо залж тойрон суугаад, ирж буцах цагийн хэв төлөвийг өнөө маргаашаар биш цаг хугацааны махбодоор үелэн төөлж, жаран зуунаар өртөөлөн тэлж хэлэлцдэг гүн гүнзгий уламжлалтай ард түмэн. Тийм ч учраас Үндсэн хуульдаа “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн заасан.
Зөвлөлдөх санал асуулга бол нийгмийн бүлэг хэсгүүдийг иргэний бүртгэлийн өгөгдөлд тулгуурлан харьцангуй бүрэн хамруулж, тэдний саналыг авч төрийн бодлогод тусгах боломж бүрдүүлж буй механизм. Бид сонгуулиар төлөөллийн байгууллага болох парламентаа байгуулдаг болсноос хойш эдүгээ найм дахь УИХ-аар уламжлан төрөө барилцаж явна. Бүх ард түмний сонгуулиар Ерөнхийлөгчөө сонгодог. Энэ бол төлөөллийн ардчилал. Харин Үндсэн хуулийн дээрх заалтад байгаа “ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож...” гэсэн хэсгийг бид зөвлөлдөх санал асуулгаар хэрэгжүүлдэг болоод хэдэн оныг үдэж байна.
Хуульчлан тодорхойлсноор, зөвлөлдөх санал асуулга бол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар иргэдээс санал авч, тэднийг төрийн үйл хэрэгт оролцуулах цогц үйл ажиллагаа юм. Улс үндэсний хэмжээнд, аймаг, нийслэлийн түвшинд, сум, дүүргийн бүс нутагт ч явуулж болно. Гол нь санаачлагчид нь “шийдвэр гаргах эрх бүхий этгээд” байхаас бус зохион байгуулах, санал хураах, хянах, дүгнэлт гаргах бүх үйл явцад нэг ч “дарга” оролцохгүй. Улс төрийн болон төрийн албан хаагч, намын ажилтнууд ч оролцохгүй. Эхний ээлжинд их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн мэргэжлийн холбоод, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлэх замаар Зөвлөлдөх зөвлөлийг байгуулна. Иргэд өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлж ч болно. Энэ Зөвлөл цаашаа бүх үйл ажиллагааг удирдаад, зохион байгуулаад, хянаад явах юм. Хуулийн дагуу зөвлөл 5-11 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар 2017 онд анх удаа үндэсний хэмжээнд зохион байгуулсан санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Улсын бага хурлын гишүүн асан, “иргэн” Д.Ламжав, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч асан, эрхзүйч Б.Лхагважав, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ц.Сарантуяа, Олон нийтийн сүлжээний зөвлөх Г.Сүхжаргалмаа, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Чулуунбаатар нарын найман хүний бүрэлдэхүүнтэй байсныг уншигчид санаж байгаа байх.
Зөвлөлдөх зөвлөл эхний ээлжинд санал асуулгын сэдэв, асуултыг боловсруулах ёстой. Ард олныг бухимдуулж байгаа, нийгэмд бугшиж хуримтлагдсан асуудлууд, тэдгээрийн гол гогцоо нь юунд буйг, шийдвэрлэж болох арга замууд нь хаагуур байхыг олж тогтооно гэсэн үг. Ингэхийн тулд эрдэм шижилгээний бага хурал, нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулган зэрэг хэлэлцүүлэг, зөвлөлгөөнүүдийг зохион байгуулна. Энэ удаагийн санал асуулга “Зөвлөлдөж шийдье” гэсэн уриан дор болж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлж эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой. Авлига, хээл хахууль, ажилгүйдэл, ядуурал, ёс суртахууны доройтол, тэгш бус байдал гээд бидний зовлонгийн жагсаалт уртаас урт үргэлжилнэ. Энэ бүгдийг нэгэн зэрэг шийдэж чадахгүй ч дийлэнхийг, тэр дундаа амин чухлыг нь шийдвэрлэж болох арга хувилбарууд, оньс чагт юу байж болохыг олж тогтоогоод, түүнийгээ зөвлөлдөх санал асуулгад оруулж иргэд, олон нийтээс асууж шийдэх юм.
Зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттай явуулахаар хуульчилсан нь учиртай. Шууд ардчиллыг хэрэгжүүлэх арга хувилбаруудын нэг болох зөвлөлдөх ардчиллын онолчид санал асуулгын агуулга, зохион байгуулалтад ач холбогдол өгдөг болсон. Тухайлбал, Стэнфордын Их сургуулийн профессор Жеймс С.Фишкин санал асуулгад оролцогч иргэд тухайн сэдвээр үнэн зөв мэдээллээр хангагдсан байх ёстой гэж үздэг. Үүгээр зогсохгүй иргэдийг мэдээллээр хангахдаа эерэг, сөрөг аргументуудыг тэнцвэртэй өгч, тэгш ардчилсан зарчмыг хангахгүй бол Зөвлөлдөх санал асуулга болж чадахгүй гэж тэр нотолдог. Иймд Монгол Улс “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуульдаа хоёр үе шаттай байхаар оруулсан. Нэг дэх шатанд иргэдэд урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал авна. Харин хоёр дахь шатанд мэдээллээр хангаж, мэдлэг олгож байж санал авна.
Юуны өмнө зөвлөлдөх санал асуулгад хэдэн иргэн оролцохыг Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлалаар Зөвлөлдөх зөвлөл тогтоох юм. 2017 оны зөвлөлдөх санал асуулгын эхний шатанд санамсаргүй түүврийн аргаар тодруулсан 1570 иргэн оролцож байсан. Харин хоёр дахь шатанд тэдний тал нь буюу 785 нь хот, хөдөөгөөс нийслэлд цуглаж оролцсон. Учир нь хуульд эхний шатанд оролцсон иргэдийн 50-аас доошгүй хувийг хоёр дахь шатанд оролцуулна гэж заасан.
Санамсаргүй түүврийн аргыг хүмүүс шүүмжлэх нь бий. Урьд өмнө явуулж байсан сонгуулиуд, тэдгээрийн хүрээнд хийгдсэн судалгааны мэдээллийг ашиглаад түүврийг санамсаргүйгээр бус “санаатай”-гаар үйлдчих ч юм билүү гэж эргэлздэг. Хүн бүрд хардах эрх бий. Ийм “санаатай” сонголт хийгдэхийг ч үгүйсгэхгүй. Гэвч зөвлөлдөх санал асуулгын удирдлага, зохион байгуулалт, хяналт, хэлэлцүүлгийн бүх үе шатанд улс төрийн намууд, төрийн улс төрийн албан тушаалтнууд, тэр бүү хэл, төрийн захиргааны албан хаагчдыг хүртэл оролцуулахгүй байхаар хуульчилсан явдал энэ эргэлзээг бага ч болов хөнгөлж буй юм.
Хоёр дахь шат ёстой жинхэнэ “алаан” болно. Оролцогчдыг улс орны өнцөг булан бүрээс цуглуулж юуны өмнө хөндөж байгаа сэдэв, агуулгаар “цэнэглэнэ”. Ард түмнийг хилэгнүүлээд байгаа асуудал чухам юунд байна вэ, түүнд хамаарах төрийн бодлого, гүйцэтгэх тогтолцооны гажуудал нь хаана байна вэ, уг сурвалж, учир зангилаа нь юу болох, яаж тайлах гэх мэт өргөн хүрээ, гүнзгий судлагдахуун бүхий мэдлэгийг зохих түвшинд ижил тэгш олгоно. Ингээд мэдлэг, мэдээлэлтэй болсон иргэд сэтгэл, оюунаа уралдуулан асуудлыг олон талаас нь шүүн хэлэлцэж, марган мэтгэлцэнэ. Энэ шатны санал асуулгын үндсэн хэлбэр нь зөвлөлдөх уулзалтууд байх юм. Оролцогчид 15-аас илүүгүй хүнтэй хэсгүүдэд хуваагдаж, хэсэг бүрээрээ зөвлөлдөх уулзалтуудыг хийнэ.
Мэдлэг, мэдээлэл олгохдоо нэг талыг барих, эсвэл тодорхой шийдвэр гаргахад тохируулсан ч юм уу, чиглүүлсэн мэдээллээр оролцогчдын “тархийг угаах” асуудал гарч болох юм гэх хар сэр бас явдаг. Хэсэг бүрд хэн нэг “идэвхтэй этгээд”-ийг шургуулж, уур амьсгалыг залуурдуулах зохион байгуулалт хийж мэднэ гэж эргэлзэх нь бий. Хөндөж буй асуудлаар тодорхой байр суурьгүй, эс бөгөөс улс төр сонирхдоггүй хэсэг нь өнөө “шургалсан” нөхрийн ухуулгад автаж, даган ханарах хандлага гаргаж, улмаар асуудлыг нэг тийш хэлбийлгэн буруу шийдвэрт хүргэвэл ноцтой алдаанд хүрч болохыг учир мэдэх хүмүүс анхааруулдаг. “Зөвлөлдөх санал асуулгын тухай” Монгол Улсын хуульд хоёр шатны үйл явц олон нийтэд нээлттэй, ил тод байхаар хуульчилсан. Үүгээр санал асуулгын зохион байгуулалт, агуулга, хэсгүүдийн хэлэлцүүлэг, шийдвэрт хүрч буй үйл явцыг олон нийтийн давхар хяналтанд оруулж байгаа юм. Олон нийтийн ажигч гярхай хараан дор зөвлөлдөх санал асуулгад хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийх гэдэг юу л бол.
Ер нь шууд ардчиллын арга замуудад учирч болзошгүй бүхий л саад, хязгаарыг нэг бүрчлэн шийдэхэд бэрхшээлтэй. Хамгийн сайн хувилбарт ч өө сэв заавал гарна. Гэхдээ энэ бол алдаж болно гэсэн үг биш. Тийм ч учраас ардчилсан засаглалтай улс орон бүр шууд ардчиллын механизмуудыг өөр өөрийн онцлогт тохируулан, аль болох сайн хувилбараар авч хэрэгжүүлдэг. Магадгүй, шууд ардчилалд учирдаг хамгийн том бэрхшээл бол улсчтөрчид, эрх бүхий этгээдүүдийн хууль бус, зохион байгуулалттай ажиллагаа гэхээсээ илүү олон нийтийн өөрсдийнх нь тухайн асуудлыг үл тоомсорлох, идэвхгүй, байр суурьгүй хандах явдал гэж хэлж болно. Эрдэмтэн судлаачид ч ингэж дүгнэх нь бий.
Харин монголчууд өнөөдөр үл тоомсорлохын хязгаарыг нэгэнт гэтлээд байна. “Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлье” хэмээсэн суут Архимедийн нэхэл шиг “Надад микрофон аль, би үгээ хэлье” хэмээн ард иргэд шаардаж байна. Тэр микрофон нь зөвлөлдөх санал асуулга. Микрофон аслаа. Төрийнхөө үйл хэрэгт шууд оролцох, “хүрд эргүүлэх” боломж бидэнд ирж байна. Одоо л бачууруулаад байгаа үгсээ хэлж, нийгмийнхээ гажуудал, хэтийдлийг засаж авцгаая.
Чойном
Чойном
Баярлалаа