XX зууны дэлхийн бөхийн супер оддын нэг, XX зууны монгол бөхийн зууны манлай, доктор, профессор Хорлоогийн Баянмөнх манай “Ярилцъя” булангийн хоймор зочилж байна.

-Аварга аа, ярилцлагаа бүр эртний он цагаас эхлэмээр байна. Яагаад гэвэл та бид хоёр өмнө нь ярилцаж үзээгүй шүү дээ?

-Тэг тэг. Чамд асууж чадахгүйн зовлон байхгүй. Надад хариулж чадахгүйн зовлон байхгүй.

-Баярлалаа. 1953 онд таны эцэг Шударга Довчин тэнгэрт хальжээ. Ингээд таван өнчин хүүхэд эх Хорлоогийн хамт үлдсэн байна. Танаас гадна нэгэн эцэг эхийн дөрвөн хүүхэд байдаг ч тэдний тухай олон нийт огт мэддэггүй юм байна?  

-Би номоо нэлээн сайн бодож байгаад “Хагас зуун жилийн ганцаардал…миний ялалт” гэж нэрлэсэн л дээ. Туулж өнгөрүүлсэн амьдралаа бүхэлд нь цэгнэж үзлээ. Би чинь одоо монгол тооллоороо 70 нас зооглох гэж байна шүү дээ. Энэ хүртэлх миний амьдрал яаж өнгөрөв. Бүх амьдралынхаа үүх түүхийг бодож, цэгнэж, ширгээж үзлээ. Номын маань нэрийг хараад хүмүүс энэ хүн зөвхөн бөхийн ертөнцөд ганцаардсан хүн юм байна гэж ойлгоод байх шиг байна. Тийм биш л дээ. Би бөхийн ертөнцөд биш амьдралд бас  ганцаардсан хүн. Манайх гэдэг айл гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүүхэдтэй ийм айл байжээ. Би эхийнхээ 37 ны жил дээр гарсан. Энэ үед миний том эгч айл гэр болчихсон. Удаах эгч Улаанбаатар луу Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурахаар явчихсан байсан. Миний дээд талын ах маань багадаа бурхан болчихсон. Тэгээд нэг ахтайгаа хоёулаа л бага насандаа хамт өссөн.  Аав маань намайг 10- тай байхад өөд болж, ахтайгаа хоёулаа дээлтэйгээ хоцорсон. Ах маань тэр үед 15 настай. Миний ээж бол ганц биеийн зовлон амсч, үнэхээр хүнд хүчир  амьдрал туулсан хүн.  Ганц биеийн зовлон гэдэг бол эмэгтэй хүнд хатуу амьдрал. Ёстой гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан.

-Таны ах эгч нар бүгдээрээ нутаг орондоо амьдарсан улсууд уу?   

-Миний том эгч Увс аймгийн Хяргас сумын хөдөлмөрийн аварга саальчин хүн байж байгаад бурхан болсон. Дараагийн эгч маань зоо техникч хүн байсан. Ерөнхий зоо техникч, сумын орлогч дарга зэрэг ажил хийж яваад, сүүлдээ эрдэм шинжилгээний ажил хийж байгаад бас бурхан болсон. Миний ах Цэдэв гэж хүн байсан. Цэргийн заан цолтой, бөхийн засуулч хүн байсан. Жолооч хүн л дээ. Улсын баяр наадамд ахтайгаа хоёулаа нэлээн олон жил нэг нь засуул хийж, нөгөө нь барилдаж явлаа. Тэгж яваад ах маань өөд болсон. Ингээд л би гэдэг хүн ганцаараа үлдсэн юм даа.

-Уучлаарай. Таныг эмзэглүүлчихлээ ?

-Яахав дээ, амьдрал ийм л байсан хойно.

-Та урагтаа “Хүчтэн” гэж овог авсан юм билээ. Энэ нь утга билэг шингээж өөрөө өгсөн  уянгийн халилтай нэр үү. Бас өөр юм байна уу?


-Ер нь бол манайхан нутаг усандаа хоёр нэрээр л их алдаршсан улс. Нэг нь шударгынхан гэж ярьдаг. Нөгөө нь хүчтэнийхэн. Намайг жишээ нь, найм дахь үеийн бөх гэж ярьдаг. Би бол гурван үеийг нь мэддэг. Цааш нь мэддэггүй. Ийм болохоор  удмаа бодож, утга билэг шингээж авсан, олон түмэн өгсөн овог юм. Манай аав бол шударга Довчин гэж нутаг усандаа хүндлэгддэг хүн байсан. Ноёд дээдэс гэхгүй хэлэх юмаа хэнээс ч айхгүй хэлдэг, шулуун шударга хүн явсан. Нутаг орныхон нь хайрладаг, айж эмээдэг, үгийг нь сонсдог тийм хүн байсан. Багадаа аавынхаа тухай домог шиг юмнуудыг зөндөө л сонсч өслөө шүү дээ.

-Хяргас сумын Бугатын дэнж гэдэг газар хүний бага эмчийн газрын хүрэн дүнзэн байшинд та төрсөн гэдэг. 1943 оны хоёрдугаар сарын эхээр гэж уншиж байсан санагдаж байна. Яг өдрөө мэддэггүй юм уу. Эцгийнхээ 56, ээжийнхээ 37 насанд төрсөн юм билээ. Хоорондоо 19 насны зөрөөтэй улс байжээ дээ?

-Тийм. Олон насны , бүр 19 насны зөрөөтэй улс байсан юм. Би хоёрдугаар сарын 2 нд төрсөн юм шүү дээ.

-Өө, тийм үү. Яг өдрөө яаж тогтоов, та?

-Хоёр сарын 2-н л юм билээ. Яагаад гэвэл эмнэлэг надад Сүхбаатар гэдэг нэр өгсөн. Сүх жанжны төрсөн өдөр төрлөө гээд надад Сүхбаатар гэдэг нэр өгсөн юм билээ. Миний авга ах лам хүн байсан юм. Би тэр хүний хажууд  өссөн. Лам ах маань чи 1943 оны цагаан морин жилийн хоёрдугаар сарын 2-ны өдөр төрсөн юм шүү гэж хэлж өгсөн.

-Тэгээд та тэр Сүхбаатар гэдэг нэрийг яагаад “тоосонгүй” вэ?

-Би зургаан настайдаа нэг айхтар өвдсөн юм билээ. Манай гэрийнхэн намайг Мөнх гэж дууддаг. Тэгсэн мөртлөө албан ёсных нь нэр  Сүхбаатар гэдэг. Тэгээд лам ах, өвөө хоёр маань их жанжны нэр хүнддээд, таарч тохирохгүй байгаа юм болов уу гэж ярилцаад өөрчилсөн юм билээ.

-Баатар  болох л учиртай төрж дээ. Их сонин дурсамж байна?

-Ингээд ярилцаж л дээ. Тэгтэл лам ах ер нь нэр нь бол Мөнх шүү дээ гэтэл буурал аав маань Баян болгоод нэмчих гээд Баянмөнх болгосон түүхтэй юм билээ.

-Таны ээж бол Хүдэр бөх гэж авгайлагддаг бөх хүний охин юм билээ. Харин таны хүү Гантогтох гэрлэхдээ удам харсан уу?

-Ай мэдэхгүй, тэр юмаа  мэдсэн юм болов уу даа. Манай бэр чинь бас л Өндөрхангай сумын  мундаг бөхийн удамтай хүн шүү дээ. Чухам тэр тухайд Гантогтох мэдсэн юм уу, ер нь.

-Та бол мэдээгүй юу?

-Би мэдээгүй ээ. Таван хүүхдээ гэр бүл зохиоход нэгийг нь ч заагаагүй.  Орчин үеийнхээ ёсоор, өөр өөрсдийнхөө замаар л явцгаасан.

-Тийм үү, таны тухай олон домог байдаг л даа. Тэрний нэг том сэдэв нь хүүхдүүддээ гэрлэх хүнийг нь онцгой зааж зөвлөдөг гэх яриа. Гантогтоход нэг л өдөр увсаас нэг охин аваад ирсэн байсан л гэнэ. Тэр бүү хэл аварга Сүхбатыг ч охинтойгоо хүчээр суулгачихсан юм гэнэ лээ гээд л цуурцгаадаг байсан ?

-(инээв) Үгүй яахав дээ, олон түмэн тэгээд яриад л, хөгжөөд л байцгааж байг л дээ. Надад ямар хортой юм биш. Уг нь тийм байсан бол их зөв байж л дээ. Харамсалтай нь тэгж чадаагүй.

-Оодон хээртэйгээ нууц уралдаанд орж, түрүүлж байсны шижим үү. Сүүлийн үед морь уяад байгаа дуулдах юм?


-Би угаасаа моринд хорхойтой хүн л дээ. Миний аав бол удмаараа адуучин улс байсан. Аавыгаа дагаад адуу малтай ноцолдож өссөн. Өртөөний улаач ч хийж байсан. Чи ч юугаа мэдэх вэ дээ. Өртөөний гэдэг чинь орчин үеэр бол шуудангийн морь гэсэн шүү дээ.  Тэгээд яахав дээ, агт хариуцаж байгаа юм чинь би надад нэг хонь дөхүүлж байх морь өгөөч гэсэн. Тэгсэн яагаад ч тийм морь надад таарчихсан юм. Сүүлийг нь борвиноос нь дээш тайраад хаячихсан морь таарсан.  Мордоод л давхина галзуу юм шиг хурдалдаг тийм морь байсан. Нэг удаа овооны наадам дээр очоод байж байсан. Морьд уралдуудах гэж байна. Би оодон хээртэйгээ орчих уу, аав аа гээд гуйлаа. Би долоо найман настай л байсан. Аав за тэг дээ. Миний хүү сүүлд нь гараад, сүүлд нь давхиад ирээрэй гэж өхөөрдөөд л явуулж байсан. Би ч сүүлд нь явахаа ч мэдсэнгүй. Пар хийгээд л барианаас гарцгаасан. Миний оодон хээр ганцаараа цойлоод гүйцэгдэхгүй давхисаар барианд ороод ирсэн. Ойрхон газар байсан юм байгаа биз. (инээв)

-Өнгөрсөн зунаас хойш л таныг “эргүүллээ”. Утасдахаар морь уяж байна л гэж  яриад байсан. Тэгээд таны одооны энэ ажил тань хэр амжилттай явж байна даа. Та ч нэг барьж авсан юмандаа ард нь гардаг хүн байх шүү ?


-Яахав ээ, би бол улсын наадамд нэг их уралдаагүй. Нэгдүгээрт, улсын наадмын гараа их будлиантай байсан. Би нэг сайн үрээгээ оруулсан юм аа. Гарааг нь би өөрөө очиж харсан. Тэгээд дэмий юм байна гэж ойлгосон. Сүүлд нь бас нэг ордог юм уу гэж бодсон. Тэгтэл нөгөөдүүл чинь баахан араб адуу авчирч уралдуулаад эхэлсэн. Монгол адуу уралдах боломж ер нь алга байна шүү дээ. Тэгээд яахав, хот тойроод л уралдаад байдаг юм. Хот тойрч  уралдаад   айраг түрүү аваад л байна. Чамлах юмгүй. Наадам нь бага болохоос бас ч гэж олон айраг түрүү авчихсан хүн шүү.

-Ер нь наадамд бага том гэж байдаг юм уу, аварга аа?

-Зэрэг дэв тогтоовол сумын наадам, аймгийн наадам, улсын их баяр наадам гээд ялгана шүү дээ. Гэхдээ л түрүү авчихсан зогсч байхад аль ч наадам сайхан л байдаг юм. Наадам гэдэг утгаараа эдлэх цэнгэл нь адилхан.  Баярлаад л зогсч байдаг..Баярлах л гэж яваа хүн болохоос алдар цол горилж, уяачийн шагнал юм авах гэж яваа хүн биш шүү дээ.

-Алдар багадсан биш гэж үү?

-За, тийм л юм уу даа.

-Та ингэхэд сумын наадамд ер нь хэр олон зодоглосон хүн бэ?


-Хүүхэд байхад аманд ганц нэг гарч л байсан. Тэр чинь 12-13 тай л хүүхэд шүү дээ. Тэгээд анх 16 настай байхдаа анх Хяргас сумынхаа наадам барилдаад түрүүлж байсан. Өөр барилдаагүй.

-Залуудаа жилдээ 200 гаруй барилдаанд оролцдог байлаа гэж та номондоо бичсэн байна лээ. Одоо нэг жилд энэ хэмжээний барилддаг  залуу бөх байгаа болов уу?

-За даа, одоо ер нь үгүй байх шүү. Нэг хэсэг чинь Монголын үндэсний бөхийн холбоо чинь бөх барилдуулахаа байчихсан юм ш дээ. Ерөөсөө л аймаг, цэргийн цотой бөх гэж хэдэн бөх барилдуулчихаад л сууж байдаг. Би чинь тэрийг чинь шүүмжилж, муутан болж,  холбоо байгуулж бөх барилдуулж ингэж хөдөлгөж байж одоо харин бөхөө барилдуулдаг болсон.   

-Тэр холбоо тань ямар нэртэй холбоо билээ?

-Мэргэжлийн монгол бөхийн холбоо. Надад жилдээ 250 удаа ч барилдаж байсан тооцоо байдаг. Тэр үед хагас бүтэн сайнгүй барилдаан болно. Хэд хэдэн барилдаан болно. Дунд нь аймгуудаар явж барилдана. Уулзалт өдөрлөг зохионо. Би монголын 230 –аад сумаар орж барилдсан хүн шүү дээ.  Бүх аймагт очиж барилдсан. Барилдахын л өвчин. Барилдаан боллоо л гэвэл зодог шуудгаа аваад л очно. Ерөөсөө тэвчиж сууж чаддаггүй. Тэрнээсээ болж бай шагналын төлөө явж байна гээд шүүмжлүүлдэг л байсан. Тэрийг би ерөөсөө тоодоггүй байсан. Одоо бол энэ залуус бөхийн спортыг тэгж амьдарлаа болгож явж чадахгүй байна. Үнэхээр чадахгүй байна. Манай бөхчүүд бэлтгэл сургуулилтаа бол хийгээд л явж байгаа. Гэхдээ бүх амьдралаа бөхөд зориулж явах арга алга. Хажуугаар нь ажил төрөл , бизнес янз бүрийн юм хийхээс аргагүй. Тэгэхгүй бол амьдрах арга алга байна шүү дээ. Яг бөхөөр амьдарч байгаа хүн монголд нэг ширхэг ч байхгүй. Долоон сарын 11-нд монголд 28-30 мянган бөх зодоглодог. Гэтэл тэдний дотор яг бөхөөр амьдарч байгаа нэг ч хүн байхгүй. Ийм олон мянган бөхтэй, ийм олон мянган жилийн уламжлалтай энэ том бөхийн оронд нэг ч хүн бөхөөр амьдрахгүй байна гэхээр хэцүү байгаа биз.

-Монгол бөхийн ертөнцөөс олон төрлийн алхмуудыг түрүүлж хийж байсан хүний нэг та. Анх улс төрд орж байсан. Ардын их хурлын депутат болж байсан. Харин энэ карьераа яагаад орхичихсон юм бэ?

-Би чинь өөрөө бол түүхийн багш хүн шүү дээ. Нийгмийн ухааны мэргэжил гэсэн үг. Энүүгээрээ явж байгаад улс төртэй холбогдсон. Анх 1972 онд Улаанбаатар хотын депутат болсон. Тэгээд сүүлд нь 1990 онд АИХ-ын депутат болоод, дараа нь УИХ-д нэр дэвшсэн. Манай нутгийнхан надад санал өгөөгүй. (инээв) Ардчиллын хүн гээд өгөөгүй.

-Одоо хүртэл та АН-ын гишүүн хэвээрээ юу?

-Хэвээрээ байлгүй яадгийн. Би АН-ынхаа төлөө л явдаг хүн. Намын гишүүн нь яах вэ, би шударга ёс, үнэн бодит юмны төлөө л явдаг. Аль ч намын нөхөдтэй санаа сэтгэл нийлээд, үерхэж нөхөрлөөд явна. Гэхдээ эцсийн дүндээ шударга ёсны төлөөх үзлээ л хаяхгүй явах хэрэгтэй.

-Сонгууль болохоор намынхаа төлөө л явж өгөх үү?

-Явж өгнө. Намынхаа төлөө л үхэн хатан явна ш дээ. Бүгд л тэгдэг биз дээ.

-Мөөеө аварга бас АИХ-д сууж байсан ?


-Мөөеө сууж байсан.

-Тэр үед нөгөө хоёр эхнэртэй байж болох тухай санаачлага гарсан гээд л зөндөө хөгжилтэй түүх яригддаг. Та бас л явж байсан биз дээ?

-Байлгүй яахав. Миний нэг шавь тийм санаачлага гаргаад. Тэгээд багшаа та дэмжээрэй гээд л. Би гараа өргөж л байсан. Даанч нөгөөх санал нь хүрээгүй.

-Тэр шавь тань хэн гэдэг хүн билээ?

-Төв аймгийн Баян сумын хүн. ХААДС төгссөн, бөх барилддаг Гантөмөр гэж залуу байсан юм. Тэгээд л нөгөөх маань дэмжинэ шүү л гээд байсан. Үнэхээр л тийм юм байж болоод, олон түмэн хүлээж авах юм бол дэмжье л гэсэн. Дэмжлэг аваагүй.

-Мөөеө аварга бас дэмжсэн үү?


-Өө, тэр дэмжсэн байх. Төв аймгийн хүн юм чинь тэрийгээ яриад л тууж явсан байлгүй. Гэхдээ ч бас 420 хүнээс 144 хүний санал авсан юм шүү. Тэглээ гээд юу болох вэ дээ. 144 хүн чинь юу ч болохгүй шүү дээ.

-Зун тантай уулзах гэж ярьж байх үедээ таны номыг нэлээн анхааралтай уншсан. Залуу насны тань амьдрал тэр чигээрээ үүх түүх юм билээ. Зарим нэг барилдааны тухай асууж болох уу?

-Чамд асуугдах гээд л нэгэнт уулзчихсан юм чинь одоо яая гэхэв дээ. Асуумаар байвал асуухгүй юу.

-Дамдиндорж заантай барилдаж чадахгүй юм гэж нэг удаа Мөнхбат заанд (Мөөеө аварга )хэлжээ дээ. Тэгтэл “Унаад л бай, унаад л бай. Учир нь олдох биз ээ” гэж зөвлөсөн нэг хөгжилтэй дурсамж байнаа. Сонин ч, сайхан ч зөвөлгөө юм аа даа?

-(инээв) Манай хүн ер нь нэг тиймэрхүү л юм ярьдаг хүн шүү дээ.

-Тэр үед нь бол та сэтгэлийн хөдөлгөөнтэй л хүлээж авна биз дээ?


-Үгүй одоо унаад бай, унаад бай гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Дотроо бол таагүй л хүлээж авч байсан.

-Гэхдээ одоо бодоход бол сайхан л дурсамж юм?


-Сайхаан сайхан.

-Та унаад барилдааны эв таарахгүй байгаа бөхчүүдээ бодоод л яваад байдаг байсан юм билээ ?


-Бодоод явна. Бүр хойноос нь хөөж очиж барилдана. Хаана л барилдаж байна. Араас нь очоод л барилддаг.

-Өрсөлдөгчөө дайсан болтол ширгээж боддог ч байсан юм шиг ?


-Тийм. Айх, халшрах, тойрч явах тухай ямар ч ойлголт байхгүй. Энэ бол ялж сурахын төлөөх тэмцэл юм. Хичнээн унах нь вэ. Хэдийд, яаж барилдвал давдаг болох нь вэ. Түүнийгээ л үзье.

-Үүнээсээ болоод өс санамтгай, зуумтгай гэж харагддаг байжээ дээ?

-Нөгөө талаас нь л тайлбарлана шүү дээ. Миний амьдрал ийм юмнаас гадуур яваагүй. Би туулж л гарсан.

-Цоодол арслангаар начин болж байсан юм билээ. Улсын анхны цол. Мэдээж хамгийн гайхамшигтай мэдрэмж төрж байсан байх?

-Тэгэлгүй яахав. Одоо ч ялгаагүй  начин болчихоод тугаа тойрч яваа залуу болгоныг хараад би өөрийнхөө начин болж байсан үеийг санадаг. Бүлтгэнээд начин болчих санаатай зогсч байгаа хүүхдийг хараад өөрийн эрхгүй өрөвддөг. Би өөрөө таних хүн байхгүй. Гурав давчихсан. Дөрвийн даваанд Архангайн Чалхаа гэдэг бөхтэй их удаан барилдсан. Тавын давааны ам угтуул авах хүртэл барилдсан. Тэр хүн сайн ч бөх байсан. Хаяж ирчихээд би  аяга хар цай олоод уучихаж чадахгүй л явж байсан. Таньдаг хүн байхгүй. Ам угтуул хаана авдгийг мэдэх ч үгүй. Тэгж явснаа бодож тавын давааны өмнө ганцаархнаа бүтгэнээд зогсч байгаа залуу бөхийг хараад өрөвдөж, сэтгэл хачин болдог. Нутаг нугынхан нь бүччихсэн, нөмөр нөөлөгтэй, олуулаа яваа залуучуудаас илүү, олигтойхон дэмнэчих хань бараагүй, шоовдордуу, аргаа барсан залуу бөхийг харж би дотроо өрөвддөг. Бөхийн дэвжээ бол тийм амархан дэвжээ биш шүү дээ.

-Гэхдээ та тийм бөхчүүдэд туслачихна биз дээ?

-Одоо надад тийм бололцоо байхгүй. Гэхдээ тусалж явсан юмнууд бий. Байлгүй яахав.

-Одоо ч гэсэн, шавь нараараа дамжуулаад шийдчих бололцоо бий байлгүй дээ?

-Чадахгүй. Би ямар нэгэн тийм найраа майраанд тааруу хүн шүү дээ. Үгсэх, фракцид орох, элдэв лобби хийх юмандаа муу. За араншингаас маань ч болдог л биз. Өөрийн төрөлхийн үзлээс маань ч  болдог биз. Харж, мэдэрч, өрөвдөж хайрлах гэдэг бол хүн ёсны зүйл юм. Гэвч спортод хүн ёсыг шударга өрсөлдөөнөөс дээгүүр тавих бололцоо байдаггүй юм.
  
-Олон  шавь нараа улсын цол руу алхуулж байсан аварга шүү. Та намайг эмэгтэй хүн болохоор бөх мэдэхгүй гээд нарийн юм ярихгүй байх шиг байна?

-Алхуулсаан алхуулсан.

-Тэр чинь найраа биш юм уу?


-Найраа биш л дээ, хүү минь. Харамж юм. Аварга хүний хишиг юм. Аварга хүний залгамж залуу үедээ өгч байгаа итгэл, сэтгэлийн харамж .

-Гоё үг юм аа?

-Аваргын хишиг бол тэр бөхийн насан турш үүрч явах хариуцлага, сэтгэлийн их жаргал, бахархал бас ачаа юм.

-1964 оны тавдугаар сард 128 бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт Мөөеө аваргатай (одоогийн алдраар нь авгайлав) тунаж давсан юм билээ. Тэгэхэд мань хүнийг “Бээжин давбал чи хаячих байх, Эрдэнэ-Очир давбал хэцүү дээ” гэж хэлэхэд нь та “Хэн нь ч давсан ганц суйлаад л хаяна” гэж хэлсэн гэдэг.  Амандаа хүрч та түрүүлсэн. Амандаа бас  бяртай байжээ дээ?

-Амандаа ч, биендээ ч бяртай л байх сайхан ш дээ. Гэхдээ тэр амны бярыг хэнд, хэзээ хэлэх вэ гэдэг бодох асуудал. Амны бяр хүнээс ховорхон л гардаг зүйл. Спортын шинжлэх ухааны үүднээс  энийг  тайлбарласан байдаг. Бие организмд гарч байгаа өөрчлөлт тамирчны сэтгэл зүйд мөн нөлөөлж байдаг гэж.  Өөрөөр хэлбэл физиологид гарч буй өөрчлөлт психологид бас нөлөөлждөг гэж. Амнаасаа гаргачихаад түүндээ хүрч чадахгүй бол бас муухай. Тэгэхээр эрсдэлтэй бяр байгаа биз. (инээв)

-Номондоо та бүх юмаа бичсэн байна лээ. 1964 оны найман сард Сөгнөгөрийн амралтад Мөөеө аваргатай зодолдсоноо хүртэл…Бүх юмаа гаргаж өөрийгөө уудлая гэж бодсон бололтой. Эсвэл ардуудын дунд олон талтай яригдаад домог болчихсон баримтуудыг үнэнээр нь гаргая ч гэж санасан юм шиг?


-Аль аль нь. Миний гурван ном гарах юм. Одоо хоёр дахь дэвтрийг нь бичээд дуусч байна. Энэ орчлонд хүн болж ирээд туулсан бүх амьдралаа яг үнэнээр нь гаргаж тавьж байгаа юм. Засаж гоёх юм байхгүй. Худлаа гангарах юм байхгүй. Яг үнэнээр нь л үлдээе. Ард түмний дунд миний түүх хоцрог. Тэр амьдрал, тэр амжилтуудыг давтдаг хүн байна уу, байхгүй юу. Эцсийн дүнд тэд нэг дүн тавина. Тийм болохоор нэг ч ширхэг худал юм бичихгүй. Тэгж л ойлгох хэрэгтэй. Хоёр дахь дэвтэрт бол улсын баяр наадмаас гадна, дэлхийн дэвжээнд барилдсан бүх түүх, бүх барилдаанууд гарна. Дайн дажин шиг ч юм гарах л байх. (инээв) Нөхөрлөж явсан, өрсөлдөж явсан бүх хүмүүсийнхээ тухай үнэн түүхээ бичнэ. Гурав дахь ном гарсны дараа миний амьдралыг нэгтгээд дүгнэх байх. Зарим шавь нар маань надад хэлсэн. Та номоо “Хагас зуун жилийн ганцаардал” гэж нэрлэсэн байх юм. Та чинь одоо монгол төрийн гавъяа шагнал бүгдийг авсан, харин ч нэг гайхуулж яваа хүн юм биш үү. Бүх насаараа дэмжүүлсэн, ард түмнээрээ хүрээлүүлсэн ийм хүн байж ганцаардал гэж яагаад бичиж байгаа юм бэ гэж. Тэгээд би хэлдэг байхгүй юу. Тэр жич асуудал. Би түүнийгээ мэдэж байна. Төр засаг бол аль ч үедээ намайг муу үзээгүй. Ард түмэн ч дэмжсэн. Аль алинд нь би залбирна. Гэхдээ миний гурав дахь ном гарсны дараа уншаад “За энэ хүн номондоо Хагас зуун жилийн ганцаардал, миний ялалт” гэж нэр өгсөн нь аргагүй юм байна даа л гэж бодох болно гэж.

-Сөгнөгөрийн тэрнээс өөр Мөөеө аварга та хоёр ер нь гар зөрүүлж байсан юм уу?

-Үгүй үгүй. Яахав дээ, залуу улсууд наргиа болж байгаад нэг тийм юм болсон. Хэн хэн нь залуу байж. Надад ч алдаа байсан л байх. Уул нь тэр Завханы Баттогтохоос болсон юм. Сүрээн гээд л нэг кинонд дууддаг даа. Тэрүүгээр л нэг нэгийгээ шоглоод л хөөе Сүрээн гээд хашгирч байтал Мөнхбат уурлачихсан. Тэрнээс л болсон. Эхлэх нь бол залуу насны тоглоом шоглоомноос эхлээд, дуусах нь бол харин өөр зорилгоор дууссан юм.

-Аман мэхэнд та нэг удаа унаж байсан юм билээ. Хоёр цаг гаруй барилдсан гэдэг нөгөө алдарт наадмаар “Бид хоёрыг маргааш л барилдуудах байхаа даа” гэж ярьж байснаа шууд л “Би дэгээдсэн шүү…” гэж хашгираад л хийчихсэн гэж. Тэр бас их хөгжилтэй дурсамж байна лээ шүү ?

-Хөгжилтэй.

-Цаг хугацаа бүх юмны сүүдрийг арилгадаг. Хайр, үзэн ядалт, сэтгэлийн элдэв ан цав бүгдийг нь…Таных яасан бэ. Одооны энэ өндөрлөгөөс харахад юу бодогдож байх юм ?


-Энэ бол ингээд л түүх болоод дуусах ёстой. Дуусч ч байгаа.

-Таны 60 насны арга хэмжээг сурвалжилж байсан. Дэлхийн дэвжээнд барилдаж байсан, зүлэг ногоон дэвжээнд барилдаж байсан бүх хүмүүсээ та урьж хүндэтгэл үзүүлсэн. Мөөеө аваргыг бүр онцгойлон дуудаж хүлээсэн. Ирээгүй. Маргаашнаас нь л “Өө, Баянмөнх урилгынхаа хамт таксиных нь мөнгийг хамт хийчихсэн байж гэнэ. Түүнийг нь доромжлол гэж ойлгоод Мөөеө аварга ирээгүй гэнээ” гэсэн цуу тархсан байсан. Энэ ямар учиртай юм бэ. Та тэгж таксины мөнгө явуулсан нь үнэн юм уу?

-Хүний амьдралын 60 нас гэдэг бол бага биш өндөрлөг. Тэр үед би 62-той байсан. Тэгээд календарын насаараа ойгоо хийсэн. Өнгөрүүлсэн амьдралаа бүгдийг нь дүгнэж цэгнэсэн. Энэ амьдралыг минь бүтээлцэж өгсөн үе үеийн бүх тамирчиддаа би хүндэтгэл үзүүлсэн. Сургуулийнхаа хүндэт доктор цолыг өгөх улсуудын дотор би Мөнхбатыгаа оруулсан. Өөрөө саналаа гаргасан. Комиссынхон зарим нь татгалзсан. Болох болохгүй юм их ярьж явах юм. Архи мархи их ууж байна, энэ Мөнхбат. Ийм учраас ер нь хэрэг байна уу даа гэж. Тэгээд би зөрсөн. Надад бас хүсэл байна. Би ингэмээр байна гэж. Тэгээд шийдвэрээ гаргасан. Гэвч ирээгүй.

-Та бол сайхан тэврэлдэе л гэж хүлээсэн үү?

-Тэгсэн. Янз бүрийн тэмцэл, өрсөлдөөн гэдэг бол цаг хугацааны шалгуураар шалгагдаад, илааршаад түүх болон үлддэг юм байна гэдгийг л ард түмэндээ үзүүлэхийг хүссэн. Жаран насныхаа босгон дээр бие биенээ уучлая. Аатай омогтой, алдаатай, хийморьтой залуу насны явдлыг байгаагаар нь хайрлая л гэж хэлэх гэсэн. Гэвч ирээгүй.  

-Та яг таксины мөнгө явуулсан юм уу?


-Тийм юм байхгүй. Би биеэрээ очиж, гэрт нь орж урилгаа өгсөн юм ш дээ.

-Та хоёр бол монголын ард түмний дунд домог болон хайрлагдсан цуутай сайхан аваргууд. Амьдрал тэмцэл, нөхөрлөл, уярал ухаарал, цаг хугацаа бүх юм та хоёрын дунд байсан байх. Сүүлдээ ардын дунд эв түнжингүйн сонгодог жишээ болон нөгөө хоёр Мөнх шиг  гэж иш татагддаг онигооны баатрууд болж хувирчээ. Сайхан яриад, бие биенээ уучлаад, тайтгарч, уужирч болдоггүй юм уу ?


-Бололгүй яахав. Би бол тэр талдаа л байдаг хүн ш дээ. За, яахав би хатуу ширүүн үг хэлсэн юм байдаг байх, уучлаарай. Болох болохгүй юм бид хоёрын дунд байсан л байх. Ер нь бол их тэмцэл гэдэг их зөрчлийг л дагуулдаг эд юм байна. Энэ бүхэн зөвхөн чи бид хоёрын хэрэг явдал биш болж хувирнаа.  Зарим нь хатгана. Элдэв дээдийн цуурхал тараана. Ингээд сүүлдээ их спортын тэмцэл, өрсөлдөөн биш. Ниймийн тэмцэл, сөргөлдөөн болж хувирвал яах юм. Хүмүүс ашиглаад явчихлаа шүү дээ, чи бид хоёрыг гэж би хэлдэг байхгүй юу. Одоо хоёулаа 70 хүрлээ дээ. Аятайхан байцгаая даа гэж би боддоггүй биш боддог. Уулзахдаа бид хоёр чинь ингээд сайхан уулзана. Сайхан ярина. Тэгээд л нэг хэсэг сайхан байж байтал сонин дээр нэг юм биччихсэн байдаг юм, нөгөөдөх чинь. Тэрэнд нь уур хүрээд би хариу юм бичдэг. Нэг сурвалжлагч ирээд асуухаар нь хариулдаг, хатуу үг хэлчихдэг.

-Хүүг нь сумод гарч ирэхээс өмнө таны хэлсэн үг гээд нэлээн хатуу үгний цуурай явдаг. Та юу гээд хэлчихсэн юм бэ ?

-Мэдэхгүй. Бас юу гэсэн гэнэ.

-Зүлэг ногоон дэвжээн дээр орыг чинь залгах хүн гарсангүй юу даа гээд нэг хэлчихсэн тал байна уу?

-Нэгд, би тэгж хэлээгүй. Үндэсний бөхийн холбооны ёс зүйн зөвлөл гэдгийг бид байгуулсан юм. Аварга арслангууд ороод тийм юм байгуулахгүй юу. Одоо  энэ сахилгын зөрчил гаргасан, даваа худалдаж авсан энэ тэр гээд бүх юмыг хэлэлцдэг. Тэрний даргаар намайг тавъя гэсэн байхгүй юу. Би татгалзсан. Би үгүй ээ, болохгүй. Миний хүү, хүргэн хоёр ид барилдаж байгаа. Улсууд намайг хардаж сэрднээ. Миний хоёр хүүхдийн нэг нь зөрчил гаргачихвал би яах юм.  Тийм учраас одоогоор Мөнхбатад барилддаг  хүүхэд алга байна. Тийм учраас Мөнхбатыг тавьчих гэж би хэлсэн байхгүй юу. Тэрийг л үг болгож аваад явж байгаа нь тэр. Сүүлд нь надаас бас нэг сурвалжлагч асууж байсан. Энэ талаар. Тэгэхээр нь би хэлсэн. Би худал хэлээ юу. Үнэнийг л хэлсэн шүү дээ. Тэр үед хэн ч барилдаж байгаагүй. Одоо нэг хүүхэд нь сумо барилдаж байна. Монгол бөх биш. Ногоон зүлгэн дээр барилдаж байгаа хүн алга л байна ш дээ. Тэгээд би бүхэлд нь худал хэлээ юу. Хорин жилийн өмнөх үг, өнөөдөр хоёрыг чи нэг жигнээд үз л дээ. Би худал хэлж үү гэж хариулсан. Тэгээд л бичиж аваад явсан. Ийм л юм би хариулсан. Одоо би Мөөеө дээр нэг л томъёолол гаргачихаад байгаа юм.

-Ямар томъёолол ?

-Ер нь жилд нэг удаа л уулзаж байх ёстой хүн юм байна даа гэж.

-Юу гэсэн үг юм бэ, аваргаа?

-Олон уулзаж дотор сэтгэлээ уудлалцах гэж хүсээд байгуушгүй хүн юм даа гэж л би эцэст нь боддог болсон. Одоо бас арван хэд хоногийн өмнө нэг сонинд юм гаргачихсан л байна лээ.

-Хэн ?

-Хэн байдаг юм. Мөөеө л байхгүй юу. Артаг гэж бөх байсан даа. Тэр Артагийг Баянмөнх цалингийн ч цэсэн дээр гарын үсгээ олигтой зурж чадахгүй юманд гавъяат өгч яах юм гэж хэлж байсан гэж бичсэн байгаа юм. Тэгж ярилцлагандаа хэлсэн байх юм. Артаг бид хоёр чацуу. Сайхан нөхөрлөж явсан. Дэлхийн тэмцээн бүх юманд надтай хамт явж байсан. Маш ухаантай, ном их уншдаг ийм хүн байсан. Бичгийн ч соёл сайтай. Юун гарын үсгээ зурж чадахгүй гэж. Тэр маань бурхан болоод олон жил болж байна. Ийм муухай юм байж болох уу. Үхсэн амьд хоёрын хооронд хүртэл ингээд сэв тарьчихаар нь миний бүр дургүй хүрээд байх юм байна шүү дээ.

-Гэхдээ л Мөөеө аварга бол таны хамгийн гайхалтай өрсөлдөгч. Тэр таны дурсамжийн  нэлээд хувийг эзлэдэг байх ?

-Миний өрсөлдөгч мөн. Гэхдээ надтай таван жил л барилдсан юм шүү. Би бол Мөөеөтэй таван жил л барилдсан. Тэгээд Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, сүүлдээ Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням гэж гурван үеийн аваргуудтай өрсөлдсөн хүн. Мөнхбат гоё өрсөлдөгч маань мөн ч гэлээ бүх насаараа миний өрсөлдөгч байгаагүй.

-Тэгвэл таны хувьд тэр хэн юм бэ ?

-Би сая томъёолчихсон шүү дээ. Мөнхбат бол сайн бөх.

-Тэр хүнийг бодож ямар ч үед өршөөдөг, хүндэлдэг, хайрладаг чанар нь юу вэ?

-Манай хүн монгол бөхдөө бол сайн бөх. Бусад юман дээр сайнтай муутай л хүн. Бие хаагаар бол надаас хамаагүй жоохон биетэй, бяр чадлаар хамаагүй дутуу атлаа эн тэнцүү хэдэн жил сайхан барилдана гэдэг бол тэр хүний мундаг бөх болохыг л нотолж байгаа юм.

-Яг Мөөеө аварга шиг, тэр хүний барилдааныг санагдуулдаг бөх харагдах юм уу?

-За даа, бараг байхгүй дээ. Мөөеө чинь бас барьцгүй орно.  Барьцнаас мэх хийнэ. Дэгээднэ. Халз шуудагнаас гурван янзын барилаар барилддаг үндэсний бөхдөө бол яг тухайн он жилүүддээ сайн бөх шүү дээ. Ёс суртахууны хувьд л болчимгүй амтай, дандаа нэг тийм эвгүй цуурхал юм тарааж явдаг, хачин авиртай. Баръя барьж болохгүй тийм сонин барьцгүй яриануудыг хүний чихэнд аваачиж шургуулдаг тэвчихийн аргагүй зантай. Ийм ийм юман дээр л би дургүйцдэг. Бөх хүн, аварга хүн, баатар хүн бол шударга шулуухан л байх хэрэгтэй. Ард түмний өгсөн энэ их буян хишиг, төрийн өгсөн алдар хүндийг дааж явна гэдэг тийм амар юм биш шүү дээ. 

-Хоёр Мөнхийн зөрчил явсаар шавь нараа хувааж, монгол бөхийн ертөнцөд гай тарьсан гэх хатуу шүүмжлэл бас явдаг?


-Нэгдүгээрт, шавь нараа хуваасан гэдэг асуудлыг би шууд тийм юм байхгүй гэж хариулна. Би маш олон шавьтай. Харин Мөнхбатад тийм тулах шавь нар байхгүй. Өсөхбаярыг аварга болдогоос л балиалсан. Энэ нь ч аварга хүний углуургатай зан чанар дээр суурилаагүй. Сүхбат, Гантогтох хоёрыг ид үед зогсоочих байх гэсэн горьдлогоор л зүгээр байхаар энийг нь ингэж байя гэж тэгсэн болов уу гэж би боддог юм. Тэрнээс биш Өсөхбаярын багш болох, түүнийг бөх болгосон хүн нь олон улсын хэмжээний мастер Ганбаатар гэж хүн байдаг. Тэр Ганбаатар чөлөөтийн хүн л дээ. Намайг “Шонхор” клубээ байгуулсны дараа “Тулгат” гэж клуб байгуулж байсан. Буур  Жамъян гуайтай бол би дээд зэргээр нөхөрлөж явсан хүн. 1972 онд Архангайд гэрт нь очиж долоо хоног өвгөнтэй ярьж хөөрч явлаа. Хойтон жил нь өвгөн хотод орж ирж өвөлжсөн. Манайхаар ирээд би дагуулж явж сайд нарын зөвлөлийн орлогч дарга Цэгмэд гуай дээр орж хүндэтгэлийг нь гардуулуулж, хотын захиргааны орлогч дарга Жаргал  дээр хамт очиж байрыг нь хүсч ингэж явсан хоёр л доо. Архангайн төв дээр хоёулаа хамт ёолк ч тэмдэглэж байлаа. Хамгийн их уулзаж, ярьж хөөрч, хууч яриаг нь сонсч явсан хүн сүүлийн үеийн бөхчүүдээс бараг би л болов уу даа. Сайхан хүн байсан юм шүү.   
  
-Б.Гантогтох гарьдийг зодог тайлах гэж байгаа юм гэнээ гэсэн нэг яриа яваад байна. Бас Баянмөнх хүүдээ багагүй садаа болсон хүн гэх ч шүүмжлэл байдаг. Нээрээ танаас болж түүнд ямар нэгэн саад тотгор учирсан байх тал бий юу?

-Миний хүүд ямар нэгэн хохирол байхгүй ээ. Улсын наадамд гурав үзүүрлэсэн.  Би бол хүүгээ арслан хүн л гэж боддог.  Улсын наадамд бол түрүүлж чадаагүй. Аварга болж чадаагүй. Бэлтгэл сургуулилтын хувьд мэдээж би хүүгээсээ юугаа харамлах юм бэ. Миний хүү бол сайн бөх. Гантогтоход муудаа эд нар тэр амжилтыг нь үнэлэхгүй байгаа юм биш л дээ. Ганцхан надад муудаа түүнд тээг тавьдаг.

-Сүхбат, Өсөхбаяр, Сумъяабазар, Батзориг, Одгэрэл, Цэрэнпунцаг нартай нэг үед өрсөлдөнө гэдэг ч өөрөө амаргүй тавилан биз. Ийм үе байсан ч юм уу, үгүй ч юм уу?


-Мундаг өрсөлдөгчидтэй заяасан. Сайхан даа. Ёстой бахархал. Хоорондоо ид үзэж байтал нь л дороос нь чанга чанга начингууд гараад ирсэн. Ёстой пижигнэсэн сайхан үе. Эд нартайгаа өө сэвгүй сайхан өрсөлдөж зохих амжилтыг байгуулсан. Ийм олон түрүүлсэн аварга хүний хүү энэ дайны барилдаж, улсынхаа наадамд гурав үзүүрлэнэ гэдэг надад бол хангалттай. Би хүүгийнхээ амжилтыг хэзээ ч чамлахгүй. Цаашаа ингээд энэ удам зогсчихгүй. Юм бий. Тэрийг бол би итгэлтэй хэлнэ.

-Чөлөөтөөр илүү амжилт гаргах байсан юм биш үү?


-Би ч тэгж боддог.

-Ер нь өөрөө бөх болъё гэж бодож энэ замыг сонгосон юм уу. Та чангаачихсан уу?

-Үгүй. Өөрөө сонгосон. Багаасаа  миний машинд суугаад л бөхийн замд гарсан.

-Орос сургууль төгссөн байх аа?

-Тэгсэн. Өөрөө спортын бусад төрлүүдэд ч гайхалтай авъяастай хүн шүү дээ. Дургүй байсан бол би хичнээн чангаагаад орохгүй ш дээ. Өөрөө дурлаж хүсч л орсон.

-Бөхийн нэг хурал дээр харж байсан. Хүмүүс довтлоод, дайрч давшаад байвал та бол газар дээр нь хариуг нь өгнө дөө. Тэр харин их тэвчээртэй хүн шиг санагдсан ?


-Энэ их спортын ертөнцөд нэр цэвэр яваа ганц хоёрхон хүний нэг тэр мөн байх. Жижиг сажиг юм байхыг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ би хувьдаа цаадахын чинь тэсвэр, соёл, ноён нуруу, ёс суртахууны төлөвшлөөр нь дотроо бахархдаг.

-Сүхбат аварга, Гантогтох гарьд нарын хөвгүүд барилдаж байна уу. Бөх болох сонирхолтой ач нар танд олон байна уу?


-Байна аа. Барилдах гээд л үзээд байгаа.

-Өвөөгийн нөлөө их биз ?


-Төрөхөөсөө л бөхийн орчинд унасан хүүхдүүд юм даа. Сүхбатынх ч, Гантогтохынх ч хоёр талаасаа бөхийн удамтай улсууд. Тэд барилдахгүй бол хэн барилдах вэ дээ. Ганцхан тэднийг бөхөд сургах ажил миний толгой дээр ирж байх шиг байна. Тэр нөхдүүд чинь бизнес ажил төрөл хөөгөөд хүүхдээ сургах, бэлтгэх тал дээр анхаарал сул байх юм байна ш дээ. Би ч залуудаа дэлхийн тэмцээн, бэлтгэл сургуулилт, үндэсний бөх  гээд гэртээ тогтоогүй хүн. Гантогтохын дээд талын хоёр хүү маань бол хоёулаа сайн барилдаж байсан юм шүү дээ. Тэр хоёрыгоо би дасгалжуулж чадаагүй. Заримдаа ганцаараа байхдаа ач нараа бөх барилдуулах уу, яах уу гэж боддог л юм. Тэгээд ганц хоёрыг нь барилдуулах нь зөв байх гэж боддог. Бусад нь яахав дээ, эрдэм номын мөр хөөнө биз. Ингэхэд би айлын хүүхдүүдийг ингэж дураараа ярьж болж байна уу, ер нь. (инээв) 

-Сүхбат аваргыг зодог тайлсан талаар танаас сэтгүүлчид их л асуудаг юм билээ. Та энэ шийдвэрийг  наадам дээр мэдсэн гэдэг. Би харин огт итгэдэггүй ?


-Болсон явдал шүү дээ. Тавын даваа дуусч, зургаагийн даваа эхлэх гэж байхад над дээр ирээд л хэлсэн. 

-Та тэгээд юу гэв?


-Чи энэ наадмаа л сайхан барилдаад дуусгачих. Тэрийг жич ярилцъя л гэсэн. Тэгээд л сууж байсан чинь нэг хартал Пүрвээ засуулчийг дагуулчихсан алхаж явна. Би яг тэр өдрийн үзэгчид шиг л цохилтод орсон ш дээ. Юу болчихов оо. Ингэж тоглоно гэж байхгүй. Ингэж эрхлэнэ гэж байхгүй. Үнэхээр шоконд орсон. Аварга надад шийдвэрээ дуулгасан л төдий  шүү дээ.

-Гантогтохтой зөвлөсөн болов уу?


-Энэ ер нь үгүй байх аа. Гантогтох миний хажууд уйлаад суугаад байсан. Зөвлөөгүй болов уу.

-Олны хайртай аварга маань төрийн их баяр наадамд зодоглохгүй хэдэн жил болчихлоо. Өнөө зун ардын хувьсгалын 90 жилийн ой тохионо. Ийм ой дахиж болохгүй. Зодоглуулчих арга байна уу?

-Яадаг юм бол. Ярьж үзнэ дээ. 90 жилийн ойн тухай уулзаж ярьж үзнээ, ер нь.

-Эрүүл мэндийн шалтгаан бол байхгүй биз дээ?


-Бэртэл, гэмтлийн юм байсан. Одоо илааршсан. Бөх хүнд бэртэл гэмтэл авах юм байнга л тохиолдож байдаг. Хүнд шүү дээ.

-Аварга зодог тайлаад анхны ярилцлагаа надад өгч байсан. Шалтгаанаа “Энэ бол миний тэмцэл” л гэж хэлсэн. Ид сайхан үедээ тэмцлийн ийм сонин хэлбэр сонголоо гээд яг ямар үр дүн гарсан юм?

-1995-96 оны үед монголд нэг юм тодорсон. Баянмөнх аваргынх, Долгорсүрэн зааных гэсэн хоёр голомт энэ монгол бөхөд байна. Энэ хоёр голомтыг дарах ил далд “хөдөлгөөн” үүссэн. Тэр дайрлагадаа аварга Сүхбатыг их оролцуулсан. Тэр хүн ямар ч хамаа байхүй өөрийн зам мөрөөр явж байхад л татаж хутгаад байлгахгүй байсан. Баянмөнх гэдэг хүний хүргэн нь болсноороо ч хохирсон, шавь нь болсноороо ч хавчиж хяхуулсан. Манай Мөөеө мөн ч их үүрэг гүйцэтгэсэн дээ.  Баянмөнхийн охинтой гэрлэж, дүрвэдийн хүргэн болоогүй бол халхын түмэн Агваансамдангийн Сүхбатыг гар дээрээ өргөөд л аваад явчих байсан гэж мэдэгдэл хийж байлаа. Олон жил сонин хэвлэлээр өөрөө ярьж хэлсэн. Хүн бол юмыг их мэдээтэй ярих ёстой юм байна гэж би боддог. Сүхбат яах вэ, баруун монголынхоо нэг хүүхэнтэй гэрлэж. Өөрийнх нь хүүхэд бүр япон хүнтэй суучихлаа шүү дээ. Хүний гэр бүл, дотоод сэтгэлийн асуудлыг эцэг эх яаж ч чаддаггүй юм шүү дээ. Одоо эргэж бодож ойлгож байгаа биз дээ. Надад таагүй сэтгэлээ нэг сайхан аваргад гаргаж, зүрхийг нь сэвтээлээ гээд хэн хожсон юм. 

-Аварга хүний идеалдаа та өөрөө ч гэсэн сэв суулгахгүй явж чадсан уу ?


-Аварга та өөрөө энэ ард түмний хайр хүндэтгэл, энэ төрийн өгсөн алдар хүндээ дааж чадсан уу гэж асууж байна гэж би ойлголоо. Би ард түмнийхээ энэ далай их хайр буяныг, төрийнхөө өгсөн алдар хүндийг, амьдралаас надад оноосон хатуу хөтүүтэй нь хамт дааж л амьдарсан хүн.

-Одооны бөхчүүд 40 шүргэв үү, үгүй юу арагшаа суучих юм. Та бол тэдний насан дээр барилдаж л байсан биз дээ?

-45 настайдаа сүүлчийн удаа түрүүлсэн хүн шүү дээ. 50-тай байхдаа би шөвгийн дөрөвт нэг их зовлонгүй л үлдэж байсан. Одоо цагийн хүмүүс бидний үеийнхнээс үнэхээр өөр юм даа. Иддэг уудаг юмнаасаа болдог ч юм уу.

-Сүхбат аваргыг цагаан хоолтон болчихсон гэх юм. Үнэн үү ?

-Органик буюу ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэж биеэ эрүүлжүүлж авсан байх. Би Тайландад эмнэлэгт явж байгаад нэг ирсэн чинь бүр танигдахын аргагүй болчихсон явж байна. Би бүр уулга алдсан. Арай ч хэтэрчихж ээ гэж л хэлсэн. Биеэ эрүүлжүүлж авъя гэж бодсон байлгүй. Одоо эргээд махан хоолондоо орсон байх.

-Эхнэрээсээ салаад явчихаж гэнэ ээ гээд л нэг хэсэг шуугисан ?

-Сонин хэвлэлээс л тэгж уншсан. Пижигнэсэн юмнууд авгай хүүхдээ дагуулчихсан л орж ирдэг. Сонин дээр болохоор салчиж сарничихаж гээд л бичдэг. Ямар учиртай тэгээд байдаг юм. Мэдэхгүй юм даа. Гэрт нь очихоор зүгээр л амьдардгаараа амьдарцгааж байгаа харагдах юм. Сүүлийн 20 жил энэ сонин хэвлэлээр чинь янз бүрээр бичүүлсээр байгаад манай гэр бүл бүр дөжирчихсөн шүү дээ.

-Үндэсний бөхийн сүүлийн 20 жилийн түүхэнд Аварга Сүхбат шиг гялалзсан од бараг байсангүй. Сүүлийн үеийн бөхчүүдээс үнэхээр л “төрчихсөн” хүн юм даа гэж харагдаж байгаа бөх байна уу?


-Би Санжаадамбад хайртай. Биетэй, чацтай, хүчтэй, удамтай, дайчин. Сүүлийн үед гарч ирсэн бөхчүүдээс аргагүй аваад төрчихсөн шинжүүдээрээ сондгой л харагддаг. Ноднин наадмын өмнө надаас сэтгүүлч ярилцлага авсан. Санжаадамба энэ жил яах бол гэж. Дөрөв, тав гэсэн хоёрхон давааг л нутгийнхан нь дэмжээд өгчихөөсэй. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд бас нэг хол явах хүүгээ дэмнээд өгчихдөг бичигдээгүй ёсон байдаг юм аа гэж хэлсэн юм. Архангайн бөхчүүд маань тэр үгийг минь анхаараагүй. Бууж өгөөд хүчээр хийгээд яв гэсэн үг биш шүү дээ. Дэмнэх ёсон гэж нэг юм байнаа даа. Ноднин ингээд өнгөрчихсөн. Энэ жил эрч нь жаахан буурчихсан маягтай л харагдаад байх юм. Зориг нь мохох гэж юм бий шүү. Хайрлаж, зөв дэмжих хэрэгтэй. Санжаадамбад сэтгэл зүйн хувьд, бэлтгэл сургуулилтын хувьд хийх юм зөндөө байна. Өнгөрсөн цагаан сараар би гадаадад байсан. Мөнгөнбаатарыг түрүүлсэн гэж сонсоод ёстой магнай тэнийсэн. Тэр чинь Сүхбаатар аймгийн хүн шүү дээ. Аймагт нь нөлөө бүхий бөх байхгүй. Тэгээд ганцаараа хэвтэж байхдаа боддог юм. Би нэг дөрөв давдаг болоосой. Тэгвэл энэ хүүг аваад начин болгоод өгөх юмсан гэж. Цаг хугацаанд аргагүй ноёлуулжээ. Цагийг эзэлсэн аварга хүн би ийм юм бодоод хэвтэж байх юм гэж даанч санасангүй явж дээ.

-Сүхбат аварга нэг удаа зөвхөн хар хүчээр бөх хүний амжилтыг битгий хараарай. Тархиараа барилддаг юм шүү гэж хэлж байсан юм. Тийм тархитай бөх ер нь харагдах юм уу?

-Олон сайхан залуучууд төрж байна. Байлгүй яахав. Би багш хүн. Олон зуун шавьтай. Одоо ч тэдэнтэйгээ ажиллаж л байна. Бичиг цаастай ч ноцолдож л байна. Нэгийг нь нэрлэчихвэл нөгөө нь гомдоно. Өөртэйгөө тасралтгүй ажилладаг тамирчин ер нь ховордоо юу даа. Өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Бид бөхийг унаж, давж байгаагаар нь дүгнэх гээд байдаг.  Яалт ч үгүй авъяасыг аваад төрчихсөн бөх гэж байна. Яахын ч аргагүй төрчихсөн. Бас бөхийн эрдмийг эзэмшсэн бөх гэж байдаг. Эзэмшдэг.

-Мөөеө аварга та хоёр бол заяачихсан аваргууд уу?

-Төрчихсөн л амьтад. 

-Дэлхийн бөхийн холбооноос 100 жилийн бөхийн оддыг тодруулсан гэсэн. Та тэдний нэгээр шалгарсан юм байна. Энэ тухай сонирхуулаач. Тэр шилдэг бөхчүүдийн амжилтыг үзүүлсэн CD ч гарсан гэсэн. Танд ирүүлэв үү?

-Ирсэн. Дэлхийн бөхийн холбооны 100 жилийн ой болсон юм. Одоогоос хоёр гурван жилийн өмнө. Тэгээд дэлхийн бөхийн холбоо ойгоороо  дэлхийд амжилттай барилдсан бөхчүүдийн амжилтыг жагсаасан. 3000 гаруй бөх жагсаасан. Сүүлийн 100 жилд барилдсан бөхчүүдийг шүү дээ. Тэгээд зөвхөн олимп, дэлхийн аваргын тэмцээний амжилтыг хамааруулж шалгаруулсан. Чөлөөт бөхийн спорт бол сонгодог спорт. Их спортын төрөл. Энэ төрөлд хүч үзсэн тамирчдыг хамгийн онцлог амжилтуудаар нь жагсааж эрэмбэлж тодруулсан. Тэр жагсаалтад миний нэр 25-д бичигдсэн. Дэлхийн аваргын дэвжээнд би  10  жил тасралтгүй барилдсан. Тасралтгүй амжилт гаргасан.  Таван олимпын наадамд оролцож, тавууланд нь амжилт гарсан.  Энэ амжилтуудаар маань шалгаруулсан байна. Хамгийн өвөрмөц, онцлог үзүүлэлтүүдээр шалгаруулаад тэрийгээ дэлхий дахинд зарласан. Манай чөлөөт бөхийн холбоо ч хэлээгүй. Германаас хүн ярьж би мэдсэн. Америкаас хүн ярьж баяр хүргэсэн. Энэ бол монгол бөхийн амжилт. Би үнэхээр их баярлаж, бахархаж байгаа байхгүй юу. Яаж ч бодсон баярлана биз дээ. Би өөрөө ч мэдэхгүй явсан. 10 жил дараалан шагналт байранд орсон гэдгээ ёстой ажрахгүй явж байсан. 1964 оны Токиогийн олимпод аравдугаар байр,1968 оны Мехикогийн олимпод шагналт тавдугаар байр, 1969 оны Аргентины дэлхийн аваргад  шагналт зургадугаар байр. 1970 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадад болсон. Би шагналт дөрөвдүгээр байр, 1971 оны Софийн дэлхийн аваргад мөнгөн медаль, 1972 оны олимпод мөнгөн медаль, 1973 оны Теграны дэлхийн аваргад шагналт дөрөвдүгээр байр, 1975 оны дэлхийн аварга Мискт болсон. Алтан медаль, 1976 оны Монреалийн олимпоос шагналт тавдугаар байр, 1977 оны Швецарийн  дэлхийн аваргад зургадугаар байр. 1980 оны Москвагийн олимпын наадамд аравдугаар байр.

-Үнэхээр сүрлэг сонсогдож байна шүү ?


-Тийм үү. Амжилт өөрөө сүр хүч байдаг юм ш дээ.Агуу он жилүүд, агуу их хөлс хүч, агуу их тэмцэл энэ амжилтуудын цаана байгаа. Аварга, гавъяат, баатар юу юу билээ надад олон алдар бий. Тэр дундаас хорьдугаар зууны монгол бөхийн зууны манлай бөх, дэлхийн бөхийн 100 жилийн од гэх алдартаа бол би мөргөнө. За өвгөн явъя даа. Хөгшин маань надад нэг хоч өгөөд байгаа. Тэрийгээ хийе.

-Ямар хоч?

-Зурагтын мангаа гэж. (инээв) Би телевизүүдийн бүх мэдээллийн хөтөлбөрүүдийг үздэг. Улс төр, нийгэм, спорт, урлаг гээд бүгдийг нь. Оройн мэдээ эхлэнгүүт зурагтын урд. Тэгээд хөгшин маань манай зурагтын мангаа ирлээ гэж хошигнодог юм. Одоо байдгийнхаа баруун хаяа руу дөхөе. Би захын нэг хүүхдэд дуудагдаж ирээд ярилцлага өгдөг гар биш. Чамайг хүндэтгээд ирлээ. Амьдралаа ярьлаа, асуултуудад чинь хариуллаа. Дэмий гэж санасныгаа хасна биз. Дэмий биш гэж үзвэл тавина л биз. Пока….

Саарал кашмерин пальто өмсч, саарал кашмерин малгай духдуулсан домогт аварга ийнхүү өрөөнөөс минь гарч байна. Зарим үед нүдэндээ нулимс хуруулж, зарим үед завжиндаа инээд зурж их спортын ертөнцөд туулсан хагас зуун жилийн амьдралаа хүүрнэсэн энэ их аваргатай олон жилийн өмнө “болзоо” тогтоосон ч уулзах эв тааралгүй явсаар өнөөдрийг хүрчээ.
 
Гадаа урин цагийн хөнгөн цэнхэр салхи сэвэлзэнэ. Тэрхүү тунгалаг аясыг даган дотор сэтгэл гэгээсэн ариусч,  салхивчаар урсан орж ирэх гоо сайхан хаврыг  тэвэрч үзмээр тийм танил догдлол эзэмдэнэ…Амьдрал ч гоё юм аа.