Илтгэл ба илгээлт
... Л.Оюун-Эрдэнэ их хуралдаа маш сайн шахаж нягтруулсан ч нүсэр илтгэл тавьжээ. Гэхдээ сонсогдож байна. Уншигдаж байна.
МАН-ын 30 дугаар их хурал дээр олон нийт анхаарлаа нухацтай төвлөрүүлсэн хоёр өдөр өнгөрч байна. Эрх барьж буй нам, тэр тусмаа дараалсан үнэмлэхүй ялалтынхаа үед бодлого тодорхойлж байгаа намын их хурал учраас урьд өмнө байгаагүй ихээр иргэд сонирхон сонжихоос аргагүй.
Үнэн хэрэгтээ 100 жилийн ойн хаалт, 100 жилийн алдаа оноогоо дэнслэх түүхэн мөчлөг энэ тэр гэсэн утга уянганд орчин цагийн иргэд ач холбогдол өгөхгүй. Улсын маань ирээдүй, өнөөдрийн амьдралын төвшин гэх хоёр ойлголтоор л тэд асуудлыг авч үзнэ. Бүхэл бүтэн зууны турш элдэв пропогандан дунд амьдарсан ард түмэн ингэж хэрсүүжихгүй гээд ч яах билээ.
Эдийн засаг дэлхий даяар хямарсан, хүн төрөлхтөн цар тахлын үеийн хүнд бэрх сорилттой нүүр тулсан өвөрмөц энэ цаг үед эрх баригч нам 30 дугаар их хурлаараа шинэ зууныг эдийн засгийн тусгаар тогтнолын зуун хэмээн тодорхойлж, түүнд чиглэсэн зорилтуудаа зарлалаа. Тиймээс цаг үеийн онцлогоороо ч, дэвшүүлсэн зорилт, гаргаж тавьсан бодлогын концепциудаараа ч энэ хурал түүхэн хурал болж үлдэх болов уу.
Хурлын гол онцлох зүйл намын дарга Л.Оюун-Эрдэнийн тавьсан илтгэл. Түүний илтгэлд алга ташилт, ямар нэгэн бадрангуйшилд зориулсан шинж байсангүй. Индрээс ирдэг илтгэл нь уухайлсан тунхаг байдаг, хол ойроос цугласан торгон дээлтэй гишүүд нь алга ташилтан дундаа манарсаар хөшиг нь хаагддаг хуучны үеийн хурлыг залуучууд нь ийнхүү дурсамж болгож байна. Тэгж чадаж байгаа учраас Ерөнхий сайдын илтгэлийг хүний өөрийнгүй барьж уншиж, тогтож сонсож байна. Тэгэх ёстой гэдгээ ч орчин цагийн хариуцлагажиж яваа сонгогчид ойлгосон байна. Романтик руу биш агуулга руу чихээ наадаг болж байна гэсэн үг.
Нөгөө талаас ард иргэд түүхээр амьсгалж, дурсамжаар амьдрахаас татгалзаж байна. МАН нь нөгөө л бөөс хуурснаас салгасан соёлын довтолгоогоо, нөгөө л атрын аянуудаа, нөгөө л сансарт ниссэнээ ярьдаг.
АН нь хотынхонд байр, хөдөөгийнхөнд малыг нь өгсөнөө, гадаад паспорт олгосноо ярьдаг. Сүүлийн гучин жил ийм л уянга явуулсан. Улс төр нь урлагтаа үүнийгээ л захиалдаг, угаалт амжилттай хэрэгждэг. Ийм л технологи явж ирсэн шүү дээ. Харин одоо хамгийн сул дорой ард түмэн дурсамжаар амьдардаг гэдгийг ойлгочихсон. Хэмлэлдэн, хий эргэн байхаас залхсан. Тэдний хүсэл тодорхой. Улс шиг улсын, иргэн шиг иргэн л байх. Үүний төлөө ажиллацгаая гэдэг дээр л нийгэм санал нэгдэж байгаа.
... Л.Оюун-Эрдэнэ их хуралдаа маш сайн шахаж нягтруулсан ч нүсэр илтгэл тавьжээ. Гэхдээ сонсогдож байна. Уншигдаж байна.
Өөр нэг содон үйл явдал нь МАН-ын их хурлын индрээс намын дарга нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн хохирогчдоос уучлал гуйсан явдал байлаа. Энэ талаарх эерэг дүгнэлтүүднийгмийн сүлжээнд хөвөрч байгаа харагдсан. Хэдийгээр эл намын зүтгэлтнүүдээс энэ сэдэв дээр хийсэн анхны акц биш ч энэ удаа намын их хурлын индрээс, нам алдааныхаа төлөө харамслаа илэрхийлсэн агуулга тээж буйгаараа онцлог юм. Юутай ч хорьдугаар зууны эхээр болсон их хэлмэгдэлүүлэлтийн өмнөөс хорин нэгдүгээр зууны эхэнд намын дарга нь их хурлынхаа индрээс уучлалт гуйн мэхийлээ. Түүний хэлсэн “Улс төрийн хэлмэгдэлд өртөж хилс гэсгээл хүртсэн эх орончид, гэм зэмгүй ард иргэд, лам хуваргууд болон манай намын гишүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөөс нь 100 жилийн түүхээ эргэн дүгнэж буй энэ өдөр Монгол Ардын Намын даргын хувьд уучлал гуйж байна” гэсэн эдгээр үгс харин тэдний үр хүүхэд, үлдэгсдэд нь хэрхэн яаж буусныг мэдэхгүй юм.
...Тэрбээр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд 30-р их хурлын үндсэн илтгэлээ эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт буюу Шинэ сэргэлтийн бодлого хэмээн нэрлэжээ.
Цар тахал дэлхий даяар маань дагжуулж, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг тооцоолшгүй өөрчлөлтөөр эрхшээлдээ оруулж байгаа энэ үеэс бид ангид үлдэх боломжгүй байлаа. Энэ бүх нөлөөн дор өнөөдрийн их хурал болж байна. Хэдийгээр бид чадлынхаа хэмжээнд чардайсан ч цар тахлаас шууд улбаалж эдийн засаг маань -5.3 хувь хүртэл агшиж, 200 гаруй мянган ажлын байр бодитой эрсдэлд орлоо гэдгийг Ерөнхий сайд илтгэлийнхээ эхэнд мэдэгдэв. Жижиг дунд бизнес үндсэндээ унаж, өдөрт хэд хэдээрээ хаалгаа хааж буй энэ үеэс чихээ дараад зугтах боломжгүй. Тиймээс үнэнтэйгээ бид нүүр тулах ёстой.
Тийм ч учраас их хурлын хөшгөө “Монгол Ардын Нам 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд 82.9 хувь, орон нутгийн сонгуульд 57.6 хувь, 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 67.7 хувиар ялалт байгуулж, мөн Улсын Их Хурлын нөхөн сонгуульд амжилттай оролцлоо” хэмээсэн албан ёсны дүгнэлтэээр нээж, үүгээрээ ард түмний өгсөн итгэлийг сануулан “Ялалт бол хариуцлага шүү” хэмээн тэр анхаарууллаа.
...Энэ зууныг эдийн засгийн тусгаар тогтнолын зуун байх болно гэсэн зорилт гучдугаар их хурлын үндсэн мессеж ажээ. Тэгвэл эдийн засгийн тусгаар тогтнолтой нийгмийн тулах хүч нь юу вэ. Мэдээж бяд суусан дунд давхарга.
Ийм давхаргаа босгож ирэхийн тулд юу юу хийх ёстой вэ. Эдийн засгийн тусгаал тогтнол юугаар баталгаажих юм гэх хамгийн эхнийасуултууд тавигдана. Тэр энэ асуултуудад “Гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна” гэж хариулж байна. Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнээс зугтах аргагүйг ч илэн далангүй ярьж байна.
Ингээд Монгол Улсын хөгжилд гол тээг болж буй суурь асуудлууд, түүний гарц шийдлийн тухай зургаан багц асуудлыг томьёолсоноо тэрбээр танилцуулсан юм. Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу Шинэ сэргэлтийн бодлого хэмээн нэрлэсэн тэр зургаа нь юу юу юм.
1.Боомтын сэргэлт
Мэдээж бурхан бидэнд далайд гарцгүй газар зүйн боломж зурсан гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Улс маань хуурай замын 42 боомт, агаарын замын дөрөвхөн боомттой. Үүнийхээ 29 боомтоор нь Оросын Холбооны Улстай, 13 боомтоор нь Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хиллэдэг. Одоогийн байдлаар тзднийхээ долоон боомтыг авто замаар, гурвыг нь төмөр замаар , агаарын замаар ганцхан боомтыг нь ашигладаг хүчин чадалтай.
Тэгэхээр одоо яах вэ. Нэгэнт байгаа байдал маань ийм байгаа юм чинь гээд мөлхүүлээд байх уу, үгүй юу гэдэг асуулт тулгарч байна. Тийм учраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа ирэх онд бүрэн ашиглалтад оруулах, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлэхээр шийджээ.
Хэрэв энэ ажлуудаа хийж чадвал 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм.
Үнэндээ дээгүүр нь шувуунаас өөр юм нисдэггүй, амьгүй боомтуудаа ажиллагаанд оруулж байж өрсөлдөх чадварын тухай ярих боломж нээгдэнэ. Тиймээс зургаан зорилтынхоо тэргүүнд боомтуудаа боймноос гаргах зорилтыг зоожээ.
2.Эрчим хүчний сэргэлт
“Эрчээ алдсан эрчим хүчний салбар маань өнөөдөр Монгол Улсын хөгжлийг сааруулагч томоохон хүчин зүйлсийн нэг болсон байна” гэж Ерөнхий сайд хэлсэн юм. Эдийн засгийн тусгаар тогтнолын тухай ярихад эрчим хүчний хангамжийнхаа тухай авч үзэхгүй байх боломжгүй гэдгийг бид бүгдээрээ ойлгож байгаа.
Гэвч бидний байгаа байдал ямар байгаа вэ. 1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэрийг төрийн зүгээс байгуулалгүй явсаар өнөөдөртэй золголоо. Харин хэрэглээ маань минут секундээр өссөөр. Байгаа хүчин чадал маань даахаа нэгэнт больсон. Дулааны станцуудын насжилт дээр маань ийнхүү харангын дохио дугараад эхэлчихсэн. Манай улс эрчим хүчний импортод жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөгөө зарлагаддаг. Одоо яах вэ. Мэдээж яаралтай цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлох ёстой гэдэг дээр бодлого тодорхойлогчид санал нэгджээ.
Энэ ажлын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллана гэдгээ Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ. Энэ сэдэв дээр гэхэд хэдхэн хоногийн өмнө хойд хөршийнхөнтэй ямархуу өнгөтэй яриа хөөрөө өрнөснийг бид мэдэж байгаа. Ийм нөхцөл байдлын дунд тэр ийнхүү гөжин зогсож, монгол улс өөрийн гэсэн бодлого баримтлахаа зарлалаа.
3. Аж үйлдвэржилтийн сэргэлт
Мал аж ахуйн орноос аж үйлдвэржилтийн орон руу гэх яруу алдарт замнал таг зогсоод 30жил болжээ. Ийм учраас сэргээхээр шийдсэнээ тэд шинэ сэргэлтийн бодлогоороо зарлаж байна.Энэ тухайд Ерөнхий сайд “Бид хийж чаддаггүй зүйлээ сурахаас илүүтэй хийж чаддаг байсан зүйлээ сэргээх нь чухал байна” гэж онцолж байна.
Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна гэж тэр харуусав.
Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох нь Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогын гол үндэс. Үүнтэй хэн маргах билээ. Нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд бидний мөрөөдөл биш гэж үү. Тийм учраас аж үйлдвэрийн бодлогоо босгож авахаар ажиллах нь ээ.
4. Хот, хөдөөгийн сэргэлт
Энэ бол яг өнөөгийн борог хөрсөн дээрх бараан амьдралаа авч үзсэн бүлэг. Өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын маань 50 гаруй хувь нь амьдарч байна. Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч буй гэсэн зовлонтой статистикаар цаашаа задаргаа нь хөврөнө. Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин ирж суурьшиж байгаа гэх тооцоо ч гарчээ. Энэ бүхнийг базаад “Монгол Улс нэг хот-улс болжээ” гэж Ерөнхий сайд тодорхойлсон. Түүний илтгэл бидний яриад байдаг хэрнээ яг таг гараараа бариагүй статистикуудаар дүүрэн байсныг онцолмоор байна. Жишээ нь, Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байгаагаас болж, алдагдсан боломжийн өртөг нь сүүлийн 10 жилд 11.8 их наяд төгрөг болсон байна гэх тооцоог тэр хэлсэн юм.
Мэдээж энэ үг уншигч таны уурыг хүргэж байгаа. Уруул дээрээсээ “Эдний нам нь л ийм болгоо биз дээ” гэх үгийг ч амархан унагаж байгаа байх. Илтгэлээ өмнөх рүүгээ шидсэн нэг ч гашуун үггүй үргэлжлүүлж байсан ч энэ удаа тэр ч хатуухан дүгнэлт унагалаа.
“Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн гучин жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулиудын хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй, хариуцлагагүй байдлын төлөөс юм” гэсэн түүний шүүмжлэлтэй бүгд л санал нийлэх байх.
Гэвч нэг хэсгээ буруутгаад суух цаг нэгэнт биш болжээ. Тийм учраас зарим томоохон асуудлыг шууд ардчиллын хэлбэрээр ард нийттэйгээ хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байгаагаа тэр илэрхийлж байна билээ.
Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний шинэ суурьшлын бүсийг эртний нийслэл Хархорум хотыг түшиглэн шинээр байгуулах нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын хот байгуулалтын инженерүүдтэй хамтарч, 2022 онд багтаан эхлүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ хот байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ч мөн ирэх жил эхлүүлэхээр төлөвлөжээ.
Мөн Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулах болж. Энэхүү Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон худалдааны томоохон төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх суурь нөхцөл бүрдэх судалгаа ч хийгдсэн юм байна.
5. Ногоон хөгжлийн сэргэлт
“Хөгжил бол байгаль өөрөө юм. Цар тахал дэлхий ээжтэйгээ буруу харьцсанаас үүдэж, хүн төрөлхтөнд өгч буй сануулга байхыг ч үгүйсгэхгүй. Монголчууд бид эх дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн соёл иргэншилдээ тулгуурлаж, дэлхийн чиг хандлагад нийцсэн ногоон хөгжлийн дэвшилтэт загварыг одоо л тодорхойлохгүй бол оройтно” гэсэн үгээр тэр энэ бүлгээ эхлүүллээ.
Дэлхийн улс орнууд бүгд ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа энэ үед монголчууд бид ногоон хөгжлийн дэвшилтэт бодлогоо тодорхойлж тавихаас өөр аргагүй.
Хүн төрөлхтөний амьдралд бараг өдөр бүр байгаль эхийн сануулга ирж буй энэ цаг үед бид гараа эвхээд суух нэгэнт боломжгүй болжээ. Мэдээж хийж чадах хэсгээсээ барьж авах ёстой. Тэр нь одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн. Намаасаа гарсан Ерөнхийлөгчийн дэлхийн тайзнаа амлачихсан энэ хөтөлбөрийг царцаахгүйн төлөө ажиллана гэдгээ тэр хэлж байна. “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд бүх нийтээрээ ногоон хөгжлийн хандлагаа өөрчилж, Төрийн тэргүүнээ дэмжиж ажиллацгаая” гэж ил тод уриална лээ.
За, тэгээд манайд ид тулгамдаад буй цөлжилт, бэлчээрийн доройтол гээд асуудлууд ар араасаа жагсаж байгаа. Ажил хийгдэж л таарна. Энэ дотроос хамгийн бүтээлч буюу ажил хэрэг болох өндөр магадлалтай төсөл нь миний хувьд нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулах тухай зорилго санагдсан.
6. Төрийн бүтээмжийн сэргэлт
Ерөнхий сайд Монгол Улсын хөгжлийг боомилж буй таван асуудал, түүний шийдлийн тухай ийнхүү авч үзээд төгсгөлийн зургаа дахь зорилтоо Төр түүнийг тойрсон асуудлууд дээр төвлөрүүлжээ. Зодоход Төр номхон л доо.
Хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл нь Төр өөрөө болсон байна гэж Ерөнхий сайд шууд хэлж байна. Төр төвөг болдог механизм болсон. Тиймээс урссан, ужигарсан, дассан, хэвшсэн бүх жишгээс салгахын төлөө ажиллана гэдгээ ч чангахан дуулгав.
Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулна гэж тэр амлаж байна.
Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлнэ. Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна...
Авилгатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна...гэсэн ширүүхэн зорилтуудаараа муу нэртэй Төрийг луу данснаас нь гаргана гэж тэр тооцож байна. Энэ бол хийгдчих ажлууд байх. Ер нь төрийн албаны шинэтгэлүүд хурдацтай явагдаж байгаа.
“Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ үйлчлэгч байх учиртай” гэсэн үгээр нь Ерөнхий сайдын танилцуулсан сэргэлтийн зургаан зорилтыг нь төгсгөе.
Ерөнхий сайд хувийн хэвшлийнхнээс дэмжлэг хүсч байна
Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө гэж тооцож байгаа юм байна. Мөн эрчим хүчний хүчин чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасч, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил хангагдана. Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин томроно гэсэн тооцооллыг хийсэн байна. Базаад хэлэхэд бидний амьдралын чанар эрс сайжирна гэнэ.
Мөрөөдөхөд бол мөнгө ордоггүй. Харин бүтээхэд мөнгө орно. Тэр мөнгө хаана байна вэ гэх асуулт урган гарч ирж байна.
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай гэж Ерөнхий сайд илтгэлийнхээ төгсгөлд зарлалаа. Мэдээж энэ хөрөнгийг төр дангаараа бүрдүүлэх боломжгүй. Тиймээс тэр хөрөнгө оруулагчдад хандан уриалга илгээхээр шийджээ. Тэрхүү уриалгыг дамжуулья.
Монгол Ардын Намын анхны дарга Солийн Данзан “Иргэн баян бол улс баян” хэмээн тунхаглаж байлаа. 1932 оны Шинэ эргэлтийн бодлого ч “Бусдыг мөлжихгүйгээр иргэн бүр хэм тэгш баяжигтун” гэсэн агуулгатай байсан.
Монгол ахан дүүс ээ,
Иргэн, аж ахуйн нэгжүүд ээ,
Хөрөнгө оруулагчид аа,
Өнөөдөр бид “Эдийн засгийн тусгаар тогтнол, чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх Их үйлсэд иргэн бүр оролцогтун” хэмээн уриалж байна...
Монгол Улс Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталж, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөрш орнууд, олон улсын хөгжлийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай нягт түншлэн ажиллах болно.
Монгол Улс гадаад харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн зарчимдаа “Монголын андгай за буй заа” хэмээх язгуурын зарчмыг хатуу баримтлана.
Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН намын Монгол гэж байхгүй. Хэдийгээр бид үзэл бодол, баримтлах зарчим, байр суурь зөрүүтэй ч Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө нэгдмэл эрх ашигтай билээ. Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжин ажиллахыг улс төрийн бүх намууд, иргэний нийгмийн байгууллагуудад уриалж байна.
Уриалгыг хэрхэн хүлээж авах бол...
Монголын Төр бол гадны хөрөнгө оруулагчдад найдваргүй “гарууд”, дотоодынхондоо хамаг юмны чөдөр тушаа гэх имижтэй. Авахаас өөрийг мэддэггүй, амаа ангайсан тонуулчид гэж хардаг. Гашуун боловч үүнийг эхлээд хэлэх ёстой гэж би бодож байна. Саяхан л гэхэд нэг өндөрлөг нь хар хувцастнуудаа дагуулж очоод гадны хөрөнгө оруулалттай бизнесийг зогсоож л байсан. Жижиг бизнес эрхэлдэг гадныхныг бол хас тэмдэгтнүүд нь хашрааж байдаг. Хяналтынхан нь хэдхэн төгрөгний цалинтай болохоорбага гарын дээрмээр амьдралаа зогоодог гээд байдал маань баргар.
Ийм хагарч сүйдсэн хөрсөн дээр Л.Оюун-Эрдэнэ хувийн хэвшил рүүгээ уриалга илгээлээ. Хамтдаа хөрсөө ногооруулж авахын төлөө тэд нь итгээд үзэж магадгүй л юм. Учир нь Эх орон нь элгэн дотор нь эгшиж байгаа болохоор....
Юутай ч Монголын Төр хөрөнгө оруулагчдын өмнө “Монголын андгай за буй заа” гэж амлалаа. Энэ бол дэвшил.