1.

МАН-ын 30 дугаар их хурал хөшгөө нээж байна. Генсек Дашзэгвийн Амарбаясгалан намынхаа 100 жилийн ойн хаалтыг хийж буй энэ их хурлын жор баригч нь. 

Дөчин настай энэ залуу үнэмлэхүй эрх мэдэл дээр Төр барьж буй МАН-ын сүүлийн ялалтыг нь “хийж” өгсөн менежер юм. Тийм ээ, тэр ялалтын менежер. 

Тэгэхээр хоёр сонгууль дараалан жаран хэдэн суудалтай тонгочсон найман жилийн нажидтай түүх хүссэн ч эс хүссэн ч түүнтэй хамт бичигдэнэ гэсэн үг. Угаасаа эс хүсэх тухай яриа байхгүй. Гаднаасаа сайдын сэнтий чаваагүй, даргын суудалд ч залраагүй зангараг сахиад үлдсэн цэвэр ариун нэр төр харагдавч үнэн хэрэгтээ тийм үлдэх боломж түүнд байгаа болов уу. 

Гадаа нь ганц морьтой хүн ч буудаггүй, уяа нь эзгүй айлыг удирдаж явсан Л.Энэбиш зэрэг генсекийн эдэлж байсныг үнэндээ эд үзээгүй шүү дээ. Намын толгой нь хэдэн тийшээ харчихсан, гадна дотноосоо дажинтай, хүнд хэцүү үеүд юу эс билээ. Одоо бол бүх юм “окей”. Ах нар нь дайн дажнаа дуусгаж, ажин түжин болгожээ. Аяндаа ч ийм болчихоогүй, Амарбаясгалан ч болголцсон. 

У.Хүрэлсүх ийм амар жимрийн төлөө хүйтэнд хөрч явсан биз. Гэхдээ түүний дэргэд санчиг буурал нөхдөөс нь хүн үлдсэн үү. Хэн хэн байна вэ гээд харахаар сонин л дүр зураг үзэгдэх аж. Цагаасаа эрт хэсэг нөхөд нь хорвоогоос одож, цагийг нь эвхэн өөрөө ганц хоёрыг нь буулгаж, дунд доод шатанд үлдсэн хэдээ мөрөн дээр нь алгадан номхотгож, залуу үеээ хөтлөн алхжээ. Энэ түүний буруу биш ээ. Өөр яах байсан юм. 

Энэ намын их хурал ийм ажин түжин, элдэв сюрпризгүй болдог болсон нь нэг талаас уйтгартай ч юм шиг. Элснийхэн л гэнэ, онц их хурлын хөдөлгөөн л гэнэ... Бас л үзэж тарж байдагсан. Нэг талаас нэлээн юм үзэж байж төвхнөдөг юм байна гэмээр. Нөгөө талаас амьд органик шинжээ улам алдаж, ах нараасаа ч аймаар, бүр тэдэнтэй зүйрлэх аргагүй аюултай залуус “эрх барьж” байна уу даа хэмээн жихүүцмээр...

Юутай ч гучдугаар их хурлын жорыг баригч албан ёсны “дэг”-ээ зарлалаа. 

-МАН-ын даргыг баталгаажуулах

-Намын дүрмийн өөрчлөлт

-Намын бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох

-Намын хяналтын ерөнхий хороог байгуулах асуудлыг хэлэлцэнэ. Мөн эрх баригч улс төрийн хүчний хувьд нийгэмд хэрэгжүүлэх дэвшилтэт бодлогуудаа танилцуулна.

Үүнээс гадна намын их хурлаар бодлогын томоохон асуудлуудыг хөндөнө гэж Ерөнхий бичгийн дарга нийтэд мэдээлсэн. 

Хурал ийм дэгээр явна. Нямбай хийцээр арга барилаа тодорхойлдог түүний дэглэлтээс гадуур нэг их “Гэм Зэм” хурлын үеэр гарахгүй. Ганц нэг тэнэсэн сум шиг орж ирэх дүрэмгүй тоглогч ч байхгүй хурал болох болов уу даа. Гучдугаар их хурлын ганц сонирхолтой идеа нь “Дэвшилтэт бодлого” гэх сэдэв юм. 

Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан олон нийтэд зарлаж байгаад “Хүний эрхийг хамгаалах” дэвшилтэт бодлого гэгчээ намын гишүүдээрээ хэлэлцүүлэх гэж байна. 

Энэ сэдэв бол үнэндээ эл намын бодлогоос хол явж ирсэн. 

Өнгөрсөн гучин жил хүний эрхийн бодлогын гол тээгч нь эдүгээн сөрөг хүчин буюу Ардчилсан нам байлаа. Сүүлдээ ард иргэд нь зөвхөн тэдний л авч явдаг, тэдний л хайрлан хамгаалдаг үнэт зүйл гэж ойлгодог болтлоо шүү. Тэдний л үед үгээ хэлэх, жагсах цуглах, иргэд нь үзэл санаагаа илэрхийлэх боломжоор дүүрэн байдаг гэж иргэдийн өндөр хувь нь одоо ч итгэдэг. Ийм хөрсөн дээр Д.Амарбаясгалан намынхаа 30 дахь их хурлаараа “Хүний эрх” сэдвийг онцгойлон хэлэлцэж, тусгайлсан бодлого гаргана гэж зарлаад байгаагаараа анхаарал татаж байна. 

Гучаад жил бичсэн атлаа МАН, Хүний эрх гэх хоёр нэршлийг нэг дор хамт бичиж яваагүй миний мэтийн сэтгүүлчид энэ бүхэн нэг л дадаагүй, нэг л авцалдаагүй зүйлс мэт санагдаж байхад олон нийт “Яагаад МАН гэнэт хүний эрхийн тухай ярих болов оо, юу болох нь энэ вэ” гэх маягаар гайхан ширвээтэж буй нь аргагүй юм даа. 

Ингэтэл тэд ардчилсан нийгмийн амин сүнс болох үнэт зүйлсээс хөндий давхисан. Одоо харин залуус нь өөрөөр ажиллана гэж байна. Өөрсдийнхөө хийнэ гэснээ гаргаж хэлэлцүүлдэг болж байна. Сайн хэрэг. 

Өнөөгийн эрх барьж буй давхаргын дээд төвшнийхнийг залуу үе бүрдүүлж байгаатай дээрх санаачилгыг холбож хүлээж авч болно. 

Мөн УИХ-ын сонгуульд дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан МАН ачаагаа үүрэх явцдаа тодорхой хүндрэлүүдтэй учирч байна. Энэ нь олон жил тэдний хувьд гаднаа хаясан гол бодлогуудаа олж харах боломжийг олгож байх шиг. Боломжоо тэд боломж болгохоор шийдэж байх шиг байна.Хүний эрхийн мэдрэмжээр асар өндөр болсон олон нийтийн шахалтыг мэдэрч, түүн дээр ньсуурилсан тодорхойреформ хийхийг тэд хүсч байна. Хуучин, бурангуй гэх тодотголоор дийлэнх нь хэлхэгдсэн бүхэл бүтэн 100 жилийн ял зэмийг туулж, ирэх зуунд ямархуу үзэл санаа, бодлого хэрэгжүүлдэг нам байх вэ гэдгээ тодорхойлох алхам руу одоо тэд шилжиж байна. 

Намын удирдлагууд гэхээр л багийн дарга, батлах үнэмлэх мэттэй зууралдаж, хэдэн гишүүдийнхээ хэнхдэгний цаадах хүсэл шунал, гомдол цөхрөлийг шийдсээр өөр өөрийн цагийг өнгөрүүлдэг гунигтай хэв шинжээс тэд салгаж чаджээ. Энэ харин түүхэн эргэлт. Намыг бүхэлд нь хэрсэн уламжлалт хуучин амьдралын хэв маяг, өнгө төрхөөс салгаж, үзэл санааны байгууллага болгох чиглэл рүү эргүүлж чадсан гавьяаг мань генсек мөн л чимээгүй хийж чадлаа гэж би хувьдаа харж байна. Браво... 

2.

Гучдугаар их хуралд тавигдах гол илтгэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илтгэл байх юм. 

Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулна гэж хурлын дэгт эрэмбэлсэн байна билээ. Дараа нь Парламентын тогтолцоог улам бүр төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар мөн илтгэл тавих юм байна. Энэ магадгүй хүмүүст тийм ч сонирхолтой сэдэв биш харагдаж байгаа байх. Гэхдээ манай улсын хувьд чухал бодлого. Энэ чиглэлээр ажилладаг, дуугарч байдаг, энэ бодлогыг тээгчид олон байгаасай гэж би хувьдаа хүсдэг.

Мэдээж МАН-ын гучдугаар их хурлын тогтоолыг оройлох гол зүйл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар жинхлэх шийдвэр байх нь тодорхой.

МАН-ын 100 жилийн ойн төгсгөлийг мушгин хуралдаж буй30 дугаар их хурлын өөр нэг чухал асуудал гэвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тухай сэдэв байна гэж зарим тоймчид бичсэн харагдана лээ. Үндсэн хуульд ахин нэмэлт өөрчлөлт оруулахыг УИХ-ын нөлөөтэй гишүүд нь ч, Ерөнхий сайд нь ч, Ерөнхийлөгч нь ч дэмжиж байгаа байдал анзаарагдаж байна гэж ажиглагчид хэлж ярьж байгаа. Зөвхөн эд биш парламентын гадна талд ч энэ сэдвээр идэвхийлэн хөөцөлддөг экслертүүд нэмэгдсээр байгаа. Гэхдээ Үндсэн хуулинд тодорхой өөрчлөлтүүдийг хийснээр л Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн илүү чадамж суух боломж үүснэ гэж шууд өнөөдрийн амьдрал дээр татаж дүгнэх нь мэдээж хөнгөн дүгнэлт болно. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гадаад дотоод нөхцөл байдлын хувьд нэг их насаа тоолууаад байхаар нөхцөлд ажиллаагүй. 

( Гадаад нөхцөл байдал гэдгийг зөвхөн парламентын гадна талаас гэх утгаар бичсэн болно )

Гэхдээ өрөөсөн хөлгүй сандал дэр суугаад ажилла гэж болохгүй. Үүнийгээ ч засах гэж байгаа нь тодорхой. Өнөөгийн Ерөнхий сайд хуучны хэд шигээ бүх эрхийг гартаа базах гээд улайраад байдаггүй. Тэр энэ бүх асуудлыг намд даатгасан. 

Тийм ч учраас тооцоолшгүй хүнд үед албаа авсан ч улс төрийн эрх мэдэл бүтэн утгаараа түүнд байсангүй. Засгийн газартай холбоотой ширүүн шүүмжлэлүүдийн гал дан дээлтэй сайд нар дээр бус Л.Оюун-Эрдэнэ дээр л ирж байлаа.

Жишээ нь, коронаг хил давуулж орж ирүүлэлгүй барьсан гэж омогшдог, тэр хугацаандаа бүгдийг базаасан гэх домог ярьдаг нөхдүүд үнэн хэрэг дээрээ бэлэн бус байдал, баахан бантан үлдээсэн нь ил болсон.Хэдийгээр түүнийг томилогдоход вакцин тасарсан, байдал баргар байсан ч вакцинаа цаг алдалгүй оруулж ирэн, өнгөрсөн наймдугаар сар гэхэд нийт иргэдийн 60 хувь бүтэн тундаа хамрагдаж чадсан. Мөн гуравдугаар тунг цаг алдалгүй эхлүүлсэнээр одоо зорилтод бүлгийн 60 хувь, нийт хүн амын 50 хувь нь бүүстэр тундаа хамрагдсан нь энэ Засгийн газрын хийсэн том хөдөлмөр.

Л.Оюун-Эрдэнийн хийж чадахгүй азнаад байгаа нэг зүйл бол хариуцлага тооцох алхмууд. Хэдийгээр олон алдаа дутагдал гарч байсан ч тухай бүрт нь мөшгиж очоод хариуцлага тооцож чадсангүй гэж түүнийг олон нийт загнаж байгаа. Гэхдээ хариуцлагагүй цуу яриа, дам ташаа таамаг, хар сэр дээр суурилсан олон нийтийн савалгаатай сэтгэл хөдлөл болгонд автаж байдаг зүйл бол Төр биш. Тэр өөрөө хувийн чанараараа ч үсчдэг, худлаа цамнадаг хүн биш. Нөгөө талаар боломж, цаг хугацаа олгож чадсан эсэхээ тунгаадаг. Гол зүйл дээрээ төвлөрөх нөхцлөөр хангасан эсэхээ эргэцүүлдэг. Тэгээд дараа нь гарцаагүй зүйл дээр шийдвэр гаргаж, хариуцлага тооцдог ултай, нуруутай хандлагаар бодлого хэрэгжүүлэгчдэд хандах ёстой. 

Түүнээс биш сошилын хараал зүхлээр ханараад л, тогтож ажиллах бололцоог нь ч олгохгүй юм юм руу дуудаж оруулж цаг хугацааг нь баллаж таллаж хаячихаад нэг өдөр дуудаад “Чи яв” гэх нь төрт ёсны ёс зүй биш. Яг энэ хандлагаас болж төрд зүтгэсэн зуу зуун залуусын урам хугарсан. “Бушуу халаад явуул, оронд нь би шүү...” гэх мөнөөх цүнх баригчид гэх нэртэй дараалал нам дотор нь үүссэн. Тэр үүнийг сайн мэдэж байгаа. Тийм учраас год год хийдэггүй, боддог, буурьтай зан чанартаа баригддаг. 

Тэр улс төрийн эрх мэдлээ бүтэн буюу стандарт болгож аваад шинэ сэргэлтийн бодлогуудаа хэрэгжүүлнэ гэж төлөвлөж буй. Тэрийгээ ирээдүй харж батлуулсан төсөв шигээ өөдрөгөөр харж байгаа ч байх. 

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал дэлхий нийтийг бүрхээд байна. Нэгэнт нөмрөөд ирсэн нөхцөл байдлыг улс орон бүр өөр өөрийнхөөрөө туулж байгаа. Гол анхаарлаа мэдээж эдийн засгаа хамгаалах, хөрөнгө оруулалтын орчноо аварч үлдэх дээр төвлөрүүлж байна. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эдийн засгаа идэвхжүүлэх тал дээр хэд хэдэн бодлого гаргаж тавьсан. Жишээ нь, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” боловсруулсан. Ахин тодруулж хэлэхэд нөхцөл байдлын хувьд цар тахал дэгдсэн өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан. Банкуудын зээл олголт зогссон. Ийм үе шүү. 

Саяхан Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс үзэхэд эдийн засагт 3.6 хувийн өсөлт гарч байна. Энэ багавтар гялаан нь мөнөөх эдийн засгаа тэлэх зорилготой хэрэгжүүлсэн 10 их наядын төлөвлөгөөний тусгал. Энэ хөтөлбөрийн үр дүнд 4.07 их наядын санхүүжилт дотоодын зах зээл рүү орлоо. Жишээ нь, 1.91 их наяд төгрөгийн санхүүжилтээржижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжсэн. Ипотекийн зээлийн санхүүжилтэд 925.7 тэрбум төгрөг зарцуулсан. Тоочвол энэ мэт статистикууд бичигдэнэ. Засгийн газраас энэ онд ковидийн үед хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнд гэхэд нийт 4.3 их наяд төгрөг зарцуулсан. 

Иргэн бүрд мөнгө тарааснаас гадна “Хүүхдийн мөнгө”-ийг 100 мянга болгон нэмэгдүүлснээр нийт зардал нь 1.4 их наяд давсан гэж мэргэжилтнүүд мэдээлж байна. Өрхийн эрчим хүч, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад 596 тэрбум төгрөг зарцуулсан. Тэтгэврийг 100 мянгаар нэмэхэд 195 тэрбум, ниймгийн даатгалын шимтгэлийг үе шаттай бууруулахад 76 тэрбум гээд бидний хэрэглээнд зарцуулагдсан тоо дурайна. Үнэндээ халамжинд энэ мөнгөнүүд явжээ. Цар тахлын бус үед бол бослого гармаар тоонууд. Гэвч яалтай билээ. Ард иргэдийн ханатай гэрт чиглэсэн бодлогууд байдаг.

Тэгвэл аж ахуйн нэгжид чиглэсэн арга хэмжээнд 927.4 тэрбум төгрөг зарцуулж. Аж ахуйн нэгжийн эрчим хүч, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад л 545.2 тэрбум гаргасан байна. Жишээ нь, аж ахуйн нэгжүүдийг 210 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн байна . Аж ахуйн нэгжийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай бууруулахад 84.1 тэрбум, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн алданги торгуулиас чөлөөлөхөд 27 тэрбум, түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдийн татварыг хөнгөлөхөд 1.1 тэрбум төгрөг тус тус зарцуулжээ. Энэ бүгд эдийн засгаа сэргээх, бизнесээ хамгаалах бодлогууд. Эдгээр хямралын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнүүд хэрхэн, ямарүр дүн болж үлдэхийг Засгийн газрын цаашдын ажил харуулна. 

Үр дүнгийн төлөө ажиллах ёстой. Өнөөдөр “Рио тинто” группийнхэнтэй ямархуу төвшний чамбай яриа хэлэлцээрүүд хийгдэж байгааг иргэд харж байгаа байх. Ухралтгүй, Монгол улсын эрх ашгийн төлөөх ажиллагаануудыг ямар нэгэн хөөрөл хөөсгүй явуулж, ашигтай гарц олохын төлөө Л.Оюун-Эрдэнийн толгойлсон Засгийн газар ажиллаж байна. 

3.

Л.Оюун-Эрдэнэд улс төрийн хувьд стандарт эрх мэдлийг нь олгосноор түүний цаашдын улс төрөөс хариуцлага нэхэх боломж бүрэн утгаар нээгдэх юм. МАН энийгээ ч харж байгаа байх. Харж байгаа учраас гучдугаар Их хурал нь дээр үеийн Их хурлуудаас огт өөр дэг ёсоор явагдах нь. Тэр дэг ёсыг шинэ үе- шинэ соёл гэж томъёолж болох юм. Мааз үгээр бол Ухнаагийн Хүрэлсүхийн итгэж хөтөлсөн Асар Басар хоёр энэ намыг, энэ улс орныг цаашид хааш нь яаж алхуулахыг харах үлдлээ.

Үнэхээр эргэлтийн бодлогууд хийж чадах уу, дундаж давхрагынхаа аж амьдралыг шат ахиулж хүчрэх үү. Хүний эрх, хүчирхийлэл, авлига, албан тушаалтын гэмт хэрэг гэх эдгээр газар уначихсан ойлголтуудыг босгож ирж чадах уу...

Иргэд бид том зургаар харж, том хариуцлага нэхэж, том үр дүн үзэж сурах ёстой. Түүнээс биш дунд сургуулийн пацаанууд ч чулуу нүүлгэж муудалцахаа больсон орчин цагтэлдэв хараал зүхлээр булсан, хоосон хардлага шидэлсэн, худлаа уухирсан хямдхан ёс зүйгээр Төрийг хянах боломжгүй. 

Сонголтынхоо хариуцлагыг хүлээж сурах хэрэгтэй. Тэр хариулт хүлээлтээс чинь зөрвөл, бүр муу байвал сонголтоо чансаажуулахын тулд өөрсдөө боловсорцгооё.

Итгэж чаддаггүй, залуу үеэ урам зоригоор нь үргэлж нугасалж байдаг ард түмэн хол явдаггүй. Итгэе....Итгэлийг даахгүй бол өгсөн эрхээ 2024 онд эвхээд авья.