Гялалзах нэгэн од
Алексей Позднеевын амаргүй тавилан
1893 оны арван сард Монгол нутгаар хийсэн алсын аянаасаа Санкт-Петербург хотноо буцаж очсон судлаач Төрийн Думын ордонд аяллын үр дүнгээ амжилттай тайлагнаж, Ар, Өвөр Монголын нутгаар 9000 бээрийг туулахдаа улс төр, цэрэг, нийгмийн тогтолцоо, ван гүнгүүдийн намтар түүх, археологи, угсаатны зүй, монгол нутаг дахь Оросын худалдааны түүхтэй холбоотой тун сонирхолтой мэдээ цуглуулж, манж, монгол, хятад 820 ном судар, XVI зуунд хамрах маш ховор Уйгар-монгол хэл дээрх бичиг, сургалтад ашиглах бурхны 150 сэрэг дүр, шашны эдлэл цуглуулснаа өгүүлжээ.
Аяллын үеэр томилолтын зардал дээр нэмж хувиасаа 1425 рубль гаргаснаа судлаач “Монгол ба монголчууд” тэмдэглэлийнхээ эхний ботийн оршилд өгүүлсэн нь бий. Өдгөө судлаачийн “Монгол ба монголчууд” хоёр боть аяллын тэмдэглэл нь Монгол орноор аялсан аялагчдын тэмдэглэлээс хамгийн сайн, шилдэгт тооцогдож байгаагаас гадна “Өргөөгийн хутагтууд”, “Ар Монголын хотууд”, “Эрдэнийн эрхи хэмээх монгол сурвалж”, “Монгол овгуудын ардын уран зохиолын дээж”, “Халимаг-орос толь бичиг” нь Оросын монгол судлал, дорно дахин судлалын алтан санд хадгалагдаж байна.
Ингээд 1899 оноос тэрээр Владивостокийн Дорно дахины их сургуулийн захирлаар томилогдон ажиллав.
Владивостокийн Дорно дахины их сургуулийн оюутнууд А.Позднеевыг “гарамгай монгол судлаач, авьяаслаг зохион байгуулагч, удирдан чиглүүлэгч боловч хуучин сургуулийн уламжлалт арга барилтай, оюутан залуусыг өөр хоорондоо болон багш профессоруудтай чөлөөтэй ярилцахад тун дургүй, ер нь хориглож байсан” гэж тодорхойлоод, тиймдээ ч уг сургуулийг удирдаж байсан дөрвөн жилийг залуус “Монголын дарлалын үе” (монгольское иго) гэж нэрлэдэг байжээ. Эртэн цагийн судар ном, бичгийн дурсгалыг судлан шинжлэхээс илүүтэй тухайн цагийнхаа ном зохиол, ахуй орчин, хэл яриа, шашин соёлыг судлахад буюу практик судалгаанд төвлөрч ажиллаж байсан түүнийг үе тэнгийнх нь судлаач эрдэмтэд дутуу үнэлж, улмаар Зөвлөлтийн үед бүтээл зохиолуудыг нь судалгаа шинжилгээндээ дурдахгүй, эсвэл ул үндэслэлгүйгээр шүүмжлэхдээ ялангуяа буддын сүм хийд, лам санваартнуудын аж байдлын судалгаа, судалгааных нь арга барилыг илт шүүмжилж байлаа.
Дөрвөн жилийн дараа, 1903 онд түүнийг Ардын гэгээрлийн яамны Зөвлөлийн гишүүнээр сонгосонд Петербург хотноо эргэж ирээд 1917 он хүртэл байран суурин алба хашив.
Энэ жилүүдийг судлаачийн амьдралын баяр жаргалтай үе гэж хэлж болно. Хоёр дахь удаа гэрлэж, 50 гарсан хойноо үрийн зулай үнэрлээд “Би ерөөс гэр амьтай хүн, сэтгэл минь л харин аглаг буйдад тэмүүлнэ. Үнэрлэж өсгөх үр хүүхэд, хайрлаж хүмүүжүүлэх хойч үегүйгээр би энэ амьдралаа үл төсөөлнө. Хийсэн бүтээсэн бүхнээ би ойр дотныхондоо үлдээх хүсэлтэй, хүүхдүүдээс илүү ойр дотны хүн гэж байх уу даа? Үргүйдээ би өдий болтол шаналж явлаа…” гэж сэтгэлээ дэлгэн бичжээ.
Хувьсгалын үймээнт жилүүдэд Позднеев эхнэр, таван хүүхдээ (4-14 настай) тэжээхийн тулд Петроградын Васильевын гудамжинд байсан гэртээ номын сан, баялаг цуглуулгаа үлдээгээд Дон руу шилжихэд их сургуулиас нь түүнийг 1919 оны долдугаар сар хүртэл Астрахань, Ставрополь мужид томилон ажиллуулахаар тогтжээ.
Тэгэхэд Ростов хотод хэсэгтээ цагаантнуудын засаг тогтож, цагаантнууд түүнийг засгийн газартаа орж ажиллахыг урьсан боловч Позднеев эрс татгалзан, Варшаваас нүүж ирсэн их сургуулийн халимаг-монгол хэлний тэнхмийг хариуцан ажиллаж байлаа.
Гэвч Ростовт гэр бүлээрээ суурьших байр олдсонгүй, арга буюу (анх ирж суусан) Новочеркасскаас ажилдаа явж байв. 68 настай хүнд энэ бол амаргүй даваа. Тэгсээр эсэргэн жил нь 1920 онд ганцаараа Ростовт шилжиж ирээд, таван сард нь ходоод гэдэсний хурц үрэвслээр өвдөж нэлээн дорд оржээ.
Тэр үед эсэргэнэт хижиг, гэдэсний хижиг дэгдэж, ганц Доны их сургуулиас гэхэд 15 багш өвчнөөр өөд болжээ. Төр тогтворгүй болохоор мөнгөний гачаал ч нүүрлэж, 1920 оны долдугаар сард Позднеев сургуулийн захиралд “Их сургуулиас зургаан сарын 29-нд надад 3000 рублийн хангамж олгосон ч энэ мөнгө долоон сарын 1-нээс эхлэн эргэлтээс гарсан тул өнөө өглөө би гартаа мөнгөтэй ч зүсэм талхгүй сууна” гэж бичиж байлаа.
Амьдрал хатуурхавч Позднеев нандин цуглуулгаа зарж үрэх тухай ер бодож байсангүй, Донын их сургуульд хандивлана гэсэндээ Ардын гэгээрлийн яамны зөвлөлд даатган Петербургийн байрандаа үлдээсэн номын сан, баялаг цуглуулгаа асууж сураглан, шилжүүлж авах тухай нэг биш удаа захиа илгээж байв.
Хүү Алексей Алексеевич нь аавынхаа сүүлчийн өдрүүдийг дурсан “1920 оны тэр зун аав Ростовын эмнэлэгт хэвтсэн юм. Тэгэхэд ээж хоёр гурван удаа Ростов орж аавыг эргэж очсон. Есөн сарын сүүлээр аав Ростовоос утсаар яриулж эмнэлгээс гарч байгаа тул тосч аваарай гэж хэлүүлэв. Ээж намайг явуулсанд би аавыгаа тосч Ростовын эмнэлэгт очиж, хувцсаа өмсөхөд нь туслаад хоёул худалдаачин Кошкины гэрт очвол тэднийхэн аавыг маш их хүндлэн хүлээж авлаа. Тэр өдөр бол есөн сарын 29. Кошкиныхон бид хоёрт тансаг тавилтай өрөө гаргаж өгөхөд аав унтахаасаа өмнө удтал сүмийн дуулал дуулж билээ. Би дуулахыг нь сонссоор унтсан сан. Тэгээд үүрээр юм түгхийн унах чимээнээр сэрлээ. Босоод харвал аав өндөр орон дээрээс уначихаж. Айж сандран гэрийн эздийг сэрээж эмч дуудуулсан ч… хэдийнэ өнгөрсөн байлаа” гэж бичжээ.
“Ашиг харж биш, алив юмаа золин байж сая жинхэнэ шинжлэх ухаан, жинхэнэ урлагийн бүтээлийг төрүүлдэг” гэж энэ биз ээ.
Бат-эрдэнийн Гэрэл
2024-12-30