“ГҮҮПЭР” ЗАЯА



-Халхын(Монголчуудын) заяа их юм гэнэ лээ

Өвгөдийн яриа


ХХ зууны Монголын тусгаар тогтнолын

гол баталгаа нь Орос байсан.

ХХI зууны Монголын тусгаар тогтнолын

чухал баталгаа нь Хятад байх болно.

Автор



Нэг. Бар зодолдоход муур хожих


-Хятад бол Монголын тусгаар тогтнолын баталгаа гэдэг үг итгэхэд байтугаа сонсоход хүнд, Монгол хүний хувьд. Гэхдээ үнэн. Үнэн угаасаа гоё ч юм байдаггүй. Үнэнийг хэлэх ч амар байдаггүй. Бид “ Бусдын улаан нүүрэн дээр нь үнэнийг хэлэх”-ээс халгадаг, зайлсхийдэг.

  Хятад улс өнөөдөр л гэнэт Монголын тусгаар тогтнолын баталгаа болчихсон ч юм биш. Угаасаа л манайд тусгаар тогтнолын гадаад хоёр баганын нэг нь байсан. Бас, Орос нь тусгаар тогтнолын багана байхаа больсон ч юм биш, байсаар л байгаа гэдгээс эхэлье. 

    Гэхдээ багана бол тулахын шалтгаан байдаг шигээ унагахын ч шалтгаан болдог. Ус амьдруулахын шалтгаанаас гадна живүүлж алахын шалтгаан байдаг шиг ч юм уу даа. Монголын тусгаар тогтнолын хоёр багана ч яг ийм. Нэг тал нь оргүй болчихвол өөрийнхөө тал руу татаад унагахад бэлэн.

    Монголчууд тусгаар тогтнолоо сэргээсэн нэгэн түүх нь тусгаар тогтнолоо алдах хоёр шалтгаанаас уг сурвалжтай. Сонин шүү, тусгаар тогтнолоо алдах ганц шалтгаан байсан бол хэдийнээ нэг талдаа багтчихсан байгаа.  Гэтэл, унах шалтгаан хоёр болохоороо хамгаалалт болдог. Түүгээр ч барахгүй тусгаар тогтнолын хоёр багана болсон байдаг нь. Мөнөөх “Заяа их юм гэнэ лээ” эндээс эхтэй. 

     ХХ зууны Монголын хувь заяа XIX зууны сүүлчээр буюу 1907 оны Орос-Японы нууц гэрээгээр үндсэндээ тодорхойлогджээ. Энэ гэрээгээр, Манж Чин улсыг унахаар (унагаахаараа) Манжуур болон Зүүн хойд Хятадыг (Нарийндаа Солонгосыг оруулаад зүүн хойд Азийг) Япон авна, харин Гадаад Монголыг Орос өөртөө нэгтгэнэ хэмээн тохирчээ. 

   Улсын нутгийг булаан авах хоёр гол зам байдгийн нэг нь ил цагаан эзлэн авах, нөгөө нь салан тусгаарлуулж тусгаар тогтнуулах маягаар “гадаад бүрэлдэхүүн” болгож харъяандаа байлгах. Орос улс хоёуланг нь одоо ч чадамгай хослуулдаг. Украйн руу шууд довтолж, нутгаас нь булаан эзэлж байгаа бол Приднестрийг Молдаваас салган тусгаар тогтнуулах, Донецк, Абхазийг болохоор Украйн, Гүржээс салган тусгаар тогтнуулах маягаар “гадаад бүрэлдэхүүн”-дээ байлгаад байна. Тусгаар тогтнуулах замаар булаан эзэлж болдог нь бас л парадокс. 

  Орос –Японы гэрээний дараагаар Япончууд Солонгост “Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн” маягийн юм зохион байгуулж, Манжийн вассал байдлыг устгаад, удалгүй эзэлж, улмаар Зүүн хойт Хятадад довтолж, Манжуурийг авлаа. Эзэлсэн Манжууртаа Манж Го улс байгуулав. 

   Харин Оросууд Монголын тусгаар тогтнолын хувьсгалд туслах нэрээр оролцон Богд хаант Монгол улс бий болов. Бөөн драм ар араасаа өрнөсний эцэст Ардын хувьсгал хийлгэх байдлаар оролцон өөрийн нөлөөний бүсдээ БНМАУ-г байгуулав. Манжийн эзэмшил болон вассаль бүсүүдийг булаагаад хуваах тэдний тохиролцоо нэг ийм байдалтай хэрэгжив.

   Япончууд өөрийн тоглоомын Манж Го улсдаа Квантуны армиа байршуулсан бол Зөвлөлтүүд өөрийн БНМАУ-даа улаан армиа суулгав. 1939 онд хоёр арми хоорондоо байлдав. Ийм л юм болсон. 

    Эцсийн дүндээ Монголчууд л хоншоортой байсан. Хоорондоо байлдаж тоглосон тоглоомын хоёр улс байснаас Манж Го нь Хятадад нэгдэн мөхсөн. Харин БНМАУ тоглоомын ч болов тусгаар тогтнож үлдсэн. Монголын заяа гэж энийг хэлэхгүй бол өөр ямар заяаг Монголын заяа гэх вэ? Яг л хоёр бар идшээ булаалдан зодолдоход муур дундаас нь хожиж, хоолыг завшсан үлгэр мэт.

Хоёр. Тусгаар тогтнолын баталгаа болсон “тусгаар тогтнолын аюул”

  Хятад яагаад Монголын тусгаар тогтнолын баталгаа хэвээр байгааг ярихын өмнө хэдэн асуултыг эргэцүүлье? Гэхдээ, өнөөгийн л сэдвээр. 

-Өнөөдөр, Оросууд яагаад Монголыг шууд өөртөө нийлүүлчихгүй байгаа юм бэ? Шууд цэрэг орууллаа гэхэд хойт хил онгорхой л байгаа шүү дээ. Яагаад? 

-Цэргийн хамтарсан сургууль хийх нэрээр оруулсан танкууд нь “Монголчуудын хүсэлтээр үлдэх”-ийн оронд буцаж гараад байгаагийн учир юу вэ? Яагаад ?

-Шууд өөртөө нийлүүлэхээ байг гэхэд Белорусийн жишгээр Монголын гэсэн Лукашенког 99,99 хувиар сонгуульд ялуулаад гаргахгүй байгаа юм бэ? Монгол Лука нь ч, шенко нь байсаар байтал, яагаад?

-Нэг жагсаалаар л “төрийн хилэн эргэлт” хийгээд шууд Мосвагийн талынхан гараад ирэхгүй байгаа юм бэ? Яагаад ?

-Москвагийн зүгээс Монгол дахь өөрийн хүмүүсээ “зөвхөн чөлөөт сонгуулиар засагт гарч ирсэн” маягтай байлгах гэж цаг, мөнгөө үрээд байгаа юм бэ? Энэ зөөлөн түрэмгийлэл хэнийг цочоохоос айсных вэ? 

-Москва яагаад “Хятадын эсрэг” тэмцлээ шууд Хятадын эсрэг биш харин Хятадын ашиг сонирхолд саад болж чадах барууны хөрөнгө оруулалтын эсрэг ойлгомжтойгоор чиглүүлдэг вэ? Яагаад? 

-Яагаад, Монголын тодорхой газар нутаг, аль нэг аймгийг Приднестр, Абхаз, Донецкийн жишгээр салган аваад тусгаар тогтнуулах маягаар өөртөө авахгүй байна вэ? Яагаад ? 

Энэ олон яагаадын ганц хариулт нь “Хятад”. Хятад байгаа учраас л ингэж чадахгүй байгаа юм. 

   Хятад “тусгаар тогтнолын баталгаа” болж байна гэж энийг л хэлээд байгаа юм. Үнэндээ бол Хятадууд Монголын тусгаар тогтнолыг хайрлаад байгаа ч юм биш. Ердөө л Хятадын ашиг сонирхлыг хөндөх учраас Оросууд зориглохгүй байгаа юм. 

   Хятад улс Монголд хайртай ингээд байгаа юм биш. Тэгж ярихын бол Монголыг өөрийн нутгаас биш юм гэхэд ашиг сонирхлоос “алдагдсан” хэсэг гэж үздэг учраас Оросын бүрэн нөлөөнд байлгахгүй гээд байна. Яг л Орос нь “Монголыг өөртөө нийлүүлэх учиртай, Японтой ч тэгж тохирсон нутаг” гэж үзэж байснаасаа болоод Хятадаас салгаж тусгаар тогтнуулсан шиг.

 За тэгэхээр, тусгаар тогтнол гэдэг чинь зөвхөн тусгаар тогтногч талын ч хэрэг биш. Харин эргэн тойрны бөөн ашиг сонирхлуудын холион бантан байгаа биз? Заримдаа бүр Монголын эрх ашигт харш сонирхол хүртэл эргээд тусгаар тогтнолын маань баталгаа нь болох жишээний. 

    Ай хорвоо, чи хэзээ нэг энгийн бөгөөд ойлгомжтой болно доо, айн???

   Ингэхэд яахлаараа, Монголын тусгаар тогтнол нь Хятадын ашиг сонирхол болов? Юуны учир Улаанбаатарын асуудалд Москва оролцох нь хязгаартай байх нь Бээжингийн сонирхол болоод байгаа юм бэ? 

   1945 онд Монголыг албан ёсоор тусгаар тогтнуулах шийдвэрийг Зөвлөлтийн удирдлага гаргаж, Хятадаар зөвшөөрүүлжээ. Энэ хүртэл  цор ганц өмөг түшиг болсон Зөвлөлт ч өөрөө Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөөгүй байв. Зөвшөөрөөгүй учраас Элчин сайд суулгахын оронд Полпред буюу бүрэн эрх төлөөлөгч томилдог байв. (Тэрнээс илүү бүрэн эрхтэй амьтан Монголын хавтгайд байсангүй)

    Харин Зөвлөлтүүд хэн нэгнээс айгаад Монголын тусгаар тогтнолыг (тоглоом байдлаар ч болов) зөвшөөрч болохгүй байсан юм биш ээ. Эгзэг нь таарвал БНМАУ-г Зөвлөлтийн бүрэлдэхүүнд оруулаад дотооддоо нэгтгэчих гээд л хүлээж байсан гэхэд болно. Яг л Тува шиг нэг сайхан өдөр “Зөвлөлтөд сайн дураараа нэгтгэх” өргөдөл гаргаад, Москва тэрийг зөвшөөрөөд л болчих байж. Үүнд ганц саад байсан нь мөнөөх Монголын тусгаар тогтнолын ганц дайсан нь буюу Хятад.

   Харин тоглоом дууссан хойно, ХХ зууны сүүлийн хагаст Монголын зарим удирдагч Зөвлөлтөд нийлэх өргөдөл гаргаж үзсэн байдаг. Үүнд дор хаяж гурван таамаг байх. 

Нэгэнт Монголыг Зөвлөлтөд нэгтгэх боломжгүй болсныг мэдээд, зориуд явуурга хийсэн байж болно. Гэхдээ ингэх зүрхтэй байсан нь юу л бол? 

Хоёрдугаарт, Москвагийн явуулга зохион байгуулалтаар хийсэн, Бээжинг өдөх тоглолт байж болно. Бээжин рүү:

-Наадуул чинь манайд нийлнэ гэж давхиад, бид л болиуллаа шүү дээ. Цаашдаа яах юм байгаа юм бэ, олон татгалзах ч амаргүй байна шүү гэх маягаар. Энэ магадлалтай. 

Гуравдаад ирэхэд, Коммунизм ялахаар хил хязгаар болон төр улс алга болно гэдэг номлолд үнэнч нүүдэлчин-марксистууд ба Ленин багшийн хоньчин-фанатууд өөрийн итгэл үнэмшлээрээ хийсэн алхам ч байж мэдэх юм. Энэ ч бас магадтай.

    Эцсийн дүндээ, Зөвлөлтүүд, ялангуяа нөхөр Сталин бээр Монголд хайртайдаа тусгаар тогтнуулаагүй нь ойлгогдож байна уу?. Хаа хамаагүй улсыг энэрсэн, эсвэл хамаатан садан биш этгээдийг учиргүй хайрласан сюжэт-зохиомж зөвхөн үзэл суртлын пропаганда, шашны сурах бичиг хоёрт л байдаг зүйл. 

   Яасан гэхээр, дэлхийн хоёрдугаар дайны дараа Монголыг Хятадад эргүүлэн алдахгүй байхаар  Сталин шийдснээс Монголын тогтнол эхтэй. Өөртөө нэгтгэх нь арай ч сэрүүдэх байсан бололтой. Энэ нь Монголын заяа болов. 

    Сталинд бас нэг туршлага сургамж байсан нь нөлөөлсөн шиг. Гол дайсагнах улстайгаа хиллэсэн Гүүпэр улстай байх нь том хамгаалалт болдогийг тэр нотолсон. Яг л сайн гүүпэртэй машин бага зэргийн мөргөлдөөн, шүргэлтэд алздаггүй шиг. Юу гэхээр 1939 онд Монголын нутагт Японтой байлдаад дараахь туршлагатай болжээ. Үүнд: Нэгдүгээрт, бусдын нутагт байлдсан учраас өөрийн эх орноо дайны хөлд талхлаагүй үлдээж. Хоёрдугаарт, томоохон эрсдэлд орсныхоо учрыг мэдэхгүй Монголчууд нь “Манай нутгийг хамгаалж ах нар маань байлдав” хэмээн бөөн хайр. Хэрвээ айлын эхнэртэй унтаж баригдаад алуулах байх гэтэл өнөөх мангар хар нь “Та минь надад хайртай учраас миний эзгүйд гэрийг маань манаж хонов” гэж үнэнээсээ баярлаад байвал ямарав, тийм л юм болж.

   Хэзээ хэзээгүй муудах нигууртай Хятадтай БНМАУ-ын нутаг дээр эхэлж байлдана. (Америк л хөндлөнгөөс саад болоогүй бол Хятад руу довтлох бодит төлөвлөгөө Москвад байсан нь хожим тодорхой болсон) Чингэвэл, Зөвлөлт эх орон нь дайны хөлд нэрвэгдэхгүйгээс гадна мөнөөх Монголчууд “Биднийг Хятадаас хамгаалж байлдав” гэсэн даабль даабль хайртай үлдэнэ. 

    Гэвч эцсийн дүндээ Монголчууд дэлхий дахинд зөшөөрөгдсан тусгаар тогтнол хожив. Во оо, Халхын заяа буюу Монголын заяа их гэж энийг л хэлээд байгаа юм аа.

   Хятадын тал ч эцэстээ Монголыг Орост бүтнээр нь алдаж доромжлуулснаас энэ нь дээр хэмээн зөвшөөрч, талууд дундын ийм гүүпэр(буфер)-тэй байхаар тогтжээ. “Зэлтэрийн гацаа... мэднээ...” гэлээ гэгчээр, Гүүпэр! Мэднэ ээ? Машины мөргөлдөхөд хамгаалж хамгийн түрүүнд цохилт амсч байдаг зөөлөвч. Улаанбаатарт гуупэртээ сэвгүй машин үгүйн адил гуупэр улсын хувь заяа ч сэв ихтэй. Алтан ургийнхан, лам дээдэс, төрийн зүтгэлтэн, жирийн малчин гээд 30.000 иргэний цус наалдсан гуупэр!!!

    Хувь тавилангийн тохуурхлаар нөгөө хоёр нь эргээд гуупэрийнхээ гуупэр болно. ХХ зууны Монголын тусгаар тогтнолын “ARB”, “TJM” гүүпэр нь ЗСБНХУ ба БНХАУ. Бас л парадокс.(Яармагийн “Offroad Mongolia” өөр хаана хаана ч билээ суулгаад өгдөг “ARB”, “TJM” гүүпэрийг манайхан андахгүй дээ. Хоёр хөршөө тэгээд төсөөлчих)

   Монголыг тусгаар тогтнуулаад байгаа “Гуүпэр заяа” гэж энэ. Хууччуулын ярьдаг Монголы заяа их гэдгийн нууц ч энэ. Гуупэр гээд бодохоор жаахан тийм ч тусгаар тогтнуулаад, бидэндээ л подхийгээд байгаа заяа шүү, голох юм биш.

Гурав. Хоёр залуу булаалдсан хүүхний гурав дахь боломж

Нэг улсын ашиг сонирхол нөгөө улсын тусгаар тогтнолын баталгаа болж байдаг нь бас л парадокс. Шинэ нээлт ч биш лээ. Одоогоос дөчөөд жилийн тэртээ нууцаар хэвлэгдэж тарсан “Бүү март, мартвал сөнөнө”[i] дээр анх дурьдагдсан парадокс.

    Үлгэрлэвээс,хэн нэгэн боломжийн аятайхан хүүхэн байлаа гэж бодъё. Тэр нь та эсвэл таны эхнэр байсандаа ч яах вэ? Ойр хавьд нь уртаашаа ганц хархүү байгаад, тэрэнтэй өрсөлдөх хоншоортой өөр амьтан гарахгүй бол сонголт байхгүй. Сэтгэлгүй хүндээ богтлогдохоос юуны өөр вэ ? 

   Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсон “Стан”-уудад ийм л заяа тохиосон. (Өдгөө Москвагийн хөнжлөөс ээлж дараалан сугарч байгаа "стан"-уудыг цаана Түрк хэмээх Оростой эн тэнцүү булаалдагч этгээд байгаа) ХХ зуунд Орос-Зөвлөлтийн хөнжилд хучуулсан бага ястнуудын “гэрлэлт” тэр мэт л байсан. Хятадын дээвэр дор орсон Төвд, Өвөр Монгол, Шинжааны тавилан яг л ойр хавьд нь тэднийг Бээжингийн гараас оргуулж босгуулаад болов булаагаад гэрлэчихээр “эр хүн шиг эр хүн” байгаагүйгээс болж хэмээн зүйрлэм.

  Бүсгүй хүн ид бах, хүч чадлаар ойролцоо хэд хэдэн залуутай учирч гэмээнэ хайрттайгаа байг гэхэд арай дөнгүүр хар хүн сонгох боломжтой болдог гэнэм. Улсын заяа ч тэр мэт. 

   Хэрвээ хүүхэн хүнийг хүч тэнхээ, ид бах хавилдуу хоёр хархүү сонирхвол өмнө нь гурван сонголт гарч ирнэ. Хоёр биш гурав шүү!!! Хоёр хархүүгийн аль дөнгүүрийг сонгохоос гадна, хэнтэй нь ч суухгүй байх гарц үлдэнэ. Хэнтэй нь ч суухгүй бол өрсөлдөгч хоёр бие биеийнхээ дайсан болохгүйгээс гадна, хоюулаа ижил заяатай “нэг хүүхэнд хаягдсан хоёр” болж үлдэнэ. Зовлон нэгтнүүд дайсагнадаггүй учраас чиний энэ сонголт тэдэнд таалагдана. Улс гүрнүүдийн жишээн дээр бол найрамдал хамтын ажиллагааны боломж гарна.

    ХХ зууны Монголын тусгаар тогтнолын логик ч тэр мэт. 1907 онд “Гадаад Монголыг Орос өөртөө нийлүүлж авна” гэж Японтой тохирч. 1945 оныг хүртэл өчнөөн юм болж болчихоод эргүүлээд Хятадад өгөхийг Зөвлөлт тэвчихгүй байж. 

    Нөгөө талд Манжийн хуучин эзэмшлийг өөртөө нийлүүлэн авах бодлоготой Хятадын хувьд Чингийн вассаль Гадаад Монголыг Зөвлөлтөд нийлүүлэх нь хүсэшгүй. Хүч тэнцүү хоёр эр булаалдсан хүүхэнд хэнтэй нь ч суухгүй үлдэх гарц байдаг шиг Монгол улс Хятадад нийлэхгүй, Оросын дотор орохгүй үлдэх боломж олдов. Энэ нь тусгаар тогтнол. Бидний ярьдаг “Монголын заяа их ээ” гэдэг нь энэ.

   Гэхдээ, хүүхнийг булаалдсан хоёрын нэг нь дэлхийн II дайнд ялагчийн статусаараа дээрэлхээд, булаалдсан хүүхэнтэйгээ янаг амрагийн холбоотой байхаар шийдэж, нөгөөдөө дээрэлхсэн байна. Хятадууд ч яах вэ, “албан ёсоор авч суугаад, нэг гэрт орчихоогүйгээс хойш яая гэх вэ” гэсэн байдлаар тэвчсэн бололтой.

  Та бидний сайн мэдэх Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романы Галсангийнхтай их төстэй байлаа, Зөвлөлтийн дагуул БНМАУ-ын хувь заяа. Хэдийгээр, төрийн дансанд Галсангийнх гэж айл бүртгэлтэй боловч Итгэлт хүссэн үедээ эхнэр Дулмаатай унтаж болдог.

     Галсан нь болохоор “Итгэлт ах”-даа амиа тавина. Согтохоороо “Манай Итгэлт ах шиг нүнжигтэй баян Халх дөрөв, шавь тавд байхгүй” хэмээн агсамнана. Яг түүн шиг НҮБ-д данстай тусгаар тогтносон БНМАУ байвч төрийн бүх хэрэг Москвагаас хамааралтай, яамд нь Зөвлөлтийн зөвлөх хэмээх “жинхэнэ сайд”-тай, төрийн тэргүүн нь хүртэл Орос эхнэртэй. Зөвлөлтийгөө “Орос ах” гээд амиа тавина, согтохоороо байтугаа эрүүлдээ “Дэмжиж тусалдаг СССР минь Дэлхийд ганцаараа хүчирхэг” хэмээн дуулна. 

Нэг ийм Галсан маягийн улс. Гаслантай ч гэсэн заяатай. Нэг л гэгээн сайхан өдөр “жинхэлж” болох тусгаар тогтнолтой. Энийг л Халхын буюу Монголын заяа гэхгүй бол өөр ямар Монголын заяаг Монголын заяа гэхсэн???

   1988 онд Монголын нутаг дээр Хятадтай байлдахаар оруулсан 100.000 цэрэг буцан гарлаа. Монголыг хайрлаад, “Ийм сайхан нутаг орон, ийм цайлган хүн ардыг дайны хөлд үрээд ч яах вэ” гэсэн юм бол биш! Зөвлөлт-Хятадын харилцааг хэвийн болгох гол нөхцөл болгон Бээжингээс тавьсан болзол нь “БНМАУ-аас Улаан армийг гаргах” байснаас тэгж. 

    Энэ нь бас Хятадууд Монголыг хайрлаад, “Ийм сайхан нутаг орон, ийм цайлган хүн ардын дайны хөлд үрээд ч яах вэ” гэж бодсноос болоогүй! Үлгэрлэвээс,та аймаар түгжрээнд орчихсон, хажуугийнхаа машинуудтай шүргэн алдаж яваад хартал, өмнөх пүрүүсний жолооч чиний гуупэрийг хэзээний хуулж аваад өөрийнх дээрээ давхарлаад наачихсан, мөргөлдөхөөс айдгаа авдартаа хийсэн. Харин та шүргэлээ гэхээд шууд л мотороо ямбийлгахаар болчихсон байвал ямар байх вэ? Нэг тиймэрхүү л юм болж, Хятадын хувьд.

...Эцсийн дүндээ “Тунгалаг тамир”ын Дулмаа сэтгэлгүй нөхөр Галсан, хүчээр эзэрхийлэгч Итгэлт аль алинаас нь салж, өөрийн дурласан Төмөртэй суудаг. Төмөр нь жирийн нэгэн хар хүн биш, Халхын сайн эрсийн нэг байж таардаг. Монголын заяа, тусгаар тогтнолын тавилан ч тэр мэт ээ...


2025.01.06



  1. Эл өгүүлэлийн санаа болох тусгаар тогтнолын парадокс нь цоо шинэ санаа огоот биш, харин ч дөчөөд жилийн өмнө гарсан, Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” бүтээлийг нэгэн дүгнэлтийг задлан, өнөөгийн жишээгээр баяжуулсан бичвэр болно.