Гурван сая “Мөнх-Эрдэнэ”
Ер нь, салаавч гэдэг монголчууд бидний дунд хамгийн алдартай гарын “йога”. Хуучин Зөвлөлт оросоос өвлөгдсөн “соёл”. “Сайхан мэдээрэй, хэмжээндээ байгаарай…” л гэсэн утга. Бүүр тэгж ярьвал, манай улсын геополитик онцлогийг илэрхийлэх дүрслэлтэй тул оросууд "бодлого"-оор нэвтрүүлж, түгээсэн ч байж мэднэ.
Шинэ жил болж өнгөрлөө. Заншсан ёсоор төрийн тэргүүн маань хуучин оноо үдэж, шинийгээ угтаад үгээ хэллээ. Харин хүмүүс үүнийг нь үзсэнгүй л гэнэ, зурагтаа унтраасан л гэнэ, мань хүнийг юу ч хэлсэнгүй л гэнэ, бөөрөнхийллөө л гэнэ, зээл тэглэсэнгүй ч гэнэ… энэ мэтээр ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд зориулж зөндөө л олон янзын хариу үйлдлийг монголчууд сошиал орчинд гаргалаа. Түүн дундаас хамгийн “экстремист” нь салаавч. Заримдаа хүнтэй муудаад хэтэрхий бухимдсанаас болоод, хэл үг эвлэж өгөхгүй байхаар бачуурсандаа нэг иймэрхүү үйлдэл хэн чиг гаргадаг л даа. Жишээ нь, хамгийн алдартай нь ерөнхийлөгч Н.Энхбаяр тээр жил шоронд ороод өлсгөлөн зарлаад, эмнэлэгт хэвтэж байхдаа бусад руу хээв нэг “бэлэн” үзүүлж буй дүрс бичлэгийг тухайн үед ард түмэн зурагтаар ханатал үзсэн. Харин одоо ард түмний ээлж иржээ. Салаавч маань ард түмэн рүү биш, зурагт руу, түүн дотор байгаа ерөнхийлөгч рүү чиглэх аж… Бүх юм ээлжтэй гэж үнэн ч юм шиг.
Ер нь, салаавч гэдэг монголчууд бидний дунд хамгийн алдартай гарын “йога”. Хуучин Зөвлөлт оросоос өвлөгдсөн “соёл”. “Сайхан мэдээрэй, хэмжээндээ байгаарай…” л гэсэн утга. Бүүр тэгж ярьвал, манай улсын геополитик онцлогийг илэрхийлэх дүрслэлтэй тул оросууд "бодлого"-оор нэвтрүүлж, түгээсэн ч байж мэднэ. Бид орос, хятад хоёрын дундаас хаашаа ч зайлж чадахгүй өрөвдмөөр “Эрхий мэргэн” нэртэй хуруун чинээ хүү гэдгээ яс махандаа тултал мэдэрч ирсэн. Харин бид үүнийгээ шууд хэлэхээс айх тул нууц дохио болгож, хадан дунд хавчуулагдсан халиуны зулзага мэт цөөхөн хэдэн монголчууд эрхий хуруугаа байж болох чинээнд нь тултал сунгаад “май” гэж ирээд л, хий дэмий өвөр зуураа орилолдоно. Яг юу өгөөд байгааг хэн ч үл мэднэ. Зайлуул, социализмын үед нийтээрээ үгээгүй ядуу байсан тул, бие биедээ өгөх ч зүйл олдохгүй, арга ядсандаа орос ах нар тараасан юм чинь учиргүй л үнэ цэнтэй эд байж таараа гээд… бүгд л бие бие рүүгээ өгөөмөр сэтгэлийн үүднээс “май, май, май…” гэцгээдэг байсан биз. Сайхан ч цаг байж дээ…
Тэгэхээр салаавч бол монголчуудын бачуурсан сэтгэлээ илэрхийлэх зэвсэг ажээ. Энэ зэвсгийг сүүлийн үед төгс эзэмшиж, тултал нь хөгжүүлсэн хүн бол Д.Мөнх-Эрдэнэ. Лайвчин, бас салаавчин. Нийлүүлж товчлоод “салайвчин” гэчихсэн ч болно. Энэ хүн бол ард түмний хайртай хүү, цогтой тэмцэгч. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг үндсэн зарчимтай. Нээрээ л чадаж байдаг нөхөр. Гэвч одоо цагдаад баригдаад хаа нэгтээ хоригдож байгаа. Цагдаа нар бас л өөртэй нь адил чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг зарчимтай улс. Гээд тэр хоёрын асуудал энэ сэдэвтэй төдийлөн хамааралгүй. Хамгийн гол нь тэр хүний нийгэмд тараасан “халдвар”. Тэмцлийн бүдүүлэг арга хэлбэр нь.
Хүмүүс хоорондоо харилцаж л байгаа бол бие биедээ ямар нэг зүйл халдаасаар л байдаг. Ханиад томуу, мэдээлэл, ухаарал, соёл хандлагаас эхсүүлээд… тэнэглэлийг хүртэл. Энэ бол хэзээ ч зогсошгүй, тасралтгүй хуйлрах аварга урсгал. Үүнийг бүүр манай төрөөс, тодорхой нэг намаас, харь улсаас зохион байгуулалттайгаар мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн байгууллага, олны танил хүмүүс сошиалаар дамжуулан ард түмний бодол санааг удирдахыг, чиглүүлэхийг, өөрчлөхийг хичээдэг. Мэдээж бодол санаа бүхэн нь энд тэндээс “захиалгатай” гэсэн үг биш. Гэвч өөрийн эрхгүй тэгж бодогдмоор жишээ маш арвин.
Социализмын үед манай гутлын үйлдвэрүүд үнэнхүү ашигтай ажиллаад, бүүр байтлаа зүүн европт бүтээгдэхүүнээ экспортолж, монгол гутал авах гэсэн улсууд тэнд нь бараг л оочер дараалал үүсгэх хүртэл тохиолдол байсан зэргээр хүмүүс бахархан дурсдаг. Гэтэл яг үнэндээ тэр гутал нь өөхөнд ороовч нохой тоож шиншлэхээргүй л хачин юм байж. Лаосчууд бүүр зүгээр өгөх байсан ч бид дахиж үүнээс чинь авахгүй гэж “эелдгээр” татгалзсан юм гэсэн. За яахав, эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана. Муусайн Лаосчууд хөл нүцгэн явах заяатай л байсан юм байлгүй, хохь чинь… Гэвч тэр дэлхийд хосгүй үйлдвэрлэлийг, социализм гэдэг нийгмийн шилдэг байгууллыг нь ардчилал гарч ирээд нураасан. Тэр ардчилал гээч бол Москваг галдсан Наполеоноос, европыг түймэрдсэн Гитлерээс ч хорлонтой зүйл гэх ойлголтыг бидэнд нэвт суулгажээ. Ардчиллаас болж шувуу хүртэл буруу дэвэх болсон гэх нь холгүй.
МАН-ынхны хамгийн их давтдаг, үг хэлэх болгондоо яншиж хараадаг гол лоозон болох “сүүлийн 30 жилийн алдаа завхрал” буюу ардчилсан чөлөөт нийгэмд шилжсэн цагаас хойших хугацааны дийлэнхэд нь өөрсдөө дангаараа төр, хуулийн дээр зайдалж, түмэн олны нуруун дээр тонгочсон улс нь тэд нар. Гэтэл одоо болохоор бүх бурууг бусдаас, гаднаас хайж матрын нулимс унагаж байгаа амьтад нь бас л эд нар. Тиймээс энэ гарууд зурагтаар ичихгүй худал залж байхад ард иргэд өөдөөс нь малилзтал инээгээд, хадаг сүү бариад, дүүриймаа шиг дүнхүү царайлаад угтах нь хаашаа юм…. Салаавч гаргадаг нь жаахан тиймхэн ч, энэ бас сайны ч дохио байж мэднэ. Ер нь юм яаж ч муудсан сайжрах зүгтээ явдаг гэсэн биз дээ.
Гэвч нэг асуудал байна аа. Энэ гар хуруугаа орооцолдуулан үйлддэг эрхэм зан үйлийн маань талаар төдийлөн мэдэхгүй гаднынхан эдгээр дүр зургийг харж "халдвар" аваад, монголчууд төр засагтаа хүндэтгэл үзүүлэхдээ, ихээхэн хөөрч баярласан үедээ ингэж талархлаа илэрхийлдэг хэрэг хэмээн ташаа ойлгох вий. Магадгүй зун нэг төөрч будилсан жуулчинд та зам заагаад өгтөл өөдөөс чинь инээгээд, шууд л баруун гарын шулуун “бэлэн” үзүүлбэл битгий гайхаж цочоорой л гэж анхааруулах гэсэн санаатай. Хэрвээ монголд дөрвөн зуун сая жуулчин ирдэг болчихвол иймэрхүү явдал тохиолдох магадлал маш өндөр гэдгийг л сануулах гэсэн хэрэг.
Бүтэн нэг жил шахам энд бичвэр нийтэлсэнгүй. Багагүй төсөөрчээ. Бичнэ гэдэг бараг цэвэр дадлага юм шиг. Одооноос дадлагаа эрчимжүүлэх санаа байна. Магадгүй шинэ он гарах үед бүх хүнд л иймэрхүү зүйлс бодогддог биз. Тэгээд нэлээн нь замхран оддог. Тэрний нэг жишээ л битгий байгаасай. Тэгэхгүйн тулд хичээх ёстой, өөрийгөө шахах хэрэгтэй, зөвхөн надаас л шалтгаалах зүйл. Өөр хэнээс ч биш.
Үг олдож, үхэр холдлоо. Шинэ оны анхны долоо хоногийн ажлын анхны өдөрт тань амжилт хүсье.
Чойном
Чойном
Зочин
зочин
З.Ариунболд.
Зочин
Ц. Эрдэнэбат
Өвгөн Болд