Гуравхан настай Уул уурхайн биржээ “хөгжлийн бэрхшээлтэй” болгочихлоо, улстөрчид
Г.Дамдинням сайдыг “Кью Эс Си”-д ажиллаад ирэхэд угтсан хардлагаас харахад монголчуудад ганбөмбөлөг, арматур биш, “хов үйлдвэрлэх” нь чухал ажээ
Монголын төр “Уул уурхайн биржтэй болно” гэж 20 жил ярьсны эцэст 2022 оны арванхоёрдугаар сард Уул уурхайн биржийн тухай хуулиа баталж, дараа нь биржээ байгуулсан. Монгол учраас ийм логиктой. Ингээд Уул уурхайн бирж байгуулах тухай ярьсаар Монголын хөрөнгийн биржид түшиглэх нь зүйтэй гэж үзээд 2023 оны хоёрдугаар сараас долоодугаар сард ажиллаж байтал уул уурхайн биржид мэргэжлийн брокерууд оролцуулахыг түр хугацаагаар хойшлуулчихсан. Үүний шалтгаан нь салбарын яамнаас чиглэл ирсэн гэдэг бөгөөд тухайн үед сайд нь Ж.Ганбаатар байв.
Хэл, хөлд ороход хэцүү байдалтай явсаар сайндаа ч биш, он цагийн урсгалаар Уул уурхайн бирж гурван нас хүрэх гэж байна. Энэ хугацаанд яаж өсөж дэвжих вэ дээ, өөрөө өсөх ямар ч боломжгүй, улс төрчид “хөгжлийн бэрхшээл”-д оруулсаар ёстой л “шуурга сөрөн” тэссэн.
Өрөвдөх, шүүмжлэхийг хойш тавиад өнөөдрийн нөхцөл рүү харцгаая. Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн хавар буюу 2025 оны гуравдугаар сарын 27-нд яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болсон. Хамтарсан Засгийн газар байсан учраас эсэргүүцэл шүүмжлэлийг зүсээд л салхины хурдаар батлагдах болов уу гэтэл харин ч хүчтэй шүүмжлэлд нүдүүлсээр нэг сар хүрэхгүй хугацааны дараа төслөө эргүүлэн татахад хүрсэн юм. Шалтгаан нь мөнөөх л нүүрсний арилжааны идэвхжил, үнэ ханш, зарах гэсэн эрмэлзэл болон зарвал хулгайлчихна гэсэн хардлагын огтлолцол байв.
Тэр үеийн Засгийн газрын эмзэг цэг нь “Чайна энержи” байлаа. Ер нь уул уурхайн салбарт Монголын хамаг мөнгө, валютын нөөц эргэлдэн, тэр хэрээрээ эрх ашиг зөрчилдөж, улстөржүүлэх талбар болдог нь үнэн. Тийм ч учраас Тавантолгойн нүүрснээс болж огцорсон Засгийн газрууд гэвэл шууд тоологдохуйц түүх бий болсон билээ.
Харин өдгөө бидэнд уламжлал гэх үү, улиг болчхоод байгаа чөдөр тушаатай ноцолдох нөхцөл боломж алга. Иймд эрдэс баялгийг олон улсын стандартын дагуу ашиглаж борлуулах, түүнээс олох орлогоор үндэсний эдийн засгийн бие даасан байдлыг хангах, олон тулгуурт эдийн засгийг дэмжихийн тулд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай байна.
Үүний тулд салбарын сайд яг энэ чиглэлээр, дотоодын баяжуулах үйлдвэрүүдийн ажил байдалтай газар дээр нь танилцаад иржээ. Үр дүн нь тун ойрын хугацаанд гарах байх. Эндээс Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайдын одоогоор олон нийтэд мэдэгдээд байгаагаар давхар АМНАТ (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) болон биржийн үнээс АМНАТ авах асуудал байна. Мөн тусгай зөвшөөрөл олголтыг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг болон хайгуулыг идэвхжүүлэхэд голлон ажиллаж буй ажээ.
Ердөө зургаахан жилийн өмнө уул уурхайн салбарт дотооддоо нэмүү өртөг бий болгодог 92 үйлдвэр байсан. Яагаад тэдний тал нь “алга болсон”-ы шалтгаан нь нэг түүхий эдээс давхар АМНАТ тооцож авдаг болсонтой шууд холбоотой. Хэдэн мянган ажлын байр, банканд их хэмжээний өртэйгөөс болж үүдээ барьсан компаниудтай л үлдлээ. Боловсруулах үйлдвэр барьж байгуулах гэсэн олон компани, баялаг бүтээгчдийн урам зориг мохсон. Хөрөнгө оруулагчдын итгэл ч алдрав.
“Монголчууд ган бөмбөлгөө үйлдвэрлэж эхэллээ” гэнгүүт улс төрийн шалтгаанаар шахаж хавчиж дарамталсаар зогсоосон. Хувийн хэвшлийнхэн бус, төр удирдах гэж оролдоод, бие биеэ хардах, хуулийн байгууллагад ээлж дараалан гомдол гаргалцсан гэх муу мэдээнээс өөр юу ч “үйлдвэрлэсэнгүй”.
Энэ удаад ч мөн адил, боловсруулах үйлдвэрүүдэд салбарын сайдыг ажиллаад ирмэгц зэрэгцээд “Кью Эс Си компанитай тохиролцоод ирлээ” гэх мэдээ олон нийтэд цацагдаж байна. Харамсалтай нь, экспортлох баялаг биш, хардлага, хов “үйлдвэрлэсээр” байгаа нь тухайн салбарт нэн шаардлагатай хууль тогтоомж батлахад саад болсоор ирсэн. Тулгамдсан асуудлуудаа хөндөн ярилцахын оронд угтуулж “гал тавьдаг” энэхүү бохир аргын цаана улс төрийн бүлэглэлийн эрх ашиг л байдаг.
Жишээ нь жонш боловсруулдаг аж ахуйн нэгж л гэхэд агууламж багатай, экспортлох боломжгүй хүдэр худалдаж аваад үйлдвэрийн олон дамжлагын дагуу аар дамжуулан баяжуулаад Сангийн яамнаас тогтоосон жишиг үнээр, тухайн сард зарласан үнээр зарсан гээд давхар АМНАТ төлдөг. Тэд нэмүү өртөг бий болгох явц дахь тээвэр, цалин, боловсруулалтын зардлуудаа тооцоод үзвэл ямар ашиг олдог юм бол? Баяжуулах үйлдвэр байгуулахын тулд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт, хэдэн хувийн хүүтэй банкны зээл авдаг бол гэдгийг төр тооцохыг ч хүсэхгүй байсаар хаалгаа барьсан компанийн тоо олширсон.
Уг нь энэ хуулийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хүчингүй болгосон боловч төдөлгүй Ашигт малтмалын тухай хуулийн 45.1.2 заалт дахь “ашигласан этгээд” гэж байсныг нь “экспортолсон этгээд” болгож өөрчилсөн байдаг. Ингэснээр “Экспортолсон этгээд” буюу зуучлан борлуулсан, баяжуулсан боловсруулсан “этгээдүүд” бүгд АМНАТ төлөх болчихсон. Өмнө нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд л үүнийг төлдөг байж. Ингээд бүгд АМНАТ төлөгч боллоо гэхэд төлөх үнэлгээ нь олон улсын жишиг үнэ гэгч болчихоод байгаа юм. Ийнхүү бодит үндэслэлгүй татвар авахын тулд хуулийг агуулгаар нь бус, үг нэмэх өөрчлөлт хийснээр аж ахуйн нэгжүүд хохирч байгаа тул холбогдох ТББ-ууд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу дахиад Үндсэн хуулийн Цэцэд хандчихаад байна.
Төмрийн хүдэр өөр онцлогтой. Яагаад монголчууд төмрийн хүдрээ борлуулахдаа өндөр үнээр гэрээ хийж чаддаггүй вэ. Хятадын нийт төмрийн хүдрийн импортын ганцхан хувийг манайх бүрдүүлдэг. Ихэнх хувийг нь Бразил, Канад, Австрали зэрэг орноос авдаг байна. Тэдний төмрийн хүдэр хүхэр багатай буюу 0.5 хувь орчим байдаг аж. Хятадын үйлдвэрүүд тэдний төмрийг л сонгодог. Манай төмрийн хүдэр дэх хүхрийн агуулга 3-5 хувьтай, хүхэр их орсон байх тусам баяжуулж боловсруулахад зардал их ордог, чанар нь муу байдаг учраас Хятадын жижиг үйлдвэрүүд л авдаг. Гэхдээ тэд манай төмрийг хүдэр, дагалдах хольц, хорт бодис ихтэй, дээр нь тээвэр ложистик муу, хэмжээ бага гэхчлэн голж, маш хямд үнээр гэрээ хийдэг аж.
Өрсөлдөх гэж зовж байгаа биз. Гэтэл төр татварын бодлогоор дарамтлаад үйлдвэрүүдээ банкны зээлийн өрөнд оруулж, хаалгаа барихад хүргээд байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47.7-д “Ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд борлуулах, эсвэл боловсруулалт хийж, дотоод, гадаадын зах зээлд борлуулахад тухайн ашигт малтмалд төлбөрийг давхардуулан ногдуулахгүй. Ийм заалт бүх улсад мөрдөгддөг зарчим. Бид хаана ч байхгүй “тоглоомын дүрэм”-тэй болчхоод байна. Энэ нөхцөлд ямар ч тэнэг гадаадын хөрөнгө оруулагч манайд боловсруулах үйлдвэр барихгүй. Төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно. Энэ бол нэг удаа төлдөг төлбөр буюу роялти.
Жишээ нь, нүүрсэн дээр гэрээний үнээс АМНАТ аваач гэж шаарддаг бол угаасан нүүрс, жонш, төмрийн баяжуулах үйлдвэрүүд бол АМНАТ байх ёсгүй гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл АМНАТ шингэсэн бүтээгдэхүүн аваад агууламжийг нь сайжруулж үнэд хүргээд зарахдаа дахиад АМНАТ төлөх болчхоод байгааг болиулахыг тэд хүсэж байна. Төр импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохыг дэмжинэ гэсэн чинь яасан бэ? Дэлхийн улс орнуудад ч роялти гэгчийг газар дороос ухаж гаргахад нь л авдаг болохоос дахин олборлоод баяжуулчихаар нь татвар авдаггүй.
Засгийн газрын “нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг дэмжих бодлого, хүнд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр зэргийг ийм хуулиар хэн ч хэрэгжүүлэх боломжгүйг “баялгийн эзэд”, төсвийн орлогын хэлтсийнхэн, “жишиг үнэ” тогтоож олоогүй ашгаас татвар нэхэгчид хэзээ ойлгох юм бол?
Нүүрстэй холбоотой хардлага бол эдгээрээс тусад нь авч үзэх сэдэв. Биржийн форвард гэрээний хэрэгжилт нэг хүртэл жил үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд үүсэх үнийн хэлбэлзэл нь худалдагч, худалдан авагч талуудад эрсдэл үүсгэдэг. Тийм ч учраас үнийг индексжүүлснээр зах зээлийн тусгал илүү бодитой болж, талуудад үүсэх эрсдэл буурах боломж бүрдэнэ гэдгийг “унасан” болон одоогоор өргөн бариад буй хуулийн төслийг санаачлагчид хэлсээр ирсэн.
Мөн Уул уурхайн биржийн арилжааны хүргэлтийн нөхцөлийг зөвхөн хилийн үнээр борлуулахаар хуулиар зохицуулсан нь бүтээгдэхүүний зах зээлийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг, биржийн арилжааг олон улсын худалдааны танхимаас гаргасан, худалдааны бараа хүргэлтийн байршилтай уялдуулж тогтоосноор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын хэмжээ нэмэгдэж, дундын зуучлагчаар дамжуулахгүйгээр нүүрсийг эцсийн хэрэглэгчдэд шууд борлуулах, мөн нүүрсний үнийг БНХАУ-ын биржийн тухайн өдрийн үнээр тогтоож борлуулах боломж бүрдэх учиртай.
Энэ мэт ужгирсан асуудлуудыг яаралтай шийдэх гарц нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд туссан байгаа юм. Түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчит оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэж болдог байх зохицуулалтыг тусгажээ. Товчхондоо, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн амин сүнс нь ил тод, шударга өрсөлдөөний дүнд биржээр зах зээлийн үнэд хүргэж борлуулах явдал юм.