Хөрвийн аргаар худалдаа хийж болохгүй
Монгол хүний сэтгэлд бүх юм багтана. Болохгүй бүтэхгүй гэж нэг ч юм байхгүй. Муйхар хөөцөлдлөг, шалж нэхэх, араас нь дарамтлах, хүн амьтнаар хэлүүлэх, хахуульдах, эсвэл таг чиг болох, гөлийх гэх мэт бүх аргыг монгол хүн хэрэглэнэ, чадна, эмээх ч үгүй. Аливаа асуудал, маргаан бэрхшээлийг гүрийж байгаад л давчихдаг монгол чанар зөв өө. Би буруушаах гээгүй. Хэтрүүлчихдэг гэмтэй тул би бичиж байна.
Эдийн засаг саарчихтай зэрэг санхүү-худалдаа нь дагаад нурчихдаг. Худалдаагаар аж төрж амиа авч явдаг манай мэт улсад худалдааны алдагдал хүндээр тусчбүр барьц алдлаа. Энэ тухай мэдлэгт тань өчүүхэн боловч нэмэр өгөх мэдээллийг дор хэлхлээ.
Монголчууд хөрвийн аргаар үзэж таардаг онцлогтой ард түмэн. Оюун ухаан мэдлэг боловсрол гэхээсээ хар тэнхээг чухалчилна. Нээг их гүжирмэг, гүргэр, зөрүүд, хэрүүлч улс л зах зээлээр хөлхөнө. Бие хаа гэж ган төмөр, хад чулуунаас бүтсэн мэт. Өвчилнө гэж байхгүй, ходоод нь чонын ходоод, идэж ууж байгаа нь зэрлэг агаад дайчин. Зах тойрсон гуанзнуудыг очоод үз. Миний бичсэн худлаа гэж үү?
Монгол хүний сэтгэлд бүх юм багтана. Болохгүй бүтэхгүй гэж нэг ч юм байхгүй. Муйхар хөөцөлдлөг, шалж нэхэх, араас нь дарамтлах, хүн амьтнаар хэлүүлэх, хахуульдах, эсвэл таг чиг болох, гөлийх гэх мэт бүх аргыг монгол хүн хэрэглэнэ, чадна, эмээх ч үгүй. Аливаа асуудал, маргаан бэрхшээлийг гүрийж байгаад л давчихдаг монгол чанар зөв өө. Би буруушаах гээгүй. Хэтрүүлчихдэг гэмтэй тул би бичиж байна.
Энэ бүхнээ гадаад худалдаа, гадаад түншүүд дээрээ гаргах нь заримдаа халтай. Ер нь гүрийж байгаад зарчих, үнэ буулгачих, эсвэл салгачих санаатай. Болохоос нь болохгүй хүртэл үзнэ. Хөөрхий хятадууд, заримдаа солонгосчууд л амсах юм даа. Одоо манийгаа мэддэг болчихсон. Дагуулж мэх хийгээд л. Монголын гадаад худалдааны манер нь энэ л дээ.
Энэ оршлыг азнаж, Монголд маань хэрэгтэй байж мэдэх биет мэдээллээс толилуулъя. Хятадын Гаалын ерөнхий газрын дарга асан нэг нөхөр Өвөр Монголыг удирдахаар Бээжингээс томилогдож ирсэн. Тэрээр хоёр улсын худалдааг шинэ өндөр шатанд гаргана гэсэн уриатай. Бүтэх ч байх. Харин манайхан ганзагын наймааны түвшинд өмнөд хөршийн нийт худалдааг олж харчихаад түүнээсээ татгалзах хүсэлгүй байгаад л Монгол-Хятадын худалдааны зарим бүтэлгүйтэл, бэрхшээл оршоод байна уу хэмээн би үздэг.
Аль 30 жилийн өмнөөс бидний төсөөлсөн шиг Хятад нь бэлэн бараагаар дэлхийг дарж, экспортод л гаргаж байвал юу ч хамаагүй гэдгээ больчихсон. Хятадын Чанар, хорио цээрийн үндэсний ерөнхий газрын дарга Жи Шүпин гэдэг нөхөр хэдэн жилийн өмнө ярьж байсан даа. Хятадын барааны чанар чансаа тасралтгүй дээшилж, олон улсын (дэлхийн) стандартын шалгуурт нийт барааны 85.47 хувь нь тэнцлээ гэж. Барааны чанар дээшлүүлэх өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулсаар явуулсаар Хятад нь чансаатай хөгжлийн цаг үеийн шаардлагад хөл нийцүүллээ гэх дүгнэлт тэр дарга хэлж байв. Өөрөөр хэлбэл брэнд брэнд гэж үхэлддэг манайхны хувьд энүүхэн хаяанаас, Эрээнээс брэнд бараагаа дэлхийн дундаж үнээр худалдаад авчихна гэсэн үг.
Хятадын өнөөгийн эдийн засаг гадаад зах зээлээс ихээхэн хамаардаг гэдэг нь мэдээж. Экспортоороо дэлхийд нэгдүгээрт цохиж яваа хамгийн том экспортлогч айл. Тус улсынвалютын орлогын 80 хувийг экспорт нь бүрдүүлдэг. Тэр 80 хувь дотор манайхны жин оролцоо ч чамгүй бий. Гэтэл улс нь валютын орлогынхоо 80 хувийг бүрдүүлдэг тэр салбарт ердөө 20 гаруйхан сая хүн ажилладаг гэх нь тайлагдашгүй оньсого юм. Бас аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ 20 хувийг гадаад зах зээлд гаргадаг гэхлээр бас нэг толгой эргэм оньсого хариу хүлээнэ. Экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл гэвэл 50 мянга дээр нэмэх гэсэн тоо дуулдана.
Цаашлаад бүр гайхам тоонууд ярайна. Ковидын өмнөхөн дэлхийн 182 улс оронтой худалдааны харилцаатай, тэдгээрээс 80-тай нь Засгийн газар хоорондын хэлэлцээртэй, тэрхүү 182-оосоо бараг 120-д нь худалдааных нь гол түнш Хятад гэгджээ. Худалдан авах чадвараараа АНУ-ын дараа хоёрт бичигдэнэ. 2019 онд $ 2. 499 триллионы экспорт хийсэн нь мөнгөн дүнгээрээ сүүлийн 5 жилд 10 хувиар өсгөсөн гэсэн үг. Талаас илүү нь Азийн орнууд руу, Умард Америк, Европ руу тус бүр 20 хувь нь экспортлогджээ. Худалдааны гол түнш нь хөгжингүй капиталист бүх орон.
Энэ хэдэн махан тоо өөрчлөгдөөгүй болов уу. Харьцуулалт хийгээд үзэж болно. Хоёр хөршөөрөө авч ярья. Манайханд ойлгомжтой талаасаа. Хятад нь Оросын хувьд худалдааны гол түнш, харин Орос нь Хятадын хувьд тийм биш.
Хятадын худалдааны түнш хэн байдаг юм гэдгийг дэс дараалуулбал ийм дүн гарна. АНУ, Хонконг, Япон,Өмнөд Солонгос, Тайвань, Герман, Австрали, Малайз, Бразил, Орос гэхчлэн, эхний 10-аар авахад. Аравын сүүлд ОХУ бичигджээ.
Харин Оросын худалдааны түнш эхний 10 байраар жагсвал 1-рт Хятад, араас нь Нидерланд, Герман, Итали, Украин, Белорусс, Япон, Турк, Польш, АНУ. “Хүйтэн дайн”-ы байдалтай АНУ-ыг худалдаагаар нь Орос байранд нь тавьжээ. Харин “Хүйтэн дайн”-тай болж байгаа АНУ ба Өрнөдийн орнуудыг (хятадын гадаад худалдааны эргэлтийн 55 хувь ногдоно) Хятад тэргүүндээ залжээ. Гол ялгаань тэр. Хятад, Америк хоёр жилдээ 586 тэрбум ам.долларын худалдаа хийдэг бол Хятад, Орос хоёр 107.7 тэрбум.
Энэ бүхнийг манай худалдаа, эдийн засгийн эрх мэдэлтнүүд, хувийн худалдаачид анхааралдаа авна уу гэж эелдэгээр уриалъя. Монголчууд минь гүрийж байгаад зарчих, үнэ унагачих, эсвэл салгачих, мурьчих тэр аргаа “смарт” болгоорой.
Манай улс бол Хятадтай хуурай газраар маш том хилтэй, хил орчмоороо олон боомттой, иргэд ердийн ба ганзагын худалдаа эрхэлдэг, Монголын бүх хотууд хятадын бараанд дарагдсан гэж үзвэл Хятадын гадаад худалдааны талаар маш цэгц ойлголт мэдлэг, мэдрэмжтэй байх хэрэгтэй мэт.
Дэлхийн, үгүй ядахнаа бүс нутгийн худалдаанд бид хэн бэ гэдэгтээ Та бүхнийг сэтгэл чилээлгэе. Дэлхийн хамгийн том худалдааны гүрэнтэй хил нийлж оршдог. Худалдан авагч гэвэл чухам тэд л байна. Тэдэнд зардаг нийлүүлдэг юу л байна, шингээх чадвартай гэж би бичээд буй, төр-засаг ч тэгж уриалдаг.
Өмнөд хөрш бол тэр чигтээ дэлхийн маш том эдийн засаг. 2019 оны ОУВС-гийн үнэлгээгээр $27.307 триллионы эдийн засаг эргэлдэж байв. Forbes Global гэх агентлаг 2020.03.14-нд хятадын 150 компанийн рейтингийн судалгаа гаргажээ. Үүнд толгойд нь дараахи нэрс жагсаж байна. Хятадтай худалдаа эрхэлдэг монгол компаниуд, иргэд анхааралдаа авахад илүүдэхгүй.
- Alibaba Group (электрон бараа таваар) - $ 539.7 тэрбум.
- Tencent Holdings (конгломерат, хөрөнгө оруулалт, IT) - $ 533.9 тэрбум.
- ICBC (арилжааны банк) - $ 258 тэрбум.
- Kweichow Moutai (архи дарсны худалдаа үйлдвэрлэл) - $ 237 тэрбум.
- China Construction Bank (арилжааны банк) - $ 225 тэрбум.
- China Mobile (телекоммуникац) - $ 173 тэрбум.
- Petro China (нефть, газ) - $ 116 тэрбум гээд жагсаж байна.
2019 оны байдлаар Хятадын барааг хамгийн ихээр худалдан авсан нь АНУ ($418.6 тэрбум), Хонконг ($279.6 тэрбум), Япон ($143.2 тэрбум) гэсэн бас нэг баримт байна.
Гадаад худалдааны алдагдал гээч юм Хятадад бараг байдаггүй. Баланс нь ямагт ашигтай гардаг. АНУ-тай худалдаа хийлээ гэхэд $ 295.3 тэрбумын ашигтай гарсан. Хятадтай худалдаа хийгээд хамгийн их алдагдал хүлээсэн нь АНУ, Британи, Энэтхэг гээд бичээтэй байна.
Энд толилуулан буй газрын зурагт эмзэглэхгүй байхыг уншигчдаасаа хүсье. Хараал багахан хэлээрэй. Оросын сайтаас эшлэсэн юм шүү. Зарим улсуудын далбаагаар улс орнуудыг хучсан харагдаж байгаа бол импортын бараа бүтээгдэхүүн хэнээс их хамааралтай вэ гэдгийг дүрсэлсэн ухаантай юм. Манай умард хөрш Орос хүртэл Хятадын бараанд дарагдсан, тийм учраас Оросыг Хятадын далбаагаар хэргээр хучжээ. Манай улсыг Хятадын далбаагаар хучиж дүрсэлжээ. Зах дэлгүүрийн лангуун дээрээ бид нуль хятад бараа овоолчихоод манаад сууж байгаа. Бүү эмзэглэ, худлаа биш. Тодорхой тайлбарлая.
- “Хятад бүх дэлхийг хучиж байна” гэх зураглал харагдаж байна. Учир нь газрын зурагт хятадын далбаа их зай эзэлжээ. Энэ нь дэлхий дээрхи бүх бараа бүтээгдэхүүнийг Хятад үйлдвэрлэн худалддаг гэх дүгнэлтэд хүргэнэ. АНУ, Энэтхэг, Австрали, Казахстан, Саудын Араб, ӨАБНУ-ын эдийн засагт Хятад эхний байр эзэлдэг бол Хятадыг Японы далбаа хучсанаар Хятад нь өөрөө Японы гол импортлогч болох ажээ.
- “АНУ нь зөвхөн Америктаа л хүчтэй” гэх зураглал. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг АНУ-д буй боловч худалдааных нь гол худалдан авагчид тивд нь байдаг юм байна. Канад, Бразил, Мексик гэхчлэн. Яагаад ч юм Египет америкийн худалдан авагч гэсгээд цаашаа алга.
- “Герман Европтоо эзэн юм байна” гэх зураглал. Герман бол Европын хамгийн хүчирхэг эдийн засаг мөн. Европын Холбооны ихэнхи гишүүн орнууд ХБНГУ-ын далбаагаар хучигджээ. Германы хувьд гол нийлүүлэгч нь Франц аж.
- “Оросын жин нөлөө бас байна” гэх зураглал. Оросын эдийн засаг сайнгүй, бараа таваар хязгаартай. Гэхдээ Орос бол Узбекистан, Турк, Армен, Украин, Молдова, Беларусь, Болгар, Серби, Литва, Финландын хувьд гол нийлүүлэгч нь хэмээн энэ зурагт өгүүлжээ.
Эхний сэдвээсээ хальж, өөр нэг сэдэв, худалдаатай шууд холбогдох ГАЗ руу орж ярья.
-Үргэлжлэл бий