Монголын эрчим хүч хараат байдлаасаа зугтаж ядан, гадныхтай харьцуулахад өчүүхэн жижиг хэрэглээгээ тогтвортой, найдвартай хангахыг зориод олон жилийн нүүр үзлээ. Өмнөх Засгийн газрын үед “Эрчим хүчний сэргэн мандлын үе ирлээ”, “Элгээрээ хэвтсэн эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлээд зогсохгүй экспортлохоор боллоо” гэсэн гоё үгсийг их ч сонслоо, найдлаа. Харин өнөөдөр өвөл хаяанд ирж өнөөх айдас хүйдэс дахин босгоны цаана хаалга тогшиж байна.

Хараат бус байдлаа халах гэсэн байтал “чонын амнаас гараад барын аманд оров” гэгч болох шинжтэй. Энэ юу вэ гэвэл “Эрчим хүчний салбараа Эрчим хүчний сайдаас хамаалах”, тэдний салбарынхны хэллэгээр бол “төвөгшилтэй” нүүр тулгарчих шиг боллоо.

Учир нь “Митайм интернэйшнл” гэдэг гаднын хөрөнгө оруулалттай компани өмнө нь Тавантолгой цахилгаан станцын тендерт оролцоод, улмаар өнөөг хүртэл шүүхдэлцээд гацаасан байдалтай байгаа боловч өнөөдөр “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн тендерт дахин оролцохоор шалгарч үлдээд байна.

Энэ бол “цаасан дээрх компани”, “агаарын компани” гэж бидний өхөөрдөж хошигнодог боловч үнэн хэрэгтээ төр, засгийг залилдаг “эмгэнэлт” компани. Хэрэв Монгол Улсын төр засаг, хууль хяналтын байгууллага үүнд анхаардаг бол ноцтой факт маш олон.

Зөвхөн зах зухаас нь дурдахад л Монгол Улсын шүүхэд гаргаж өгч буй баримтад нь Камбожийн “Митайм интернэйшнл”  компани  Таван толгойн станцын зургийн ажлаа “Power China hebei electric”-ээр хийлгэсэн гэх боловч “Power Сhina” группын   төв мэдээллийн санд зургийн ажил хийлгэсэн бүртгэл огт байхгүй. Мөн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Монголд үүсгэн байгуулагдсан  “Митайм интернэшнл” компаниас дөрвөн ажилтан л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болох нь 2023 оны нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаас нь тодорхой харагддаг. Тус компанийн албан ёсны веб сайт байхгүй, ямар нэгэн мэдээлэл байхгүй. Эрчим хүчний яам болон “Донгфанг электрик интернэшнл корпораци” ХХК руу явуулсан хоёр бичгийн тамга нь хүртэл зөрдөг, нэг нь дугуй, нөгөө нь зууван хэлбэртэй, удирдах хүмүүсийнх нь гарын үсэг хүртэл өөр хоорондоо зөрүүтэй байна гэдэг ноцтой биш үү?


Тэр ч байтугай Сангийн яамны албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийх явцад “Донгфанг электрик интернэшнл корпораци” ХХК-ийн борлуулалтын захирал Чен Хуайжигаас Монгол Улсын Эрчим хүчний яаманд 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр DECI/MNG/MM-009 албан бичгээр тус төсөлд ямар нэг компанитай хамтраагүй, гэрээ хэлцэл байгуулаагүй талаар мэдэгджээ. Арай ч дээ! Энэ бол өөр улсын, компанийн нэрийг ашиглаж хуурах үйлдэл гаргасан ноцтой асуудал. “Хамтраагүй” гэдгээ мэдэгдсэн байгаа биз?

Үүнийг манай Тагнуулын ерөнхий газар, бусад холбогдох байгууллагад мэдэгдсэн, шалгуулж буй төрийн байгууллага байна уу? Энэ бол тендерээс гадуур маш ноцтой асуудал. Ийм маягийн компани нэртэй залилах бүлэг бүхэл бүтэн улс орны эрчим хүчний салбараар тоглож наадаад, төрийн сайдаас тушаал шийдвэр гаргуулаад, тусгай зөвшөөрөл эдлээд, шүүхэд нь үнэн бодит байдлаас зөрүүтэй материал бүрдүүлж өгчихөөд улс орны амин чухал асуудал болсон тендер болгонд оролцоод гацаагаад яваад байх нь үндэсний аюулгүй байдалд санаатайгаар хохирол учруулсан хэрэг биш гэж үү?

Тендертэй холбоотой хэргийн тухайд, хоёр дахь удаа зарлагдсан тендерийн техникийн нөхцлүүдийг гурав дахь тендер дээр Камбожийн хаант улсад бүртгэлтэй “Митайм интернэшнл” компанид нийцүүлэн хассан. Энэ бол том асуудал. Жишээ нь Сангийн яамны зүгээс анхан шатны шүүх хурал дээр өгсөн тайлбараас үзэхэд тус яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7259 дугаар албан бичигт тендерийн баримт бичгийн  тендерийн  өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5-д “Гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ тендерт оролцогчийн санал болгосон үнийн дүнгийн 10 хувиас багагүй байна” гэсэн заалтыг өөрчилсөн нь бас ноцтой. Учир нь шалгарсан гүйцэтгэгч ойролцоогоор 500 сая ам.доллар олж ирээд л энэ станцыг барина гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” компаниас 200 гаруй сая ам.долларыг өгнө гэсэн агуулга шүүх хурал дээр дурьдагдсан.

Тэгвэл яагаад Монголын компани “Эрдэнэс Тавантолгой” компаниас ийм хэмжээний мөнгө аваад өөрийнхөө улс орны эрчим хүчний салбарт үйлдвэр бариад хүч нэмж, өөрсдөө “голомтоо асааж” болдоггүй юм бэ.

Наад зах нь тендрийн шалгаруулалтад “450 МВт болон түүнээс дээш хүчин чадалтай нүүрсээр галладаг ДЦС-ыг сүүлийн 10 жилд барьсан байх, үүнийг нотлохын  тулд ажил гүйцэтгэсэн гэрээ, Улсын комисс хүлээж авсан дүгнэлт, эсвэл Улсын ажил хүлээн авсан тухай баримт бичгийн эхээс хийсэн хуулбар, тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан шаардлага хангагдахгүй байгаа тухай маш тодорхой дурдсан байдаг.  Энэ шаардлага хангагдаагүй. Хийж гүйцэтгэсэн ажлууд гэх жагсаалт нь ерөөсөө бодит баримт нотолгоогоор батлагддаггүй. Гэтэл яагаад заавал энэ компани манай ард түмний хамгийн олон жил хүлээсэн “Тавантолгой цахилгаан станц”, “Тавдугаар дулааны станц” хоёрыг барих ёстой юм бэ? Миний хардаж байгаагаар бол зөвхөн “Гацаах гэж” л оролцдог байх.

Харин одоо миний гарт тус компанид тусгай зөвшөөрөл өгсөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн гарын үсэгтэй хоёр ч тушаал байна. Эндээс харахад Завханы Тосонцэнгэлийн  ДЦС-ыг барих ажлын хүрээнд таван жилийн хугацаатай зөвшөөрлийг 2023 оны тавдугаар сарын 8-наас эхлэн олгосон аж. Дараа нь төслийнхөө байршлыг өөрчилж Сэлэнгийн 50МВт-ын ДЦС-ын төсөл рүү эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулгын ажлаар өнгөрсөн оны тавдугаар сарын 9-нд А/113 тоот тушаалаар зөвшөөрөл авч байжээ.


Сайдын зөвшөөрөл бол Монгол төрийн зөвшөөрөл. Олгохдоо олон талаас нь нягталсан байх учиртай. Хэн ч, ямар ч аргаар түүнийг авч, ямар ч зорилгоор, юу ч хамаагүй хийдэг байж болохгүй байх.

Миний хардлагаар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбараа найдвартай эх үүсвэрээр хангахын тулд, хотоо хөлдөөхгүйн төлөө дулааны цахилгаан станцыг борооны дараах мөөг шиг тарих гээд байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үндэсний компаниудынхаа оролцоог хангамаар байна. Гадны хөрөнгө оруулагч нэртэй, хэн нэгэн нүүрсний худалдаачны “олж ирсэн” цаасны буюу агаарын компанитай хүмүүст төрийн нэрийн өмнөөс монголчуудад олддоггүй тусгай зөвшөөрлийг үзвэрийн билет шиг тараагаад байж огт болохгүй. Учир нь “Та өөрөө тэдэнтэй хуйвалдагч” болж харагдаад байна. Төв аймгийн Баян сумын нутаг дахь станцуудыг хар даа! Яг Хонконгууд мөн үү, тэд яг хэдэн ам.долларын хөрөнгө оруулсан бэ гэдгийг шалгуулбал сонин л зүйл гарах байх. Улсынхаа Ерөнхий сайдтай ажлыг нь сурвалжлаад явж байхад “Касэн пауэр грийн энержи” компанийн удирдлагууд араа шүд шалгах шахаж, нохой шиг хөөх нь холгүй харилцдаг юм байна лээ. Яахав, эхний 330 МВт-ын блокийг 2027 оны наадмын өмнө ашиглалтад оруулж монголчуудад бэлэг барина гэсэн болохоор тэр хүртэл харж л байя. Тэдний 660MBт-ын ойролцооо дахиад 660МВт барих гэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ түмэн олон харж байгаа шүү, сайд аа.

Дулааны тавдугаар станцын тендерт дээрх “Митайм интернэйшнл” оролцох болсонд гайхаж цочсондоо энэхүү нийтлэлийг бичлээ. Хэрэв “Арван аймагт дулааны станц барина” гээд самарч хаяад шүүх дээр очсон “Буксан Пауэр” шиг залилангийн компани шиг адал балмад явдал болбол ард түмэн хэрхэвч зүгээр өнгөрөөхгүй шүү. Энэ бол улс орны эрчим хүчний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болно. Хүчирхэг улс гүрнүүдийн түмэн компани дундаа яагаад зөвхөн цаасан дээр л нэр төдий, барьж байгуулсан ажил нь батлагдаж өгдөггүй, мөнгө угаасан, бүтэлгүйтсэн компанитай “учирч” олон жил улс орноороо хүлээсэн ажлаа даатгаад, “зохиолын дагуу” дээрэмдүүлж хохироод, шүүхдэлцэж цаг хожоод, эрчим хүчээрээ санаатайгаар доголдоод л байдаг юм бэ? Үүнийг л зохион байгуулалттай, хорлонт үйл ажиллагаа гэмээр байна. Энэ байдал “Дулааны тавдугаар станц” төсөл дээр давтагдахгүй гэдэгт итгэж болох уу, Тагнуулынхаан?

                                                                                                                                                           /2025.08.14/