“Оюутолгойг цаазалсан”-ы маргааш...
Сураг сонсвол “Оюутолгойн хөрөнгө оруулагчдын зүгээс дуугарч эхэлсэнтэй холбоотойгоор “бүрэн суллах” опперац Эх үрсийн баярын өмнөхөн явагдаж магад гэнэ.
“Хөндийд тавиарай
Хөвөнд боогоорой
Намайг дуугарвал
Насгүй гэж бодоорой”...тэр юу вэ?
Энэ бол гангар шаазангийн тухай оньсого. Харин бид гангар шаазан шиг эмзэгхэн нэгэн зүйлийн талаар зөрүү бодож, буруу яллаж одоо дахиад дуугарвал “насгүй” болох нь тодорхой болоод байна. Энэ бол Оюутолгойн гэрээний тухай юм. Хоёр Ерөнхий сайд асан, Сангийн сайд асан, Татварын ерөнхий газрын дарга асан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан нарыг хорьж шалгалаа. Эдгээрээс нэг нь улс төрийн хамгаалалтаар батлан даалтад гарсан бол нөгөө нь “эрлэгээс эмнэлэг нь дээр” гэсэн байдлаар бараг л амиа бодсон хорихынхон, хуулийнхны “ачаар” 461 дүгээр ангиас гараад байна.
Сураг сонсвол “Оюутолгойн хөрөнгө оруулагчдын зүгээс дуугарч эхэлсэнтэй холбоотойгоор “бүрэн суллах” опперац Эх үрсийн баярын өмнөхөн явагдаж магад гэнэ. Эсвээс “Эрүүл мэнд хэт сайн” учраас захиа ч бичихгүй томоотой хоригдож буй С.Баярцогт, Б.Бямбасайхан нар ямар нэг элдэв үйлдэл хийхгүй байсаар аягүй бол Б.Бямбасайханы хөл хүнд гэргий Эх үрсийн баяраар нялх хүүхэдтэйгээ хамт 461 дүгээр ангийн гадаа “Аавтайгаа уулзъя” гэсэн лоозон бариад суучихвал яах вэ. Хүссэнийх нь эсрэг үр дүн үзүүлнэ биз дээ. Юун АТГ, хуулийн байгууллага яасан сайн ажиллаж байна вэ гэхдээ манатай.
Гэтэл Оюутолгойн гэрээчдэд хамгийн дургүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүртэл “гадуур шалгаж болох байсан” гэж дуугарлаа. Хэргийн учир “шалгуулахгүй” гэсэндээ биш, “Сайн шалга. Харин гадуур шалгаж болохгүй юм уу” гэдэгт байгаа юм. Тиймээс цаагуураа “Оюутолгойн гэрээг эрүүдэн шүүсэн” хэрэг болж хувираад байна.
Дотооддоо иймэрхүү. Харин гадаад талдаа? Эх сурвалжийн мэдээлснээр зарим сөрөг үр дагаварыг дагуулж мэдэхээр байгаа гэнэ. Анх энэ явдал хаанаас үүссэнийг сана!
SOMO” гэгч Голландын ТББ-ын “Рио Тинто”-г татвараас зугтсанд санаа зовинож нэгэн тайланг дэлгэсэн байдаг байх аа. Нэр бүхий польш хүмүүсийн нэр ч дурьдагддаг. Тэдний тайланд “Туркойз Хилл”-ийн татваргүй бүсэд байгуулсан Movele (Люксембург дэх) болон Oyu Tolgoi Netherlands BV (Голланд дахь) зэрэг компанийн 2011-2016 оны санхүүгийн дүнд үндэслэн боловсруулагдсан гэх бөгөөд тус компаниар дамжин төслийн бүх санхүүжилт, зээл олгогдож байгаа ч тус хоёр компани зөвхөн цаасан дээр байдаг, ямар ч ажилтангүй нэгж болохыг анхааруулсан байдаг. SOMO (The Centre for Research on Multinational Corporations) буюу Үндэстэн дамнасан корпорациудыг судлах төвийн Голланд дахь салбар нь “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгчийн толгой компани болох “Туркойз Хилл Ресурс” нь Канадын Засгийн газарт ойролцоогоор 470 сая ам.доллар, Монголын талд 230 сая ам.долларын татварын алдагдал үүсгэсэн гэж анх мэдээлсэн. Үүний дараа яг ийм гэм зэмийг одоо хоригдож байгаа С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт тулгаад байгаа. Магадгүй хамгийн сүүлд гарын үсэг зурснаараа Б.Бямбасайхан ч буруутаж хоцорч мэдэх юм. Бусдыгаа “баяртай” гээд даллан үдэх тэрбээр улс төрд бол хамгийн хашин хойрго нь билээ.
Нэмж хэлэхэд энэ бүхэн БНХАУ-ын талаас Оюутолгойн бүтээн байгуулалтын үйл ажиллагааны явц, цаашдын ирээдүй, эрчим хүчний эх үүсвэр, ашиглалтын зардлыг хэмнэх зэрэгт “санаа тавих” нь идэвжсэнтэй зэрэг өрнөснийг харахад дотоодын гэхээсээ гадаад нөлөө илүүтэй байсан юм биш биз гэж хардахад хүргэдэг. \Хэрэв тийм бол яг Оюутолгой төслийн тухайд, яг Хятадын талын төрийн томчуудтай “холбоотой” ажиллаж байдаг гол хүмүүс үнэн хэрэгтээ 461дүгээр ангийн “гадаа” үлдсэн юм шүү дээ. Тиймээс ч УИХ-ын гишүүн асан, сэтгүүлч асан З.Алтай “С.Баярыг Баярын найзууд хориулчихлаа” гээд хэлчих шиг боллоо.
Оюутолгой төсөл дээр ажлын хэсэг байгуулах, ТЭЗҮ-ийг боловсруулах зэрэгт цочирддог, тэр тусмаа энэ чиглэлээр corruption хэрэг дуулдах бүрт дээр дурдсан гангар шаазан шиг насгүй болчих гээд байдаг тэр зүйл бол бидний өнгөрсөн есөн жилийн хугацаанд Оюутолгойгоос хүртсэн үр шим, тэр эмзэгхэн амжилт билээ. Энэ амжилт үгүй болчих шиг амархан зүйл үгүй.
Эхэлсэн бүхэн дуусдагийн адилаар зөвхөн хөрөнгө оруулагч талаас оруулж байсан хөрөнгө мөнгөө дуусч дундарсан, гэвч ажил цааш үргэлжлэх ёстой байв. Тиймээс Оюутолгой төсөл дараагийн шатны хөрөнгөө босгож, зардал гаргаж, үр ашигтай ажиллахын тулд Санхүүжилтийн төлөвлөгөөгөө Дубайд гарын үсэг зурсан байдаг. Энэ төслийн хөрөнгө оруулалтыг нэмэгдэхийн хэрээр үр ашиг өсөх учраас ямар нэг гарцыг, тэр тусмаа Монголын тал олох нь “баатарлаг” гэмээр үйл явц байв. Учир нь боловсруулалтад орж байгаа хүдэрт агуулагдах металлын агууламж нэмэгдэж байгаатай холбоотой юм.Нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал багасах хэмжээгээр үр ашиг нь нэмэгдэхэд Оюутолгойнөгөөж нэмэгдэж манай төсөвт өгөх татвар хураамж хүртэл өснө гэж тооцоолсон. Гэтэл баатарлаг үйлсийнх нь төлөөсөнд гав зүүж ял хүлээж суухын чинээ хэн ч санаагүй биз ээ.
Одоо Гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд нь хутгалдсан, Сангийн сайд, Татварын даргатайгаа холбоотой бүлэг шахуу болчихсон гэмт хэрэг мэтээр нийгэмд зарлаад байхаар тийм хамтрагчийг хэн хүсэх вэ. Нэгэнтээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “онгон охиноо өгчихлөө, одоо хожим онгон хэвээрээ ирэх биш, яалтайв” гээд аваад хаячихаж билээ. Одоо нөгөө “охин”-ы маапаан, цадиг түүх бүр “балиартаж” гүйцлээ. Үүнээс цааш муу муухай бүхнээ нэмээд байвал ер нь төрхөмдөө буцаад ирэх нь дээ. Түүний дараа бүгд Оюутолгойг мартана. Дубайн гэрээг хэн ч сонирхохгүй. Олон нийт угаасаа ийм л байдаг. Тиймээс олон нийтийн уриа цуурайнд автаж ажиллаж болдоггүй. Өнөөх харамлаад байсан баялгаа ашиглах гээд хүрз бариад очих уу. Гэрээ, төлөвлөгөө алиныг ч зурсан “шоронд орох” нөхцөлд хэн “Оюутолгойг хөдөлгөнө” гэж амлаад “толгойгоо авахуулах”-ыг хүсэх вэ. Хаягдсан Монголын төр Оюутолгойн төлдөг байсан татвараар дутна. АТГ хариуцлага хүлээх үү. Төсвийн цоорхойг нөхөх үү. Тэр олон ханган нийлүүлэгч компаниуд хаалгаа баривал дампуурахад нь тусалсан төр юугаар аврах вэ. Ийм л хариуцлага хүлээхгүй нөхөдтэй хариуцлага хууль яриад, улс төрийн тоглоом шоглоомыг нь дэмжээд, хамжиж тоглолцоод хохирч дуусах нь. Гадныхны гар хөл болж, дотоодоо самрахаа болиоч ээ. Монгол түмний заяа түшиж, Төрийн минь сүлд өршөөг!