ГЕРМАНЫ СОЁН ГЭГЭЭРЭЛ ХИЙГЭЭД ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛЫН ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ТАЛААРХ ЗАРИМ ЭРГЭЦҮҮЛЭЛ
Хөрш ард түмнүүдийн түүх хийгээд дэлхийн түүх (жишээ нь Монголын дэлхийн эзэнт гүрний үеийн)-энд „Монголын хүчин зүйл“-ийн үзүүлсэн нөлөөг судлах судалгаа ч мөн орхигдож байна.
XVII, XVIII зууны Европын соён гэгээрлийг Иммануэль Кант нэгэнтээ „хүний өөрийнх нь буруугаас болсон сэтгэлгээний хараат байдлаас гарах гарц“ хэмээн нэрийдсэн буй. Тэр (соён гэгээрэл) нь XIX зуунд хөтлөн аваачсан хөгжил дэвшлийн хүчин зүйлсийн уг мөн чанарыг тодорхойлсон үйл явц байсан юм. Францын Үндэсний хурал 1789 оны 8-р сарын 26-ны өдөр хүний болон иргэний эрхийн тунхаглалыг батлан гаргасан нь эл үйл явцын оргил болж, тодорхойлох бус харин үнэлэлт дүгнэлт өгөх замаар түүхийг шинээр харж тайлбарлах эхлэл үүсгэлийг тавьсан билээ.
Бүх юм түүхийн үйл явцад үүсч бий болсон, бүхнийг анх үүссэн үеэс нь нээн үзүүлж, мөн шүүмжлэлтэйгээр авч үзэж ойлгох ёстой гэсэн итгэл үнэмшил бүрэлдэн тогтов. Нэгэнт болоод өнгөрсөн, өдгөө үүсэн бий болж буй юмс хоорондоо холбоотой, аливааг олон талаас нь авч үзэж, орон зайн байршилтай холбогддог нь танин мэдэхүйн шинж, танин мэдэхүйн дээд чадвар болох түүхийн мэдлэг ухаан нь эх сурвалжаас олж авсан мэдлэгийг уялдаа холбоонд нь эрэмбэлэн тайлбарлаж, баримтыг үнэлэн цэгнэж, хоорондын холбоог нь нэгтгэн дүгнэж байх шаардлагатай гэдгийг мэддэг болжээ.
Түүхийн үйл явц хүн төрөлхтөнд илүү өндөр соёл, илүү их эрх чөлөөг авчирч, оюун санаа, түүнийг амьдралд хэрэглэх орон зайг нь тэлж өгсөн гэдгийг ойлгож ухаарсан явдал туйлын чухал байсан нь эргэлзээгүй. Түүхийн философи нь энэрэнгүй, ухаалаг байх, сөргөлдөгч хүчнүүдийн тэнцвэрийг олох, тэрчлэн аливаа үзэгдлийг өөдлөн дээшлэх чиг хандлагаар нь эрэмбэлэн цэгцлэх ёс суртахууны шаардлагыг тавьж байлаа. Бодгаль өөрийг нь улс үндэстэнтэй дөнгөж холбож өгөөд байсан холбоосыг уламжлан авав.
Түүхийг туршлагын дагуу гагцхүү жинхэнэ эх сурвалжид тулгуурлан судалж ашиглах хэрэгтэй гэдэг дээр эрдэмтэн мэргэд санал нэгдэх болсон байна. Тиймээс тэд түүхийн бичвэрүүдийг нэхэн сэргээж, жинхэнэ эсэхийг нь шалгахын тулд шашны боловсруулсан шүүмжлэлт-хэл шинжлэлийн аргыг хэрэглэх болов. Тэр нөхцөл байдалд түүхийн туслах ухааны ач холбогдлыг ухаж мэдсэн хүмүүс бол Иоханн Христоф Гаттерер зэрэг түүхчид байсан.
Газар зүй, уур амьсгал, эдийн засаг, хүн ам зүй, шашин нь хүмүүний түүхэнд нөлөөгөө үзүүлсээр ирсэн билээ. Туслах ухаан нь түүхийг авч үзэхэд тэдгээрийг харгалзан, улмаар хүний үйл ажиллагааны бусад шалтгаан болон хоорондын жинхэнэ уялдаа холбоог нээж олох боломжийг олгож байв.
Түүхийн шинжлэх ухаан нь шашны ивээл халамжаас чөлөөлөгдөн бие дааж, шинжлэх ухааны түвшинд хүрч, туршлагын тусгай шинжлэх ухаан, гэхдээ хүний хөгжлийн хуулиудын мөрөөр орсон шинжлэх ухаан болсон юм. Түүхийн шинжлэх ухаан шинэчлэгдэн хөгжсөний үрээр түүх нь хүмүүний хөгжил боловсролын нэг бүрэлдэхүүн хэсэг болж, амьдарч буй цаг үедээ чиг баримжаагаа олох боломжийг олгох болов. Энэ нь Монголын түүхийн шинжлэх ухааны өнөөгийн хүрсэн түвшний талаар эргэцүүлэн бодож үзэх шалтгаан яах ч аргагүй мөн юм, учир нь Монгол улсын геополитикийн байршлын улмаас соёлын мөн чанараа таних, дархлаа, эх оронч үзлийнх нь чухал эх булаг чухамдаа монголчуудын түүхийн ухамсар болж буй билээ.
Дөнгөж XX зууны хоёрдугаар хагаст Зөвлөлт Холбоот Улсын хуурамч марксист түүхийн шинжлэх ухааны хүчтэй нөлөөн дор социалист нийгмийн туршилтын хүрээнд орчин үеийн Монголын түүхийн шинжлэх ухаан үүсэн бий болжээ. Марксизмыг нийгмийг авч үзэх бүтээлч арга гэхээсээ илүүтэй үзэл суртлын хөдөлбөргүй ягшмал номнол болгон хэрэглэж байсан болохоор нь л миний бие энд Зөвлөлтийн түүхийн шинжлэх ухааны хувьд зориудаар „хуурамч марксист“ хэмээх нэр томъёог авч хэрэглэлээ. Дээр нь бас Европыг гол төвдөө тавьсан түүхийн шинжлэх ухаан нүүдэлчин амьдралын хэв маягтай Азийн ард түмний нэн өвөрмөц түүхийг үнэхээр судалж чадаж байсан уу гэсэн асуулт гарна.
Гэлээ ч гэсэн судалгаа, сургаал, сургалтаараа анхаарал татам ихийг бүтээх чадвартай орчин үеийн түүхийн шинжлэх ухаан Монголд бий болж хөгжсөн билээ. Энэ амжилт нь Ш. Нацагдорж, Х. Пэрлээ, Насанбалжир, Д. Гонгор зэрэг хүмүүсийн нэртэй холбоотой. Ш. Нацагдоржийн „Халхын түүх“, эсвэл Д. Гонгорын „Халх товчоон“ зэрэг тэдгээр эрдэмтэн мэргэдийн нийтлэлүүд эх сурвалжийг нарийвчлан судалж, сурвалжтай цэгцтэй нямбай ажилласных нь үр дүнд бий болсон.
Монголын түүхийн зүй тогтлыг тэр үеийн үзэл санаанд тулгуурлан тайлбарлахыг хичээсэн учраас түүхэн хөгжлийг нийгэм эдийн засгийн байгуулалд тулгуурлан тайлбарлах гэсэн тэдний оролдлогыг өнөөгийн үзэл бодлын үүднээс ч бас хүлээн зөвшөөрөх боломжтой юм. Харин үзэл баримтлалыг нь Зөвлөлтийн түүх бичлэг урьдаас тогтоогоод өгчихсөн гурван боть „БНМАУ-ын түүх“ мэтийн ихэд үзэл сурталжсан төр улсын түүх бичлэгээр Монголын түүхийг тодорхой загварт оруулах гэсэн оролдлого нь нэлээд ярвигтай, XXI зууны эхээр уг уламжлалыг таван боть „Монгол улсын түүх“-ээр үргэлжлүүлсэн билээ.
Монгол улсад нээлттэй ардчилсан нийгэм байгуулсны дүнд түүхийн шинжлэх ухаан үзэл суртлын хүлээснээс ангижирч, намтрын судалгаа зэрэг олон шинэ чиглэлийг ашиглах боломжтой болж, хуучин хорио цээртэй байсан сэдвүүдийг судлах ажлыг эхэлж, шинэ шинэ сэдэвт анхаарлаа хандуулж, гол гол эх сурвалжийг хэвлэн нийтлүүлж, археологи үлэмж амжилттай хөгжих болсон нь дамжиггүй үнэн.
Гэхдээ жил тус болгонд олон түүхэн ой тохиосон нь түүхийн шинжлэх ухааны өнөөгийн хүрсэн түвшинг шүүмжлэлтэй авч үзэх боломжийг олгов. Үүнтэй холбогдуулан өөрийнхөө ажигласан зарим зүйлийг хэлэх гэсэн юм, ажиглалт маань бүрэн төгс биш, дээр нь бас аливааг авч үзэх субъектив үзэл бодол маань хэт их нөлөөлсөн байж мэдэх юм шүү.
Хамгийн энгийн хувилбараар нь авч үзэхүл бүх судалгаа улс төрийн түүхийн үзэл баримтлалд тулгуурлаж байгаа нь юуны өмнө надад асуудалтай санагдаад байгаа юм. Үзэл санаа, оюуны хийгээд соёлын түүх, нийгэм, эдийн засгийн түүх болон бүс нутгийн түүх зэрэг бүрмөсөн орхигдож байна. Эдийн засгийн түүх, эрх зүйн түүх, шашны түүх зэргийг судалдаг түүхч байхгүй байгаа болохоор арга ч үгүй юм.
Орос, Хятадын түүхийг бараг мэддэггүй тул Монголын түүхэнд гаднын хүчин зүйлсийн үзүүлсэн нөлөөг ердөө л үгүйсгэчихэж байна. Тиймээс Манж-Хятадын харийн ноёрхолын үе, социалист хөгжлийн үе шатыг бодитой судлах нөхцөл бололцоо алга. Энэ нь Монголын түүхийг өөрөөр нь хязгаарлаж буй хэрэг.
Хөрш ард түмнүүдийн түүх хийгээд дэлхийн түүх (жишээ нь Монголын дэлхийн эзэнт гүрний үеийн)-энд „Монголын хүчин зүйл“-ийн үзүүлсэн нөлөөг судлах судалгаа ч мөн орхигдож байна.
Түүхчдийн судалгааны ажилд түүхийн туслах ухааны мэдлэг ямар нэг үүрэг гүйцэтгэхгүй шахам байна. Тиймээс эх сурвалжтай ажиллах, түүнийг шүүмжлэлтэй нягталж үзэхэд дур дураараа хандаж, шинжлэх ухааны зарчмыг баримтлах нь бага ажээ. Ерөөсөө зарим түүхч эх сурвалжтай дэндүү бага ажилладаг тул нэгэнт нийтлэгдчихсэн бүтээлүүдийн мэдлэгийг ямар ч шүүмжлэлгүй авч ашиглах хандлага маш их гарч байна. „Бичигдсэн л бол үнэн“ гэсэн хуудуутай зарчим ямар нэг байдлаар үйлчлэх ажээ.
Шинэхэн буюу цаг үеийн түүх хэрэг дээрээ ямар ч үүрэг гүйцэтгэхгүй байна. Энэ нь түүхчид өөрсдийгөө нэг талыг барьж ажиллах асар их дарамт шахалтад байдаг гэж үздэгтэй нь ч бас холбоотой. Тиймээс 1990 оноос хойших түүхийг бодитой-төвийг сахисан байдлаар авч үзэж, Монголын түүхэнд гаднын хүчин зүйлсийн үзүүлсэн нөлөөг харгалзан үзэхийг мөн л шаардаж буй үнэлэлт дүгнэлтийг өгөх боломж алга байна. Намтар судлал зэрэг түүхийн бусад салбарт ч бас нэг талыг барих зарчим ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Жишээ нь 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтэд үнэлэлт дүгнэлт өгөхдөө дан гэмт этгээд-хохирогсдын намтар болсон нам, төрийн зүтгэлтнүүдийн үүх түүхийг судлах атлаа, хороогдсон лам хуврагуудын түүх намтрыг бүрмөсөн огоорох нь тэр үед өв уламжлал хэрхэн алдагдсаныг авч үзэх асуудлыг бүр хааж боогдуулж байгаатай агаар нэг.
Монголын түүхэнд гадны хүчин зүйлс асар их нөлөө үзүүлснийг нэгэнт дурьдсан. Энэ нь түүхчдийн хэлний мэдлэгийн асуудлыг даруй босгон тавьж буй. Эх сурвалж болон мэргэжлийн ном зохиолыг найдвартай орчуулах хэмжээнд перс, хятад (сонгодог болон орчин үеийн), манж, түвд, орос ч юмуу англи хэл эзэмшсэн түүхч хэд хичнээн байгаа билээ?!
Монгол улс ерөнхийдөө „Төв Ази дахь ардчиллын загвар орон“-д тооцогддог. Гэхдээ л Монголын түүхчид шинэхэн түүхийг ардчиллын хөгжлийн талаас нь судлах цаг нэгэнт болсон байна. Харвардын сурах бичгүүдэд бичсэн болгоныг Ази буюу Монголын нийгмийн өвөрмөц нөхцөлд хэрэгжүүлэх боломжгүй. Зарим нэг нь зөвхөн зах зээлийн нөхцөлийг л дэлхийн хэмжээнд нэг ижил түвшинд аваачиж жигдрүүлэх санаатай байгаагаас улс түмнүүдэд үндэснийх нь өвөрмөц онцлогийг харгалзалгүйгээр нийгмийн аль нэг загварыг хэвээр цутгасан мэт тохоон нөмөргөх аюул нүүрлээд байгаа өнөө цагт Монголын түүхийн судалгаа нь ардчиллын хавсрага судалгаанд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж болохоор байгаа юм.
Юутай ч Германы соён гэгээрлийг сонирхон судалж тусган авч өөрийнхөө байр байдлыг ч бас тодорхойлох ахул тус нэмэр болох нь дамжиггүй.
Муслим
санаа авахаар сайхан бичжээ.