ЭШЛЭЛИЙН СОЁЛ
Ялангуяа шинжлэх ухааны бүтээлд эх сурвалжийн үнэн бодит эшлэл үгүй бол үнэ цэнгүй болдог. Эшлэл бол уг бүтээлийн үнэн зөвийн баталгаа болох төдийгүй өнөө үед энэ нь нэгэн зайлшгүй дагалдах соёл болон хөгжжээ. Эшлэл мөн оюуны өмчид хамаардаг. Хэдэн жилийн өмнө Колумбын их сургуулийн профессор эшлэлээс болж ажлаасаа халагдаж байв. Тэрээр өөрийн бүтээлдээ жагсаасан олон эшлэлийг бусдын олж илрүүлсэн зүйлсийг өөрөө олж мэдсэн маягтайгаар өөрөөсөө эшилснээр буруудсан. Оюутнууд нь матсан гэсэн.
ЭШЛЭЛИЙН СОЁЛ
Миний 1996 онд монгол хэлээр бичиж хэвлүүлсэн “ХХ зууны Монгол: Нүүдэл суудал” бүтээлийг хоёр жилийн дараа Кэмбриджийн их сургууль англи хэлнээ орчуулж хэвлүүлэхээр боллоо. Номыг эрхлэн найруулагчид надаас хэд хэдэн зүйл тодруулж асууснаас хариулж барахгүй нэг асуулт намайг зовоов. Энэ нь энэтхэгчүүд нийгмийн шатыг алгасан социализмд дэвшин орж болно гэсэн тайлбар бүхий Марксын эшлэл. Тэр үед хэдэн арван янзаар хэвлэгдэж байсан Монголын түүх, МАХН-ын түүхийн ном болгонд энэ эшлэл байснаас би дам авсан хэрэг. Цаад эх сурвалжийг нь би ч, англи орчуулгын хянан тохинуулагч ч олсонгүй тул ЗХУ-д хэвлэгдсэн “Маркс, Энгельсийн түүвэр” гэсэн номыг эх сурвалж болгоод өнгөрсөн. Маркс бол маш их судлагдсан, судлаачдын хувьд бүх зохиол нь задаргаа дүгнэлт хийгдсэн дэндүү алдартай эрдэмтэн учир түүнээс эшлэх бол жинхэнэ эх сурвалжийг шаарддаг нь зүй ёсны хэрэг.
Энэ нь надад айхтар сургамж болж уг эшлэлийн эх сурвалжийг хайв. Би Марксын ихэнх үндсэн зохиолыг уншсан болохоор хүн төрлөхтөн дэвшсээр коммунист нийгэмд шилжин орох тухай таамаглал анх дэвшүүлсэн энэ аугаа сартваахи дундад зууны хоцрогдолтой монгол мэтийн үндэстнүүд нийгмийн шат алгасан харайх талаар урьдчилсан зөгнөсөн байх учиргүйг хар зөнгөөрөө мэдэж байлаа. Ерээд оны үед интэрнэт дөнгөж эхлэлийн шатандаа байсан тул тэндээс хайх бололцоо байгаагүй. Харин азаар Маркс Америкийн New York Daily Tribunе сонины Англи дахь сурвалжлагчаар олон жил ажиллаж нийт 500 орчим өгүүлэл бичин хэвлүүлснийг Поол Жонсоны Intelectuals номноос олж мэдлээ. Харин уг сонин 1841 онд байгуулагдаад 1866 онд нэрээ солин цаашид дурсагдахаа больж гэдгийг Британника нэвтэрхий толиос олж харав.
Марксын үзэж байснаар нэгэнт коммунизм нь нийгмийн хөгжлийн хэлбэрийн хувьд капитализмаас цааших нийгэм учир туйлдаа хүртэл хөгжсөн капиталист орон л социализм руу орно уу гэхээс, төдийлөн хөгжөөгүй орон үүн рүү зүглэлтгүй ажээ. Гэтэл Марксыг үхсэнээс хойш 30 гаруй жилийн дараа чухам тэрхүү зөгнөн хэлсэн (үнэндээ өдөөн тухирсан) коммунист хувьсгал гарах нь гарсан боловч түүний хүлээсэнчлэн аж үйлдвэржсэн Баруун Европт биш харин өөрийнх нь үргэлж басамжлан үздэг байсан, хамжлагат ёсноос салаад удаагүй, тариачны Орос оронд түүхнээ Октябрийн хувьсгал гэж нэрлэгдсэн коммунист эргэлт гарсан байна.
Ийнхүү дээрээс хатуу тогтоож өгсөн нийгмийн хөгжлийн шатны “хууль” ёсоор бол тэр үеийн Монгол нь ердөө л феодализмд байгаа тул марксист сургааль ёсоор коммунист хувьсгал хийхүйц өсөж торниогүй аж. Маркс феодалын нийгмийн тухайд газрын эздийн хамжлагат ёсыг Европын жишээгээр судлан бичсэн болохоос Европоос гадуурх хамжлагат ёсны талаар төдийлөн анхаарч байгаагүй. Тэрээр Хятадын хамжлагат ёсыг судалсны үндсэн дээр Азийн феодализм гэсэн формацынтусгай ангилал гаргаж байсан.[1]
Хоцрогдсон ард түмэн капитализмыг алгасч болно гэсэн эх сурвалж онолыг нь Маркс тавьж өгсөн хэмээн нотлохын тулд сүүлд нь 70 гаруй жилийн турш Монгол, Зөвлөлтийн түүхч, философичид байнга дуртайяа жишээ болгон эш татдаг нэг өгүүлбэр бий. Тэр нь:
Их Британид одоо ноёрхож байгаа ангиудыг аж үйлдвэрийн пролетари нар хавчин зайлуулаагүй цагт, эсвэл нийгмийн дарлалыг үүрд авч хаях болтлоо энэтхэгчүүд өөрснөө хүчтэй болоогүй цагт тэдний дотор Британийн хөрөнгөтний тарьсан шинэ нийгмийн элементийн боловсорсон үрийг Энэтхэгийн ард түмэн хурааж авч чадахгүй[2]
Хоцрогдсон орон коммунист нийгэм байгуулах талаар Маркс, Энгельс нар тухайлан төсөөлж байсангүй. Иймээс тусламж эрэн АНУ-ын Конгрессийн номын санд захидал бичив. Хариу удалгүй ирлээ. Марксын дээрх энэ урт өгүүлбэрийг New York Daily Tribunе сонины 1853 оны наймдугаар сарын 8-ны дугаарт нийтлэгдсэн The Future Results of British Rule in India (Энэтхэг дахь Британий эрхшээлийн хожмын уршиг) өгүүллээс тасдан авчээ. Өгүүллийн санаа нь Английн хөрөнгөтнүүд Энэтхэгт хөрөнгө оруулж үйлдвэрлэл хөгжүүлж байгаа ч гэсэн тэднийг чөлөөлж, нийгмийн амьдралыг нь дээшлүүлж, үйлдвэрлэлийн хөгжлийг нь өөрсдийнх нь гарт өгөхөөс нааш энэтхэгчүүд хүчтэй болж чадахгүй, тэр л утгаараа хөрөнгөтнүүдийн хөгжүүлж буй болгосныг тэдөөртөө тустайгаар ашиглаж чадахгүй гэсэн шүүмжлэл аж. Түүнээс биш энд энэтхэгчүүд нийгмийн хөгжлийн үе шатыг алгасч харайх боломжтой тухай юу ч алга.[3]
Ялангуяа шинжлэх ухааны бүтээлд эх сурвалжийн үнэн бодит эшлэл үгүй бол үнэ цэнгүй болдог. Эшлэл бол уг бүтээлийн үнэн зөвийн баталгаа болох төдийгүй өнөө үед энэ нь нэгэн зайлшгүй дагалдах соёл болон хөгжжээ. Эшлэл мөн оюуны өмчид хамаардаг. Хэдэн жилийн өмнө Колумбын их сургуулийн профессор эшлэлээс болж ажлаасаа халагдаж байв. Тэрээр өөрийн бүтээлдээ жагсаасан олон эшлэлийг бусдын олж илрүүлсэн зүйлсийг өөрөө олж мэдсэн маягтайгаар өөрөөсөө эшилснээр буруудсан. Оюутнууд нь матсан гэсэн.
Түүх нийгмийн бүтээлд хоорондоо зөрчилтэй эшлэл олон байдаг тул фүтнот, энднот болон тусгаарласан номзүй зэрэгт заавал тайлбар тавихыг шаарддаг. Жишээ нь монголчууд Багдадыг эзлэхдээ 800 мянган оршин суугчдыг нь алж устгасан тухай эртний арабын тэмдэглэлд бий. Хичнээн хүн хороосон тухай өөр баримт байдаггүй. Гэтэл тэр үед Багдадын хүн ам хавьгүй цөөн оршин суугчтай байжээ. Иймэрхүү үнэмшимгүй юмыг эшилсэн бол зохиогчийн зүгээс заавал тайлбар хийнэ.
Монголын утга зохиолд эшлэлийн соёл буюу эх сурвалжийн жагсаалтыг бүтээлдээ хавсаргах хэм хэмжээ анх 1954 онд Зөвлөлтөд хэвлэгдсэн “История Монгольской народной республики” номын орчуулга “Бүгд найрамдах Монгол ард улсын түүх” - д давтагдсан юм. Зөвлөлтийн үзэл сурталжсан нийгэм ба түүний хуулбар БНМАУ-д шинжлэх ухааны бүтээлийн эшлэл жагсаалт их сонин дараалалтай. Үйл явдлын дараалал, эсвэл цагаан толгойн дарааллыг ойшоодоггүй. Эхлээд марксизм-ленинизмын сонгодгуудын эшлэл гэгчийг тэргүүнд тавина. Энэ нь халиад оюутныхаас эхлээд докторын зэрэг хамгаалах ажлын эшлэл ч ямар сэдвээс үл хамааран ингэж дараална. Хими, физик биологийн оюутны дипломын ажлын эшлэл юун түрүүн энэ талаар намын сүүлчийн их бүгд хуралд юу гэж заасан, намын программд ямар чиглэл өгсөн, Цэдэнбал дарга эдгээр шинжлэх ухааны салбарыг сайшаасан талаар заавал дурдсанаар эхлээд, дараа нь шинжлэх ухаан руугаа орох жишээтэй.
Түүх цаг хугацааны хувьд холдож байж бодит болдог. Холоос бичигдсэн бүтээл л хөндлөнгийн нүдээр харагдана. Зохиогч үйл явдлын дотор байсан бол бүтээл нь их бодож дурсамж болох ба тэр нь хожмийн түүх бүтээгчийн хувьд эшлэл болдог. Түүхийн шинжлэх ухаан сэдэв, хамрах хүрээ, цаг үе зэргээсээ хамаарч маш олон салбар ангид хуваагдана. Энэ бүхнийг нэгтгэн холбож логик дүн шинжилгээ хийсэн бүтээлийг Түүх бичлэг гэнэ.
Миний бичсэн 1996 оны “ХХ зууны Монгол: Нүүдэл суудал” бүтээл 500 орчим хуудастай, 450 орчим эх сурвалжийн эшлэлтэй бол, 2024 онд хэвлэгдсэн уг номын 6-р хэвлэл 4 боть, нийт 1500 орчим хуудастай, 2300 орчим эх сурвалжийн эшлэлтэй. Энэ бүтээлийг туурьвихад нийт 40 орчим жил зарцуулжээ. Энэ хугацаанд ойролцоогоор 20 мянга орчим эх сурвалж болох ном, хэвлэл, сонин, нийтлэл, дурсамж, боршуур, албан тайлан, хурлын илтгэл, тоо бүртгэл, статистик зэрэг материал шүүрдсэн ч энэ бүхнээс түүж эшилсэн нь ердөө 10 хувь нь.
Би эшилж буй зүйлээ чухам хаанаас олж бүтээлдээ ашигласан болохоо заавал тусгадаг, энэ нь ч шударга хэрэг. Монголын түүх номд НАХЯ-ы архив эхэлж үзсэн сэтгүүлч, сонихогч нарын сонин хэвлэлд хэвлүүлсэн архивын материалыг анхлан илрүүлж цаасанд буулгасан хүний нэр, хэвлэсэн сонин сэтгүүлийн огноо дугаартайгаа байгаа. Мөрөөр нь ороод уг архивын эхтэй танилцах боломж байсан ч, юутай ч анхдагч нь биш учир ичгэвэртэй хэрэг болно. Гэхдээ сэтгүүлч, сонирхогч уг материалыг хаанаас олж авсныг дөрвөлжин хаалтан дотор тусгаж өгсөн. Зарим эшлэл нотолгоогүй, логик муутай, дам шинжтэй ч гарцаагүй хавсрах шаардлагатай бол “гэх”, “гэнэлээ”, "гэдэг", “үгүйсгэх аргаггүй” “магадгүй”, “магадлалтай” гэж өгүүлбэрийг хаадаг.
Бүтээл туурьвихад гайгүй гадарлах англи, орос хэлээрх эх сурвалж ихээр ашигласнаас гадна, хятад, япон, манж, түрэг зэрэг өөрөө мэдэхгүй хэлээрх материалыг олж ашиглалаа. Үүнийг хэлийг нь мэддэг хүмүүсээс тусламж авснаас гадна, интэрнэтийг өргөн ашигласан. Монголын түүх гадны есөн хэлээр орчуулагдаад буйн ихэнх нь их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагаас эрхлэн хэвэлсэн нь чухам итгэл үнэмшилтэй эшлэлд тулгуурласны ач гэж боддог.
Монголчуудын түүхийг цогц бичихийн тулд монголын өндөрлөгт нэн эртнээс амьдарч байсан нүүдэлчдийн, Чингисийн үеийн байлдан дагуулалтын тухай дорвитой судалгаа хийхээс гадна, ялангуяа нэн шинэ түүхтэй холбогдуулан монголчууд дэндүү хамааралтай явж ирсэн Орос, Хятад, Японы болон Европын түүхийг судалж байж бүрэн зураг тодроно. Түүнээс гадна археологи, генетик, хэлзүйн сүүлийн үеийн нээлт бүтээлтэй танилцаж байж монгол болон алтай язгууртны нүүдэл, суурьшил, удам угшлийн холбоо, гарал үүслийг тодруулах шаардлагатай.
Миний бүтээл герман хэлнээ Ein Land zwischen zwei Giganten нэрээр хаана нь тодорхойгүй газар хэвлэгдсэн, харин зохиогч нь Юүрг Шлагэтэр нэртэй байлаа. Номыг чинь англи хэлнээс үг үсэггүй германаар орчуулаад өөрийнхөө нэрийг тавьчихсан шевйцарийн нэгэн шүдний эмч хүний тухай герман найз нар минь надад хов хүргэж, уг ном интэрнэтэд 70 еврогоор зарагдаж байна гэлээ. Би заргалдах нь байтугай маш их баярласан. Юутай ч хулгайд алдахуйц бүтээл хийсэн байна шүү дээ. Тэр хүнтэй тааралдвал баярлалаа гэж хэлэх юмсан, нээрэн шүү!
2026.03.30
[1] Krader, Lawrence. The Asiatic Mode of Production: Sources, Development and Critique in the Writings of Karl Marx (Niederland 1975)
[2] Маркс, К., Энгельс, Ф. Соченение т.9 (Москва 1975) стр 228-229. [Marx, K., Engels, F. Collection vol.9 (Moscow 1975)] pp. 228-229
[3]Marx, Karl The Future Results of British Rule in India (New York Daily Tribune, 8 august 1853)

