Өнгөрөгч өдрүүдэд болсон иргэдийн жагсаал эрх баригч намд томоохон цочроо өглөө. Эхэндээ “Нүүрсний хулгайчтай хийсэн тэмцлээс болж хулгайчид босч байна” гэх мэтээр үл ойшоох хандлагатай байсан МАН-ын удирдлагууд жагсагчид Төрийн ордон луу дайрч, Их тэнгэрийн тусгай хамгаалалттай бүсэд нэвтрэхээр оролдсоны дараа түргэн авч, эвлэрэл зөвшилцлийн замыг хайж эхлэв. МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд яаравчлан хуралдаж, намын дарга Л.Оюун-Эрдэнэ жагсагчдын шаардлагыг нэн даруй хүлээн авч яаралтай хариу өгөхөөр амлав.

Мөн өчигдөр Төрийн ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн цочир мэдэгдлийг хийв. Тэр нь “Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдад УИХ-ыг тараах эрх мэдэл хэрэгтэй” гэж хэлсэн явдал. Ерөнхий сайдын энэ үгийг олон хүн олон талаас нь шүүж байна. Зарим нь “Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын 62 суудал нэг намынх байхад өөр ямар эрх мэдэл хэрэгтэй вэ?” гэдэг асуулт тавьж байгаа бол нөгөө хэсэг нь “Ийм нөхцөлд орсон УИХ тарах нь зүйтэй. МАН засаглаж чадахгүй байна” гэж хэлж байна. Ямартай ч МАН-аас өнгөрсөн хавар гаргаж тавьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зайлшгүй хийх бодит шаардлага ийн бий болов.

Сануулахад, эрх баригч намын дарга “Нүүрсний хулгай”-г гэгчийг илрүүлж, хатуу тэмцэл хийхээ зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл 40 их наяд төгрөгийн орлогоо “хулгайд алдсан” гэдэг тойм төдий тооноос өөр юу ч алга. Сүүл рүүгээ хулгайчдын нэрийг зарлахгүй байгаа шалтгааныг “УИХ-ын гишүүдийн 50 хувь нь (40 орчим гишүүн) нүүрсний бизнест хутгалдсан” гэдэг мэдээлэл дагалдах болов. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга “Манай бүлгээс нүүрсний хулгайд оролцсон нэг ч гишүүн байхгүй” гэж мэдэгдсэн боловч энэ мэдээлэл ч гэсэн баталгаатай бус. Учир нь парламентын суудлын 85 хувийг МАН дангаараа бүрдүүлж байгаа. “Сөрөг хүчний” гэгдэж байгаа 14 гишүүнийг хасаад хасаад цаана нь дахиад 25 хүний нэр сох дутаж байна аа гэсэн үг. Ийм тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн арван гартай, хорин амтай байгаад ч хууль, шүүхийн систем нь ажиллахгүй. Ажиллахгүй байгаа учраас өнөөдөр иргэд өвлийн хүйтэнд талбай дээр нүцгэлж, төрийн ордон луугаа дайрч байгаа юм. Ажиллахгүй байгаа учраас магадгүй Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ыг тараах эрх мэдэл Ерөнхий сайдад хэрэгтэй” гэж хэлсэн байх.

Хоёрдугаарт гэвэл, нүүрсний хулгайн асуудал босч ирэхээс бүр өмнө эрх баригч нам “тогтолцооны шинэчлэл” буюу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амласан. Өөрчлөлтийн гол амин сүнс нь Ерөнхий сайд нь бодлогоо гаргадаг, хариуцлагаа үүрдэг, парламент нь түүнийг хууль эрх зүйгээр хангадаг сонгодог парламентын засаглалыг бий болгох явдал. Одоогийнх шиг 76 толгойтой “МАНГАС” тэжээхээ больё оо л гэсэн үг. Үүний тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн системийг оруулж ирье, парламентад олон намын төлөөллийг бий болгоё гэж байгаа. Өнөөдөр бий болоод байгаа энэ нөхцөл байдал ч гэсэн нэг намд хэт их эрх мэдэл төвлөрсөн, парламент нь ямар ч хяналтгүй болсноос үүдэлтэй. Үүнээс болоод жишээ нь, Ч.Ундрам гэдэг гишүүн өнөөдөр телевизийн эфирээр “Би ёс зүйн ямар гаргасан юм. Би ямар хүн алчихаа юу?” гээд хэрэлдээд сууж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын олон гишүүн ёс зүйн асуудлаар албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Харин УИХ-ын гишүүдтэй ийм зүйл ярих боломж байдаггүй. Цаана нь тэр хүнийг сонгосон тойргийн сонгогчдын эрх ашиг байдаг гэх шалтгаанаар эргүүлэн татаж чаддаггүй. Эргүүлэн татлаа ч нам нэг суудлаа алдана гэж айдаг.

Харин пропорциоаль сонгуулийн тухайд өөр. Хэрвээ сонгогдсон гишүүн ёс зүйн алдаа гаргавал, гэмт хэрэгт холбогдвол нэр дэвшүүлсэн нам нь өөрөө уг хүнийг эргүүлэн татаад жагсаалтын ард бичигдсэн нэр дэвшигчийг тангараг өргүүлээд явдаг. УИХ-д нэр дэвшүүлж байгаа гишүүдийнхээ төлөө нам нь хариуцлага хүлээдэг гэсэн үг. Ингэж байж намын бодлого явдаг. Харин тойргийн сонгуулийн хувьд тийм боломж байхгүй. Тухайн тойргийн сонгогчидтой хэн илүү ажиллана (товчхон хэлбэл хэн илүү мөнгө тарааж, амлалт өгсөн нь), тэр ялалт байгуулж, УИХ-д орж ирдэг. Сонгуульд зарцуулсан тэр их мөнгөө нөхөхийн тулд авлигад холбогддог, тендер “хусдаг”, төрийн өмчийн компаниудаар дамжуулж хулгай хийдэг. Ийм учраас эрх барьж байгаа намын бодлого, зорилт, хөтөлбөр шалан дээр унаж, авилга нэхсэн 76 мангасыг тэжээх ажилтай болдог. Төсөв нь ч ингэж хийгддэг. Жилээс жилд улсын төсөв томроод, алдагдал нь нэмэгдээд, өрийн тааз зузаараад байдгийн шалтгаан нь энэ.

Тийм учраас “нүүрсний хулгай” нэг хэрэг, хуулийнхны хийх ажил. Харин тогтолцоогоо сайжруулахгүй бол хууль, шүүхийн систем нь хүртэл ажиллахаа больчихлоо. Түүнээс болоод өнөөдөр Монгол Улс дэлхийн шившиг болж байна. Угаасаа ядуу эдийн засагтай, хөгжил буурай орныг тэжээдэг ганц зүйл нь уул уурхайн баялаг, тэрэн дундаа нүүрс. Гэтэл нүүрсээ зарсан мөнгөнөөс нь парламентын гишүүд нь хулгайлсан, үүнээс нь болоод иргэд нь гудамжиндаа гарч, парламентийн ордон луугаа дайрсан явдал дэлхийн чихийг дэлдийлгэж байна. Аргаа барьсан худалдан авагч нь “Шаардлагатай гэвэл бид тусламж үзүүлэх, мэдээллээр хангахад бэлэн” гэж дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлачихлаа. Дордлоо дордлоо гэхэд үүнээс илүү дордоно гэж хаа байх вэ.

Тиймээс эрх баригч нам энэ “мухар гудамжаас” гаръя гэвэл УИХ-аа тараах хэрэгтэй, үүний тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Хэрэв тэгж чадахгүй гэвэл 2008 оны долдугаар сарын 1-нийх шиг эмгэнэлт дүр зураг дахин давтагдаж мэдэхээр болсныг энэ удаагийн жагсаал цуглаан тов тодорхой харууллаа.

inews.mn