Ерөнхийлөгчийн “чат-шоу”-ны зорилго нь юу байв
Манай Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ.
Манай Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ. Агуулга нь хоёр орны эдийн засгийн харилцаа,өөрийн орны эдийн засгийн аюулгүй байдал, гадаад худалдааны шинэ боломжийн талаар бараг л “шаардлага” хүргүүлчихэж. Гэхдээ Америк бол Монгол Улсын ЕрөнхийлөгчийнТамгын газрын даргаас нь хүртэл “айх” ёстой Монгол биш шүү дээ. Мөн Тамгын газрын даргынх нь мэдээлж байсан “оффшорчдоо илрүүлэх гэсэн юм, туслаач” гэсэн санааг уг захианаас “олсонгүй”. Арай Тамгын газрын дарга маань биднийгээ “айлгаж тоглосон” баймааргүй. Тиймээс хураангуй захидлын дэлгэрэнгүй дотор нууцалжээ гэж таамаглая. Монголын Ерөнхийлөгч АНУ-ын Төрийн тэргүүнд илгээсэн захидлууд дипломат ёс зүйг эрхэмлэсэн төдийгүй голдуу Ерөнхийлөгчөөр томилогдсонд нь баяр хүргэсэн, эсвэл нутаг оронд нь тохиосон уй гашууг хуваалцсан эмгэнэлийн захидал зонхилдог байж.
Харин энэ удаагийн захидал арай өөр. Тухайлбал Монголыг “ардчиллын баянбүрд”, “ардчиллын үлгэр мэтээр хөөргөх нь эдийн засагт дорвитой нэмэр болохгүй байна” гэж “шүүмжлэх”, хамгийн ноцтой нь “Үүний улмаас Монголын энгийн ард иргэд ардчилалд итгэх итгэл алдарч, бидний сонгосон сонголтод эргэлзэж эхлэхэд хүргэж байна” гэсэн нь УИХ-ын сонгуулиар АН-ын олонх болж чадаагүйг хэлээд байна уу. Эсвэл АНУ-г буруутгаад байгаа юм болов уу. Ер нь “манай иргэд ардчилалд итгэхээ больсон” гэж АНУ-ын Ерөнхийлөгчид “ховлоод” юу өөрчлөгдөнө гэж? Дипломат ёсонд хэр нийцтэй захиа вэ?
Ерөнхийлөгч маань саяхан ноолуурын үйлдвэрүүдээр зочилж зовлон бэрхшээлийг нь “тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авсанаа” АНУ-ын Ерөнхийлөгчид бичсэн захидалдаа “тусгачихсан” байх юм. Торгон нарийн мэдрэмж гэх үү, эсвэл ичих үү. Ингээд энэ үеэр бодлогын чанартай зарим амлалтыг өгснөө үтэр түргэн биелүүлж буйгаа харуулж “Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд руу татваргүй оруулах “горимын санал”-ыг захиандаа оруулжээ. Мөн “энэ боломжийг бидэнд олговол монгол эмэгтэйчүүдийн ажилгүйдлийг бууруулахад чухал ач холбогдолтой байх юм” гэжээ. Уучлаарай, ноён Ерөнхийлөгч өө! Энэ бол Монголын дотоод асуудал. УИХ, Засгийн газарт л хэлэх үг биш гэж үү.
Түүнчлэн “өнөөдрийг хүртэл хоёр орны эдийн засгийн харилцаа хангалтгүй түвшинд байж ирсэнд эрс өөрчлөлт гаргаж, хөгжлийн санхүүжилтийн шинэлэг арга замуудыг ашиглан Монгол Улсыг эдийн засгийн аюулгүй байдлаа бэхжүүлэхэд Таныг тусалж чадна гэж найдаж байна” гэжээ. Хэний хийх ажил, хэний төлөө асуудлыг хэнээс нэхээд, тусламж гуйгаад байна аа! Эцэст нь тэрбээр “Америкийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахад, улс төрийн тогтвортой байдлыг эдийн засгийн өсөлтөөр хангахад манай улсад дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна” гэжээ. Д.Трампын хувьд ч, Америкийн компаниудын хувьд ч энэ бол хувийн хэвшлийнхний цэвэр сонголтын асуудал гэсэн байр суурьтай байх болов уу. Харин үүний оронд бид гадаадын хөрөнгө оруулагчдад ийм боломжийг санал болгож байна гэсэн бол өөр хэрэг. Нэг иймэрхүү захидал Цагаан ордонд очжээ. Хураангуйгаас нь төрсөн “үзэгдлүүд”-ийг дурдлаа. Дэлгэрэнгүй захидалд юу “цохиж” явсныг таашгүй. Ер нь манай Ерөнхийлөгч захидалд хоббитой хүн л дээ. Өөрийн оронд бол Ерөнхийлөгчдөө, Ерөнхий сайддаа, цаашилбал өнгөрсөн намар Владивостокт Дорнын эдийн засгийн форум оролцох үеэрээ В.Путин, Ш.Абэ нартай хамтран ирээдүйн оюутнуудад хүртэл захиа бичиж бортгонд хуйлан Алс Дорнодын холбооны их сургуулийн оюутнуудын төлөөлөлд гардуулж байв. Өөрт нь ч захиа их ирнэ. Далай ламаас эхлээд интерполоор хайхад хүрч зугтсан экс партнёр нь, С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял авсан хоригдол Б.Содномдаржаагаас гэхчлэн, цаашид улам нэмэгдэх биз. Товчхондоо захиа гэдэг харилцааны нандин хэлбэрт ихээхэн ач холбогдол өгдөг онцлогтой гэх үү дээ.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп манай Ерөнхийлөгчид ямар хариу өгсийг сонирхоё. Монголын Ерөнхийлөгчид бичсэн хариу захидалдаа тэрбээр “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдагаа дурдаад “хоёр орны эдийн засгийн харилцаа бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна” гэдэг дээр санал нэг байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ “худалдаа, хөрөнгө оруулалтаа шударга, харилцан ашигтай хэлбэрээр өргөжүүлэх арга замыг хамтдаа эрэлхийлнэ шүү дээ” гэсэн санааг ойлгомжтой бичсэн байна. Тийм ээ, хоёр орны Ерөнхийлөгчийн “нөлөө” үүнээс өөрөөр илрэх боломжтой гэж үү. Мөн Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ гэдгээр “тайтгаруулж” захидлынхаа төгсгөлд “Вашингтон хотноо тохиромжтой цагт хүлээн авахдаа таатай байх болно” гэжээ. Захидлын хариуны шинэ мэдээ нь энэ л байлаа. Магадгүй Ерөнхийлөгч Х.Баттулгын “дэггүй” захианы “үр дүн” энэ ч байсан юм билүү. Ерөнхийлөгч Д.Трампын захиа тэгтлээ анхаарал татсангүй. Харин манай Ерөнхийлөгчийн захидал албан өнгө аяс, агуулгын учир шалтгаан нэг л “бай”-гаа оносонгүй, жирийн иргэд бидний “чат” шиг, бас хүний нутгийн удирдагчаас хөгжлийн саадаа давах тусламж, ардчиллын замд таарсан бэрхшээлээ дурдах нь “шоуны” шинжтэй байсныг нуугаад яахав.