-зөвлөлгөө-фельетон-

Бодсоноосоо өөрийг ярьж, ярьснаасаа өөрийг хийхийг улс төр гэнэ. Харин хийж мэдэшгүй юмандаа бусдыг итгүүлдэг, хожим яагаад амжаагүйгээ ойлгуулж чаддаг хүнийг улстөрч гэдэг. Улс төр, улстөрч хоёр урвуу пропорциональ харьцаатай байдгийг судлаачид тогтоожээ. Тухайлбал, хаана улс төрийн байдал муу байна тэнд улстөрчид тоймгүй олширдог, заримдаа олширсоор байгаад улс төрөө идчихдэг явдал бий гэлцэнэ.

Харин улс төр сайжрахын хэрээр улстөрчид цөөрч улмаар арилдаг. Манай орны хувьд нэг хүнд ердөө хоёрхон улстөрч ногдож байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад туйлын хангалтгүй үзүүлэлт юм гэж улс төр судлаачид үзэж байна.

Иймд сул иргэдийг улстөржүүлэх ажлыг вакцинжуулалттай хавсран зохион байгуулах, түүнчлэн сүүлийн үед мэр сэр үзэгдэх болсон хошой үзэлт болон нам дамнасан (транспартийный) улстөрчдийг олшруулах шаардлага гарч байна. Хүн болгоныг эмч болгож болдоггүй байтал хүн бүрийг улстөрч болгож болдог.

Өдгөө хараахан улстөрч болж амжаагүй яваа “үндэсний цөөнх”-д зориулж цөөн хэдэн зүйл зөвлөе.Улстөрч болохын тулд эхлээд сонгуульд өрсөлддөг. Олон түмэн чамайг сонгодоггүй, чи олон түмнээр өөрийгөө сонгуулдаг гэдгийг эхлээд мэдсэн байгууштай.

Хоёрдугаарт, сонгогчид нэр дэвшигчдийн амлалтыг сонгохоос бус биелэлтийг сонгох бололцоогүй. Гэхдээ сонгогчдын өмнө хүн хийж болох зүйл амлаж огт болдоггүй. Тэд хүн учраас хүн юуг хийж болох болохгүйг сайн мэднэ.

Иймээс нар дэвшигчийн амлалт “Энийг л би яавч хийж чадахгүй дээ” гэсэн зүйлээс эхлэх ёстой. Ингээд л өрсөлдөнө дөө. Сонгуульд ялах үндсэн нөхцөл нь чиний сайн тал бус өрсөлдөгчийн чинь муу тал байдаг. Хэрвээ сонгогдохгүй бол гуних хэрэггүй. Хүмүүс чиний юу хийж чадахгүйг мэдэхгүй өнгөрөх тул сайн талтай.

Харин ийм үед “Ингээд болгочих байсан юм”, “Тэгдэг учиртай юмыг ингэж буруутлаа” гэх мэтээр байнга ярьж сонгогчид “Энэ хүнийг сонгох минь яалаа” хэмээн толгойгоо шаахад хүргэх учиртай. Харин сонгогдвол яах вэ? Алдаа гаргаж болохгүй. Алдаа гаргахгүйн тулд юу ч хийхгүй байх учиртай. “Энэ тэгсэн” гэж муулуулж байснаас бус “энэ тэгсэнгүй” гэж шүүмжлүүлсэн явдал тохиолдоогүй юм шүү.

Онцолж хэлэхэд нэг ч сонгогчид тус хүргэж болдоггүй юм. Хэрэв тэгвэл үлдсэн бусад нь чамайг хардаад сүйд хийнэ. Эмэгтэй сонгогчтой эр эмийн холбоотой, эрийг эмлэдэг гэх мэт нэр дуулах нь наад захын хэрэг. Манай сонгогчид хэн нэгэнд нь тусалдаг улстөрчөөс хэнд нь ч тусалдаггүй тэгш гадуурхдагийг нь сайнд тооцдог онцлогтой.

Үүнээс үүдээд тус болдог улстөрчөөс илүү тус болчихмоор сэтгэгдэл төрүүлдэг улстөрч хол явдаг. Сонгуулийн хугацаанд хийх гол ажил бол яагаад амласнаа хэрэгжүүлээгүйг тайлбарлах, өөр ямар чадахгүй юмаа амлах вэ? гэдгийгээ бодох хугацаа байдаг. Ингээд танд амжилт хүсье. Дараагийн сонгуулиар нэр дэвшигчийн тоо сонгогчийнхоосоо давахгүй юмаа гэхэд тэнцэх улс төрийн ерөөл тавья.

1993