Г.Занданшатарын Засгийн газар ирэх оны улсын нэгдсэн төсвийн тухай тухай хуулийн төслийг энэ сарын 1-ний өдөр УИХ-д өргөн барьсан. Харин өчигдөр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Төсвийн тухай хуулиа олон нийтэд тайлбарлаж холбогдох мэдээллийг өгсөн юм.

Ирэх оны төсвийг бүхэлд нь “татварын ачаалал, төрийн оролцоог багасгасан, иргэдийн оролцоонд тулгуурласан, хүн төвтэй төсөв гэсэн үндсэн шинэчлэлүүдийг агуулсан онцлогтой “Иргэдийн төсөв” гэж нэрлэж буй аж. Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ “Төрийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж байдаг” гэсэн юм. Төсвийн тухай хуулийг боловсруулах явцдаа түүхэндээ анх удаа иргэдийн санал, санаачилгыг тусгаж, үүнд нийт 201.100 иргэн оролцож, мөн Засгийн газрын гишүүд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, ОБЕГ, боловсрол, эрүүл мэндийн салбарын зарим байгууллагын тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцсан.

Үүний дүнд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг өнгөрсөн онд 238.1 тэрбум төгрөг байсныг 1.3 их наяд төгрөг болгож 5.5 дахин нэмэгдүүллээ. Мөн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ 513.3 тэрбум төгрөг байсныг 1 их наяд төгрөгт хүргэж хоёр дахин нэмсэн төсөв өргөн барьжээ.

Татварын дарамтыг ниргэх тактик нь юу байв


Татварын дарамтыг 3-4 их наяд төгрөгөөр бууруулна гэсэн. Энэ бол “алга ташуулсан” гоё мэдээ яах аргагүй мөн. Харин хэнээс, яаж гэдэг нь хамгийн их анхаарал татаж, тодорхой задаргаа хүсэж буй юм. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар “Татварын ачаалал  бууруулахтай холбоотой том тооны эхний 800 орчим тэрбум төгрөг нь ирэх онд орж ирнэ. Нийгмийн даатгалын шимтгэл, татварын шинэчлэлүүд нэг удаагийн төсөв дээр багтаах боломжгүй учраас ирэх онуудад буюу 2028 он хүртэл үе шаттай авах арга хэмжээ юм” гэж тайлбарлалаа.

Алдагдалгүй төсөв гэдэг бол сонголт

Алдагдалгүй төсөв батлах уу, алдагдалтай батлаад, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн хувийн хэвшлээ дэмжээд эдийн засгаа өсгөх үү? Энэ удаад Засгийн газар төсвөө танаад, эдийн засгийн өсөлтөө хадгалах сонголтыг хийж байгаа юм. Ингэснээр ирэх оны төсвийн 1.3 их наядын алдагдал нь гадаад зээл тусламжийн 1.5 их наядын дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зориулагдах замаар хувийн хэвшлийг, эдийн засгийн өсөлтийг дэмжих юм. Мэдээж алдагдалгүй төсөв баталж болно. Тэр тохиолдолд гадаад зээл тусламж, дэд бүтцийг санхүүжүүлж буй хөрөнгө оруулалтуудаа зогсооно. Ингэснээр хувийн секторууд дэмжлэггүй, эдийн засаг өсөлтгүй болно. Төсвийн орлогоороо цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх халамжийг бүрэн санхүүжүүлээд, цаана нь хоёр хувийн ашигтай байх бүрэн боломжтой байна.

Тэгвэл өнгөрсөн онд яагаад алдагдалгүй төсөв баталж “алга ташуулаад” байв? Тэр үед гадаад нөхцөл байдал таатай, олон улсын бүх байгууллагын таамаглалууд ч өөдрөг байсан. Төсөв батлах явцад гадаад, дотоод нөхцөл байдал нэлээд муудсан, тооцоолол, төсвүүд хаана хаанаа өөрчлөгдөж эхэлсэн. Энэ нөхцөлд гол асуудал нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг өсгөж болохгүй. Төсвийн алдагдал, төлбөрийн тэнцэл хоёр давхацвал гүн хямрал руу орно. Тиймээс өнгөрсөн жил төсвөө алдагдалгүй батлах сонголтыг хийсэн нь тэр.

Ерөнхий сайдын дуулгасан хоёр сайн мэдээ

Өнгөрсөн хугацаанд төсвийн тодотголоо баталсан. Орлогоо 3.3 их наяд, зарлагаа 2.2 их наяд төгрөгөөр бууруулж чадлаа. Fitch Raitings манай улсын зээлжих зэрэглэлийг “B+/тогтвортой/“ түвшинд үлдээлээ. Энэ бол 12 жил алдчихаад, өнгөрсөн онд дахин олж авсан үнэлгээ бөгөөд энэ нь гадаад орчны нөлөөлөлд эмзэг байгаа хэдий ч тогтвортой эдийн засгийн өсөлтийн төлөв, Монголын Засгийн газрын өр тогтмол буурч буйтай холбоотой гэдгийг ч олон улсын үнэлгээний тус байгууллага онцолжээ. Дээрх мэдээг Ерөнхий сайд Г.Занданшатар баяртайгаар дуулгасан бөгөөд түүний мэдээлсэн хоёр дахь сайн мэдээ нь Монгол Улсаар дамжуулах хийн хоолойн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр ОХУ-ын “Газпром”, БНХАУ-ын CNPC компаниуд санамж бичигт гарын үсэг зурсан явдал аж. Энэ бол зуун жил байтугай мянган жилд тохиох том төсөл бөгөөд төсөл хэрэгжсэнээр 30 жилийн хугацаанд 50 тэрбум шоо метр хийг Оросоос Монголын нутагаар дамжуулах боломжтой талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Ингэснээр “Сибирийн хүч” хоолойгоор нийлүүлэх хийн хэмжээг жилд 38 тэрбум шоо метрээс 44 тэрбум шоо метр болгон нэмэгдүүлэхээр ОХУ, БНХАУ-ын талууд тохиролцжээ.

Төсвийн орлого өнгөрсөн оны төсөвт 35.1 их наяд байсан бол ирэх оны төсөвт 32.1 их наяд төгрөг болж гурван их наяд төгрөгөөр буурсан. Хэмнэлтийн төсөв гэж нэрлэж буйн шалтгаан болоод буй төрийн албаны 230.9 мянган ажилтныг цөөлж 218 мянган ажилтантай болж байна. Төрийн өмчит компанийн тоо 109 байсныг 87 болгож, нэгтгэх, татан буулгах бүтэц, орон тоо, цалин хөлсийг оновчтой болгох замаар шийдвэрлэх юм.

Хувийн хэвшлийг дэмжих дэд бүтэц, хөрөнгө оруулалтын нэг том жишээ нь эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт 3.9 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж байгаа явдал юм. Ингэснээр эрчим хүчний үйлдвэрлэлийг 3515 МВт-аар нэмэгдүүлнэ. Үүний эдийн засгийн нөлөөлөл чамлахааргүй гэдэг нь ойлгомжтой.

Төгсгөлд нь хэлэхэд уул уурхайн салбарын төсөв дэх нөлөөлөл улам “хүчирхэгжсээр” байна. Энэ нь “Голланд өвчин”-ийг үүсгэх эрсдэл ойрхон байна гэсэн дохио. Тэгвэл дээрх эрсдлийг бууруулах, эсэргүүцэх “ерөндөг” нь юу байх вэ? Ерөнхий сайдын тайлбарласнаар уул уурхайгаас бусад салбар, ялангуяа махны экспорт, ноос ноолуурын экспортыг дэмжих, хөдөө аж ахуйн салбарт хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж өсөлт авчрах чиглэлд голлон анхаарч байна гэсэн юм.
Ийнхүү гурван намаас бүрдсэн Засгийн газрын мөчлөг сөрсөн төсөв УИХ-ын босгоор давлаа. Энэ цаг үед ДНБ 24 хувь дотор урсгал зардлыг барина гэдэг амаргүй. Тиймээс “бүсээ чангалж” дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн төсөв болж чадлаа гэж тодорхойлж байна.