ЕРӨНХИЙ САЙД АА! С.АМАРСАЙХАН ОГЦРОХ УУ, П.БАТАА АЖЛАА ӨГӨХ ҮҮ?
Хамар дор чинь хулгай хийсэн, хариуцлага алдсан дарга нарт "сэлмээ үзүүлнэ" үү!
НЗДТГ, Төрийн тусгай хамгаалалтын газартай хамтран Сүхбаатарын талбай дээрх иргэдээ хамгаалах нэрийдлээр 152 сая төгрөгийн үнэ бүхий 396 ширхэг шоо дөрвөлжин шахахаар болсон ч олон нийтийн мэдээллийн сүлжээнийхний шүүмжлэлээр “хамгаалалт ажиллагаа” нурав.
Иргэдийн шүүмжлэлийн дагуу Хотын дарга С.Амарсайхан талбай дээр гарч ирээд, “Төрийн тусгай хамгаалалтын газрынхан надад мэдэгдэлгүйгээр өнгө үзэмжгүй чулуу байршуулсан” гэж мэдэгдэл хийсэн боловч эхлээд баримтаар, дараа нь амьд гэрчийн үгээр энэ тухай сайн мэдэж байсан, голлох шийдвэр гаргасан нь нотлогдлоо. Хамгийн эхний ил болсон нэр нь “Боржин суварга” ХХК. Резинэн болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хуванцар сав үйлдвэрлэх, худалдах, тавилгын худалдаа, гадаад худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Захирал нь Очирбатын Батнаран. Жамбалдоржийн Түвшинжаргал гэдэг хүнтэй хамтарч тус компанийг эзэмшдэг.
Мөн “Грийн эко тур”, “Танко”, “Ти эл моторс”, “Интер катеринг”, “Клаймаскс Интернэшнл”, “Омни гоулд”, “Омни шиппинг”, “Монгол нью пластик”, “Эм Си Жэй Эс” зэрэг компаниудыг эзэмшдэгээр улсын бүртгэлд бүртгэгджээ. Харин Жамбалдоржийн Түвшинжаргал нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Боловсрол өргөө улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга, өөрөөр хэлбэл төсвийн захиран зарцуулагч нь. Мөн “Твинбридж” ХХК-ийн захирал. Сонирхолтой нь Жамбалын Түвшинжаргал гэж бас бий. Гэтэл Түвшинжаргал нь Монголын чулуун сийлбэрч барималчдын холбоо руу ч хөтөлж байх шиг.
Ямартай ч саяхан л автомашины татварыг нэмэхгүй бол хот мөнгөгүй болчихсон гээд “уйлагнаад” байсан Нийслэлийн удирдлагууд тендергүйгээр чулуу шахаж 152 сая төгрөгийг шууд шилжүүлээд эхний ээлжийн 162 чулууг байршуулсны дараа долоо ч хонолгүй буцаан татлаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг гэвэл 500 орчим айлын сарын төсөв болж болохуйц хөрөнгөөр дургиж захиалсан чулуу одоо хаа нэгтээ аж ахуйн хашаанд хэвтэж байгаа.
Үүнтэй холбогдсон дараагийн албан тушаалтан нь Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа болж таарав. Төрийн ордонд УИХ-ын гишүүн нас барчихаад байхад ямар ч хариуцлага хүлээгээгүй. Зам тээврийн яамны ажилчид нэгнээ алж байхад бас л хариуцлага хүлээгээгүй. Төрийн ордонд хутгатай этгээд нэвтэрч УИХ-ын даргын үүдэнд оччихоод байхад мөн л хариуцлага хүлээгээгүй. Ажлаас чөлөөлөгдөхийг шаардахад өргөдлийг нь ураад хаяж байсан гэх энэ дарга хэрэв Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа алуулчихсан бол бас л мэлтийгээд зогсож байхаар Ерөнхий сайдын дэргэд “дархлаа” сайтай хүн. Цагтаа Их тэнгэр цогцолборт зөөгчөөр ажиллаж байсан гэх энэ даргын хурандаа цолонд хүрсэн “түүх” хүртэл тун бүрхэг. Ямар ч байсан 2007 оны долдугаар сард тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцын тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга болсон байдаг юм. Харин одоо хотын даргатайгаа нийлж төсвийн мөнгө үргүй зарж, булшны чулууны шахаа хийх хүртлээ төр доторх бизнесийн ухаанд суралцаж буй бололтой.
Цаанаа л явуургүй бизнес эрхлэх гэж олон нийтэд “баригдаад”, бантахдаа “Би мэдээгүй” гэж бухаад, тэгснээ хамтрагч болох “Боржгон суварга” ХХК-ийн захирлын яриагаар илчлэгдээд, дахин зардал гаргаж “үнэт чулуун хамгаалалт”-аа хашаанд аваачиж хаясан Хотын даргадаа Ерөнхий сайд нь хэзээ хариуцлага тооцож сэлмээ эргүүлэх вэ? Хариуцсан төрийн тусгай объектод нь нэг бус удаагийн онц ноцтой зөрчил дутагдал илэрчихээд байхад Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаа хэзээ солих вэ, Ерөнхий сайд аа? Хотын даргын буруу бол хотын даргаа огцруулаад, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын буруу бол тэр хүндээ хариуцлага тооцоод явбал таны яриад байгаа “шудрага ёс” амархан тогтоно доо, Ерөнхий сайд аа!