“Эрдэнэт” үйлдвэрт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаярын “Тэнгэр суудал” компани 2014 онд хийсэн “шахаа”-ны талаар өмнө нь твийтрт жиргэсэн билээ. Энэ удаа 2016 оны зургадугаар сарын 27-ны өдөр У.Давхарбаярын “Тэнгэр суудал” ХХК нь 712 мянган ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн баримт гарч ирлээ. Гэрээнд “Тэнгэр суудал” ХХК-ийн захирал Б.Сүхболд, Эрдэнэт үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн болон Б.Шинэбаатар, Б.Болдбаатар нар 2016 оны долдугаар сарын 25-нд гарын үсэг зурсан, холбогдох дансны дугаараар хуулийн байгууллага шалгаж үзвэл бодит үйл явдал мөн. Энэхүү 2016 оны зургадугаар сарын 27-ны өдөр бол УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголын талд ирснийг тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баяр ёслолын байдалтайгаар мэдэгдсэн өдөр гэдгээрээ онцлогтой. 

Сонирхолтой нь Ерөнхий прокурорт нэр дэвшиж томилогдохоо шахаад буцсанн А.Цэрэнсодном тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргын хувиар “Тэнгэр суудал” компанитай хийсэн худалдах, худалдан авах гэрээнд зөвшөөрсөн санал өгч гарын үсэг зурсныг та бүхэн харж байна. 

Гэрээний тухайд тухайн үед Шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх энэ бүхнийг мэдээгүй хараагүй гэх байх л даа. 

Үүний өмнө миний бие “Тэнгэр суудал” компанийн 2014 оны наймдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрт нийт 353 сая 250 мянган ам.долларынзургаан төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэрээг сошиал хуудаснаа ил болгосон. Тэр үед Ухнаагийн Давхарбаярын гарын үсэгтэй гэрээ хийгдсэн.

 Харин түүнээс хойшхи 2016 оны гэрээг “Тэнгэр суудал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2015 оны 11-р сарын 25-нд томилогдсон Бямбадорж овогтой Сүхболд хийсэн байна. Үйл ажиллагааны чиглэл нь хүнсний бөөний худалдаа, гадаад худалдаа зуучлал, хүнсний жижиглэнгийн худалдаа, харин харилцах банкны дансны дугаараа сольсныг 2016 оны 7 дугаар сарын 22-нд өөрчилсөн нь сүүлийн 712 мянган ам.долларын гэрээ хийгдэхээс тав хоногийн өмнө юм.

УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголын талд ирснийг албан ёсоор зарласан тэр өдөр тус үйлдвэрээс баахан гүйлгээ хийсний дотор олны хайртай бөхөөс эхлээд олон том компани явж байсны дотор тухайн үед бол “ирээдүйн Ерөнхий сайд” гэж даанч мэдээгүй байсан У.Хүрэлсүх гэдэг улстөрчийн төрсөн дүүгийн хувийн компани хүртэл 712 мянган ам.долларын гэрээ хийгджээ. Түүнд нь одоо хоригдож буй Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн, Ерөнхий прокурор болох шахсан А.Цэрэнсодном нар зөвшөөрч мутарласан зэргээс харахад сонин байна.

Х.Бадамсүрэнг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ирэхээс өмнө энэ гэрээ хийгдсэн гээд бодохоор одоо тэнд юу болж байгааг харж хянах боломжтой болсон нь лавтай. Төрийн мэдэлд 100 хувь очно гэдэг тийм сайн зүйл мөн үү. Төр нь хэн билээ, хяналт тавих нь хэн билээ гээд харахад У.Хүрэлсүхийн Засгийн газарт итгэх арга алга даа. Хэрэв итгүүлмээр байгаа бол У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр одоо хэр нь бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хэвээр биш гэдгээ нотлох шаардлагатай. Шадар сайд байхад нь "шахаа хийсэн" дүү Ерөнхий сайд ахтай болохоороо болих болов уу.

                                                                                                                                  Үргэлжлэл бий/