Бүгд найрамдах улсаа тунхагласны 93 жилийн ойн энэ өдрүүдэд тусгаар тогтнолоосоо татгалзахаар завдсан ээдрээт түүхийг хойч үедээ сануулахуй


Манай эх орны тусгаар тогтнол хутганы ирэн дээр явсан үе ХХ зуунд цөөнгүй.Гаднаас хүчээр нэгтгэж авах гэсэн нь ч бий, бас өөрсдөө дотроосоо гадагшаа нийлье гэсэн нь ч бас бий. Сүүлчийнхийг манай үеийнхэн огт мэдэхгүй болохоос гаднаас өнгөлзөөд байсан нь чухам юунаас үүдэлтэй тухай түүх сөхөж ахмад үеэ яллаж буйг хүлцэн хүлээн авна уу. 

Ард түмэн мэддэггүй бол мэдүүлье гэсэн үүднээс эдүгээгийн МАН нь Дээд Шивээний 1921 оны хувьсгалт байгууллагын зөвлөлгөөнөө 1924 онд “Намын анхдугаар их хурал” хэмээн нэрийдэхээр тогтсоныг (МАХН, их, бага хурал, Тєв Хорооны бүгд хурлуудын тогтоол шийдвэр, I хэсэг, 1921-1939, УБ., 1956, 11 дэх талд) эхлээд сануулах нь зүйтэй. Учир нь Дээд Шивээний тэрхүү зөвлөлгөөнөөс Ардын хувьсгалын замыг зааж өгсөн бодлогын гол баримт бичиг нь “Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичиг” хэмээх 10 зүйлийн заалт бүхий, түүний III зүйлд дараахи мөрүүд байна: 

  • Өмнөд Хятад, Умард Хятад, Сычуань хязгаар, Түвд, Хотон, Манж, Монгол зэрэг дор дороо өөрөө эзэрхэн шударга засаг байгуулж тусгаар тогтноод, бүгд хоорондоо нэгэн хэлхээ баталж Холбоот Улс байгуулбал, сая харилцан бие биеэ дарлалцахгүй болоод гадаадын эзэрхэг түрэмгий аюулаас хамгаалахад сайн.


Этгээд хачин энэ өгүүлбэрийн цаана Хятадын субъектүүдтэй нийлж эвсээд Холбооны БНУ байгуулъя гэсэн уриа дуудлага байх шиг. Эл уриаг тусгасан мэт тэр үеийн Монголд Улаан армийн ангиудын байлдах районуудад тохоон томилогдсон Зөвлөлт Орос Улсын Гадаад хэргийн ардын комиссарын газрын төлөөлөгчиддөө “Хятмонголын ардчилсан бүгд найрамдах улс”-ын (“Китмонгольской демократической республики”) төлөөлөгч гэсэн шийтгэх бичиг хийж өгч байжээ. “Хят...” гэдэг угтварыг Ардын комиссар Г.В.Чичерин сайтар ухаж ойлгож байсан гэдэгт эргэлзээ алга.

МАН 1923 онд II их хурлаасаа “Түмэнд тунхаглан зарлах бичиг”-ээ “Эрмэлзэх арван зүйл” гэж өөрчлөн батлаад намын анхны программ болгожээ. Программын II зүйлд: Манай ардын намын эрмэлзэх нь алсдаа Монгол үндэстэн бүгдээр нийлж нэгэн улс болохыг хүснэ гээд III зүйлдээ түрүүчийн Холбооны БНУ байгуулах уриагаа засваргүй давтан оруулжээ.

“Алсдаа Монгол үндэстэн бүгдээр нийлж нэгэн улс болохыг хүснэ” хэмээх заалт нь Пан-Монголизмын үзэл болж цааш 10-аад жил хөгжөөд 1937 оноос хэсэг дарагдаад, II дайны үед дахин амилсныг 1945 оны Ялтын бага хурлын гурван гүрний тохиролцоогоор бүр мөсөн бөхөөсөн билээ.

Харин ЭРМЭЛЗЭХ 10 ЗҮЙЛ гэгч МАН-ын намын программын тэрхүү III зүйл нь Хятадын үе үеийн эрх баригчдад аятайхан зууш болж, чухам Монголын тусгаар тогтнол дээр монголчуудыг нээнтэглэж, дэлхий дахиныг эргүүтүүлэхэд ногоон гэрэл асааж өгснийг эдүгээ нэхэн шүүмжлэхэд буруутах юун.Монголыг тусгаар тогтнуулахгүй гэсээр байгаад Монголын статус-кво дээр буусан Чан Кайши, Хятадад ардын хувьсгал ялбал БНМАУ нь аяндаа БНХАУ-ын бүрэлдэхүүнд орж ирнэ гэсэн Мао Зэдуны итгэл үнэмшил (анх 1936 ондамерикийн сэтгүүлч Эдгар Сноутай ярилцахдаа дэвшүүлсэн, 1945 онд ХКН-аас АНУ-тай харилцаа тогтоож байх үед америкийн албаны хүмүүст ярьсан), нам-төрийн бодлогын хэмжээнд тэрээр Москвагаас Монголыг нэхэж шаардсан (1949, 1954, 1956 он, мөн 1964 онд Японы социалист намын төлөөлөгчидтэй уулзахдаа СССР нь Монголыг боолчилсон, колонио болгосон тухай яриа гэх мэт) зэрэг нь огт оргүй хоосноос гарч ирээгүй ба түүнийг л би Монголын тусгаар тогтнол руу өнгөлзөхөд ногоон гэрэл асааж өгсөн гээд байгаа хэрэг. 

Хятадад хэвлэгдсэн сурах бичиг, газрын зураг, зарим ном зохиолд БНМАУ-ыг бие даасан тусгаар тогтносон улс биш, Хятадын нэг хэсэг хэмээн удаа дараа тэмдэглэж байсныг Ю.Цэдэнбалын олон ном бүтээлд (“Намын амьдрал” сэтгүүлийн 1975 оны № 2-т хэвлүүлсэн “Капитализмыг алгасан социалист нийгмийн байгуулалд шилжсэн нь” өгүүлэлд маш тодорхой бий) жишээлсэн байх бөгөөд хамгийн сүүлд1996 онд нэхэн хэвлэгдсэн“Би тангарагтаа үнэнч байсан” дуртгал ном зэргээс дээр эшлэснийг энд дурдах нь зөв.

Аль нэгэн их гүрний нөмөр нөөлөгт багтаж хөгжье гэх жижиг улс үндэстний философи дээр Мао тоглоё гэсэн байж болох юм. Дэлхийн II дайны ялалтыг СССР хангах нь нэгэнт тодорхой болсон үед тусгаар тогтносон Тува улс 1944 онд СССР-ийн бүрэлдэхүүнд бахдалтайгаар элсэж байх үест тэглээ хэмээн тува ахан дүүстээ атаархсан МАХН-ын хэсэг лидер СССР-тэлсэе гэдэг асуудал дэвшүүлэн тавиад таг болсон.

Монголын талаар Сталин, Мао хоёрын хэрүүл дөнгөж эхэлж байх үест 1950 онд Монгол орны хоцрогдлыг арилгах хамгийн сайн арга бол СССР-ийн бүрэлдэхүүнд БНМАУ орох явдал хэмээх үзэл санаа монголчуудаас дахин өөрсдөөс нь гарч иржээ. “Улс орноо Зөвлөлтийн нэгэн БНУ болгоход саад болж байгаа цорын ганц хүн бол Чойбалсан байна” хэмээн Улсын Бага Хурлын дарга Цэдэв Улаанбаатарт суугаа Зөвлөлтийн Элчин сайд Приходовт ярьж байсан ба БНМАУ-ын Ерөнхий прокурор Жамбалдорж “Манайх шиг жижиг орон тусгаар тогтносон байх нь утгагүй юм байна” гээд уйлж байсныг оросууд Москва руу дор нь мэдээлсэн түүхэн баримтыг зөвлөлт-оросын нэрт сэтгүүлч Л.Шинкарев “Цэдэнбал, Филатова: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл, УБ., 2004” номынхоо 82-84 дэх хуудсанд дурайтал биччихсэн байна.

Бүр хэд хэдэн удааМосква руу хандсан байгаа юм. Сталины 70 насны ойд бэлэг болгоод улсаа СССР-т нэгтгэчихье, Сталиныг нас нөгчсөнийг эмгэнээд түүний дурсгалыг хүндэтгээд улсаа СССР-т өргөн барьчихъя гэсэн санаа цухалзаж удаа дараа Москвагаас няцаагдаж байжээ. 

Бүр тодорхой жишээ. СССР-ийн ах дүү гэр бүлд багтаж орохгүйгээр манай оронд социализм байгуулж чадахгүй, иймд Улаанбаатараас Москвад хэрхэн шахалт үзүүлэх вэ гэсэн асуудлаар С.Авирмэд, Б.Бадарч, Г.Галбадрах, Ц.Дүгэрсүрэн, Д.Төмөр-Очир, Л.Цэнд (сүүлчийн хоёр нь ардчилагч, реформист) нарын хамтарсан захидалЮ.Цэдэнбалын удирдлагаар бичигдэж бөөн сенсаац дэгдээсэн ба энэ бол нөгөө МАХН-ын “Эрмэлзэх 10 зүйл”-ийн III заалтын умаршаа харсан боловсронгуй хувилбар нь гэхээр байв. Тусгаар тогтнолоосоо сайн дураараа татгалзахыг завдсан тэр хэрэг 1950-иад оны хоёрдугаар хагасаас тэгсгээд намжсан. Учир нь Москвагаас тууштай няцаагдсан, дэлхий дахины байдал өөр болсон, ардын ардчилсан гэгдэх социалист лагерь батжин тогтсон.

Харин 1950-иад оны сүүлч үед тэр үеийн социалист лагерь бат нягтралтай, ялангуяа хөрш гурван улс БНМАУ, СССР, БНХАУ ах дүүгийн барилдлагатай байх үед Ю.Цэдэнбалаас бас нэг ориг санал дэвшигдэн гарч ирсэн нь бахархууштай. Аль 1920-иод оны “Эрмэлзэх арван зүйл”-ийн II зүйлд “Манай ардын намын эрмэлзэх нь алсдаа Монгол үндэстэн бүгдээр нийлж нэгэн улс болохыг хүснэ” гэсний илэрхийлэл, тусгал нь байсан болов уу гэмээр санал юм. Тэрээр хөрш хоёр их гүрний удирдагч Никита Хрущев, Мао Зэдун нарт захидал бичжээ. Түүндээ хоёр хөрш улсад аж төрдөг монгол угсааны монгол үндэстнүүдийг Монгол улсад шилжүүлж суурьшуулах, тэгснээрээ монгол үндэстнийхээ тоог өсгөх, БНМАУ-ын социалист бүтээн байгуулалтад тэднийг ашиглуулахыг уриалан дуудсан агуулгатай байжээ. 

Тэр захидлын эх хувь хаа нэгтэй байж л таарна. Түүнийг олж авбал өнөөгийн бидэнд мөн ч их хэрэгтэй санж. Тэр захидлын эхийг бэлтгүүлэхээр МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Б.Жаргалсайханд үүрэг өгүүлэн бичүүлж байсныг Цэдэнбалын тэр үеийн туслах асан хожмын нэрт дипломатч Д.Ёндон гуай надад хуучилж байсансан. Ёндон агсны ярьснаар Маогоос хариу иржээ. Хятадын цөөн тоот үндэстний нэг болох өвөр монголчууд БНХАУ-ын бүтээн байгуулалтад хэрэгтэй улс. Тэд мал адуулан Өвөр Монголын их талд аж төрж ирсэн, хэрэв тэднийг БНМАУ руу шилжүүлчихвэл нутаг нь эзгүйрнэ, социализмын бүтээн байгуулалт хийж байгаа Хятад ч хүн амаа тууштай өсгөх бодлого баримталж байна гэсэн утгатай хариу ирсэн аж. Харин Хрущев хариу ирүүлээгүй бололтой. Манай түүхчид энэ захидлын мөрөөр ажиллахыг энэ дашрамд уриалан дуудъя. 

Хожмын өөр нэг баримт. Өөр өнцгөөс дүгнэх хэрэгтэй. 1976 онд МАХН-ын XVII их хурал өөр хувилбараар “Зөвлөлт Холбоот Улс ба Социалист бусад оронтой БНМАУ бүх талаар ойртон нягтрах явдал бол манай орны хөгжлийн бодит зүй тогтол мөн” гэсэн философи гаргаж иржээ. Ю.Цэдэнбалаас МАХН-ын XVII их хуралд тавьсан МАХН-ын Төв Хорооны тайлан илтгэлийн IV бүлэг нь яг ийм гарчигтай. Энэ нь Холбооны БНУ-ын хэлбэрээс олон шат ахиж дэлхийн нийгэм-эдийн засгийн нэгдмэл нэг лагерийн хүрээний сэтгэлгээнд тулж очсон ба Лениний зөгнөснөөр, ерөнхий төлөвлөгөөгөөр жолоодох дэлхийн бүхэл бүтэн нэгдмэл аж ахуй буюу хоорондоо ойртож интернационалжсанаар ирээдүйд интернационалч аж ахуй бүхий дэлхийн коммунист хамтын нөхөрлөл байх ажээ. 1976 оны төсөөллөөр бол харьцангуй хоцорч буй БНМАУ нь коммунист нийгэм байгуулах замд ах дүү социалист орнуудтай аль болох нэгэн үед орохоор төсөөлөгдөж байв. 

Энэ бүх санал санаачилгууд 1990 онд түүхэн жамаараа замхарсныг энд түүхчлэх хэрэггүй. 1990-ээд оноос Монгол Улс жинхэнэ эзэн мэдсэн, хэнээс ч үл хамаарах тусгаар тогтнолоо эдэлж эхэлтэл харин хөршүүдийн зүгээс нөгөө “Эрмэлзэх 10 зүйл”-ийг бидэнд эргэж сануулсан этгээд хачин саналууд албан бус сувгаар дэвшигдэж, орон зайн ба геополитикийн элдэв хувилбар руу түлхсэн юм. Эдний заримыг жишээлбэл: 

“Их Лимитроф”-руу шингээх тухай Оросын эрдэмтэн В.Цымбурскийн үзэл санаа байна. Тэрхүү хязгаарлагдмал орон зай дараахи хүрээнд байх аж:

Тюркжсэн Монгол нь Орос-Хятадын иргэншил, соёлын уулзвар
Лимитрофын хил өмнө зүгт Түвд рүү   салбарлаад
Зүүн тийшээ Солонгосын хойг хүрч   лимитроф төгсөнө


“Монгол-Түвдийн Холбооны улс” ирээдүйд бий болгох тухай Оросын эрдэмтэн А.Дугины санал нь нөгөөх “Эрмэлзэх 10 зүйл”-ийн орчин үеийн хувилбар гэж үзэхээр:

Монгол
Түвд
Манжуур
Шинжаан
Буриад
Тува
Хакасс
Алтай

“Байгаль нуурын Эдийн засгийн хамтын нөхөрлөл” буй болгох тухай И.Николайчукийн санал:

Монгол Улс
Чита муж
Буриад улс
Алтай улс
Тува улс


“Их Хятадын эгч дүүс7 Холбооны улс” байгуулж Тайванийн хоёр эргийн харилцааг сайжруулах тухай Тайванийн Ерөнхийлөгч асан Ли Дэнхуйн үзэл санаа бол “Эрмэлзэх 10 зүйл” яг тэр чигээрээ явж байна уу гэлтэй: 

Хятад
Тайвань
Монгол
Түвд
Манжуур
Шинжаан
Өмнөд   Хятад


Бүр дордоод Монголыг шууд Хятадад шилжүүлье гэсэн дээрэнгүй үзэл бодол байна. Энэ нь Гадаад Монголд газар нутаг хэрэггүй, амьдрах орон зай нь хүрэлцээтэй учраас өмнө талаас хүч түрэн тулж ирж буй Хятадтай наймаалцах хэрэгтэй гэсэн санаа. Гол төлөөлөгчид нь Оросын улс төрч, эрдэмтэн Г.Каспаров, А.Венгеровский, Н.Нартов, В.Жириновский, А.Митрофанов гэх мэт. Эдний араас ийм бодолтой дахиад хэд хичнээн хүн гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг нийгэмд амны зоргоор юу гэж ч ярьж хэлж болно л доо.