Галын удирдлага
2018 оны Өвлийн Олимпыг залгуулаад Солонгосын хойгт тогтсон харанхуйн дунд нэгэн шинэ түүдэг асаж эхлэв.
2018 оны Өвлийн Олимпыг залгуулаад Солонгосын хойгт тогтсон харанхуйн дунд нэгэн шинэ түүдэг асаж эхлэв. Түүнийг асаагч нь Хойд Солонгосын нууцлагдмал удирдагч Ким Жөн Ун. Тэр галын талаар олон нийт янз бүрийн таамаг дэвшүүлэх.
Унтах нойроо хасч хүлээв. Цагаан ордны гаднах ногоон зүлгэн дээр байрлуулсан чанга яригчид. “Америкийн Ерөнхийлөгчитэй уулзахад бэлэн. Цөмийн зэвсгээс ангижрах асуудлыг ярихад бэлэн” гэсэн Ким Жөн Уны Трампад илгээсэн захидлын утга ил болов. Мөн Америкийн Ерөнхийлөгч Ардчилсан Солонгосын удирдагчтай уулзахаа мэдэгджээ.
Юуны өмнө залуу маршал Ким Жөн Уны дээрхи алхамд талархал илэрхийлэх учиртай. Солонгосын хойг цөмийн зэвсгээс салвал хорвоо дэлхийн амар амгаланд тустай. Харин Солонгосоын хойгт энх тайван тогтох зам олон хүний төсөөлж байгаагаас ч илүү адармаатай байх болно. Гэхдээ энд шийдвэрлэх шаардлагатай үндсэн асуудал гэж бий.
Нэг: Энхийн гэрээ байгуулах. Солонгосын хойгийн дайн гал зогсоох хэлэлцээрт хүрээд л унтарсан. Дайныг дахин өдөөхгүй байх энх цагийн харилцааны үндсийг тодорхойлсон гэрээ байгуулж чадахгүй өдий хүрсэн. Энэ бол уг хойгийн аюулгүй байдлын үндсэн асуудал. Ингэж л үе үеийн Ким үзэж ирсэн. Энхийн гэрээнд гарын үсэг зурж чадвал Солонгосын хойг дахь дайны байдлын статус агуулгаараа өөрчлөгдөнө гэсэн үг.
Хоёр: Солонгосын хойг цөмийн зэвсэггүй бүс болох. Америк болон түүний холбоотнуудын хувьд Хойд Солонгосоос цөмийн зэвсгээ устгах, түүнд чиглэсэн хөтөлбөрөө бүрэн зогсоохыг шаардана. Харин Хойд Солонгос болон түүний холбоотны хувьд Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн бааз, пуужингийн асуудлыг босгоно. Тэдгээрийг Солонгосын хойгоос гарч явахыг шаардана гэсэн үг.
Энэхүү өрнөлөөс энгийн нэг дүгнэлт хийж болно. Болзошгүй дайнд бэлдэх эсвэл бодит байдлаар энх тайван тогтох. Энэ хос ойлголт бол Солонгосын хойг хэмээх нэг зоосны хоёр тал юм. Тус зоосны хоёр талд нүүрээ тольдох Доналд Трамп, Ким Жөн Ун хоёулаа маш тодорхой ашиг сонирхол бүхий удирдагчид.
Ун гол хөзрөө хөсөр хаяхад бэлэн гэдгээ зарласан. Тэр хэлсэндээ хүрлээ гэж бодъё. Тэгвэл цөмийн зэвсгийн төлөө улсаараа дайчлагдсан Хойд Солонгосчууд “Яагаад” гэх асуултынхаа хариуг залуу маршалаасаа нэхэх л болно. Энэ байдал нь Трампын өмнө Ун буулт хийх, Уны өмнө Трамп буулт хийх рүү өөрийн эрхгүй түлхэнэ. Хоёуланд нь нэр нүүр бий. Нэр нүүрээ хамгаалж гарах шаардлага бий. Хэр их үнээр!
Дээрхээс гадна Хойд Солонгосын удирдагчид Америк тэргүүтэй холбоотнуудаас санхүү, эдийн засгийн дэмжлэг, барьцаа хүсэх магадлалтай. Харин хэлэлцэгч тал нь түүний хариуд Хойд Солонгос дахь хүний эрхийн асуудлыг сөргүүлж тавьж магадгүй. Ийм дуу хоолой ч хэлэлцээрийн хашааны гаднаас сонсдож эхэлсэн. Энэ бол Уны хувьд хамгийн бага сонирхох бас хамгийн эмзэг сэдэв.
Дээр нь Япон Улсын зүгээс зайлшгүй хөндөх онцгой нэг сэдэв бий. Хойд Солонгосын тусгай албадын хулгайлсан гэх, одоо хүртэл хувь заяа нь тодорхойгүй байгаа Япон иргэдийн асуудал. Үүнээс өөрөөр энэхүү анхаарал татсан том үйл явцын гадна ОХУ, БНХАУ үлдэхгүй нь лавтай. Иймэрхүү зүйлд манай хоёр хөрш өөрийн байр суурьтай оролцдог жамтай.
Энд нэмж нэг зүйлийг зайлшгүй дурьдах учиртай. Ким Жөн Уныг буланд шахагдсан, бусдынхаа дээр орших ганцхан залуу гэж үнэлэх нь учир дутагдалтай. Наад зах нь АНУ-ын 10 орчим Ерөнхийлөгчийн засаг захиргаа, тэдгээрийн бодлого, үйлдэл, зан араншинтай тулж байсан туршлагатай баг түүнд бий. Бас БНХАУ хэмээх хүчтэй өмөг түшиг ард нь байгаа.
Мөн хоёр туйлд хурц хуваагдсан хоёр Солонгос нэг нь цөмийн зэвсэгтэй, нөгөө нь өндөр технологи бүхий эдийн засагтай нэгдмэл улс болох мөрөөдлийн зураг ч тэдэнд бий. Гэхдээ энэхүү мөрөөдлийг биелнэ гэдэгт итгэдэг хамгийн цөөн тоотой үндэстэн бол Солонгосчууд өөрсдөө юм.
Эцсийн дүндээ дээрхи уулзалт, хэлэлцээр болохгүй, болсон ч олны хүлээлтийг хангасан үр дүнд хүрэхгүй байх магадлал бас бий. Тэгвээс Солонгосын Хойг дахь түгшүүрт байдал хэвээр үлдэнэ гэсэн үг. Хамгийн ноцтой нь дээрхи мэдээг тойрч үүссэн өндөр хүлээлт, сонирхогч бүх талын итгэлцэлд ирэх цохилт юм. Унтарсан түүдгийн үнсийг хичнээн үлээвч тэндээс бусдын итгэлийг татах гал бадрахгүй нь ойлгомжтой.
Эрт цагт Монгол цэргүүд сүр хүчээ үзүүлэх, давуу байдал олох, улмаар эсрэг талаа буулгаж авах олон арга хэрэглэдэг байсан. Тэдгээрээс түүхэнд тод тэмдэглэгдсэн нэг арга бий. Шөнийн харанхуйд түүдэг асаах. Нэг цэрэг дор хаяж хэд хэдэн гал түлнэ. Ингэснээр шөнийн харанхуйд тэнгэрийн одноос олон гал түүдэг бий болно. Энэ нь “Монгол цэргийн тоо, хүч биднээс тоймгүй их юм” гэсэн сэтгэгдлийг эсрэг талдаа төрүүлдэг байжээ.
Залуу Ким БНАСАУ-ын удирдагч болсон үеээсээ чамгүй их гал өрдсөн. Энэ байдал нь бусдад ч тодорхой сэтгэгдэл төрүүлсэн. Үүнийгээ залгуулсан алхамаа тэр хийсээр л байна. Түүний галын удирдлага хэр үр дүнтэй болохыг харах л үлдлээ.
2018.04.25